Эдийн засагч, төрийн санхүүч Тогмидын Доржхандтай ярилцлаа.



-Доржханд гэдэг залууг нийгмийн тодорхой хэсэг ХҮН намын дарга гэдгээр мэднэ. Дунд сургуульд байхдаа ямар хүүхэд байсан бэ. Үе тэнгийн, таныгмэдэх залуучууд бол олимпиадад тэргүүлдэг, тэр цагийнхаар бол цоорчихсон хүүхэд байсан гэх юм билээ?

- Манай аав бас гэрийн даалгавраа хийдэггүй ч анги дээрээ үзсэн хичээлээ шалгуулаад онц аваад явчихдаг хүүхэд байсан гэдэг. Миний хувьд тэр занг нь дуурайсан юм шиг байна лээ. Хичээлээ нэг их шамдаж хийгээгүй, 5, 6 дугаар анги хүртлээ урсгалаараа явсан. Амархан санагддаг байсан юм болов уу. Шатар, даам их тоглодог, бас өндөр болно гэж нэг хэсэг хичээлээ хаяад сагс, гар бөмбөг ч сонирхсон. Гэхдээ монгол хэл, орос хэл, физик гээд маш олон төрлийн олимпиадад оролцож байсан. Аравдугаар ангиа төгсөх үедээ сургуулиасаа нэг бил үү, хоёроор гарч ирсэн. Ингээд МУИС-ийн эдийн засгийн ангид элсэн суралцсан юм. Оюутан байхдаа оройд нь халтуур хийжмөнгө олно. Сүхбаатарын цалин гээд жаахан цалин авдаг. Өнчин хүүхэд гээд бас жаахан тэтгэмж авдаг. Ер нь бол сургалтын төлбөрөө аргалчихдаг, сургуулийнхаа сагсны шигшээд тоглож сүүлдээ дэд мастер, бильярдны спортын мастер, шилдэг төгсөгч болж байлаа.

-Хүүхэд насаа ийм идэвхитэй өнгөрүүлсэн хүн хүүхдүүддээ хэр их шаардлага тавьдаг вэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү, хоёр охин. Том хүү маань эдийн засагч мэргэжлээр Кембриджийн их сургуулийг энэ жил төгсч байна. Хүүгээ жаахан туршлагажиж Монголдоо ирээд ажиллаасай л гэж бодож байна. Аав, хүү хоёр яриад оюутан цэрэгт явъя гэсэн боловч гадаадад суралцдаг болохоор болохгүй гээд явж чадаагүй. 

- Таныхаар үнэ цэн гэж юу юм бэ?

-Хорвоо дэлхий дээр хамгийн үнэ цэнтэй зүйл бол хүн, хүний амьдрал гэж боддог. Аз жаргал гэдэг бол тухайлсан нэг зүйлийг хэлдэггүй. Аз жаргал бол процесс. Өөрөөр хэлбэл тухайн мөчийг хамгийн сэтгэл ханамжтай өнгөрүүлж чадаж л байвал хүний амьдралын хамгийн сайхан зүйл нь тэр. Тухайн мөчөөс олон мөч бий болно. Төрөхөөс үхэх хүртэл хамгийн аз жаргалтай өнгөрүүлсэн мөчүүдийг аз жаргал гэж боддог. Тэгэхээр хүн амьдралынхаа хугацаанд их аз жаргалтай амьдаръя гэвэл өөрөө түүнийгээ бий болгох хэрэгтэй. 

-Таны улс төрийн түүх бол нэлээн саад бэрхшээлтэй бичигдсэн байгаа. Алдаж оноод явахдаа аз жаргалтай байсан уу. Эсвэл хэцүү байсан уу. Өнгөрсөн хойно нь бодоход нэг ихтом асуудал биш байна уу.

-Зарим үед бол хүмүүс гайхдаг. Жишээ нь өмнөх сонгуулиар нэр дэвшиж байхад хүмүүс “Олонулсын валютын санд ажиллаж байсан хүн орон сууцны хороололд дэвшихгүй яагаад гэр хороололд нэр дэвшиж байгаа юм бэ” гэж асууж байсан. Надад тэр газраар явахад л хүүхэд нас маань бодогдоод, хүмүүсийн амьдрал харагддаг. Энд л өөрчлөлт хийх ёстой шүү дээ гэж боддог учраас гэр хорооллыг би сонгож нэр дэвшиж байсан. Монголчуудын маань дийлэнх нь ядуу зүдүү байна. Очоод уулзаад ярилцахаар улс орныг минь өөрчлөөд өгөөчээ гэсэн хүмүүсийн нүдний харцтай би тулгардаг. 

-Аав, ээж хоёр нь ямар ажил хийдэг байсан юм бэ?

-Ээж маань Худалдааны нэгдүгээр конторт мэргэжилтэн. Харин аав маань түүхий эд боловсрууулах нэг агентлаг удирддаг байсан. Үндсэндээ манай ах, эгч нар бага тойруугийн тэнд өсч торнисон. Хоёрдугаар сургуульд сурсан. Миний бага нас гэр хорооллын гудамж, Дэнжийн мянга, Хайлааст, Яармаг гээд гэр хорооллын дунд өнгөрчээ. Дэнжийн 1000-аас сургууль хүртлээ алхдаг байлаа. Амьдрал хэцүү байсан үе бий, бий. 

-Та ер нь угаасаа ийм даруухан юм уу. Эсвэл даруухан харагдах тактик хэрэглээд байна уу?

