ХЭВРЭГШИЛ
Үсрэнгүй дүүлэх ирээдүйгээ баллуулсан ястан гомдол тээж явах туйлын зөв. БНДАУ-аа тунхагласан бол (ЗХУКН-ын сурталдаж байснаар социализм байгуулж дуусчихаад коммунизм сүндэрлүүлж эхэлсэн) Зөвлөлтийн ам бүл-тувачуудтай дөрвөдүүд мөр зэрэгцэн өнөөгийнхөөсөө хавьгүй илүү хөгжих байсан ч юм билүү. Дөрвөдийн том үсрэлтийг халхууд хаасан аваас гомдол тээж явахаас өөр яалтай.
Өвгөн гуай нь амьдралын нугачаа бэдрэхдээ хөгжил чөдөрлөдөг ил биш далд буглаануудыг илчлэх саваагүй хүслээр голдуу шүүмжлэлт зохиол насан турш бичсэн атлаа монголчуудын нэг базаахгүй талыг нууж иржээ. Үүнийгээ хойч үедээ захь юу байя юу гэж эргэлзсээр эцэст нь бичиж орхив. Хөндөхөд эмзэг сэдэв тул олонтаа эргэж хургалаа. Эмзэг сэдэв гээд байгаа маань ястануудын талцал-атаа жөтөө юм. Хөндөх хүсүүштэй сэдэв биш. Гэм хор нь мэдрэгдэхгүй сэм даамжирдаг тун гөнөтэй, яс мах цуснаас угшилтай учир салдаггүй, маш ужиг хорт согог тул хойч үеийг хоцрогдсон энэ зуршлыг орхиоч гэх гэсэн юм. Сайн санаалаад энэ талаар хэлсэн үгийг минь мушгиж, өширхдөг нь таагүй л дээ.
Тийм атал яагаад уншигчдын анхааралд толилуулах нь мөн гэж шийдэв гэвэл бид базаахгүй энэ зангийнхаа уршгийг сайн анзаарахгүй, тэр ч бүү хэл, жалгын явцуу омгоо дор бүрнээ санаатай санаандгүй дэвэргэсээр яс угсааныхаа нууц онгон тахил болгосон ч юм шиг. Далд шүтээн нь маш өөнтөгч агаад эмзэг, сүүдэр тусвал буруу зөв ч ялгаагүй алалцахаас сийхгүй. Дов жалгын омогшил ардчилалд бүр задарчээ. Энэ сайны ёр биш.
Үр хүүхдийнхээ эрх ашгийг зарим аав ээж бусдынхаас хэт өндөрт тавьдаг тааламжгүй тохиолдлыг хувийн халдашгүй асуудал гэж хүндэтгээд орхиё. Ах дүү, амраг садангаараа булагнахыг үгүйсгэх хэцүү. Яс цусан холбоог оролдох эвгүй бөгөөд хувийн халдашгүй нууц. Халуун ам бүл, хамаатан садангууд өөрсдийн явцуу эрх ашиг, хувийн сувьдаг шуналаа-бусдыг холгох, нийгмээ хохироох замаар хангахын төлөө мунхгаар муйхарлах занд хэн ч дургүй. Гэвч яая гэхэв яс цусан сүлбээ юмсан хойно үр хүүхэд, ах дүү, хамаатан садан ямар хэмжээнд булагнаж болохыг хуульчилж, хүлээн зөвшөөртөл итгүүлэх зам мөр олоогүйгээс хойш тэднийг бас тойроод зөвхөн “яс үндсээр ялгарах араншин”-г хөндсөнөө тодруулъя. Яс үндсээр торчоолдох араншны суурин дээр, эрх чөлөөтэй болсны далбаан дор, нутгархаг омог гаарч өвгөн зохиолчийг үзгээ барихад түлхэв.
