Твиттерийн төв оффист зочилсон тэмдэглэл
Өөрийн хамгийн дуртай, их хэрэглэдэг сошиал медиа болох твиттер дээр зочлон, стратеги, төрийн удирдлага, шинэ бүтээгдэхүүн, хамгаалалт, аюулгүй байдал хариуцсан захирлуудтай нь чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, төв оффисоор нь аялах завшаан гарлаа. Тэмдэглэлээ товч сийрүүлэхийг хичээе.
Твиттер өөрсдийгөө олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага (Public Media) гэж тодорхойлж байна. Бид дэлхийн улс орнуудын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар байж чадаж байгаа. Харин танай улсын иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ямар төвшинд байдаг вэ гээд өөдөөс бааварлаж байна. Бид цахим ардчилал буюу #DigitalDemocracy -н өлгий талбар мөнхөд байх болно оо л гээд байна. Бид сүүлийн хагас жилд л анх удаа ашигтай гарлаа (Энэ нь 12 жил ашиггүй ажилласан гэсэн үг). Энэ хугацаанд арилжааны ертөнц руу орж, яаж л бол яаж мөнгө хийх зөндөө боломж байсан. Бид Public conversation mission driven компани болохооор зорилгоосоо өдийг хүртэл хазайгаагүй байгаа. Энэ тал дээрээ бид консерватив хэвээр байх болно оо гэж амлаж байна.
Фэйсбүүк хүмүүсийг холбодог бол твиттер шууд мэдээлэл, шуурхай мэдээний талбар гэнэ. Товчхондоо жиргээ бол улс төрийн шинэ мэдээ, халуун бодит мэдээллийн талбар юм байна. #TwitterDiplomacy гээд нэлээд хэдэн зорилтот компанит ажлыг амжилттай хийсэн түүхээ ярив. Та бүхэн заримыг нь гадарлаж буй байх. Твиттерийн төрийн удирдлагын бодлогыг удирддаг нөхөр өмнө нь АНУ-ын засгийн газарт ажиллаж байсан, армид 10 гаруй жил алба хаасан, мэргэжлийн активист нөхөр байна. 2006 оноос эхэлсэн жиргээний төсөл маань анхандаа Odea компанийн дагавар төсөл байжээ. Энэ компани одоогийн подкастийн өвөг эцэг юм билээ шүү. Ирээдүйн подкастийн том компанийн харъяа төслөөр нэг жил яваад тусдаа гарч амиа даагаад өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. Гүүгл, фэйсбүүктэй харьцуулбал хамаагүй жижиг буюу 3600 ажилтантай компани. Нийт ажилчдын тал хувь нь инженерүүд. Дэлхийн 38 хэл дээр мэдлэг солилцдог бяцхан хайрцаг гэж өөрсдийгөө хэлдэг юм билээ. Одоо хүртэл хэвлэлийн мэдээ бэлтгэж, сонин сайтаар түгээдэг компани, улстөрчдийн тэнэгийг твиттер гайхаад бардаггүй гэнэ.
Мэдээ бэлтгээд, тэрийг нь өчнөөн дарга цэрэг нар хянана гээд нааш цааш явуулан цаг алдахаас гадна зөндөө цензурдана. Тэгээд сайт дээрээ оройдоо, эсвэл маргаашийн сонин дээр гаргадаг. Энэ хооронд тэр мэдээлэл хэдийнэ гол хүмүүст албан бусаар хүрчихсэн байдаг. Компанийн хэвлэлийн ажилтан болж ийм тэнэг ажил хийж хүүхэд, нохойн доог болохгүй байхыг сануулж байна.
Улс орнуудын засгийн газрын тэргүүн, гишүүд, улс төрчид олноор орж ирэх тусам тэдний аккаунтыг хакердахыг нь оролдох нь ихэссэн гэнэ. Компьютер хэр барагтаа хакердуулдаггүй. Хүн л хамгийн амархан хакердуулдаг. Иймээс мэдээллийн технологийн мэдлэгээ дээшлүүлэх нь ерөнхий боловсролын анхан шатны шаардлага бараг болчихсон. Бүдүүлэг бас боловсролгүй улстөрчид жиргээг бузарладаг тухай ярихын сацуу жиргээг хэрхэн эрүүл мэдээ, мэдээллийн бүтээлч талбар болгохоор өдөр шөнөгүй мачийн ажиллаж буйг зовлонгоо хуваалцав.