-Би нэлээн бүрэг хүүхэд байсан. Есдүгээр анги хүртлээ охидтой ярьж чаддаггүй байлаа. Сангийн яаманд ажиллаж байхдаа ч хүнтэй нэг их юм яриад байдаггүй, хувь хүн маань жаахан даруухан, битүү хүн байхгүй юу. Гэхдээ найз нөхдөө хамгаалаад хүүхдүүдтэй зодолдчихдог л хүүхэд байсан. Сүүлдээ Олон улсын байгууллагад ажиллаад, ажлын шугамаар олон төрлийн хэлэлцээр хийгээд ярьж хэлэх маань задраад ирсэн.Улс төр бас л тэгж задалдаг юм байна. Даруухан байж болохгүй юм байна гэдгийг ойлгоод өөрчлөгдөхөөс өөр аргагүй болсон гэх юм уу.

-Мэдээж бас аз жаргалтай дурсамжууд байгаа, түүнээсээ хуваалцахгүй юу?

-Хөмсөг, сормуус, толгойныхоо үсийг түлж байсан инээдтэй дурсамж маань санаанаас ер гардаггүй юм. Айлууд нүүрс түлдэг байхад манайх үртэс түлдэг. Үртсээр галладаг зуух их том. Зуух руугаа хоёр мод Г үсэг хэлбэртэй хийж үртсээ гишгэж чигждэг. Чигжиж дуусаад хоёр модоо сугалахаар модны ором үлддэг. Түүн рүү нь цаас хийж байгаад үртсээ асаадаг. Сайн чигжихгүй бол нурдаг, нурахаараа бууддаг. Тэгээд нэг удаа тоглох гэж яарч байгаад үртсээ дутуу чигжиж, ахиухан цаас хийж байгаад үлээсэн чинь өөдөөс буудаад, бөөн хиншүү хярвас үнэртээд л явчихсан. Хөмсөг, сормуус, үс байхгүй ээ. 

-Тэр амьдралаасаа хэзээ жаахан шат ахисан юм бэ?

-Манай аав байранд байж чадахгүй бачимдаад байдаг учраас дургүй. Залуудаа морь малтай ноцолдож явсан юм болохоор ч тэр үү, байрыг нэг их тоодоггүй. Аав маань Завханых л даа. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн анхны төгсөгч нь. Харин ээж маань Увс аймгийн харьяат, би өөрөө Улаанбаатарын хүүхэд. Намайг 14 настай байхад аав маань өөд болсон. Ээжийн ажлаас дөрвөн өнчин хүүхэдтэй гээд байр өгч байлаа.Аавтайгаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамж бий. Аав маань олон сайхан бөхчүүдтэй нөхөрлөдөг, намайг хараад энэ хүүхдэд бөх болохшинж алга аа л гэдэг байсан. Харин манай эгчийг “Энэ охин чинь хүү байсан бол барилдуулах байсан юм” гэж цаашлуудаг байсан. Харин манайхаар ирдэг лам нар “Энэ чинь харин ном эрдэмтэй болох хүү байна” гэдэг байлаа. Би 7-8 настайдаа Энэтхэг рүү шашны сургуульд явж, хамаатныхаа айлдаа өргүүлэнгээ алдаж байлаа. Манай ээж олон хүүхэд гаргаад жаахан тамирдсан юм шиг байна лээ. Тэгсэн хамаатны эгч манайх хүүхдээ болгоод хөдөө авч явъя гэсэн юм гэдэг. Тухайн үед манай дунд ах зургадугаар ангид байсан. Дүүг айлд өгөх гээд байгаа юм уу, тэгвэл би сургуулиасаа гараад дүүгээ харъя л даа гэж байгаад намайгавч үлдсэн байдаг.

-Энэ их ачааллын хажуугаар хичээл номоо хийхэд хэцүү байсан уу?

-Би ер нь гэртээ хичээл хийдэггүй байсан. Хичээл дээрээ үзчихээд л цээжилчихдэг. Таван настай байхдаа эгчтэйгээ хамт шалгалтанд ороод тэнцчихсэн. Манай эгч найман настай. Хичээл сурлагадаа гайгүй, тэгээд ангийн атаман. Атамануудын нэг зовлон нь ангийнхныгаа өмөөрч зодолдоно. Нэг удаа хүүхэд зодсон хэргээр Хичээлийн эрхлэгчийн өрөөнд сандал өргөөд зогсож байсан чинь нэг багш орж ирээд “Тооны олимпиадболж байна, орох хүүхэд байна уу” гэж сурдаг юм. Тэгээд багш нар “Энийг оруулчихъя” гэж ярилцаад шийтэлээс мултарсан даа. Нөгөөдөх нь олимпиадад ороод тоогоо бодчихоод л гараад зугтаачихсан. Тэгсэн чинь гурав хоногийн дараа захирал дахиад дуудаж байна. Одоо бас яачихсан юм болоо гээд очсон чинь олимпадад түрүүлчихсэн гээд баяр хүргэдэг байгаа. Тэгсэн тэр нь дүүргийн олимпиад байсан гэнэ. Тэр үеэс л нөгөө сахилгагүй нөхөр чинь од болж, онц сурдаг болж, дүрдээ ороод ангийнхаа ариун цэврийн дарга ч болсон. Ингээд л атаманы карьер дууссан даа. 

-Атаман хэр олон найзтай вэ?

