Ардчиллаар явъя гэсэн чинь авилгатай замд будилчихав. Шашнаа сэргээе гэсэн чинь ид шидийг асаачихав. Бөө удган зайран зурхайч төлөгч үзмэрч гэх хувилгаад унхиагүй хамба ламтан нарыг олны өргөл барьцанд бялуурч суух зуур нэр нөлөөг нь зажлалгүй залгичихлаа. Түүхэндээ шашин, ид шидийг эрс зааглалгүй бантагнуулж ирсэн монгол хэнэггүй уламжлал үүнд гол нэрмээс болсон нь дамжиггүй. Шашин, ид шидийг хооронд нь огт ойртууламгүй нь бүр ч тодорлоо. Эдүгээ манайд шашны сургаалд боловсорсон жинхэнэ шүтлэгтэн ховор. Дийлэнх нь бурхан багшийн сургаалын анхны мэдэгдхүүнгүй мухар сүсэгтэн олон. Зальжин хувилгаад мухар сүсгийг дөрөөлөн тоглолтоо хийж, санаанд багтамгүй амжилтад хүрч, ингэснээр бурхны нигүүлсэнгүй сургаал бөөгийн зан үйл, ид шидэд идэгдэв. Мунхаг харанхуй ийм л гайтай.   

Хэвлэл мэдээлэл, уран бүтээлчид, тэр ч байтугай Төр Засаг нь хүртэл мухар сүсгийг дэврээж, машин хүн бүрхсэн Төрийн хэмжээний овоо тахилга үйлдэх, ордон дотроо галаар бөөлөх, Ерөнхийлөгч нь дэргэдээ үзмэрч гэх хөгийн эрийг тэжээж хүртэл байв даа. Хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулах “сунтаг шүүлт” гэх марзан жүжиг заваарах янзтай. Орон нутагт овоо тахих нэрийдлээр жалга довын нүсэр найр наадам хавтгайрч, айл бүрт бөө удган хүвгүүд охид тодрох нь өрсөлдөөн архидалт болж өрнөв. Дээр доргүй ингэтлээ дампуурах ч гэж дээ. Бидний харанхуй тархинд ХХI зууны шинжлэх ухаан технологийн гэгээ ер нь тусах юм уу.   

Ядууралд живлээ гэж бухимдаад байдаг. Тэгсэн атлаа 300 саяын хөөрөг гэж хушуурна. 300 саяын хөөрөг хүний ямар хэрэгцээг хангах ид шидтэй эд вэ. Хамрынхаа нүхээр нунтаг тамхи уушиг руугаа татах хоол гэж үү. Үнэртсэн хүн хамраа сэтэртэл найтаавал хэрэгцээ ханах уу. Дэлхийд хөөрөг гэгч бөндгөр чулуугаар гангарагч улс нь ганцхан хоцрогдсон Монгол. Чармай шалдарсан хүн 300 саяын бандааш авлаа гэвэл 300 саяын хөөрөгнөөс арай ойлгомжтой. УИХ-ын гишүүн, том бөх хямдхан хөөрөг барих шиг ичгэвтэр юмгүй гэх моод байлдан дагуулжээ. Хаашаа учиртай аж төрөх ухаан юм бэ, мань мэт нь яаж ойлгов гэж. Бузгай мөнгөжөөд ирэхээрээ жийп унаж, хаус барьдаг. Унаа байр бол хөөрөгтэй адилгүй хэрэгцээний эд агуурс тул ойлгомжтой. Гэтэл эзгүй хээр олон саяар суварга бариулдаг нь яаж буй юм бол? Цөлд босгосон өнчин суварганд  мөргөж буй хүн харагддаггүй, харин хэрээ шувуу өдөржин сууж харагддаг. Харанхуй шөнө нүдгүй цасан шуурганд төөрч осгосон малчин эзгүй хээрийн өнчин суваргатай азаар таарч, орж дулаацахаар тойрч тэмтэчсээр битүү цул суварганд орж чадалгүй гадаа нь хөлдөж үхнэ. Битүү суваргыг ийм зорилгоор босгосон баймгүй. Эзгүй хээр олон суваргын чуулга босгосон тэр их  мөнгөөр сумынхаа төвд тансаг халуун усны газар байгуулаад, тэгж их буян үйлдэх гээд байгаа юм бол хөдөө хөрж гадаа гандаж явдаг малчдаа хир хорноос нь салгаад өгвөл буян болох бус уу. Хэдэн хүн ажилтай болгочих. Орлогоороо зарлагаа нөхчих. Эзгүй хээр барьсан буяны суварга чинь тэртэй тэргүй эзэндээ ганц төгрөгний ашиг өгдөггүй. 10 саяын булган дотортой дээл. 10 сая бага мөнгө биш. 10 саяар хөөрхөн бизнес хөдөлгөж хүрнэ. 10 саяын үнэтэй дотроор нь гайхуулахын тулд дээлээ эргүүлж өмсөх үү. Монгол ухаан гэж, янзтай шүү?! 10 саяын дээлтэй 300 саяын хөөрөг үнэрлэсэн баяны хажууд халтар охин гуйлга гуйгаад сууж буйгаар дүрслэн бодоход хачин.

