Удаах сонгуулийн учир начир
Ардчилсан Монгол Улсын парламентын ес дэх удаагийн сонгууль энэ оны 6-р сарын 28-нд будилаангүй болж өнгөрлөө. МУ 3.5 сая хүн амтай, 2.2 сая сонгогчтой, тэдгээрийн 2.0 сая нь бүртгүүлснээс 1.5 сая нь саналаа өгч, ирц 69.3 хувьтай сонгууль болов. Сонгуульд 19 нам, 2 эвсэл, 42 бие даагч, нийт 1341 нэр дэвшигч буюу нэг суудалд дунджаар 11 хүн өрсөлдөв. Харин 2020 оны сонгуулиар 606 нэр дэвшигч буюу нэг суудалд 8 хүн өрсөлдсөн.
Үндсэн хуулийн ээлжит өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоо солигдож холимог болов. УИХ-ын суудлын тоо 50-иар нэмэгдэн 126 болж, 48 нь намуудын нэрсийн жагсаалтаар, 78 нь тойрогтоо хамгийн их санал авсан нэр дэвшигчдэд ногдов. МАН жагсаалтаар болон тойргоос 18/50 буюу нийт 68; АН 16/26 нийт 42; ХҮН 6/2 нийт 8; ИЗНН 4/0 нийт 4, Үндэсний Эвсэл 4/0 нийт 4 суудал тус тус авлаа. УИХ анх удаа 6 намын төлөөллөөс бүрдэв.
Энэ сонгуулийн үр дүнд нийтийн засаглалын гурван тулгуур болох хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалд ямар нөхцөл байдал үүсэв?
Хууль тогтоох засаглалд
МАН-аас УИХ даргад 43 настай Д.Амарбаясгаланг дэвшүүлж, батлуулав. УИХ-ын 126 гишүүний 80 нь буюу 60 хувь анх удаагаа сонгогдсон, хамгийн залуу нь 26 настай, ахмад нь 73 настай, хүйсийн хувьд 32 буюу 4 гишүүний нэг нь эмэгтэй болсон нь Азийн дунджаас өндөр байна.
Нийт гишүүдийн ихэнх (67%) нь тавиас доош настай буюу ардчилсан хувьсгал ялснаас хойш ерөнхий болон дээд боловсрол эзэмшиж, чөлөөт зах зээлийн нийгэмд ажиллаж амьдарч, төлөвшсөн байна. Социалист систем болон нэг намын тогтолцоог бүрэн мэдэхгүй, оршин суугаа газраасаа улс дотроо өөр хот руу явах бол зөвшөөрөл авах, гадаад паспорт авах боломжгүй байсан нийгмийн харилцаанд ороогүй, үгээ хэлэх, хүссэн газраа зорчих, өндөр хөгжилтэй оронд сурч боловсрох, ажиллах, бүтээх эрх чөлөөтэй өссөн залуу, идэр насныхан байна.
Чөлөөт зах зээл, ардчилсан нийгмийн суурийг тавих гэж Монголчууд зуугаад жилийн өмнөөс тэмүүлж, 1926 онд Франц, Герман зэрэг улсуудад анхны 35 залуусыг явуулсан. Тэд буцаж ирээд эх орондоо соёлын үр тарьж байсан боловч барууны тагнуулууд хэмээн олноор нь баривчлан хорьж, цаазалсан юм. Сүүлд 50- иад оноос социалист гэгдэх орнуудад залуусаа сургаж өөрсдийн боловсон хүчинтэй болсон.
Энэ удаагийн парламент нь ардчилал өндөр хөгжсөн өрнөдийн орнуудын нийтийн засаглалын шинэ ёс зүй, жаяг, стандартыг нутагшуулж, чанарын өөрчлөлт гаргана гэж иргэд хүлээж байна. Тухайлбал, нийт иргэд цахим гарын үсэгтэй болсноор 2028 оны УИХ-ын сонгуулийг гар утсаар явуулах боломж бүрдэх байх.
Хамтарсан засгийн газар
Ерөнхий сайдаар 43 настай, Л.Оюун-Эрдэнэ улиран томилогдов. Хуулиараа 64-өөс дээш суудал авсан нам дангаараа ЗГ байгуулах эрхтэй боловч 68 суудал авсан МАН АН, ХҮН-тай тохиролцон, хамтарсан засгийн газраа 16 яам, 22 сайдтай байгуулснаас АН 6 яам, 8 сайд, ХҮН нам нэг яам, хоёр сайдтай болов.
Хамтарсан засгийн газар байгуулсан гол шалтгаанаа Ерөнхий сайд авлигын тогтолцоог бүрэн нураах, эрчим хүчний салбарыг либералчлах хийх, засгийн газрыг Хөшгийн хөндий рүү нүүлгэх ажлыг намууд талцан эсэргүүцэхийн оронд, улс төржилгүй, цаг алдалгүй хийхийн тулд гэж тайлбарласан юм.
Харин хамтарсан засаг байгуулах цаад шалтгаан бол МАН бүх сонгогчдын дөнгөж гуравны нэгийн саналыг авсан учир нөгөө хоёр намтайгаа хамтарснаар өргөн олны дэмжлэгийг авахаас өөр сонголтгүй болсонд байгаа юм.
Хамтарсан засгийн газар нам тус бүрийн мөрийн хөтөлбөрийг нэгтгэн хамтарсан “Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг байгуулав. Бодлогоо уялдуулах, маргаан үүсвэл зохицуулах гурван намын бодлогын хороог байгуулав.