Монголчууд ганцаараа жиргээ дээр хэрэлдэггүй юм байна:) Энэ бол бусад улсуудад ч мөн байдаг л асуудал аж. Жиргээний эрүүл мэндийг хэмжиж, өвчтэй эс, хавдарыг авч хаяхын тулд хэмжилтүүд хийгээд эхэлжээ. Энэ судалгаа дээрээ суурилаад conversation гэдэг шинэ функц ирэх жил нэмэх аж. Тухайлбал, Голланд ба Английн Оксфордын их сургуулийн сэтгэлзүйн тэнхимтэй хамтраад fake news, bullying, hate speech буюу худал мэдээлэл, бусдыг доромжлох, айлган сүрдүүлэх үйлдлүүдийг твиттер хязгаарлана гэнэ. Терроризмтай холбоотой мэдээллүүдийн 75%- ийг жиргэхээс нь өмнө сүүлийн 6 сарын турш олж устгаж байгаа гэнэ. Үнэн сүпер! Твиттер сүүлийн хагас жил 400 гегабайт 10 сая гаруй жиргээг устгасан байна. Ер нь асар их филтер хийдэг юм байна. Бид л тэрийг нь огт мэддэггүй юм байна:)
Дараах хэдэн зөвлөгөөг твиттерийн том боссууд жиргээч бидэнд өгч байна.
- Жиргээ бол professionals буюу мэргэжилтнүүд мөн сэтгүүлчдийн үндсэн талбар аж. Тэрнээс бус өсвөр насныхан, ажилгүй, цаг нөхцөөсөн хүмүүсийн ашиглах платформ биш шүү л гэнэ:)
- Жиргэх айхтар технологи гэж байхгүй. Жиргэж буй хүний хандлага л чухал. Иймээс жиргээг биш жиргэж буй хүнийг нь өндөр төвшинд судалж, анализ дүгнэлт хийгээд эхэлсэн гэж байна. Олон улсын элчин сайдын яамдууд виз олгохдоо хувь хүний жиргээний зан төлөвийг мэдээллийг твиттерээс авдаг байж магадгүй юм билээ шүү.
- Жиргээний мэтгэлцээн, хэрүүлийн агуулга нь хууль бус, ёс бус байвал жиргээгээ устгахыг эелдэгээр сануулдаг. Устгахгүй бол аккунтыг нь устгадаг юм байна. Ийм сануулга авсан хүмүүсийн 70% нь жиргээгээ устгаж уучлал эрдэг гэнэ ээ. Жиргээг соёлтой хэрэглээрэй, баярлалаа гэнэ ээ. Үүний тулд:
- Худал, муу мэдээллийг хэзээ ч битгий сэвж түгээ
- Тань руу дайрч, давшилсан үед битгий хэрэлд, битгий тоо. Тэд олон дагагчидтай хүмүүсийг ингэж ашигладаг.
- Өөрийнхөөрөө жиргэ. Бүү дүр эсгэ.
- Нээлттэй бай. Бүү худлаа жиргэ! Ингэж байж жиргээ эрүүл харилцааны талбар болно гэж бодлого, харилцаа хариуцсан захирал хэлж байна
- Ер нь бол бид хоёр хүний хэнд ч хэрэггүй хэрүүлд дундаас нь ордоггүй. Харин зүй бус хэрэглэж буй аккаунтуудын репортыг авч шийдвэр гаргадаг. Үнэхээр таныг жиргээ залхаагаад байгаа бол юунаас болж гэдгээ олж хар гэнэ. Дандаа стресстэй, бүтэлгүй, сөрөг контент жиргэж байгаа хүмүүсийг дагахаа боль, mute хий, бүр блок хийх эрх чөлөө танд байгааг сануулж байна.
- Жиргэж байгаа асуудалдаа та өөрөө ямар нэгэн байдлаар хамааралтай байвал зүгээр. Рамандаа жиргэвэл сайн гэж эелдгээр хэлж байна.
- Поллийг хөгжилтэй байдлаар ашиглахыг зөвлөж байна. Америкийн нэгэн алдартай нэвтрүүлгийн хөтлөгч жишээ нь маргааш хийх нэвтрүүлэгтээ улаан эсвэл цэнхэр зангиа зүүх үү гэдэг санал асуулга жиргээ дээр явуулаад будаа болгосон юм байна.
- Твиттер дээр үүссэн тренд дунджаар 15 мин л үргэлжилдэг гэж байна. Гэхдээ Мишел Обамагийн нэгэн жиргээ бүтэн нэг жил тренд болсон байна. Үүний нууц, технологийг дараа нь жич хуваалцамз.
- Иргэний хамгаалахын сургалт (газар хөдлөх, түймэр, шуурга, зуд, ган, бороо цас гэх мэт) -нд улс орнууд жиргээг маш ихээр ашигладаг болж байгаа юм байна. Манай замын цагдаа, нийслэлийн удирдлагууд энэ жишгээр сүүлийн үед маш идэвхтэй бас үр бүтээлтэй ажиллаж эхэлсэн байна лээ.
- Америкт бол Пүрэв гарагийн 15 цагт жиргэсэн жиргээ хамгийн ихээр хүмүүст хүрдэг гэнэ. Энэ нь сайндаа ч биш конгрессийн гишүүдийн туслахуудын хамгийн завтай цаг нь байдаг гэнэ ээ. хаха. Манайхаар бол төрийн албан хаагчдын хамгийн завтай цонх үе юм байх.
- Бот, спам хоёрыг хүмүүс хольж ойлгоод байдаг. Твиттерт бот гэж байхгүй гэж байна. Хуурамч аккаунтыг спам гэж тодорхойлдог юм байна шүү.
