Туркменистан гантиг мэт харилцаагаа халуун элгэн Монголоор хайлуулахаар шийджээ
-Төв Азийн “цагаан сувд” гэгддэг энэ улс ард иргэдээ аз жаргалтай байлгаж чадаагүйн нууц нь эрх чөлөө биш гэж үү-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад төрийн айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын эхний өдөр “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцов. Энэхүү форумд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян болон Пакистан, Узбекистан, Киргиз зэрэг орны Төрийн тэргүүнүүд уригдан оролцсон юм. Энэ үеэрээ тэрбээр тус форумын санаачилгыг гартаа авч, анхаарал татсан олон чухал тунхаглал, санаануудыг хэлсэн бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо дахин тодотгон тодорхойлж оролцогч Төрийн тэргүүнүүдээр хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Туркменистаны Үндэсний удирдагч эцэг, хүү Бердымухамедовуудтай уулзсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү хаалттай гэгддэг улс оронд гадаадын улс орнуудаас уригдан Төрийн айлчлал хийсэн анхны Төрийн тэргүүн болсноороо хоёр орны харилцааны түүхэнд бичигдэх нь.
Туркменистан орон нь, олон улсын стандартад нийцсэн хурдны зам, Каспийн тэнгисийн эрэг дээрх боомтууд, тэдгээрийг бусад “станы” гэгддэг орнуудтай холбосон бүх дэд бүтцийн ажлаа хийчихсэн ажилсаг, бүтээлч улс орон байдаг юм байна. Гадаад бодлогын хувьд байнгын төвийг сахьсан, аль нэг эвсэл, бүлэг, зэвсэгт мөргөлдөөн зэрэгт нэгддэггүй. Зөвхөн нефть, хийгээ Иран, ОХУ, БНХАУ-д худалдаад зургаан сая иргэнээ тэжээгээд, бүтээн байгуулалт хийгээд байдаг аж.
Ард иргэдийнх нь аж амьдрал, үнийн өсөлт зэрэг асуудал чухамдаа ямар вэ гэдгийг энэхүү хаалттай орны талаар хэн ч мэддэггүй, мэдээлдэггүй учраас анхны танилцуулах хүмүүс нь монголчууд бид байж таарах нь. Туркменистан хаалттай улс учраас бусад орны болон Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүдтэй зөвхөн олон улсын хурал, арга хэмжээнүүд дээр тааралдаж уулзалт хийсэн байдаг. Ийм уулзалтыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой 2014 онд Душанбед болсон ШХАБ-ын гишүүн орнуудын ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 2023 оны тавдугаар сард ИБУИНХУ-ын Цог жавхлант хаан Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолын үеэр, мөн энэ оны долоодугаар сард ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр тус тус уулзаж байсан.
Манай улсын хувьд 2019 онд тухайн үеийн дэд сайд Б.Батцэцэг тус улсад айлчилж улс төрийн зөвлөлдөх уулзалт хийж байсан. Мөн дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эс тооцвол манай хоёр улсын хооронд хэлэлцээ хийж байсангүй. Өөрөөр хэлбэл улс төрийн зөвлөлдөх механизм зөвхөн ГХЯ хооронд л байсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Туркменистан улсад хийж буй Төрийн айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд цоо шинэ хуудсыг нээж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр орны соёл урлаг, хөдөө аж ахуй, зам тээвэр, худалдаа, эдийн засгийн салбарт хэлэлцээ хийж, санамж бичиг байгуулж харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ нийт 40 гаруй аж ахуйн нэгжүүд бизнесийн хэлцэл хийхээр айлчлалын бүрэлдэхүүнд оролцсон. Тэд ч бас хувийн хэвшлийн салбарт Туркменистан улстай хэрхэн харилцах анхны шанг татахаар сонин мэдээ дуулгах нь лавтай.
