Нохойд барьдаг мод
Энэ Засгийн үед гацаатай асуудал бүрт Нямбаа л очиж учрыг нь олсоор гурван жил өнгөрч. Сайд байхдаа хамгийн бэрхшээлтэй асуудал бүрийг барьж арав гаруй ажлын хэсэг ахлав. Хэдий хуулийн сайд байсан ч Боомтуудын гацааны асуудал дээр ч хятадуудтай шууд хуралдаж шийдэж байлаа. Оюутолгойн хэлэлцээр дээр ч ажлын хэсэг ахалж, гардан гүйцэтгэв. Бадамжунайг авчрахад ч биечлэн хөтлөв. Ямар сайндаа Чойжамц хамба ажлаа өгөхөд Нямбаатар орыг нь залгах нь ээ хэмээн цахим орчинд маазраа явж байх билээ. Энэ төрийн араа шураг бүгд Нямбаатар шиг хурдтай, шийдэмгий ажилладаг бол байдал их өөр байхсан. Алдаа оноог нь харин цаг хугацаа шүүх биз.
Нохойд барьдаг мод
Энэ Засгийн үед гацаатай асуудал бүрт Нямбаа л очиж учрыг нь олсоор гурван жил өнгөрч. Сайд байхдаа хамгийн бэрхшээлтэй асуудал бүрийг барьж арав гаруй ажлын хэсэг ахлав. Хэдий хуулийн сайд байсан ч Боомтуудын гацааны асуудал дээр ч хятадуудтай шууд хуралдаж шийдэж байлаа. Оюутолгойн хэлэлцээр дээр ч ажлын хэсэг ахалж, гардан гүйцэтгэв. Бадамжунайг авчрахад ч биечлэн хөтлөв. Ямар сайндаа Чойжамц хамба ажлаа өгөхөд Нямбаатар орыг нь залгах нь ээ хэмээн цахим орчинд маазраа явж байх билээ. Энэ төрийн араа шураг бүгд Нямбаатар шиг хурдтай, шийдэмгий ажилладаг бол байдал их өөр байхсан. Алдаа оноог нь харин цаг хугацаа шүүх биз.
Хотын дарга
Ногоон автуусны дуулиантай хэргийн дараа хотын дарга хийчихмээр хүн гарч ирсэнгүй. Угаас хотын даргаар томилогдсон хэн ч рэйтинг нь унахаар нөхцөл байдалтай байгаа. Хуулийн сайд, УИХ гишүүн, олон ч ажлын хэсгийн ахлагчийн ажлаа больж Хотын дарга хэмээх хэл амтай ажилд очив. Хувь улстөрийн кариераа бодсон ч тийм дуртай байгаагүй, нэлээд аз үзсэн эрсдэлтэй ажил. Хотын гучин жилийн хуримтлагдсан асуудал шууд хотын даргын нуруунд бууна. Хувь рэйтинг нь ч хотын даргаар томилогдсон хэдхэн сард огцом уруудлаа. Гэхдээ түүний оронд өөр хэн байгаад, ямар өөрчлөлт авчрах байсан бэ гэдэг алтернатив сонголтыг эргэцүүлэхэд гэмгүй. Шулуухандаа Улаанбаатар хотын даргаар Элон Маск ирсэн ч муулуулна.
Метро
Метрополитон гэдэг үгийн язгуур нь эртний грек хэлний метро-эх, полис-хот буюу “эх-хот” гэсэн утга аж. Дэлхийн газрын зураг харахад метрогүй нь африкийн хэдхэн улс, тэгээд ази тивдээ манайх ганцаараа харлаж харагдана. Дарханы зам шиг гацах вий, бүтэхгүй, хэрэггүй гэж зарим нь шүүмжилж буй ч манай нийслэл хот хэзээ нэг цагт метротой болох нь жам ёсны асуудал. Улаанбаатарын замын түгжрэлийг арилгахын тулд машины тоог цөөлөх, метро барих гэсэн хоёр ажил зайлшгүй. Үүнд хэн ч 100 хувь итгэлтэй байж болно. Машин биш машины зогсоол нь үнэтэй болсон цаг. Метрогоор цагт 17 мянган хүн зорчиж, 50МВт эрчим хүч хэрэглэнэ гэх. Нэг аймгийн хэрэглээ л дээ. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150+150МВт нийт 300МВт эх үүсвэр 2024, 2025 онуудад сүлжээнд холбогдчихвол эрчим хүчний асуудалгүй. Уг нь бүр 2017 онд баригдчих ёстой байсан юманд “томчууд” нэгнээ дэгээдсээр, зориглож зүтгүүлэх эзэнгүй явсаар арван жил гацаж.
