Төрийн сүлд
Монголчууд юуг сүлдлэх вэ гэдэг л гол нь. Ер нь бид юуны ачаар өдий зэрэгтэй амьд мэнд явна-түүнийг л сүлдэлье. Өөрөөр хэлбэл монгол хүний амийг зогоож буй язгуур сурвалжийг хайя. Юу байх вэ олъё!
Үнэнээ хэлэхэд төрийн шинэ сүлд надад таалагддаггүй. Сүлд хэмээгч нь дээдлэх хуультай, хүндэтгэл бүхий нэгэн тэмдэг байх учиртайг 1990-ээд оны эхээр чуулсан Ардын их хуралдааны явцаас ухаарсан хүн би. Ер нь монгол хүн юуг дээдлэх нь зүйтэй вэ гэж тэр хуралдаанаар депутатууд баахан цэцэрхсэнийг эргэн санацгаая. Тэдний үгийг сонсож суухад депутатууд маань улс гүрнээ ямар сүлдтэй болгох вэ гэхээсээ түрүүлээд телевизээр олны нүдний өмнө бусдаасаа онцгой ухаантайгаа гайхуулах гэж өрсөлдөөд өчүүхнээ харуулчих шиг болсон. Биенээ давах гэж цэцэрхэх тусам тэдний дизайны урлагийн боловсрол нойлыг зааж буй нь тодорч байв. Сүлд уг нь хамгийн ойлгомжтой, хамгийн цөөхөн хялбар дүрснээс бүтэх агаад үндэсний онцлогийг товч агаад тодорхой илтгэсэн байх учиртай. Сүлдний загвар батлах гэж суугаа намын дарга голдуу дептатутууд байтугай сүлд зохиох авъяасаар уралдаж буй социалист реалист зураачдын мэдрэмж хүртэл хөөрхий байсан.
Базарваань олон ухаантан нэг дор цугларчихаараа ёстой нөгөө ухаантны зовлон гэгч болдгийг тэгэхэд нүдээр үзсэн дээ. Хоёр их жанжин нэг тэнгэрийн дор багтдаггүй хойно 420 ухаантан нэг танхимын дотор яаж ч багтахав дээ гэж би зурагтын дэлгэц ширтэнгээ бодож суусан сан. Улсын сүлдэнд морь унаад хурдалж яваа хүн заавал дүрслэх ёстой гэж депутат бүромогшиж байв.
Морь унаад дүүлж буй хүн ч хавтай л даа. Гэхдээ эзгүй цөлд хаашаа хурдалж явна гэдэг сонин. Хойшоо юу, урагшаа юу? Дээшээ юү, доошоо юу гэдгийг онцгой анхаарахгүй бол улс төрийн том алдаа болно. Хурдлагч морьтон маань аль нэгийг нэхэн хөөж байна уу эсвэл хэн нэгнээс зугтааж байна уу? Бүрхэг л золиг юм даа! Бодвол нэгийг зорин дүүлж яваа нь мэдээж. Яагаад гэвэл хуучин сүлдний морьтон гэрэлт коммунизмыг зорьж хурдалсан. Харамсалтай нь мөрөөдсөн коммунизм нь зэрэглээ байв. Сүүдэртэйгээ уралдаад түрүүлдэггүйтэй адил зэрэглээ хөөгөөд бас гүйцдэггүй юм байна үзлээ. Шинэ сүлдний морьтон зах руу яаран цогиулж яваа юм гэсэн байх хөөрхий. Санасан юм аа хямдхан худалдаж авах болтугай гэж мөргөе.
Минийхээр бол монгол төрийн сүлд ямар байх вэ гэж бас хувьдаа бодсон. Бид юуг дээдлэн хүндэлж, бишрэн шүтдэг вэ, түүнийг олж тогтооё гэсэн анхны санаа толгойд ургалаа. Огторгуйд дүүлэгч цагаан шонхрыг дээдлэх үү. Шонхор шувуу ер нь намайг юугаар гийгүүлсэн билээ. Толгой дээрээс минь сангасаар доогтой мялааж байдаг нь ойлгомжтой. Үүнээс өөр юугаар намайг базаасан байж таарах вэ. Цагаан шонхор махир хошуугаараа үхсэн хойно хоёр нүдийг минь ухах нь лав. Үүнд гомдоод яахав. Хорвоогийн жам хойно. Нүд ухсан шонхор ч буруугүй, нүдээ ухуулсан би ч буруугүй.