Асуулт хариултын хэсгийн товч тэмдэглэлийг сийрүүлбэл:
Нэрээ нууцалсан жиргээний аккаунтуудыг твиттер хэзээ ч хаахгүй. Учир нь энэ л тэдний бизнесийн утга учир юм байна. Нэрээ нууцалсан аккаунтуудын байршилыг автоматаар жиргээ бас нууцалдаг юм байна. Гэхдээ мэдээж тэр аккаунтууд нь зүй бус юм бичих, бусдыг үндэслэлгүй гүтгэх, бүдүүлгээр доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийх юм бол шал тусдаа хэрэг. Терроризмтай холбоотой агуулга гарах л юм бол бараг пост хийгдэхээс өмнө устгах чадвартай болсон гэж бардам хэлж байна лээ.
Та нар тэгээд ер нь яг яаж мөнгө олдог юм бэ гэсэн миний асуултад нэгт, таймлайн дундуур сурталчилгаа хийж, хоёрт, датабаазаа арилжааны журмаар зарж (засгийн газарт биш) голлох орлогоо бүрдүүлдэг гэнэ. Хаштаг маш чухал үүрэгтэй байдаг юм байна. Брэндэд зорилтот зах зээл гэж байдаггүй Харин зорилтот мөч, цаг хугацаа л гэж бий. Иймээс цагаа олсон мэдээллийг мэдрэмжтэй түгээж чадвал жиргээ сурталчилгаа, ПР-ын хамгийн том зэвсэг гэнэ ээ. Та нар үүнийг мэдэх л ёстой байгаа мал даа л гэнэ:)
АНУ-ын ерөнхийлөгч яагаад @realdonaldtrump гэсэн жиргээний хаягтай байдаг юм бэ гэсэн Donald Trump гэдэг нэртэй хуульч залуу түрүүлээд өөрийнхөө нэрээр хаягаа авсан байсан юм байна. Тэр хүний хаяг тэр хүний өмч тул халдаж яагаад ч чадаагүй гэж байна.
Verification хийхийг хэсэг нам зогсоосон байна. Учир нь систем дээр асуудал үүсэхээс гадна хүн бүрийг яг бодитоор өөрсдөө жиргээний аккаунт нээж буйг баталгаажуулах нь асар төвөгтэй процесс байдаг юм байна. Арабын нэг ханхүүгийн аккантад шувуухай өгөхийн тулд хэд хэдэн удаа видео кол хүртэл хийсэн түүхтэй.
Хэн нэгний аккуантыг хаах хүсэлтийг яаж шийддэг вэ гэсэн чинь хүний эрхийг хамгаалагчдын төлөө, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангахын төлөө тууштай зогсоно. Цөөн биш засгийн газрууд иргэдийнхээ энэ эрхийг боомилох хүсэлт ирүүлдэг ч өөдөөс нь хэрэндээ сайн үзэлцдэг. АНУ-ын нутаг дэвсгэр дээр лав жиргээ хууль зүйн бүхий л хамгаалалтаа баталгаажуулаад авсан гэж байна. Саяхан канадын засгийн газар бүх гишүүддээ твиттерийг чөлөөтэй хэрэглэх, түүгээр бичсэн агуулгад нь засаг төр нь ямар ч хяналт, хязгаарлалт хийхгүй гэдгээ зарлалаа. Канадын кабинет твиттерийг соёл, улс төрийн гүүр болгон ашиглахаар бодлогоо гаргажээ.
Твиттер Edit функц хийх гэж байгаад больсон. Ер нь хэзээ ч хийхгүй гэнэ. Учир нь улстөрчид бичсэн зүйлсээ хэзээ ч яг эсрэгээр нь өөрчлөх эрсдэлтэй байдаг гэнэ. Ялангуяа улс төрд туйлын үнэн эсвэл худал гэдэг ойлголт хэзээ ч байдаггүй гээд толгой сэгсрээд л байна лээ.
Зохион байгуулалттай жиргээчдийн үйлдлийг буруу гэж үздэггүй аж. Хүмүүүсийн үзэл бодол ялгаатай байх ёстой. Энэ ялгаатай үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй байх ёстой. Энэ эрх чөлөөтэй эдлэхийн тулд ижил үзэл бодолтой жиргээчид нэгдэн зохион байгуулалтад орж жиргээг ашиглах ёстой гэж товч хариулж байна. Харин жиргээний аккаунтыг худалдах, худалдан авах явдал хориотой. Ийм аккаунтыг баталгаажуулаад репорт хийвэл шууд устгаад устгаад явчихна гэж байна.
Twitter audit, API ашиглан янз бүрийн мэдээлэл, анализ гаргадаг үйлчилгээ, сайтууд твиттертэй ямар ч хамаагүй гэж байна шүү. Эдгээрт итгэж, чухал шийдвэрээ бүү гаргаарай гэж хатуу сануулж байна.
Онч