Нутгархах нууц өрсөлдөөний урхгийг нийтээр мэдэрч жигших байтугай түүхийн мухраас “байх ёстой, үнэт нандин, далд өв” гэж дээдэлдгээс гай хөө нь дархлагдаад удам дамжин мөнхөрчээ. Өөрөөр хэлбэл бид яс үндэс, нутаграх муу зуршилдаа дөрлөгдсөөр өдгөөтэй золгов. Яс угсаагаа дөвийлгөх удам дамжсан онгироо авир зөвхөн бөхөд бус эдүгээ хувийн том жижиг компаниудад ардчиллаар сэргэж, босс гэгчийн жанжлах хаанчлал бүдүүлгээр даварч буй нь хөгийн. Бүр жигшим.
Нутаг, аймаг, ангийн нөхөд хамтарч дэм дэмдээ дээс эрчиндээ өндийхийг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бол ёс зүй-нөхөрлөл. Журамлаг ёсонд нийцээд хуулийн хүрээнд багтаж байвал гүйцээ. Талархана. Гэтэл яс үндэс, нутгархах, аймгархах булагнал хууль гишгэлж, ёс журам бузарлаж буйд ялангуяа шинэ үеийнхний, ариусахаар оргилсон романтик мөрөөдөл хөндүүрлэв. Бусармагт эмзэглэх мэдрэмж-соргог хурц болж байвал нийгэм эрүүлжиж буйн дохио. Задгай ардчилалд задарсан нутгархагчид дэндлээ гээд бухимдах иргэн олширч буй нь эерэг үзүүлэлт.
Харамсалтай нь хувийн аж ахуйгаас эхлээд Төр засаг ч увайгүй нутгархана гээч. Сайд дарга нар жалга довынхноо давхар давхар тойруулаад өөрөө дунд нь дураар дургих мөрөөдөлтэй нь нууц биш. “Манай нутгийнх бол бурууг ч зөв болго” гэх мангуу омог цөөнгүй эрхмийн цээжний гүнд бадардаг. “Муу ч байсан яс угсаа нэг бол дэвшүүл” гэх-алтан жишиг болжээ. Нутгийн хүн хамтарч хулгай хийхэд найдвартай гэх үзлээс хүчирхэг бүлэглэлүүд үндэслэдэг. Яс угсаа нэг гэдгийн код “алтан нутаг” гэх гоё үг. Яс угсаа нэгтнийхээ хулгайг сөхлөө гэж адалдаг далд хуулийн дор бөхийдөггүй түшмэл ховор. Энэ бичигдээгүй хууль шиг гажуудалгүй биелдэг хууль байна уу? “Гэмт хэрэг үйлдсэн ч нутгийн юм түүнийг ялнаас сугал” гэх гуйлтыг эгдүүцэх байтугай ходоодныхоо мухарт нандигнаж яваад биелүүлдэг. Нам засгийн том албанд орныхоо хүнийг нутгаасаа тавьдаг ёс Ю.Цэдэнбалын бүлэглэлээс угшилтай. Нутгийн хүн мулгуу мохоо ч бай хамаагүй өндөр эрх дархыг залгамжлуул гэдэг мунхаглал өдгөө Төр засагт хадаглагдаад арилахгүй хуулийн засаглал бузарласаар байна. Хэн нэг нь том дарга болбол нутаг нугынхан түүн дээр хар ялаа шиг шавчихна. Тэгээд хуйвалдан идэж ууж хууль завшиж гарна.
Яс угсаагаа дээдлэх соёл. Яс үндсээ дэмжиж буй нь энэ гээд бусад яс угсааг гутаах-атаа жөтөө, зарим нутгийн зарим хүнд ад хөдлөм арзаганадаг. Атаархал гай тарихаас сайныг авчирдаггүй. Дээр доргүй нутгархаг жөтөөрхөл буглаж буй юм биш үү. Өөдгүй авираасаа ухаалгаар салж, ариун тунгалаг ёс зүйд гэгээрцгээе. Нутгархаг бөглүү бүдүүлэг аашаа “бахархал” гэж алийн бүр мангарлах вэ. Сайн тунгаагаач. Ялангуяа хөгжингүй Монголын соёлтой иргэд болохыг мөрөөдөж яваа залууст яс угсаагаар булагнах жожиг зан зохимжгүй шүү гэдгийг захья.
