Оросын хөгжлийн 7 хувьсгал
Нэгэнтээ манай хойд хөрш хийхээр төлөвлөсөн хувьсгал нь манай оршин буй бүс нутаг, манайд хамаатай, бүр ашигтай байж мэдэхээр төсөл яригдаж эхэлж буй тул гээхийн бус, авахын ухаанаар хандаасай хэмээн монголчууддаа зориулан буулгав. Ердөө 10-хан жилийн дараа гэхэд манай умард хөршид ийм цоо шинэ улс үндэстэн үүссэн байх нээ!
Дорнод Украины хямрал ба Крымыг өөртөө нэгтгэснээс үүдэн томхон хориг тавиулаад, тэр нь Оросын хөгжлийг чөдөрлөх бодит шалтгаан болж, тэр нь хямрал нүүрлүүлэх аюул дагуулснаас үүдэн хөгжлийн гарцаа дахин шинээр томъёолохоор хөдлөв. Ардчилал, Европ, Америк, G-8, баруун гэж хөөрцөглөж байхаар Еврази дахь нөөц боломжоо шавхвал хэний ч гар харахгүй хөгжих боломж өөрт нь байна гэж үзэцгээж буй бололтой, хар ухаанаар төсөөлбөөс.
Оросын–орос–евразийн иргэншлийг сэргээн мандуулах технологийн үндэс нь хөгжлийн 7 хувьсгал байх болно гэдгийг оросын зарим эрдэмтэн илээр сурталдан номлох боллоо. Ийм 7 хувьсгал хийх шалтгаан буюу өдөөлтийг нь гаднаас өдөөгөөд өгсөн ба хариу тохирсон алхмаа хувьсгал гэж үзэж байгаа аж.
Эхний буюу нэгдүгээр хувьсгал. Энэ нь Алс Дорнодын хувьсгал байх болно. Оросын Алс Дорнодыг дэлхийн хөгжлийн манлайлах төв; Оросын–орос–евразийн иргэншлийн тэргүүлэх авангард тавцан, индэр болгох нь энэ хувьсгалын зорилго. Дэлхийн эдийн засгийн төв нь Зүүн хойд Ази руу шилжин ирэх ба шинээр буй болох их улсын (Орос) тэргүүлэх, эрчимтэй хэсэг нь энд буй болно. Хэрэгжүүлэх жор: Оросын хүндийн төв, улс төрийн төвийг нүүлгэж ийшээ авчрах, нийслэлээ Хятадтай хиллэх Амур мужийн Свободненский район руу шилжүүлэх, энэ бүс нутагт стратегийн хөгжлийн төлөвлөгөөг Алс Дорнодын хөгжлийн корпорацын оролцоотой хэрэгжүүлэх хэмээн үзжээ.
Хоёрдугаар буюу аж үйлдвэр-технологийн хувьсгал. 2025 он гэхэд Евразийн бүх залуусыг стратегийн үйл ажиллагаагаар хангах, дэлхийн хамгийн чанартай амьдралыг буй болгох, дээд зэргээр мэргэжсэн, өндөр өртөг бүхий 40 сая мэргэжилтэн бэлтгэх явдлыг зорилго болгоно. Хэрэгжүүлэх жор: Аж үйлдвэрт технологийн 7 дахь хэвшлийг нэвтрүүлэх, эх орны шинэ суурь машины үйлдвэрийн үндсэн дээр технологийн шинэчлэл хавтгайд нь хийх, аж үйлдвэрийн хөгжлийн кластерын сүлжээг буй болгох, хувь хүмүүсийн ба гэр бүлийн жижиг бизнесийн төрөл бүрийн хайтек төслүүдийг дэмжих явдал чухал. Үүний тулд “2025 он хүртлэх технологийн шинэчлэлийн евразийн нэгдсэн стратегийн төлөвлөгөө” батлах хэрэгтэй. Орос, Беларус, Украины суурь машины салбарыг хадгалах, сэргээн хөгжүүлэх үндсэн дээр дэлхийн технологийн бие даасан төв буй болгох ба ингэхдээ эхний ээлжинд нисэхийн аж үйлдвэр, сансрын салбарыг түлхүү хөгжүүлнэ.