-Маш олон найзтай. Олон нийтийн дунд байдаг хүмүүс байдаг даа. Багаасаа л ангийн дарга, бүлгийн дарга болоод ирэхээр нэр төр дагалдаад ирж байгаа юм. Би нэгдүгээр ангидаа хамгийн өндөр нь байлаа. Дөрөвдүгээр ангид ороод дороосоо хоёрт жагсдаг юм. Охидуудтай зэрэгцээд зогсохоор нүүр яг цээжнийх нь харалдаа ирчихдэг болохоор ичээд уулзахаа больсон. Охидууд ч тоохгүй болохоор сэтгэлээр унаад... Ингээд тоо боддог, шатар даам тоглодог карьераа орхиод өндөр болно гээд сагс, гар бөмбөг хөөж эхэлсэн.

-Хайрын түүхээсээ хуваалцахгүй юу?

-Манай эхнэр Сангийн яаманд ажилладаг байсан. Нэг ёсондоо бид хоёр ажлын байран дээрээ танилцсан гэсэн үг. Яамныхан Шинэ жилийн комисс байгуулаад, залуучуудаа идэвхитэй хамруулахын тулд гайгүй бүсгүйчүүдээ бас татан оролцуулж, ажил хуваарилж өгнө шүү дээ. Тэнд би эхнэртэйгээ анх танилцсан. Нэг даруухан охин яваад л байдаг байсан. Тэгсэн чинь нэг удаа бороо ороод... Гадаа зогсож байсан чинь тас хар бенз машинтай бүсгүй, “Суучих аа, хүргээд өгье” гэдэг юм. Тэр үедээ намайг нэг их настай хүн гэж бодож байсан юм шиг байгаа юм. Замд яриад явтал зан ааш аятайхан юм аа. Зам дагуу настай хүн, хүүхэдтэй хүн таарвал одоо ч гэсэн хүргэж өгдөг байхгүй юу, манай хүн. Одоо ч тэрзан нь хэвээр. Тэгээд тэр зангаараа бороотой өдөр хамт ажилладаг нэг настай хүнээ хүргээд өгье гэж санасан юм шиг байгаа юм. Гэтэл тэр үед чинь би дөнгөж 30 настай. Манай яамныхан бол намайг “Чи нэг бензэнд л явчихлаа” гэж цаашлуулдаг байсан юм. Тухайн үед манай эхнэр 25-тай л байсан болов уу. Тэгээд нэг гэр бүлийн хоёр яаж нэг газар хамт ажиллах вэ гээд манай хүн ажлаа орхисон. Гэхдээ “бензэнд явсан”-даа харамсдаггүй ээ. Одоо 4 хөөрхөн хүүхэд байна. 

-Одоо танай гэргий ямар ажил хийж байгаа вэ?

-Аавынхаа бизнесийг өвлөөд ажиллаж байгаа. Даатгал, санхүүгийн салбарт. “Монро импекс” гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бизнесээ үргэлжлүүлээд явж байна. 

-Та бол эдийн засагч хүн. Бидний мөлхөөд байгаа энэ цаг үе, энэ эдийн засгийг гэгээтэй болгох тийм онцгой санаа танд бий юу?

-Миний мөрөөдөж байгаа зүйл бол дийлэнх, олонхоороо ажилтай орлоготой, авсан цалиндаа сэтгэл хангалуун, үр хүүхдүүд маань гадаа тоглохдоо айх айдасгүй, хөгшид гудамж талбайдаа нарлаад, тухтай сууж ярилцдаг хүн болгон тэгш боломжтой, ажиллах ажлын байр нь элбэг, иргэд нь эрүүл саруул, залуус нь боловсролтой ийм л нийгэм байгуулахыг хүсч байна. 3.2 сая монгол шүү дээ. Тэгээд 7.5 тэрбум хүний зах зээл дээр хар, цагаан арьстнуудтай, хойноо оросуудтай, урдаа хятадуудтай өрсөлдөх чадвартай монгол хүнийг бүтээчих юм бол энэ бидний хүсч байгаа нийгэм. Арабын орнууд 1960-1970 онд Африкийн орнуудтай ижил гараанаас үзсэн. Энэ бол том кэйс. Өнөөдөр арабууд нь тасраад явчихлаа. Арабууд яасан бэ гэхээр бүгд баялагтай, баялагаа ашиглахдаа хүндээ хөрөнгө оруулалт хийчихсэн байхгүй юу.

-Зорилгодоо хүрэхийн тулд та нар заавал нам байгуулаад үйл тамаа үзэж байхаар нэг том нам дагаж байгаад санаагаа эвтэйхэн хүргэчихдэг, хэрэгжүүлчихдэг байж болохгүй юм уу. Цаг хугацаа хайран биш үү?

-Цүнх баригч бол гэж үү. Тэр цүнх барьдаг нөхдүүд чинь өрөвдөлтэй шүү дээ. Нэгдүгээрт, мэдлэг алга. Хоёрдугаарт, өөрсдөдөө итгэх итгэл алга. Тогтолцоо нь цүнх баригчдыг төрүүлээд, гайгүй гэсэн сэхээтнүүд нь дандаа боломж хайж байна. Энэ хоёр намд л орох юм бол би сайд дарга болно, илүү шанстай гэдэг байдлаар АН, МАН хоёрыг харж байна. Намгийг дотроос нь хатаадаггүй юм. Намгийг нар ээж гаднаас нь л хатаадаг. 

-Сүүлийн үед хүмүүс биенийхээ удам судрыг ярихаар дооглож тохуурхдаг болжээ. Удам судар ер нь хэр чухал вэ?

-Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж монголчууд ярьдаг. Түүн шиг удам судар хүнд нөлөөлдөг гэдэгт итгэдэг. Сангийн яаманд ажиллаж байхад залуучууд ажилд их орсон. Бүгдээрээ 2-3 хэлээр ярьдаг, боловсролтой, гэхдээ маш бага цалингаар ажиллаж байсан. Тэр үед төрийн албан хаагчдын, сэхээтнүүдийн хүүхдүүд ордог байв. Тэд нарын хүмүүжил, чадвар маш сайн. Баг болоод ажиллахад маш богино хугацаанд үр дүн гардаг. Нөгөө талдаа хөдөө орон нутгаас ирсэн залуучуудтай ч ажиллаж байсан. Ажлын ачаалал сайн даана. Гэхдээ хүмүүжлийн ялгаа гардаг байсан. Нэр төр, удам судрын үнэ цэн гэдэг бол удамшдаг гэдэгт би итгэдэг. Ном эрдэм судалсан хүмүүсийн үр хүүхдүүд тийм л байдаг. Хүний хамгийн эрхэм чанар бол нэр хүнд, өөрөө байдаг. Хүний өөрийнх нь түүх байдаг. 

Манай аавын өвөө Гомбосүрэн тайж гэж хүн байсан. Өвөө маань маш их ажилсаг, эрдэм номтой хүн байсан юм билээ. Ээж бас тайжийн ач охин байсан. Завхан чинь хутагт хувилгаадын нутаг, удам судраа би их оюунлаг хүмүүс гэж боддог. Ном сонин их уншдаг, мэдлэг хамгийн чухал гэдэг гэр бүлдөссөн болохоор үр хүүхдүүдээ ч ийм байгаасай гэж боддог. Том хүү номын санд л сууж байдаг юм, охидууд маань ч зузаан ном барьж аваад дор нь уншаад дуусчихдаг, бага хүү ч ялгаагүй номонд дуртай. Ном уншдаггүй хүн нэг хүний амьдралаар амьдардаг бол ном уншсан хүн 100 хүний амьдралаар амьдардаг гэсэн үг байдаг даа. Эрдэм номын мөр хөөсөн хүмүүст ийм зан чанар уламжилж үлддэг байх гэж боддог. Түүнийгээ дагаад хүмүүжил нь зөв байдаг байх. Зөв хүмүүсээс зөв л юм гардаг. Ийм хүмүүс олон байдаг бол манай улс хөгжчихнө. 

-Та аз жаргалыг юугаар хэмждэг юм бэ?

-Ханамжийн эдийн засгийн онол гэж байдаг. Ханамж гэдэг бол хэрэглэж байгаа эд зүйлээсээ, идэж, ууж байгаагаасаа авч байгаа ханамж. Үүнийг далимдуулаад аз жаргал гэж зүйл яригдана. Хүмүүс хамгийн ихдээ хоолноос авдаг. Дараа нь худалдан авалт, секс, гадагшаа аялах гэх мэт зүйлс ордог. Харин хамгийн хүчтэй сэтгэл ханамжийг ялалтаас авдаг. Тэмцээнд ялах, сонгуульд ороод ялах гэх мэт. Харин аз жаргал тухайн мөчөөс хэр их аз жаргал, сэтгэл ханамжтай байгаагаар хэмжигддэг. Тодорхой үр дүн гарах сайхан. Үр дүн гаргахын төлөө явж байгаа үйл явц бас үнэ цэнтэй. Тухайн ажлын ард гарахын тулд хамт олон бий болдог. Тэд сайн муу бүхнийг хамтдаа туулдаг. Гэхдээ зорилгынхоо төлөө явж байгаа процессоосоо сэтгэл ханамжаа аваад явах юм бол хамгийн чухал л гэдэг юм. Зорилгоосоо илүү процесс нь чухал гэсэн үг.

-Та ялалтын мэдрэмжийг хэр зэрэг мэдэрч байсан бэ?

-2016 оны сонгуульд ХҮН оролцож чадаагүй. Бөөн асуудал үүсээд. Тэрний дараа намар Орон нутгийн сонгууль болоход ХҮН арчигдсаан, байхгүй болчихсон гээд зогсож байсан хүмүүс гайхсан байх. Би тэр үед дотроо ялалтын мэдрэмжтэй зогсож байсан. Маш богино хугацаанд нийгэмд танигдаж, судалгааны дүнгээс нийгэмд тодорхой өөрчлөлтүүдийг оруулж байгаагаа мэдрээд итгэл үнэмшил төрж, ялалтын мэдрэмжийг авч байлаа. Бас ОУВС-д хоёр тэрбум долларын хөрөнгө босгож, Оюутолгой, РИО-гийн багийнхантай тулж, “Бид бол тусгаар улс шүү” гэдэг байдлаар хандаж чангахан дуугарч байхдаа ийм гоё мэдрэмж авч байсан. 