Манайд том төслүүд гацдаг шалтгаан нь санхүү мөнгөний асуудал биш, ерөөсөө л улс төрийн асуудал, хэн нь бялуу хүртэх вэ гэдэг дээр томчууд санал зөрөлдсөнийх л байдаг. Хоорондоо хэзээ ч таардаггүй MCS Оджаргал, Жэнко, Энхсайхан, Голомт Баясаа, Энхсайхан, түгжрэлийн сайд Дэлгэрсайхан, япон мэргэжилтнүүд гээд сонирхолтой “набор” метро барих дээр санал нэгдэж буйгаа илэрхийлсэн нь тун сайн хэрэг. Дарханы замаас ялгаатай нь олон улсын нээлттэй тендэр зарласан явдал. УБ хотын метро бол жам ёсны, тасралтгүй, урт хугацааны найдвартай хөрөнгө оруулалт юм. Хотоор дүүрэн сурталчилгааны самбар тавьдаг нь ингэж тендэр зарлаж байгаагаа ард нийтэд ойлгуулах гэснээс биш тэр зарлалын самбар хараад тендэрт орох хөрөнгө оруулагч хайгаад байгаа хэрэг биш лдээ. Ядаж нийтээрээ метрогоо дэмжээсэй, дэмжих хэрэгтэй, метроны төсөл урагшилж буй шүү гэдгийг л олон нийтэд ойлгуулах гэснийх болов уу.
Шийдсэн шийдвэрүүд
Хүний шийдсэн мэх гэж байдаг даа, зориглоод хийдэг мэх. УБ хотын автомашины дугаар олголтыг хязгаарлах, хотын төвөөр зам дагуу авто зогсоолуудыг хаах, автуусны чиглэл өөрчлөх, “толгой тоолох”, торгууль журамлах, зогсоолын төлбөр нэмэх, Сэлбэ голын 150 мянган тонн мөсийг зөөх г.м. одоо шоолуулж шүүмжлүүлж буй ч хожим бол магтуулж яригдахаар олон эвгүй шийдсэн шийдвэрүүд гарсан. Алдаатай оноотой хэдий ч салхи орж буй нь сайн хэрэг. УБ хот гамшигийн түвшинд оччихсон учир одоо төлөвлөлт гэхээсээ гамшиг арилгах, засах янзлах хүн хэрэгтэй. Барилга барих биш нураахад УБ-чууд баярладаг болсон цаг. Газар олголт, газрын наймаатай ч нэлээд үзэлцэхээр шийдэж, хувийн мэдэгдэлдээ нэр цохож, хотхон, хорооллууд, эздийнх нь нэр устай зарласан нь анхдагч. Өөр хүн тэгж зориглохгүй. “Суруга Монгол”-ын хэргийг ч дэлгэж тавьж, шийдвэрлэх шатандаа орлоо. Яасан юм мэдэхгүй метро баригдах сургаар анир чимээгүй байсан ХҮН намынхан бөөндөө түүнийг эсэргүүцэж, улс төрийн акц, үйлдлүүд хийж харагдах. Цаанаа учиртай, цаанаа олон хүн бужигнуулж буй биз. Ногоон автуус “фэйлдсэнээс” хойш дараагийн 600 автуус хэл амнаас айлгүй ийм хурдан аваад ирэх зоригтой, “шийдсэн” хүн ер нь байхгүй дээ..