ТҮРЭГ БА МОНГОЛ ХЭЛНИЙ УЯЛДАА

Өөр хэлнээс монгол хэлэнд хамгийн анх нэвтэрсэн нь түрэг угсаатны үгс. Монгол үндэстэн эртний Дунху үндэстнээс уламжлан үүссэн бололтой. Дунхучууд хүннү нарт цохиулсны эцэст сяньби, ухань гэсэн аймгуудад задарчээ. Сяньби хожим нь умардын нүүдэлчид дотроос хамгийн хүчирхэг нь болж, умард Хятадыг ч эрхшээж байв. Тэд Хүннү гүрний задарлын голлох шалтгааны нэг байсан. Сяньби, Шивэй, Хятан бүгд нэг хэлтэй байсан гэж тухайн үеийн түүхчид бичсэн байдаг. Хятанчууд бамонголчууд нэг хэлтэй болох нь хожим батлагдсан. Мэдээж хэрэг Сяньбигаас Монгол хүртлэх ард түмнүүд яг ижил хэлтэй байгаагүй нь ойлгомжтой, учир нь хэл бол үе дамжих бүрдээ өөрчлөгддөг, хөгждөг бараг л хувьсалд ордог амьд организмтай адил хөгжлийн зарчимтай.

Гэтэл дунхучууд ба хүннү нар хоорондоо үл ойлголцох тэс өөр хэлээр ярьдаг тухай Сима Чиань дурдсан байдаг. Түүхчид Монголын өндөрлөгт ээлжлэн хүчирхэгжиж байсан үндэстнүүдийг Дунху гаралтай ба Хүннү гаралтай гэж хоёр ангилах үзэл нэлээд давамгайлдаг. Гэвч аль алин нь түүхийн тодорхой үед нэг эх сурвалжтай байсан байж болох. Юу гэвэл хүннү гаралтай түрэг ба дунху гаралтай монголчуудын буга шүтэж байсан, хонь маллаж байсан үеийг үүнтэй холбоотой үгс давхцдаг. Хоёр үндэстэн салан одсон боловч түүхийн урт хугацаанд хэл нь ч өөр өөр чиглэлээр хөгжжээ гэж болохуйц. Хэл бол угсаатнуудын гарвал, холбоо, садан төрлийг илэрхийлэх хамгийн дөт зам. Хүн үүссэн цагаасаа ихэнх хугацаанд нүдэнд харагдах ил зүйлсийг салангид үгээр нэрлэх хэмжээний хэлтэй байжээ. Хүүхэд эх эцгийгээ дуурайн хэлсээр хэлд ордог гэсэн ойлголтыг Хомски үгүйсгэж, угаасаа хомо сапиэнс нь цаанаасаа хэл сурч ярих байгалийн өгөгдөлтэй байдаг гэж тайлбарлах болсон. Хомо сапиэнсуудад хэл яриатай болох олдмол ген байдгийг эрдэмтэд саяхнаас нээсэн ба энэ нь зөвхөн зарим зүйлийг нэрлэх төдий чадвартай байсныг эрчимтэй урагшлуулжээ гэж таамагладаг.

Салангад нэршил үгсийг хооронд нь холбон утга санаа илэрхийлэх өгүүлбэр зохион хэлэлцэж хүмүүс хоорондоо ойлголцох боллоо. Гэхдээ энэ нь хомо сапиэнс бий болоод 100 гаруй мянган жилтэй харьцуулахад ердаа саяханы явдал гэнэ. Эрдэмтэд үүнийг одоогоос 15-20 мянган жилийн өмнөх явдал гэх. Анхны иргэншил 6 мянган жилийн өмнө бий болсон гэхээр анхны үндэстэн гэх ойлголт үүнээс хойно бий болсон байж таараа. Үндэстэн гэдэг нь хэл яриа, нутаг дэвсгэрийн нийтлэг байдалтай, соёл, амьдралын хэв маягийн ойр төрөл, түүхэн хөгжлийн нийтлэг чанартай, зарим тохиолдолд нэг төр улсад харьяалагдах гэх мэт шинж чанаруудаар тодорхойлогддог хүмүүсийн түүхэн нийгмийн нэгдэл юм.