Монголчууд юуг сүлдлэх вэ гэдэг л гол нь. Ер нь бид юуны ачаар өдий зэрэгтэй амьд мэнд явна-түүнийг л сүлдэлье. Өөрөөр хэлбэл монгол хүний амийг зогоож буй язгуур сурвалжийг хайя. Юу байх вэ олъё! Бүдүүлэг монголчууд хэдэн малынхаа хүчинд амьд арзайж, мэнд мэлтийж явааг хэн ч андахгүй. Таван хошуу малынхаа алийг дээдлэх вэ? Тавууланг эрхэмлэлгүй яах билээ. Идэж ууж, зарж үрээд байхад барагдаж арилдаггүй ундраад байдаг буянт сүрэг.
Ерөөсөө тэрхүү ундрагыг сүлдлэн шүтвэл яасан юм бэ? Ундрага, ундрага! Мал сүргийг үйлдвэрийн аргаар үржүүлээгүй. Монголчууд олон сая төл малаа газрын гүнээс эксковаторын аварга шанагаар утгаж олборлоогүй. Буянт мал минь биднийг хооллож хувцаслах гэж сайн дураараа өөрсдөө үрждэг. Тэр үржлийн нь ачаар бид үе дамжин амьдарсан. Үүнээс илүү ач буянтай бурхан хаана байна, хэлээд аль. Биднийг тэжээхээр мал сүрэг маань өөрсдөө нөхөн үйлдвэрлэл явуулахдаа ажил хаях мэтчилэнгээр туньж дургүйцсэн удаагүй. Цалин хөлс нэхээгүй. Тэр ч бүү хэл хязгааргүй дур хүслээр өөрсдийгөө олшруулдаг. Үй олон үр төлийг нь урагшгүй бид л хороодог. Гологдол бүтээгдхүүн үйлдвэрлэж нүд хуурахгүй эх эцэг мал минь эрхэлсэн ажилдаа бидний хүрч чадаагүй коммунизмын үеийн ажилчин ангийн өндөр ухамсраар эртний галвын үеэс хандаж ирсэн.
Мал хээлтүүлэг-социализмын үед зөвлөлтөөс тусламж, мэргэжилтэн урилгүйгээр үүрэгт ажлаа амжуулсаар ирсэн Монголын ганц салбар. Зах зээлийн үед ч гэсэн бурхнаас заяасан энэ энгийн үйлдвэрлэлд өрнөдийн хөрөнгө оруулалт хэрэггүй. Эх эцэг мал минь нөхөн үйлдвэрлэл явуулахдаа улсаас ямар ч зардал мөнгө, техник, технологи, инженер, менежер шаардаагүй. Тэд бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хорвоогоос хүртээсэн дээдийн дээд жаргалаа эдэлж байдгийг дурдах ёстой. Өөрөөр хэлбэл эцэг эх мал минь хөлсний ажилчин шиг сэтгэлээр унадаггүй, хөдөлмөрөө бидэнд мөлжүүллээ гэж гомдоогүй. Тэд ажил мэргэжилдээ туйлын сонирхолтой. Улам их хөдөлмөрлөе хэмээн тэмүүлж, хашаа саравчаа зад татчих гээд байна уу гэхээс хойш сууж залхуурдаггүй. Тэднийхээ үр төлийн зах зухаас монголчууд бид чинь хүртчихээд гэдсээ илээд хэвтэж байдаг хүмүүс. Монгол оо гэж ёстой ийм л буяны орон доо!