Тархай бутархай нүүдлийн ахуйгаас нутаг нугын бөөрөлхүү зан асамтгай агаад олноороо бөөгнөрч хотжин иргэншиж буй цоо шинэ аж төрөх ёсонд нийцгүй болсныг ухаарч хаях цаг тулжээ. Хуучирч элэгдсэн нь шинэлэгээр солигдож явдаг гээ биз дээ. Монголчууд бүдүүлэг энэ зуршлаасаа эгүрт хагацаж чадах уу. Чадъя гэвэл уг нь санаагаар бүтэх дэвшил. Үүнд дэд бүтэц хөрөнгө оруулалт хэрэггүй. Нутгархаг үзэл монгол хүний мөнхийн сүүдэр биш. Хэлсэн үгээ яг биелүүлдэг, за гэвэл ёогүй, зорьсондоо тууштай зүтгэдэг, багаар ажиллах соёлтой, сэтгэх чадвартай, урлах авъяастай хүнийг л сонгож нөхөрлөхөөс нутгийнх бол өөдгүй ч бай хамаагүй хамтарна гэж сохроор муйхарладаг ааш гээгдээсэй. Хулгайч худалч ч бай нутгийнх бол надад үнэнч зүтгэнэ гэдэг угаас өөдгүй агаад явцгүй башир зан. Ардчилал чөлөөт зах зээлтэй хөл нийлүүлье гэвэл хор найруулахаас өөр чадваргүй нутгийн залхгуудаас зай барь. Тэд нэр хөөдөхийн цаана өсөлтийг чөдөрлөдөг. Тэднийг шударга ёсоор хавчаад гишгэх газаргүй болго. Тэд буруу алхам хийж чадахгүй засарвал олны хандлага шаардлагын ач тус хүрч буй нь тэр.
Гэр бүл, ах дүү, садан хамаатан, нутаг нугаараа баг болж ажиллахад зохимжтой байлгүй яахав. Ингэж хоршиход гар сэтгэл нийлж ашиг орлого, амжилт бүтээл арвиждаг нь амьдралд нотлогдсон сайн тал нь юм. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй бүрэн дэмждэг. Харин яс угсаа жалга довоороо нийлж бусдыг ил далд бүлэглэн дарамталж холгодог, үгсэн нийлж хууль зөрчиж улсад ноцтой хохирол учруулснаа хуйвалдан илрэхгүйгээр хамтарч нуудаг гэмт хэргийн нууц үүр болдгийг тас цохь. Ийм булагнааг өөгшүүлбэл өр өшиглөнө. Яам тамгын газарт аймгархаг цайз бөхжиж, хууль хяналтынхнаас дальдрахаа больжээ. Цагдаа шүүх прокурор АТГ яс үндсээр булагнах өвчний гадна эрүүл үлдсэнгүй. Хуулийнхны дундахь жалга довын бүлэглэл нутгийнхаа гэмт хэрэгтнийг ялнаас сугалах энүүхэнд.
Томорсон компаний даварсан эзэн алтан нутаг-яс угсаагаар өөрийгөө хуяглаад эзэрхэг түрэмгий вант улсаа ардчиллын жилүүдэд аль хэдийнэ цайзлаад амжжээ. Тийм компани баялаг бүтээж зах зээлийн өрсөлдөөнд бэлжлээ ч хүний эрхээр тоглодог балар эртний харгис ноёдыг төрүүлж байна. Ийм засаглалтай компаниудаас бүрдсэн Монгол элэнцгээрээ их цөлийн дундахь ардчиллын оазис гэгдэх билээ. Цэцэг цэврүү шиг ариун нялх үр садад минь дов жалгын бохир зуршил бүү өвлөгдөөсэй гэж залбиръя. Улс гүрнүүд хэрэггүйг хаяж, хэрэгтэйг үржүүлсээр хөгжилд хүрчээ. Зуршил амь биш. Шууд хая.