ОУВС-д ажилд ороход сайхан мэдрэмж авсан юм байна. Ази номхон далайн бүс нутагт хамаарч байгаа Шинэ Зеланд, Австрали, Солонгос, Узбекстан гээд төв азийнхан, дэлхийн олон орны маш олон эдийн засагчидтай өрсөлдсөн. Миний хувьд Сангийн яаманд 15 жил ажиллаад, төсвийн бодлого, санхүүгийн бодлого хариуцан мөн газрын даргаар ажилласан нь давуу тал болсон. Олон улсын байгууллагууд бол хөгжиж байгаа улс оронд ажиллаж байсан ажлын туршлага, мэдлэг чадварыг харгалзаж сонголтоо хийдэг. Хоёрдугаарт хэлний чадвар. Тэр дундаас сонгогдоно гэдэг бол ялалтын мэдрэмж. Ямарч эдийн засагч хүний хувьд олон улсын түвшинд гарч ажиллах, тэр дундаа ОУВС гэж дэлхийн банк санхүүгийн салбараа баздаг байгуулагад ажиллана гэдэг мөрөөдөл шүү дээ. Эндээс гаргасан шийдвэрийг үндэслээд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын банкууд удирдамжаа авна. Бүх засгийн газрууд тэндээс удирдамжаа авч, тэндээс эдийн засгийн төсөөлөл, үнэлгээ, бодлогоо авдаг. АНУ, Англи, Япон хөгжиж байгаа орнууд ч ялгаагүй. Тэнд дэлхийн хамгийн сайн 2000 эдийн засагч ажилладаг. Тэр 2000 хүний нэг нь болж ажиллана гэдэг бол нэр төрийн хэрэг.

-ОУВС-даа ажиллаад байж болоогүй юм уу. Монголдоо ирээд улс төр, ХҮН нам гээд өөрийгөө тарчлаах хэрэг байсан юм уу?

-Би эдийн засагч мэргэжлээрээ ажиллаад мэргэжлийнхээ карьерыг тултал нь хийчихсэн гэж боддог. Улс төрийн карьер бол өөр л дөө. Улс төрд орно гэж тооцож байгаагүй. ОУВС-нд Африк, Латин Америкийн орнууд ялангуяа Францын колони байсан орнуудын эдийн засгийг хариуцан ажилласан. ОУВС-ийн шийдвэр Захирлуудын зөвлөлөөс гардаг юм. Нэг ёсондоо манай парламент шиг. Ази-Номхон далайгаас тухайн бүс нутгийг хариуцсан нэг захирлыг томилдог. Тухайн үед манай захирлаар солонгос хүн ажиллаж байсан. Энэ хүний зөвлөхөөр ажиллаж байхдаа ОУВС-ийн захирлуудын зөвлөлд гаргаж байгаа асуудалтай нь холбоотойгоор бүс нутгаа төлөөлж байр сууриа илэрхийлнэ. Та нарын гарц, бодлого зөв байна, буруу байна гэх мэт. ОУВС чинь гишүүн 198 орондоо жил бүр үнэлгээ хийдэг. Гамшиг болсон эдийн засагтай улсуудад очиж зөвлөгөө, өгч, хөтөлбөр тохирч мөнгө өгдөг НҮБ-ын эдийн засгийн асуудал хариуцсан байгууллага. Энд 200 орчим улсын асуудал орж ирж, өдөр бүр 100, 100 хуудастай асуудал дагуулсан үнэлгээний тайлангууд орж ирнэ. Тэгэхээр захирлын ачаалал ихэсдэг. Нэг захиралд 4-5 зөвлөх байдаг. Яг шийдвэр гаргах түвшинд нь ажиллаж байсан монгол хүнийхээ хувьд Африк, Латин Америк гэх мэт хөгжиж байгаа улсуудыг хариуцаж ажилласан учраас тэр улс орнууд зээлээ яаж авах вэ, өрөө яаж удирдах вэ, өрийн хүндрэлээс яаж гарах талаар бодлогын зөвлөгөө өгдөг байв. 

ХҮН-ын залуусыг зүгээр л нэг гадаадад сургууль төгсөөд диплом өвөртлөөд ирсэн хүн шиг харж болохгүй. Бид ядаж 10 жилийн туршлагатай нэр цэвэр, сэтгэл, зориг, зүрхтэй залуучуудыг цуглуулаад өөрчлөлт хийе гэж шийдсэн. Ирээдүйд үр хүүхдийнхээ өмнө хэлэх үгтэй байя, дараа нь харамсаад суухгүйн төлөө хувь хүнийхээ өмнөөс зориг гаргаад оролцъё гээд улс төрийн хүчин байгуулаад явсан. Маш олон хүн чи үнэхээр тэнэг, өндөр цалинтай ОУВС-ийн тийм сайхан ажлыг орхиод ирлээ гэж хэлсэн. Дөрвөн хүүхэдтэй, Английн лордууд буюу элитүүдийн хүүхэд явдаг сургуулийн сургалтын төлбөрийг нь төлдөг газраас гараад яах гэж ирсэн юм гэж байсан л даа. 

Би төрийн албанд ч ажиллалаа, олон улсын байгууллагад ч ажиллалаа. Янз бүрийн амьдрал үзлээ. Тансаг гэхээсээ илүү хөгжиж байгаа, учраа олохгүй байгаа ард түмэнтэй очиж ажилласан учраас хүний амьдралд нэг их юм хэрэггүй байдаг юм байна гэдгийг залуу насандаа ойлгосон. Хүн бол өөрөө хамгийн үнэ цэнтэй зүйл. Толгойд байгаа жаахан мэдлэг туршлагаа ашиглаад, хэрэгжүүлчих юм бол энэ улсыг өөрчилж болно. Бусад улсуудад зөвлөөд, хэрэгжүүлээд үр дүн гарсан хөтөлбөр, бодлогууд байгаа. Тийм болохоор өөрсдийн туршлагадаа үндэслээд үүнийг ирээд хийе, хийхдээ ганцаараа биш багаараа хийе л гэж бодсон. 

