“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага
Улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр намын тухай хуульд өөрчлөлт оруулах, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгч нам төвтэй биш төр төвтэй засаглалтай болох, мөн Монгол Улсын төрийн тогтолцоо, сонгуулийн системийг боловсронгуй болгох асуудлыг боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй
“Төрийн эрх барих дээд байгууллагууд нэг намын эрхэд орчихлоо. Улс төрийн тэнцвэр алдагдаж, нэг талд хэт их эрх мэдэл төвлөрч байна” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн дагуу, сонгуулийн эрх бүхий иргэдийн ихэнх Монгол Ардын Намд илүү итгэж, төрийн эрх барих Улсын Их Хурлыг нэр дэвшүүлсэн гишүүдээс нь бүрдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигчийг сонгоод байна. Хууль зөрчигдөөгүй, сонгууль шударга явагдсан болохоор нэг намд эрх мэдэл төвлөрлөө, улс төрийн тэнцвэр алдагдлаа гэж шүүмжлэх нь ач холбогдолгүй. Үүний оронд улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр намын тухай хуульд өөрчлөлт оруулах, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгч нам төвтэй биш төр төвтэй засаглалтай болох, мөн Монгол Улсын төрийн тогтолцоо, сонгуулийн системийг боловсронгуй болгох асуудлыг боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Энэ асуудлаар би тодорхой санал дэвшүүлж байдаг. Миний дэвшүүлдэг саналын гол зүйл нь:
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хэтийн зорилго, дунд хугацаанд хөгжүүлэх тодорхой бодлого, төлөвлөгөө боловсруулсан, тэдгээрийг хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчний нөөцтэй, улс даяар үйл ажиллагаа явуулах чадамжтай улс төрийн намыг бие дааж буюу өөр намтай эвсэж төрийн эрх барихын төлөө ажиллахыг зөвшөөрдөг, УИХ, Засгийн газарт цөөн тооны суудал олж авах албан тушаал эрх мэдлийн өчүүхэн зорилготой улс төрийн нам нэртэй хэсэг бүлэг байхыг хориглосон хуультай байх.
– Парламентыг хоёр танхимтай, Дээд Танхим буюу Ардын Их Хуралтай болж, Хууль тогтоох гол үүрэгтэй Доод Танхим буюу Улсын Бага хурал, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн Газар, Шүүх засаглалын үйл ажиллагааг ард түмний нэрийн өмнөөс хянаж байдаг болох.
- Сонгуулийн хуулийг өөрчилж Сум дүүрэг бүрээс сонгогдсон Ардын Их Хурлын гишүүдийг сонгогчдын төлөөлөл гэж үздэг болж, Монгол төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч Ерөнхий прокурор зэргийг сонгох эрхийг эдлүүлэх.
Эдгээр санал бол манай улсын төрийн тогтолцоо, төрийн удирдлагын эрх мэдлийн хуваарийг боловсронгуй болгох, засаг төрийн эрх мэдлийг ард түмний хяналтад байлгахад шийдвэрлэх ач холбогдолтой юм.
Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүгнэлттэй байна. Иргэдийн зүгээс гаргасан шийдвэр нь туйлбаргүй, хэд хоноод солигдчихдог гээд төр засагтаа итгэх итгэл нь унтарч байх шиг байна?
Засгийн газарт итгэх, үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй байна. Дэлхийг хамарсан халдварт өвчин иргэдийн амьдрал, улсын эдийн засагт ноцтой нөлөөлж байна. Засгийн газраас халдварыг хязгаарлах, сэргийлэх, дархлаажуулах болон иргэд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг бүх бололцоогоо дайчлан хэрэгжүүлж байна. Иргэдийн идэвх санаачлага, хариуцлага чухал байна. Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг уриалмаар байна.
Одоогийн парламентын үйл ажиллагаанд та ямархуу дүгнэлттэй байна. Нийгмийн зарим хэсэг нь УИХ-ын гишүүдийн олонх сонгогдсон намынхаа эсрэг дуугарч чадахгүй, иргэдийн төлөөлөл болж чадахгүй байна. Харин сөрөг хүчин нь үүргээ бүлх залгисан мэт л байна” хэмээн шүүмжилдэг?
Одоогийн Парламентын ганц танхим Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд заасан байдаг. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д байдаг. Би хувьдаа шууд хэлхэд УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандмаар юм байдаг. Жишээлбэл:
- Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа төрийн байгуулалыг боловсронгуй болгох асуудлыг УИХ анхааралгүй орхисон. Тухайлбал: парламентыг хоёр танхимтай болгож, Төрийн эрх барих дээд байгууллага буюу Дээд танхимыг бий болгон Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын үйл ажиллагаанд ард түмний нэрийн өмнөөс хаяналт тавьдаг болгох чухал асуудлын ач холбогдлыг мэдэж байсан боловч авч хэлэлцэлгүй орхисон.
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гаргахдаа төлөвлөлтийн асуудлыг нь орхигдуулсан. Монгол Улсыг цэгцтэй бодлогоор хөгжүүлэхийн тулд Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай, Дунд хугацаанд буюу таван жил бүрд хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээний төлөвлөгөөтэй байх ёстой.Гэтэл УИХ урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай, тав ба арван жилийн хөгжлийн үндсэн чиглэлтэй, зөвхөн нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй байх хууль гаргасан. Таван жилийн тодорхой төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэхээс зайлсхийгээд байдаг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу яам байгуулах асуудлыг шийдэхээс цааргалсаар байгаа юм.