Цусандаа буцлах ястаны атаа жөтөөгөө номхруулбал эв эегүй Монгол тайвширч жаргана. “Нутгархах” дээр “намчирхах” нэмэгдээд Монгол хэсэг бусаг хуйвалдааны талбар болж хуучин ан цаваараа хэврэгшлээ. Ан цаваараа хагарч амаараа шороо үмхдэг арвин түүхтэй билээ бид. Жагсвал өөрийн үзлээр жагс. Нутгийн хулгайчийг уухайлж угаадас олж долоох шившиг. Яс үндэс, нутаг нугын хоцрогдсон талцлыг учирлав. АНУ гэх аварга “гэр бүл”-д цагаан хар шар арьстан эв зүйгээ олж хүчирхэгжсэн түүх байхад цус нэгт монголчууд жалгаараа талцаж бяцхан төсвөөсөө ахиу завшихаар булаацалдах-хөгжлийн садаа агаад гутамшиг.
Бага ястаны атаа жөтөө бүр эртнийх агаад ямагт уршиг дагуулдаг. Арван түмэн Монголын дөрвөн түмтийг Мөнхтөмөр ноён салган хант улс болгосноо зарласан мөчөөс эхтэй. Улмаар 1393 онд Мөнхтөмөрийг бие барахад гурван хүү нь болох Махмуд Тайчин Батболд нар Монголын хаанд хэзээ ч захирагдахгүй гэдгээ тунхаглажээ. Энэ задралаас үүдэж Монголын доройтол эхэлсэн. Гэвч тэднийг юун түрүү буруутгахыг урьтал болголгүй яагаад салах гэснийг нарийвчлан судалсан баримт байхгүй. Шалтгаан байж л таарна. Монгол улсынхаа хаанд захирагдах гутамшиг гэв үү? Эсвэл хэнд ч захирагдахгүй гэж хий онгиров уу? Зоргоороо туйлах хэнээрхэл үү? Мал сүрэг багширсан хүн ам цөөтэй ах дүү аймгуудад биесээ мөлжих хомсдол үүсээгүй нь лав. Тийм атал яагаад тусгаарлах гэж цус урсгав. Гүүш Галдан Амарсанаа нар самуун дэгдээж, халх ах дүүстэйгээ алалцсан бол Ю.Цэдэнбал Монголыг Оростой эгээ л нийлүүлчихээгүй. Монгол ЗХУ-тай нэгдсэн бол эдүгээ гурван саяулаа Ю.Цэдэнбалын хүүдүүд шиг төрөлх хэл, ёс заншил, соёлоо мэдэхгүй оросжсон иргэд болох магадлалтай. Тува буриадын жишээ бэлээхэн байж байна.
Гэлээ ч салан тусгаарлагчдын өнцгөөс харахыг оролдъё: дээрх эрхмүүд ойрад халх аль алинд маш ашигтай зам олж харсныг үхэр халхууд нухчин дарсан бол харамсалтай. “Ойрдоо мөргөлдөнө холдоо мөөрөлдөнө” гэх хэлц яагаад гарав? Ө.Бадрах З.Шижээ хоёр Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс байгуулах гэснийг Ар Өврийг нэгтгэх том санаатай Х.Чойбалсан тэргүүтэй халхууд таслаагүй бол өдгөө хилийн дээсний хоёр талаас бараа бараагаа харж мөөрөлдөөд яс цусан барилдлага улам гагнагдах байсныг Ойрадын дээрх эрхмүүд олж харсан бол яана. Энэ боломжийг халх удирдагчид ухааралгүй дөрвөдийн эрхэнд бүдүүлгээр халдаж, бие дааж гялс хөгжих сонголтыг нь тас цохив уу?
Үсрэнгүй дүүлэх ирээдүйгээ баллуулсан ястан гомдол тээж явах туйлын зөв. БНДАУ-аа тунхагласан бол (ЗХУКН-ын сурталдаж байснаар социализм байгуулж дуусчихаад коммунизм сүндэрлүүлж эхэлсэн) Зөвлөлтийн ам бүл-тувачуудтай дөрвөдүүд мөр зэрэгцэн өнөөгийнхөөсөө хавьгүй илүү хөгжих байсан ч юм билүү. Дөрвөдийн том үсрэлтийг халхууд хаасан аваас гомдол тээж явахаас өөр яалтай. Мөргөлдөж байснаас мөөрөлдөж байвал урагштай хөгжих нь мэдээж. Ус ундны ойр, ураг садны хол дээр гэх үг бий. Таарамж муутай хамаатнууд тус тусдаа явбал онодог. Бие биедээ жөтөөрхөж хорсохгүй харин ч улам элгэмсэж мөөрөлддөг.