Энэ ЗГ-ын хийх ажлын жагсаалтад боомтын сэргэлт, аялал жуулчлал, цахим засаглал, нефтийн үйлдвэр зэрэг эхлүүлсэн төслөө хэрэгжүүлж дуусгах; “Тавантойрог” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх; үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулах, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хоршоолох, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, гамшгийн эсрэг менежмент, онцгой байдлын салбарын шинэчлэх, нийслэл болон Богд уулыг тойрсон хурдны зам, нийслэл-Хөшигийн хөндийг холбосон гүүрэн байгууламж, Хархорум ба Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг олон төслүүд оржээ.
Эдгээр зорилтод хүрэхийн тулд эдийн засгаа жил тутам 6-7 хувиар өсгөх, аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжинэ гэж ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр хэллээ. Харин энэ бүх ажлыг хэн яг яаж хийх, төр үү, хувийн хэвшил үү, эсвэл яаж хамжих зэрэг нь одоогоор тодорхойгүй байна.
Шударга ёс ба шүүх засаглал
Монголын шүүх засаглал шударга бус болж, иргэн бүрд харилцан адилгүй үйлчилж, зарим тохиолдолд хэлмэгдүүлж байна. Шүүх, шударга ёс хүн бүрд эрх тэгш үйлчилдэг гэдэгт итгэхэд хэцүү болсон. Авлига, хүний эрхий зөрчил хавтгайрч байна. Хууль ёс нь чадавхгүй, шүүгчид улс төрийн даалгавраар шийдвэр гаргадаг, ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцлагагүй байдалдаа дасан зохицсон байна.
Өнөөдөр Монгол Улсад 660 хууль хүчин төгөлдөр үйлчилж (УИХ ТГ ЕНБД Ц.Цолмон) байна. Манай улсад 430 хуулийг дагасан 2000 гаруй журам байна. Нэг хууль батлахад дунджаар 8 журам, жишээ нь ашигт малтмалын тухай хуулийг дагаж 38 журам гарсан, олон тохиолдолд журам нь хоёрдмол утгатай, зарим тохиолдолд хуулиасаа ч давуу эрхтэй байна. (24.04.18 Хуульчдын форум).
Хууль журмаа прокурор, шүүх нь ялгаатай хэрэглэж, эцсийн шийдвэр нь өдөр шөнө шиг зөрөөтэй гарах боллоо. Хөгжлийн банкны хэргээр прокурор нь 81 хүнд хариуцлага тооцохоор шүүхэд шилжүүлсэн байхад, шүүх нь зөвхөн талыг нь буруутайд тооцжээ. Нүүрсний хулгайн хэрэг сүржин эхэлж, даржин төгсөв.
Зарим хэргийн шүүхийн шийдвэр маш хурдан, хөрөнгөжсөн нэгэнд урт хугацаатай, жишээ нь оргоод алга болсон Д.Эрдэнэбилэгийн хэрэг 8 дахь жилдээ хойшилсоор байна. Нийтийн хөрөнгө завшсан нөхөд газар дээрээ баригдан байцаагдаж, төд удалгүй ямар ч буруугүй хэмээн цагаатгагдаж, хохирогч эсвэл баатрын дүрээр тодрох болов. Хэргийг хойшлуулсан, эсвэл хүнийг хэлмэгдүүлсэн шүүгч нар ямар ч хариуцлага хүлээдэггүй болсныг яаж ойлгох бэ? Тухайлбал сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн олон нийтэд эргэлзээ үүсгэсэн хаалттай шүүх хурал. Өмгөөлөгчөөс татгалзсан тохиолдолд өмгөөлөгч заавал томилдог, шүүх нь цагдан хорих прокурорын шийдвэрийг магадлан шалгадаг, иргэдийн төлөөлөл шүүх хуралд оролцдог (Grand juries in the US) болгох зэрэг шинэчлэлт хийх хэрэгтэй биш үү.
Энэ бүхний үр дүнд иргэд шударга ёс байдаг гэдэгт итгэл алдрах боллоо. Улмаар хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан нийгмийн тогтолцоонд ч эргэлзэх хандлага идэвхжиж байна.
Улс төрийн сөрөг хүчин
Хамтарсан засгийн газар бүрдсэнээр улс төрийн сөрөг хүчний үүргийг УИХ-д хэрэгжүүлэх орон зай эрс багасаж байгаа гэсэн үг. АН-аас ХЗДХЯ-ыг удирдах болсон нь авлига албан тушаалын хэргүүдийг нээлттэй болгох хууль эрх зүйн орчин үйлчилнэ гэсэн хүлээлт иргэдэд байгаа хэдий ч, яг юу болохыг цаг хугацаа харуулна.
ХҮН нам төрийн худалдан авалт болон шударга өрсөлдөөнийг хангах чиг үүргийг хүлээж авав. Үнэ чөлөөтэй, шударга өрсөлдөх нөхцөл боломжтой байж л хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг. Юунаас эхэлж, яахыг иргэд хүлээж байна.
Иргэний нийгмийн байгууллагууд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх шаардлага гарцаагүй үүсэв. Шударга ёсыг сахиулах, хууль тэгш үйлчлэх үйл явцыг хянах, шаардах үүргийг хараат бус сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага хүлээх учиртай хэдий ч ХМХ-үүдийн дийлэнхийг улс төрчид, том компаниуд эзэмшсэн хэвээрээ байна.
УИХ-ын 2024 оны сонгуулийн тухай дүгнэлтээ хуваалцахад ийм байна. Монгол улсын ирэх дөрвөн жилийн амьдрал аж байдал ямар байхыг иргэд, ХМХ-үүд урьдын адил анхааралтай ажиглах, тухай бүрд нь үзэл бодлоо илэрхийлж, нийгмээрээ хянамгай, идэвхтэй, хариуцлагатай байх цаг ирлээ.