– Саяхан хөдөлмөрийн тухай хууль баталж гаргалаа. Уул уурхайн компаниудын ажилчдыг 14 хоног ажиллуулаад 14 хоног амраадаг байх болж байгаа бололтой.Энэ утгаар нь үзвэл уул уурхайн ажилчид жилийн хагаст нь ажилладаг болох юм байна. Хөдөлмөрийн хөлс урамшуулалын асуудлыг ажил олгогчид шийдэж байх боломжийг хязгаарласан байна. Үйлчилж байгаа бусад хууль журамтай зөрчилдсөн, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, өртөг зардал нэмэгдүүлэхэд хүргэх заалтууд орсон бололтой. Баялаг бүтээгч, татвар төлөгч, улсын эдийн засгийн гол зүтгүүр болох уул урхайн салбарт хөрөнгө оруулагч нарын өртөг хямдруурах, ашигт ажиллагааг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлөхгүй байхдаа. Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ шинэ хуулийг судалж, ирэх оноос хэрэгжүүлэх явцад ямар дутагдалтай хууль гаргаад байгаа нь тодорхой болох байх.
Хэрэв парламентад дээд танхим бий болж тогтоож байгаа хууль шаардлага хангаж байгаа эсэхээр хяналт тавьдаг болчихвол иймэрхүү алдаа дутагдал багасна.
Та Монгол Улсын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?
Дотоодын нийт бүтээгдэхүний үйлдвэрлэлээс хэд дахин илүү гараад байгаа гадаад өрийг багасгах, иргэдийн гуч орчим хувийн ядуурлыг арилгах явдал ойрын жилүүдэд шийдэх ёстой эдийн засгийн эрхэм зорилт. Энэ зорилтыг зохистой ухаалаг бодлого төлөвлөгөөний үндсэн дээр богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой бөгөөд тийм нөөц бий. Хамгийн гол нь мал аж ахуй болон уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, өрсөлдөх чадвартай бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж экспортод гаргах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм бодлогоор ажилласан нөхцөлд үр ашигтай үйлдвэрлэл нэмэгдэж, ажлын байр бий болж улмаар гадаад өрийг багасгах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзан ядуурлыг арилгах нөхцөл бүрдэнэ. Үүнтэй холбогдуулж би яаралтай хэрэгжүүлэх дараах зарим саналыг дэвшүүлдэг:
- Ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, торомны ноосыг цэвэршүүлэн хялгаснаас ялгаад 100 хувь ноолууран утас болгох үйлдвэрүүдийг бий болгож, түүнийгээ сулжмэл, нэхмэл бүтээгдэхүүн болгоод экспортод гаргадаг болох. Үүнээс барагцаалбал 2,5- 3 тэрбум долларын орлого олно.
- Жилд 20-24 сая арьс ширийг хамгийн шилдэг технолог ашиглан боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах. Үүнээс мөн хэдэн тэрбум долларын орлого олно.
- Манай улсад зэсийн нөөц байгаа бөгөөд цаашид нэмэгдүүлэх боломж бий. Зэс хайлуулах үйлдвэр, мөн зэсийг гүнзгий боловсруулах үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулж, тус хотод амьдардаг олон зуун инженер техникийн ажилтнуудын мэдлэг туршлагыг ашиглах бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Машин техник, эрчим хүчинд ашиглагддаг зэс, зэс эд анги их хэмжээгээр нэмэгдэх юм билээ.
- Газрын ховор элементийн хайгуул олборлолт болон ховор металын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй.
- Ер нь геолог хайгуулын ажлыг өргөтгөх шаардлагатай.
-Манай улсын өр ДНБ-ээсээ хоёр дахин давчихсан. Үүнийг шийдэх гарц гаргалгааг та юу гэж харж байна?
Боловсруулах үйлдвэр хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх нь гарц гэж харж байгааг дээр хэллээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн энэ оны сонгуулийн үеэр Монгол Ардын Нам “Монгол улсыг хүчирхэг эдийн засагтай, экспортлогч орон болгох“ зорилт дэвшүүлсэн. Энэ чухал зорилтыг хэрэгжүүлж эхлээсэй, үүний тулд тодорхой төсөл арга хэмжээнүүдийг төлөвлөөсэй, үүний тулд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан яамыг яаралтай байгуулаасай гэж хүсч байдаг.
Цар тахлаас шалтгаалж боловсролын асуудал ихээхэн хүнд болчихлоо. Сурагчдын бараг 50 орчим хувь нь хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарсан байсан. Мөн ирэх есдүгээр сараас тахимаар хичээллэх эсэх нь эргэлзээтэй байна. Боловсролын асуудлыг яаж шийдэх вэ?
Цар тахлаас шалтгаалсан асуудал бол түр зуурын хэрэг. Харин биотехнологи, мэдээллийн технологи, компьютерийн програмчилал зэрэг мэрэгжлээр боловсон хүчин бэлтгэхэд онц анхаарч залуу үеээ хорин нэг дүгээр зуунд ажиллаж амьдрахад бэлтгэх асуудлыг цаг алдахгүй шийдэж эхлэх шаардлагатай.