Бүх барилга нь нүд анивчим гантиг гялтганаж, маш гоё автозамуудтай мөртлөө түүгээр давхих ганган машингүй, эрх чөлөөгүй, диктатор улс гэж барууныханд шоолуулдаг нь оргүй худал биш гэдгийг нүдээр үзлээ. Туркменистаны хувьд ерээд оны эхээр ЗХУ задрахад Оросыг дагасан орнууд ядуурлын туйлд хүрч, баруун “сайн ах” нар ирж ардчилсан ч биш, анархист ч биш үймүүлж сандааччихаад явахыг ажиглаад үүд хаалгаа хаасан гэлцдэг. Харин хаяа зэрэгцээ Киргиз, Узбекистан, Казахстан орнууд хэрхэн эдийн засаг, гадаад харилцаагаа тэлж хөгжиж эхэлж буйг хараад Тажикстан шиг хөгжил буурай, ядуу хэвээрээ үлдэхгүй гэсэндээ ийнхүү зориг гарган хаалгаа нээхээр оролдож байна.
Төв Ази бол дэлхийн хэмжээний том тоглогч болж чадах ирээдүйтэй гэдгийг бүс нутагт төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч сонирхон судлах боллоо.
Энэ цаг үед НҮБ дээр хүртэл бүх асуудал “нэг улс-нэг санал” зарчмаар шийдэгддэг учраас Монгол Улс зарим улс орны адил гээж үлдээсэн харилцаагаа сэргээх бодлого баримталж байна. Тиймээс далайд гарцгүй орнууд олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны өртөг өндөр, транзит улс орнуудаас хамаарал ихтэй гэх зэрэг тулгарч буй бэрхшээлүүдээрээ ижил гэдгийг сануулж Монгол Улс “Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийг санаачлан байгуулсан билээ. Одоогоор Төв Азиас Афганистан, Казахстан, Киргизстан, Тажикстан улс гишүүнээр элсчихээд байгаа юм. Тиймээс уг төвд Туркменистаныг “тааламжтай үедээ” нэгдэн орж хамтран ажиллахыг уриалсныг тэд таатай хүлээн авлаа. Геополитик, стратегийн талаасаа чухал, түүхийн хувьд ч элгэмсэг дотно Туркменистан улс бидэнд, мөн бид тэдэнд эрх чөлөө, ардчилал, бие даасан байдал юугаар ч үнэлшгүй эрхэм чухал үнэ цэнтэйг бататган харууллаа. Манай хүн амаас хоёр дахин олуулаа боловч яг адилхан нэг сая гаруй хүнээ нийслэлдээ амьдруулдаг ч тэдэнд чанартай сайхан зам харгуй, цэвэр агаар, ногоон хот, ДНБ-ий чамлахааргүй өндөр үзүүлэлт нь ард иргэдийг нь аз жаргалтай байлгаж чадаагүйн нууц нь эрх чөлөө биш гэж үү? Үүнийг л энэ улсын ард иргэд ойлгож эхэлсэн бөгөөд хамгийн суралцахыг хүссэн орноороо Монголыг сонгосон нь нэн бахархалтай.
Гадаад харилцааны хувьд хаалттай, зарим талаар манай улсын хөгжлөөс хоцорч буй боловч нөгөө талаар гайхшруулсан, хол хаяж хөгжсөн зүйл олон байлаа. Үүний нэг нь хот байгуулалт, автозам, дэд бүтэц. Манайхтай л ижил ганцхан сая хүн амтай мөртлөө олон улсын стандартад нийцсэн, чанартай автозам, усан оргилуур, ногоон байгууламж, авто зогсоол зэргээрээ түгжрэл, утааны зовлонг хэзээ ч үзэхгүйгээр төлөвлөгдсөн гэдгээ харуулав. Мөн гадаадын зочдыг хүлээн авах зочид буудлын менежмент, үйлчилгээний соёл зэрэгт одоо л дөнгөж “цагаан толгой” үзэж эхэлж байна. Зочлон оччихоод шүүмжлээд буцах муухай боловч энэ талаар бид үнэлж баршгүй туршлагыг өнгөрсөн 30 жилд хуримтлуулжээ. Энэ бол монголчууд гадаад паспорт эзэмшиж ардчилал, зах зээл, гадаад харилцааны хувьд эрх чөлөөтэй амьсгалж эхэлсэн хугацаа юм. Байгаагаа үнэлж, буй болгохоор зүтгэн чармайх нь хөгжлийн зөв гарааны эхлэл билээ. Бид хөршүүд, бүс нутгийнхан, олон улсад үнэлэгдэж байна.