Фудоны их сургуулийн эрдэмтэд Зүүн Азийн хүмүүсийн нүүдэл, гарвалыг митохондорын ДНХ судалгаагаар сонирхолтой зүйл илрүүлсэн. 40 мянган жилийн өмнө Африкаас гарч нүүсэн хүмүүсийн зарим нь өнөөгийн Энэтхэг-хятадын хойгт 30 мянган жилийн өмнө ирж суурьшижээ. Тэдний зарим нь эх газраар хойш нүүж өнөөгийн Шар мөрний сав газар суурьшсанаар хожмын хятад-төвд язгуурын хүмүүсийн уг сурвалж болсон байна. Нөгөө нэг хэсэг нь далайн эрэг даган хойшилсноор өнөөгийн манжуурын нутагт ирж суурьшисанаар хожмын алтай язгууртан хүмүүсийн эх сурвалж болсон гэдэг. 

Энэ бол өгүүлбэрээр ярьдаг төгс хэл яриа үүсэхээс хавьгүй эртний явдал. Тэр үед алтайчууд нэршил хэлдэг байсан тул зарим үг нь нийтлэг байсан байж болох. Гэтэл хүмүүс амьтан тэжээн гэршүүлсэн үйлс түүнээс ч хамаагүй хожмын хэрэг. Анхны гэршсэн амьтан болох нохойг одоогоос 10 гаруй мянган жилийн өмнөөс хүн гэрийн амьтан болгожээ. Дунху ба хүннүчүүд (тодорхой хэлбэл түрэг ба монголчууд) буга, хонины нийтлэг үгтэй байна гэдэг нь лавтай бүр ч хожмын явдал болж таарах нь.Манжуураас эхний түрэг угсаатнууд барууншаа Алтайн нуруу хэдийд хүрснийг хэлэхэд бэрх. МЭӨ III зууны үед Жао улсын жанжин шаньюгийн цэргийг дарж байсан тухай Сима Чиань бичсэнийг үзэхэд бидний мэдэх хүннүчүүд Модунаас лавтай зуу гаруй жилийн өмнө Монголын өндөрлөгт байж л байсан бололтой. Тэрээр умрын нүүдэлчдийг угсаатны хувьд Хүннү, Дунху, Сүшэнь гэж гурав ангилсныг үзэхэд хэдийнээ үндэстэн болж ялгарсан нүүдэлчид угсаатны хувьд холдон салсан байжээ. 

Түүхэн баримтаас үзэхэд Модунаас хойш хоёр мянганы туршид хүннү ба дунху гарвалтай үндэстнүүд Хятадын хойд тал дахь Монголын өндөрлөгт ээлжлэн хүчирхэгжиж төр улсаа байгуулж байсан байна. Иймээс эдгээр үндэстнүүд хоорондоо холилдох, үгсээ зээлдэх нь жирийн хэрэг байсан биз. Гэтэл хэн нь хэзээ хэнээсээ үг зээлдсэнийг яг тодорхой хэлэхэд нэн бэрх. Умрын нүүдэчдээс хамгийн анх бичиг үсэгтэй болсон нь түрэгүүд, тийм учраас тэд илүү давуу талтай. Бичиг бол аман яриа, домог хуучийн бодвол хавьгүй найдвартай эх сурвалж, нотолгоо. Эртний түрэг гүрэн хоёр удаа задарсан. Их олонх нь Алтайгаас барууншаа нүүдэллэн өөрсдийн тусгаар улс гүрнийг байгуулжээ, Огуз, Сэлжүк, Түркмэн, Анатоли гэж явсаар Алтан Орд задрахад маш олон түрэг угшилтай олон улс бий болсон. Эцэст нь огуз түрэгийн шууд удам Осман Түрэг, Түркмэн гэх мэт. 