Нэг улс явсан хоёр ястан-Чех, Словак салж тулга тусдаа цэцэглэж буй. Туурга тусгаарласнаар хөгжил түргэсэх өгөгдөл заяавал тус тусдаа бие даах-цочирдох сонголт бусыг Ө.Бадрах, З.Шижээ хоёр олж харав уу. Өрх тасарлаа гээд яс цусан сүлбээ тасрахгүй, дотор санаа ямагт цуг байдгийг тэд анзаарав уу. Ө.Бадрах З.Шижээ нар тэнэг байгаагүй нь лав. Том ашиг олж харсан байх учиртай.
Тусгаарлах санаа ойрадуудаас байн байн гарч байсныг судалж, зөвийн зөв хариу олбол эв эед маш чухал. Тусгаарлахын төлөө тэмцэж, мөрөө үлдээсэн сод хүмүүсийн үзлийг хүндэтгэж, судлаач гэж бичсэн намайг ах дүүсийг холдуулах гэлээ гэх бий. Миний саналыг асуувал “яс угсаагаар ялгарч мөргөлдөхгүй бол халх ойрад хамт байвал олуулаа арай хүчтэй байх сан” гэж би хариулна. Хэрэлдээд байвал хэврэгшинэ. За тэгээд мөөрөлдөх үү мөргөлдөх үү? Түүхэнд үлдсэн-тусгаарлах гэсэн эх сурвалжуудыг дурдсанаас би зохиогоогүй шүү.
Жич: Манлай баатар Дамдинсүрэн, харчин бээс Бавуужав, гүн Хайсан, Дэмчигдонров нар салах бус нэгдэх гэж амиа зольсон гашуун түүх бий. Улаан оросын сүрдүүлгээс айсан хулчгар үхээнц халхууд тэднийг Хятадад тушаачихсан. Өвөрлөгчид түүхэндээ нэг ч удаа салъя гээгүй ямагт нэгдэе гэж тэмүүлж явсан хөөрхийс. Тусгаарлах санаа муу нэрт Халхаас ч хаа очиж гарч байсангүй. Олгой хагаравч тогоондоо гэдэг. Яагаад Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс байгуулах гэсэн юм бол? Салах сарвайх хүртлээ гомдсон юм бол уу. Гомдол тээж яваа бол юунд гомдсоноо хэлээч. Бурууг олж хамтарч засъя. Биесээ уучилъя. Тэгснээр Монгол хэврэгших бус бөхжинө. Ястаны яльгүй торчилдооныг ор тас орхи. Тэгээд л гүйцээ-бүх юм окей.
Орос түүхчдийн судалгаа үнэн гээд Бадрах Шижээ хоёрын тухай орос түүхч Н.К.Ярославскийгаас иш татъя. Тэр бээр ингэж бичжээ: Октябрийн хувьсгал гэгч төрийн эргэлтийнхээ ялалтад омогшсон орос коммунистууд бүх дэлхийг улаан болгоно гэж хийрхсэн. Дэлхийн жижиг үндэс угсаатны засан тохинох эрхийн тухай Оросын коммунист намын 1918 оны тунхгийг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийн коммунист ажилчны намуудын холбоо болох Коминтерн эрчимтэй үйл ажиллагаа өрнүүлж, олон жижиг угсаатныг том үндэстнийх нь эсрэг босгож, олон тохиолдолд амжилтад хүрчээ. Коминтерн олон улсын бус зөвхөн болъщекуудын мэдлийнх болсон. Орос октябрийн хувьсгалаа экпортлох зорилгоор Шинжаанд хоёр Бүгд найрамдах улс, Баргын тусгаар БНУ байгуулах төсөл эхлүүлэв. 1925 оноос Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс (БНДАУ) байгуулах төсөл эрчимтэй өрнөлөө. Коминтерны Сибирь, Азийн салбарууд энэ төслийг хэрэгжүүлэгч гол хүч болов. Энэ төсөл 1925-1932 онд өрнөхдөө 3 сая алтан рубль залгижээ.