-Гаднаас хараад бүх зүйлийг шүүмжлээд, өөрчилмөөр байна гэдэг. Дотор нь орохоороо гадаа дуугарч байснаасаа өөр болчихдог нь бас олон. Өнөөдрийн Доржханд зорилгодоо хүрээд өөрчлөлтийг хийх зэвсэг болж чадах уу, өнөөх асуудлуудад дэвшил гарах болов уу. Яг зорьсондоо зүтгэж чадах хүн мөн үү, дунд нь ороод жижиг, сажиг ашиг сонирхолдоо хөтлөгдөөд алга болох юм болов уу гэсэн гайхшрал бас төрөөд байна?

-Манайхан өөрсдийгөө “Дасан зохицох чадвартай, гадагшаа яваад богино хугацаанд хэл сурдаг. Тухайн улсынхаа соёлыг хүлээж авахдаа мундаг” гэж ярьдаг. Би үүнтэй бол санал нийлнэ. Гэхдээ олон цагаар номын санд суугаад тархиндаа ном, мэдлэг чихчихсэн шингээчихсэн хүмүүс өөрчлөгддөггүй. Ямар хүмүүс өөрчлөгддөг юм бэ гэхээр тархины дархлаа муутай, чадвар султай хүмүүс л өөрчлөгддөг. Гадагшаа яваад өөрчлөгддөг яг энэ зан чанар Монголын улс төрд бас байна. Өөрөөр хэлбэл үзэл санаа нь өөрчлөгдчихдөг, системийн нэг хэсэг болчихдог, зөв эрүүл байдлаа алдчихдаг. Энэ бол тархины дархлаатай холбоотой. Энэ бол мэдлэггүйншинж. Хүмүүсийн дунд “Та нар ч гэсэн ялгаагүй, гарч ирээд худлаа, яриад хулгай хийгээд явчихна” гэсэн үл итгэх хандлага бол бий. 1990 оны хувьсгал хийсэн хүмүүс, МАН-ын удирдлагууд тод жишээ болчихоод байна. Ардчилсан хувьсгалыг хийхдээ залуучууд дөнгөж 20 гаруй настай байсан. Ц.Элбэгдорж гэхэд л 27-той. Тэд ямар нийгэм байгуулах гэж байгаагаа мэдээ ч үгүй явсан. Өнөөдөр бид 30 жил зах зээлийн эдийн засаг, ардчилсан нйигэмд амьдраад үзчихлээ. Энэ нийгэмд амьдрахаас гадна 10-20 жил бусад ийм нийгэмд ажиллаад, амьдраад ирчихсэн залуучуудтай, гадаадад төгссөн мундаг боловсон хүчинтэй болчихлоо. Гадаадад сургуульд сурах, богино хугацаанд курст суугаад ирэх хоёр ялгаатай. Хэдэн жил суралцаад тэр улсын хуулийг дагаад, хууль ёсны дагуу ажиллаж, дүрэм журам гэж юу вэ гэдгийг мэддэг залуучууд өнөөдөр хаалга тогшоод улс төрд ороод ирлээ. 

Бид худлаа ярьж, хулгай хийхгүй. Бидний үеийхэн өмч хувьчлал, газрын наймаа, уул уурхайгаас хол явсан. Харин ч Монгол Улсынхаа хамгийн сайн багш нараар хичээлээ заалгаад, Монгол Улсдаа бүтээн байгуулалт өрнөж байхад амьдраад гаднаас хамгийн сайн боловсролын системээс суралцаж, өөртөө шингээгээд ирлээ. Тийм болохоор бусад үеийнхнээс илүү ачаагаа үүрэх ёстой. Бид бүгдээрээ амьдралаа аваад явж чадаж байна. Дунджаар 45 настай нэр дэвшигчид учраас бидэнд авлига авна, албан тушаалын төлөө явна, эрх мэдэлтэн болно, дарга болно, бүдүүн гэдэстэй болно, хоолойгоо шахаж ярьж хүмүүсийн анхаарлыг татна гэх юм байхгүй. Манайхан бол энгийн даруу, эрдэм мэдлэгтэй хүмүүс. Шинэ, хуучин нийгмийн зааг ялгааг мэдэх учраас бидэнд хулгай хийх сэтгэхүй байхгүй.

-Манайхан гэж ХҮН-ынхаа хэдийг хэлж байна уу?

- Тийм. Дэлхийн ямар ч улсад очоод тархиндаа цуглуулсан жаахан юмаараа мэргэжлийнхээ дагуу ажиллаж, гэр бүлээ яваад явчих залуучууд. Улс орныхоо хөгжлийн төлөө, өөрчлөлтийн төлөө гэж эх орондоо ирээд хөгийн тогтолцоог өөрчилнө л гэж байгаа хүмүүс. Бидний үнэ цэн бол нэр хүнд. Эсрэгээрээ ийм үнэ цэнээ ойлгоогүй хүмүүс улс төрд орж ирсэн учраас хулгай, дээрэм гараад байна. Хулгайчтай хулгайч тэмцдэггүй юм. Ийм системийг энэ системд автсан хүмүүс хэзээ ч өөрчлөхгүй. Системийг шинээр угсрах чадвартай, тархины боломжтой хүмүүс л өөрчилнө. Үүнийг бид хийж чадна. Зорьсон зорилгоосоо бол ухрахгүй.