Өөр нэг сонин юм гэвэл америк япон хоёр хавсайдаад ч үйлдвэрлэж чадахгүй, тийм нэг бүтээгдэхүүнийг жирийн нэг ухна ишиг хэдхэн мөчийн дотор хийчихдэг юм. Япончууд ямаан омогтой хүмүүс болохоор ухна ишигний хийснийг шинжлэх ухаанаараа далайлган хийхээр шийджээ. Өндөр хөгжлөөрөө юм болгонд түрүүлэх дуртай япончууд бас ухна ишигнээс илүү гарах гэж шаралхсан хэрэг. Гэхдээ бүхэл бүтэн амьд ишиг үйлдвэрлэнэ гэж бас сагсуурсангүй. Юутай ч гэсэн хиймэл мах хийжээ дамшигнууд чинь. Экологийн цэвэр малын алагласан махны өөх мах зарим газраа мах нь зузаан өөх нь нимгэн, зарим газраа өөх нь зузаан мах нь нимгэн байдаг шүү дээ. Тэгвэл япончуудын хийсэн дуураймал махны өөх мах нь шугамдчихсан юм уу, эс бөгөөс компьютрээр тооцоолсон юм уу дэв тэгш байдаг гэсэн. Энэ нь япончуудын нөгөө л юм бүрээс түрүүлэх гэсэн дон болтой. Хамгийн гол нь тэр хиймэл махны үнэрний нь сайхан гэж хосгүй гэнэ. Харахад тос шүүс нь дааварлаад чухам л аваад үмхчихмээр байдаг гэж байгаа.
Аваад үмхсэний дараа ээ хөөрхий хамар амаар ер бусын амтлаг махны үнэр сэнхийгээд хачин гэнэ лээ. Харин чухам юуны мах нь мэдэгддэггүй гэсэн. Бодвол япончууд ухна ишгэнд шаралхаж хийсэн юм ямааны л мах хийсэн байлгүй. Нөгөө махны чинь амтыг авсан хүн яахав зажлаад гарна биз дээ. Зажилж байтал амт үнэр нь аажуу буурсаар эцэстээ аманд яг л зажилдаг бохь шиг нэг бөөрөнхий резинэрхүү юм хоцордог гэнэ. Хичнээн зажилж хивээд нөгөөх нь хоолой давдаггүй гэнэ шүү ёдор чинь. Сүүлдээ нөгөө хаймар огидос цутгуулаад нулимж хаяхаас аргагүйд хүрдэг гэсэн. Бурхан минь япончууд овтой улс манай ухна ишигний сексийн технологийн нууцыг мэдчих вий гэж айх юм. Гэхдээ арай чадахгүй бол уу.
Япончуудыг бүрэн мад тавьж чадсан эцэг эх малын минь энэ үйлдвэрлэл монголчуудын амжиргааны УНДАРГА юм биш үү та минь. Би түрүү хэлсэн шүү дээ монголчуудыг тэжээгээд байгаа баялгийн ундаргыг олъёо гэж. Монголчууд бидэнд чадах юм байх биш ерөөсөө энэхүү “УНДРАГА”-ыг төрийнхөө сүлдэнд шүтвэл яасан юм бэ. Таван хошуу малын минь мах сүү, ноос ноолуурыг хэн ч орлуулан бүтээж чадахгүй зөвхөн эх эцэг мал л чадна. Биднийг сая живаа жилээр үе дамжуулан тэжээж ирсэн буянт малын минь төлийг эцэг эх мал маань өөрсдөө бүтээнэ. Тэдний технологийн арга жорын нууцад нэвтрэх хүч шинжлэх ухаанд ерөөсөө алга. Тэгэхээр нөхөд минь монголчууд бид гүү гишгэж буй азарга, үнээ хонь ямаа харайж буй бух хуц ухна, ингэнд сууж буй буур дүрслэн түүнийгээ төрийн сүлд болгон дээдэлбэл яасан юм бэ. Сүлдийг минь хараад монгол хүн пөөх паах гэхгүй нь лав. Учир нь тиймэрхүү явдал малын зэлэн дээр үр хүүхдийн минь нүдний өмнө бишгүй л тохиолддог. Харин гадаадынхан шоолж магадгүй. Шоолбол шоолог. Хэрэв шоолбол тэд тэнэгээ харуулж буй нь тэр. Яагаад гэвэл тэд үр хүүхдийнхээ хамт зурагтаар нүцгэн шалдан эр эмийн нүүр түлэм садар самуун явдлыг урлаг хэмээн үзэж суудгаасаа ичээгүй байж миний зохиосон сүлдийг хараад ичвэл ёстой тэнэг хэрэг.
... Наргиан яахав төрийн сүлдээ дизантай болгомоор. (1992)
Оноч
Барби
?
Зураач
zochin