Коминтерн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өөрийн талыг баримтлагч нарыг Монголын дээд удирдлагад олноор оруулах төлөвлөгөө боловсруулсан аж. Тэр үед БНМАУ-ын удирдлага дан халхууд мөн цөөвтөр буриадаас бүрдэж байв. Тиймээс баруун Монголын Бадрах Шижээ хэмээх хоёр залууг гаргаж ирэв. Тэд Ойрадын салан тусгаарлах үзлийг тууштай залгамжлагчид байлаа. Халх боловч коммунизм л ялж байвал үндэсний тусгаар тогтнол тийм чухал биш гэх радикал коммунист залуу Лхүмбэ тэдэн дээр нэмэгдэв. Тухайн үед Коминтернд таалагдаж байвал юу ч үйлдэхэд бэлэн төөрөлдөж явсан Гэндэн найдаж болох нэгэн байв.
Ингээд Коминтерны удирдагч Г.Зиновьев 1928 онд Батурин, Шмераль, Кинг, Черномордюк нарын бүрэлдэхүүнтэй Коминтерны бүлгийг Улаанбаатарт илгээв. Тэд төрийн эргэлт хийхээр Монгол руу ниссэн аж. Гэхдээ Зиновьев бүр нууц нэг ажиллагаа урьд нь явуулсан байжээ. 1918 онд Москвад Германы элчин сайд Михбахыг гар бөмбөгөөр, 1920 онд анархист удирдагч Махног хутгаар, 1925 онд Ленинградад яруу найрагч Есенинийг мөс хагалагчаар тус тус хөнөөсөн Оросын хувьсгалч зүүн цуст яргачин Яков Блюмхиныг хэсэг гар хөлийнх нь хамт илгээж Ерөнхий сайд Цэрэндорж, намын дарга Дамбадорж, Жадамбаа нарыг айлган сүрдүүлжээ. Зартай алуурчны эрхшээлд орсон Монголын удирдагчид буулт хийж, Коминтернтэй хэлэлцэн тохирохоор шийдэв.
Улсын VIII их хурал тун ширүүн болж, төлөөлөгч Дашням гар буугаар салан тусгаарлагч Шижээг буудсан нь оносонгүй, зүүн чихийг шүргээд өнгөрчээ. Дамбадорж хурлын ид дундуур Коминтерны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж зүүнтэн залуус удирдлагын 60 хувийг, баруунтан ахмадууд 40 хувийг авахаар тохирсон байна. Ингээд тохиролцоо ёсоор Золбингийн Шижээ, Өлзийтийн Бадрах, Пэлжидийн Гэндэн гурвыг МАХН-ын тэгш эрхтэй гурван даргаар тавьж, Амарыг Ерөнхий сайд, Жигжиджавыг Ерөнхий сайдын орлогч болгожээ. Чойбалсан Баасанжав Содов Өлзийбат Содном гээд зүүний үзэлтэй залуусаар Төв Хороо дүүрчээ. Шижээ Бадрах хоёрыг хянуулахаар В.Черномордюкийг коминтерний төлөөлөгчөөр үлдээв. Шижээ Бадрах Черномордюк-гурван хийтэй зүүнтэн Монголд социализм үтэр түргэн байгуулах хэт авантюрист туршилт хийж эхлэв. Чойбалсан Гэндэн Лхүмбэ Содном Өлзийбат Шагдаржав нарын залуус эхэндээ дээрх гурвын талд явсан ч 1930 он гэхэд тэр гуравт салан тусгаарлах далд зорилго буйг олж мэдээд хөндийрчээ. Тэд бүгд халхууд учир Монголын нутаг дэвсгэрийг хуваах байтугай-бүх монгол туургатныг нэгтгэх эцсийн зорилготой залуус байв.