-Яагаад бусадтай адил том машин унадаггүй юм бэ?

-ОУВС-д ажиллаж байхдаа би эхний хоёр сарын цалингаараа л “Range Rover” авч байсан. Яг өөрөө эд анги бүрийг нь захиалаад авч байхад бол гоё санагдаж байлаа. Одоо тэр машинаа зарах гээд зар тавьчихсан байна. Эсрэгээрээ бүр их таалагддаг машин бол одоо унаж байгаа NISSAN-ны LEAF. Манайхны хамгийн их унадаг “Prius”-тай ижил 20 орчим сая төгрөгийн үнэтэй. Гэхдээ наад зах нь байгальд ээлтэй, утаа гарахгүй. Дөрвөн жил Яармагийнхаа гудамжаар явахдаа би долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэлийн хувцастай л явж байгаа. Өмнө нь жолоочтой, хүүхэд хардаг хүнтэй байсан бол одоо өөрөө жолоочоо хийгээд, хүүхдээ хараад, оройн хоолоо хийгээд сайхан мэдрэмж авдаг. Амьдралын энэ хэв маяг улам таалагдаад байгаа. Жишээ нь одоо өмсч байгаа пүүзээ 10 жил өмсч байна гэвэл хүмүүс гайхах л байх. Таван удаа нөхүүлсэн шүү дээ.

-Нөхүүлж байхаар шинийг аваад өмсчихвөл амар биз дээ?

-Нэгдүгээрт хөлд эвтэйхэн. Хоёрдугаарт шинээр авах шаардлага байхгүй.

-Уйддаггүй юм уу?

-Гутал бол хэрэглээ болохоос биш гоё сайхны хэмжүүр биш. Миний энэ хандлага амьдралын үнэ цэнийг арай өөрөөр хардаг болсонтой холбоотой байх. Энэ барьж байгаа үүргэвч маань хаанахынх ч байж болно. Хамгийн гол нь үүргээ сайн гүйцэтгээд байхаар хайрлаад хаямааргүй санагдаад, үнэтэй брэндээс илүү санагддаг л даа. Хэрэглээгээ бууруулсан маань надад гоё, тухтай байна. Бага багаар зөв хандлага руу явж байна. Хүнд гоё харагдахаас ч ядардаг болж. 

-ХҮН-ын тухай ярихаар дандаа задарсан, бутарсан, хүнд чадуулсан асуудал хөндөгдөөд байдаг. Ер нь анх яагаад ХҮН намыг байгуулахаар болсон юм бэ. Яаж тэр олон залуусыг эгнээндээ нэгтгэсэн юм бэ?

-Үүсэл гарал нь Оюутолгой, Дубайн гэрээ байгуулах асуудалтай холбоотой. ОУВС-нд ажиллаж байхад эдийн засаг хямарчихсан, Ардчилсан нам эдийн засгийг самраад хаячихсан. Тэгээд ОУВС-ийн хөтөлбөрийг оруулж ирэхгүй бол болохгүй болсон. Оруулж ирэхдээ санхүүг нь аль болох өсгөхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Хуучин 200-300 сая доллар оруулж ирдэг байсан бол дор хаяж тэрбум, хоёр тэрбумыг оруулж ирье гээд тэр ажлыг би өөрөө ОУВС дээр хийсэн л дээ. Миний хариуцсан 18 орны нэг нь Монгол. Би ОУВС-нд эх орноо хариуцсан хүн болохоор Япон, Солонгос руу нисээд дэлхийн банктай ч уулзаад 1.5-2 тэрбум долларыг арай гэж босгосон. Тэгээд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой хүнээр дамжуулж холбогддог юм. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан. “За ингээд мөнгө босгочихлоо, хөтөлбөр хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ улс чинь сүйрлээ” гэтэл С.Баярцогт “Сайхнаатай ярья аа. Яаж ийж байгаад нөлөөлье” гэдэг юм. Эсрэг талд нь Монголбанкны нэг нөхөр “найрлаад” байсан. Хэрвээ ОУВС ороод ирвэл эдийн засгийн хатуу сахилга тогтоно. Найрлаж чадахгүй болчихно. Хоёр тэрбум доллар гэх юм бол хүмүүс ойлгохгүй юм байна. Манай бүс нутгийн 40 гаруй улс орныг хариуцсан солонгос захирал байсан. “Одоо л та нар алдах гээд байна шүү” гэсэн. Нөгөө талд Рио мөнгө босгох гэж гүйгээд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас мөнгө авах гээд байдаг. Аль болохоор Монголд саад болох гээд. Тэгээд Рио-гийн хүмүүстэй муудалцсан. Монголд хүрч ирээд Ч.Сайханбилэгтэй уулзаад “Ямар ч байсан Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ шийдчих юм бол бид хаашаа ч хэлэлцээр хийх чадвартай болно” гэж хэлсэн. Хамгийн том экспертийн баг 10-14 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Бид ийм бүрэлдэхүүнтэй ирсэн. Ч.Сайханбилэг эхний өдрөө “Би та нартай танилцах уулзалт хийсэн юм аа. Ирсэнд их баярлалаа” гэж хэлээд гаргачихсан. ОУВС-ийн төлөөлөгчид шоконд ороод, манай нөгөө хүн чинь ээрч муураад, би чинь тэнд ажиллахад ичмээр байдалд орсон. Бүх юм баталгаатай, нотолгоотой байгаа. Эдийн засгаа аврахгүй бол болохгүй нь гээд би ОУВС дээр баахан хүн бужигнуулчихсан. Тэгсэн чинь нүүрээ ёстой нэг түлсэн дээ, гунигтай санагддаг. 