Гурав дахь буюу хот байгуулалтын хувьсгал. Шинэ гэр бүл нэг бүрт цэцэрлэг бүхий сууц, эсвэл орон сууц олгох, экологийн тосгон буй болгох, сардаа 5000 рубль төлөх замаар 30 жилд тохилог хаустай болох боломжийг иргэн бүрт олгох, хотуудыг томруулахгүй байхад эл хувьсгал чиглэнэ. Хэрэгжүүлэх жор: жижиг дунд хотуудыг томруулахгүйгээр түүний суурин дээр шинэ хайтек хотхон-бичил хороолол 1000-ыг барьж ашиглалтад оруулах ба шинэ их улсын шинэ нийслэл нь тийм шинэ хотын загвар-хот болно. Одоогийн Москвагийн хэт төвлөрөл, олон сая хүн ам бүхий мегаполис давамгайлал нь нийслэл Алс Дорнод руу шилжсэнээр арилна.
Дөрөв дэх буюу эрчим хүчний хувьсгал. Их улсаа хямгийн хямд, илүүдэл эрчим хүч бүхий эрчим хүчний их гүрэн болгоход энэ хувьсгал чиглэнэ. Орост үйлдвэрлэх эрчим хүчээр дэлхийг захирах ба цаашдаа олон зуун жил эрчим хүчний хангалтын асуудлыг Орос л үр бүтээлтэй шийдвэрлэж байх болно. Хуучин зөвлөлтийн болон хил залгаа улс орнуудыг эрчим хүчний дефицитээс найдвартай хамгаалж байх нөхцлийг бүрдүүлнэ. Хэрэгжүүлэх жор: Экологид ээлтэй цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх, ингэхдээ нейтроны эрс хурдтай реакторуудыг хөгжүүлэх, атомын жижиг станцын дэд бүтцийг буй болгохыг чухалчилна.
Тав дахь буюу антропологийн хувьсгал. Евразийн Холбооны бие хүн, юуны өмнө хүүхэд өсвөр насныхныг бүх талаар хөгжүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг илрүүлэхэд чиглэсэн дэд бүтцийг буй болгох нь энэ хувьсгалын зорилго ажээ. Хүн амыг боолын хамаарлаас, сэтгэл санааны болон биеийн хүнд хүчир хөдөлмөрөөс, нийгмийн доромжлол, хар тамхи, архи, тамхинаас бүрэн чөлөөлнө. Хэрэгжүүлэх жор: Дэлхийд бүх нийтийн цоо шинэ тэргүүлэх сургуулиуд бий болгоно. Үндэсний ба соёлын өв санг хадгалсан зөвлөлтийн сургалтын хамгийн шилдэгийг нь сэргээнэ. Сурагч бүр сэтгэн бодох, ойлгох, бишрэх, дадал болгох, сурснаа хэрэглэх эрхээр хангагдана. Их дээд сургуулиудыг тэргүүний аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаантай интеграцчилах замаар бүх нийтээрээ дээд боловсролд шилжинэ.
Зургаа дахь буюу хүн ам зүйн хувьсгал. Хүн амын өсөлт дэх хаос, тэнцвэргүй байдлыг халах нь энэ хувьсгалын гол зорилт байх болно. Бүс нутаг, жижиг хотуудад хүн амын тоо цөөрөх, хүнгүйдэх явдал их байгааг таслан зогсоож, хуучин зөвлөлтийн бүх орнуудад хүн ам зүйн тогтвортой хөгжлийг хангахад хувьсгал чиглэнэ. Хэрэгжүүлэх жор: Төр улс ба нийгэм нь бат бэх гэр бүлд түшиглэж, бүс нутгуудад нэг гэр бүл 3-4 хүүхэдтэй байхыг чухалчилна.
Долоо дахь буюу интеграцчилагдсан-хуучин зөвлөлтийн евразийн хувьсгал. Хуучин зөвлөлтийн орон зайд геоэдийн засаг, геополитик, геосоёл, геостратегийн бүрэн эрхт байдлаа хангасан, гадаадын их гүрнүүдэд геоэдийн засгийн талаар дарлуулахгүй тийм шинэ их улсыг байгуулахад энэ хувьсгал чиглэнэ. Хэрэгжүүлэх жор: Бүтээн байгуулагч хөдөлгөгч, хурдасгагч бүх хувьсгалыг хамтран хөгжүүлэх, хамтын хөгжил стратегийн хөрөнгө оруулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн, эрдмийн, эрх зүйн, эдийн засгийн, гаалийн хамтарсан орон зай буй болгоно гэжээ.
Зочин