1932 оны 8-н сард Монголын баруун хязгаарт ЗХУ-ын улаан армийн аялан байлдах 35-р морьт корпус, механикжуулсан 19-р дивизийг тус тус оруулахаар дээд түвшинд тохирсон аж. Түүнчлэн Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улсын удирдах бүрэлдэхүүнийг Шижээ Бадрах Баасанжав Санж Бямбаа Жүрмэд Содов нарын дөрвөдүүдээр байгуулахаар шийджээ.
Гэтэл Монголын удирдлага дахь халхууд 1931 оны хавар засаг захиргааны гэнэтийн шинэчлэл хийж Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс байгуулах төлөвлөгөөнд бэрхшээл учруулав. Ховд Увс гэх хоёр аймаг болгон салгаад эдгээр аймгуудад Засагт хан аймгийн халх хошуудаас хэд хэдийг зориудаар шургуулж, угсаатны бүтцэд өөрчлөлт орууллаа. Энэ нь дан ойрадуудаар БНДАУ байгуулж БНМАУ-аас тусгаарлах гэсэн Коминтерныг эвгүй байдалд оруулсан бөгөөд яг энэ үеэр Япон Манжуурыг эзлэн авч ЗХУ-ын Алс дорнодод аюул учруулж эхэлсэн тул Сталин “Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс” төслийг зогсоож, Монголд явуулж буй ажиллагаагаа орхихыг Коминтерны удирдлагаас шаардав. Гэвч тэр үед Коминтерн Сталины гар хөл болоогүй байсан учир эрс эсэргүүцжээ.
Ингэж байтал зүүнтэн Шижээ Бадрах Черномордюк нарын увайгүй харгис нугалааг эсэргүүцсэн халхууд 1932 онд бослого дэгдээв. Маш их түгшсэн Сталин тэр даруй зүүнтний алдааг засаж, Коминтерны шинэ удирдлага Сталинд захирагдлаа. Гэндэн Амар Дэмид Чойбалсан нар хүчээ авч удирдлага дахь зүүнтэн болоод дөрвөдүүдийг хөөн зайлуулав гэж Н.К.Ярославский бичжээ.
Салан тусгаарлагч дөрвөдүүдтэй нутаг нэгт Цэдэнбалыг Москва сонгосон нь учиртай. Орос бүсгүйгээр урхидаж, БНМАУ-ыг удирдуулахдаа онцгой үүрэг даалгаж, чанадаар нууцалсан нь мэдээж. Гэвч ямар ч нууц цөөн монголчуудад дороо ил болдог тул Балыг “Кремлийн тагнуул” гэдгийг бүгд мэдлээ. Цэдэнбал 1940 онд намын дарга болмогц үндэсний үсгээ хаях тогтоолд мутраа үлдээснээр ажлаа шуурхайлав. Цааш БНМАУ-аа ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулж, ард түмнээ оросчлох гэж ил далд зүтгэсээр 44 жилийн дараа Москвад гэрийн хорионд хэдэн жил сууж, тэндээ мажийсан бол Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс байгуулах коминтерны дуулгавартай зарц болж зүтгэсэн Шижээ Бадрах хоёр Москвад мөн л гэрийн хорионд хоригдож байгаад цаазлуулсан гэдэг. Кремль өөрийхөө нууцыг мэдэх амьд гэрч үлдээдэггүй араншинтай билээ*.
*“Муу нэрт 76-даа өглөө бүр дээжээ өргө” номноос. 2022-05-30
Урваач халх
Тхаль
Оноч
Оноч
Халх
МОНГОЛ
Зочин
Зочин
Зочин
Оноч
Өөрийгөө тэнэг гэж бодвол тэнэггүй бдаг гэсэн
Оноч
Зочин
onoch
Зочин
Зочин
Оноч мэргэнд
Оноч
Оноч
Зочин
Залуу үе
оссо
Улаан фен
Оноч
Таны пен
Монгол хүн
оюунаа
Зочин
Зочин
Зочин
зочин
Одко
чинбаа
Одсүрэн
Зочин
Бооги