Гадаадын зөн билгийн тулааны аварга гэгчдэд хууртах харанхуй масс дэлхийд олдохгүйгээс мухар сүсэгтэн Монголыг тэд зорьдог нь бидний хувьд гутамшиг. Дотоодынхоо хуурамч хувилгаан, луйварчин заарин бөө удган үзмэрчээ  яая гэж байхад бас гадны луйварчдыг урьж тэнэгээ хөөрлөх юучив. Монголчууд төрөлхийн ой тогтоолт оюуны чадамжаар дэлхийд тавд орсон гэх. Тэгсэн атлаа 70 хэм хүйтэрч гурав хоног нар гарахгүй тул лаа шүдэнзээ бэлд. Дэлхий сэгсэрнэ. Орон сууцнаасаа гарч гэр барьж орвол аюулгүй гэж айлдсан эм од болов. Хурмаст тэнгэртэй ярьдаг нэг авгайн панаалдахыг сонсох гэж өндөр үнэтэй тасалбарыг нь хуу хамж, бүр шаглаж, нийслэлийн хамгийн том үзвэрийн танхимыг дүүргэжээ. Иймэрхүү тархитай улсаар шүүгчид тоглоод сарын цалингаа 4 саяас дээш болгоод авав. 4 саяас доош цалинтай шүүгч авилга авах нь буруугүй гэж оюун ухаанаар дэлхийд тавд эрэмбэлэгдсэн ард түмний сонгосон Төр үзсэн гэнэ.

Хятадын ZТЕ компани Америкийг тагнаж, чагнадаг  юм чинь Монголыг амархан тагнадаг байж таараа гэж нэг сэтгүүлч сануулжээ. Америкаас бол тагнах юм бишгүй байгаа. Харин Монголоос юугий нь тагнаж чагнах вэ? Монголд дэлхийн хүчирхэг гүрнүүдийг айлгадаг, тагнаж чагнаж мэдмээр тийм аюултай нууц гэж юу байж таарах вэ? Бид чинь сонгууль тендер будлиулдаг хуйвалдаанаа сонин хэвлэлдээ өдөр болгон дэлгэдэг шүү дээ. Манай технологийн нууцыг тагнах гэвэл манайд технологийн нууц байтугай тэр техноглоги нь ч байхгүй биз дээ. Өнөөдөр тавьсан зам нь маргааш эвдэрдэг замчдын технологиос хулгайлаад ашиглачих нууц баймгүй. Хоёр их гүрний хооронд үүсдэг хэрүүлд Монгол шиг орон хөндлөнгөөс хутгалдах нь инээдтэй агаад жаахан нүүрсээ гуйж борлуулдаг ганц хөрш рүүгээ том гүрний өмнөөс элдэв хардлагаар давшлах хэр зөв бол.

Аль ч намын улс төрчид мухар сүсэгтний харанхуйг, хуурамч хувилгаадын залийг мэдэхийн цаагуур мэдэх авч нэг нь нөгөөгөө залилан шулж буй бусармаг явдлыг таслан зогсоох талаар дуугарч чадахаа больжээ. Тэдэнд хайртайдаа бус, хүний эрхийг дээдэлсэндээ бус, гагцхүү сонгуулийн санал хуримтлуулж, төр засгийн эрх авах гэсэндээ тэр. Ингэсний балгаар ар хударгаар нь юу болж байна. Мухар сүсэгтэн үржсэнээр луйварчин хувилгаад баяжиж, нийгэм ялзарлаа. Эдүгээ Монголд ид шидийг шашин гэж эндүүрдэг болов. Уг нь бурхны сургаал ид шид бус зөв амьдрах ухаан юмсан.  

Цагаан сар дөхлөө. Засал хийдэг, хийлгэдэг хоёр ав адилхан солиорно. Засал хийдэгт нь чадахгүйн зовлон гэж байхгүй. Засал хийлгүүлдэг нь юу ч гуйхаа сийхгүй. Хүний амь бүрэлгэсэн нүгэлтнийг бурхнаар арын хаалгадуулж ялнаас мултлах энүүхэнд. Хоёулаа тэгээд өгөлцөж авалцаад таарна. Харанхуй тархины инээдэмт жүжиг цагаан сараар хот хөдөөгүй оргилдоо тултал дүвчигнэдэг. Шашин нь шашнаараа, ид шид нь ид шидээрээ явахгүй холилдвоос эцэст нь ид шид бурхан шашны нөмөрт хүчжиж, бурхны зөв амьдрах үнэт сургаал ид шид мухар сүсэгт шахагдан замхарвал хүн амьтан жаргахгүй. Хувилгаад мухар сүсэгтэн нар яах эсэхээ өөрсдөө мэдэг гээд зөнд нь орхиж болох ч, уг нь мухар сүсэгтэн нар мэхлэгдэхээ больчихвол хуурамч хувилгаад гадны ямар ч оролцоогүй аяндаа нүд аних юмсан. Тиймээс мухар сүсэгтнээ гэгээрүүлэх бодлого явуулмаар. Ийм бодлого үгүйлэгдэж байна. Хүн ам зэрлэгшээд буй араншингаа бурхны номоор номхотгож, энэрэнгүй тусархаг зөөлөн сэтгэлтэй болохын төлөө эрүүл ухаантай иргэн бүр чармайх хэрэгтэй. Бурхны ном ид шидэд бузартаж гүйцвэл ард олон эгүрт мухар сүсэгтэн явна. ХХI зууны шинжлэх ухааныг эзэмшихэд бурхны ном харшлахгүй харин түлхэц болно. Оюуны харанхуй-гамшиг билээ. Шашингүй болж байсан туршлагаараа мухар сүсэггүй болбол нийтээр ухаажна. Тэгээд сонгуулийн саналыг харанхуй сонгогчоос мөнгөөр бус, оюунлаг сонгогчоос ухаанаар авдаг болъё.     

2014-01-16