Биднийг явсны дараахан Ч.Сайханбилэг мессэжээр “Бүсээ чангалах уу, том төслөө явуулах уу” гээд, “Өө том төслүүдээ явуулъя” гэж хэлээд тэгээд шууд Дубайн гэрээг хийчихсэн. Энд л миний дургүй асар их хүрсэн. Манай америк, солонгосчууд хэлж байгаа юм. Ийм хогийн улстөрчидтэй танай улс бол 1998, 1999 оны Солонгос байна” гэж хэлсэн. “Жилдээ нэг хувийн хүүтэй хоёр тэрбум доллар олоод өгч байхад, олон улсаас мөнгө босгох гэж чи ямар их зовлоо. Яаж энэ багийг бүрдүүллээ. Тэгтэл ямар ч ойлголтгүй, түй ч мэдлэггүй зүгээр л нэг муу наймаачин байна шүү дээ, танай төрийнхөн. Ийм хулгайчдаасаа болоод танай улс дампуурах юм байна” гэсэн. Ингээд тун удаагүй байтал үйлийн үртэй юм шиг С.Ганбаатар ороод ирсэн. АНУ-д шүү дээ. Намайг эрж сурсаар байгаад хүрээд ирсэн. Өнөөх маань Оюутолгойг эсэргүүцдэг. Би С.Ганбаатарыг гудамжны популистгэж хардаг байлаа. Гэтэл тэр үед С.Ганбаатарын тэмцэл бодитой мэт санагдсан. 

С.Ганбаатар манайд ирж хоноод, яриа нийлээд... “За,Доко. Хэрвээ чи улс төрд орно, ийм юмнуудтай үзнэ гэвэл би 10 жилийн гудамжны тэмцэл, хөдөлмөрөө та нарт өгье” гэдэг юм. Үнэхээр дургүй хүрч байсан. Монголбанк, Сангийн яам хоёр нэг банкны кассчин шиг ажилладаг болчихсон. Тэгээд засгийн байгаа царай. Дубайд очоод алуулчихаж байгаа байхгүй юу. Тэгээд шийдвэрээ гаргаад ХҮН-ыг үүсгэсэн. Хамгийн анхны уулзсан хүн бол Найдалаа. Найдалаа “Би нэг ажлын гэрээтэй юм аа, одоо бол шууд элсэх боломжгүй” гэсэн. Хоёр дахь уулзсан хүн бол Боргил. АНУ-д 10 гаруй жил болчихоод ирсэн байсан. Боргил өөрөө банк санхүүгийн салбарын хүн, Дубайн гэрээн дээр дотоодын экспертээр ажиллах талаар яригдаж байсан, гэрээний процессийг мэддэг болохоор таван минутын дотор намд элсэх шийдвэрээ гаргасан. Тэгээд Боргил намын дарга болсон. Хүмүүс ингэж нэг нэгээрээ цуглаад 10 болоод дараа нь нэмэгдсэн. Миний хувьд ОУВС-д санд ажиллаж байсан учраас гадагшаа ажлаар явахдаа тухайлбал Токио, Лондонд ямар залуучууд байна гэдгийг судлаад уулзаад явсан. 

-Хэдий хугацаанд хичнээн гишүүнтэй болсон бэ?

-Хагас жилийн дотор 200-300 залуу элссэн. Зарим нь гадаадад, зарим нь энд. Жишээ нь АНУ-д PhDхийсэн найман хүний дөрөв нь гэр бүл бүх зүйлээ орхиод ирсэн. Ер бол зүгээр нэг дипломтой биш, очоод ажиллаад, амьдраад үзчихсэн, зарим нь олон улсын байгууллагад ажилласан тийм хүмүүс ирсэн. Тэд надад итгэсэн. Яагаад гэвэл би ОУВС, Сангийн яамд ажиллаж байсан. Тэгээд бүгдээрээ улсаа сэргээх эдийн засгийн схем зурсан. Үүнийг хийж чадвал өөрчлөгдөнө гэж бид үзсэн. Манай монголчууд ч хулгай хийж байгаагүй, мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй залуучуудыг хүлээж байсан. Гэхдээ бид ажлын туршлагатай, дунджаар 40 орчим насны залуучуудын баг бүрдүүлсэн. Бид цуглахад дэлхийн 22 хэл дээр мэдээлэл авах боломжтой болсон. Монголд ийм институц ховор шүү. Япон, БНСУ, Америк, Герман, ОХУ, Англид сургууль төгссөн залуучууд холбогдож орж ирээд, эндээс “Хөгжил хүн” клуб үүсгээд анхныхаа уулзалтыг хийж байсан. Эдийн засагч де Факто Жаргалсайхан ах орж ирээд “Намайг 1990 ондхүн цуглуулахад англиар ярьдаг 10 хүрэхгүй хүн цугларч байсан. Энд чинь заал дүүрэн хүмүүс байна шүү дээ. Ах нь яаж туслах вэ” гэж билээ. ХҮН анх эхэлсэн түүх ийм. Тэгээд цааш нь юу болсныг та мэдэж байгаа шүү дээ. Би энэ талаар зөндөө ярьсан. Гэхдээ одоо өмнөх болсныг биш ирээдүйгээ хармаар байгаа болохоор энэ сэдвийг ингээд цэглэе.