Өнөөгийн Монголын нутагт удтал үлдсэн нь Хөх Түрэг. Чухам тэднээс л Орхон Түрэгийн руин бичиг гаралтай, бусад түргүүдэд хамаагүй гэж ихэнх судлаачид үздэг. Үүнээс гадна Енисэй Түрэгийн руин бичиг гэж бий. Чухам ийм учраас хөх түрэгийн хадгалагдаж үлдсэн бичгээс түрэг язгууртны болов уу гэсэн маш олон үгийг шууд л түрэг үг гэж тайлдаг.Энэ нь тэдний үлдээсэн бичгээс болж буй юм. Гэтэл түрэгүүд хүннү нартай нэг хэлтэй байсан уу? Эсвэл хүннү нарын хэл явсаар хувьссаар түрэг гэсэн тусдаа хэл болсон уу? Түрэг хэл түүхийн явцад дунху язгуурын хэлтэй аль зэрэг холилдсон бэ? Жишээ нь “хаан” (хаган) гэсэн нэршил түрэг хэлээр дамжин маш их тархсан. Гэтэл энэ нэршлийг түрэгүүдээс өмнө жужуаньчууд хэрэглэж эхэлжээ. Жужуань бол дунхугийн удмынхан, өөрөөр хэлбэл өвөг монгол үндэстэн. 

Билгэ хааны бичээс, Көлтигиний бичээс, Тоньюкукын бичээс, Тариатын бичээс, Шинэ усны бичээс зэрэг орхон руин бичээсүүдийг тайлж уншсанаар олон зээлдмэл үгийн учир олдсон боловч, зэрэгцээд мөн олон зээлдмэл үгсийн хуучин тайлбар эргэлзээнд оруулсан. Алтайн нурууг “улаан уул, алаг уул” гэсэн түрэг үг гэж тайлж байсан бол Билгэ хааны бичээст altun yïšïɣ aša буюу“алтан тайгыг дагаж”, Көлтигиний бичээст altun yïšïɣ  буюу “алтан тайгыг мандаж”, Тоньюкукийн бичээст altun yïš üzeбуюу... “алтан тайга дээр” гэснээс үзэхэд Алтай гэдэг нь Алтан тайга гэсэн утгатай болж таарч байна. Харин энэний уг сурвалж нь хүннү үг үү, түрэг үг үү гэдэг нь мэдэгдэхгүй. Ийм том нуруу түрэгүүдээс өмнө өөрийн нэртэй байсан баймаар. Орхон голын нэрийг урьд нь or “дунд, голын” + khan “хаан” гэж тайлж байлаа. Гэтэл Шинэ усны бичээст ...A or(qu)un ögüz o...  Тариатын бичээст ... orqun ögüzde ...  гэсэн or + (qu)un гэж тэмдэглэсэн нь алтай язгуурын бус, магадгүй брахми хэлний “хүннүчүүдийн орон” гэсэн үг гэж зарим эрдэмтэд шинээр тайлах болжээ. Тариатын бичээст ... ekin ara ılığım tarığlığım sekiz seleŋe orkun toğla sebin teledü karağa ol yerimin subımın konar köçer ben… yaylağım ötüken kozı k(i)din uçı tez başı öŋdin k(anu)y künüy ... гэснийг орчуулбал “хоёр(ын) дунд хөндий минь Тариат минь найман Сэлэнгэ, Орхон, Туул, Сэбин (Сэлбэ байж магадгүй), Тэлэдү, Хараа [гол], тэр газраар минь усаар минь суудаг нүүдэг би… зуслан минь этүгэн(ий) ар нь хидийн үзүүр Тэс(ийн) эх өмнөөс Хануй, Хүнүй ... “ Энд их тайлахад бэрх гол усны найман нэр гараад ирлээ. Манай эрины 750 онд бичигдсэн бичээст Сэлэнгэ гэсэн голын нэр байна. Сэлэнгэ бол “сэлэн-га” буюу “Төмөр гол” гэсэн манж үг гэж тайлж байсан. Гэтэл зүрчин нарын анхны гүрэн Алтан улс бий болохоосоо 400 жилийн өмнө Монголын өндөрлөгт буй голд нэр өгөөд явж байсан байж таарах уу? Магадгүй дунху юм уу, хүннү нарын удмыхны үед ийм том гол өөрийн нэрийг хүртсэн байж болох. Хануй, Хүнүй голын нэр бол яавч түрэг гаралтай үг биш гэж түрэг судлаачид хэлдэг. 

Өдгөө судлаачид орчин цагийн монгол хэлэнд түрэгээс нэвтэрсэн 500 орчим зээлдмэл үг байгааг илрүүлжээ. Чойжи Одсэр монгол бичгийн дүрэм зохиохдоо зээлдмэл үгсийг цаад хэлнийх нь бичлэгээр буулгасан гэдэг, тиймээс уйгаржин бичгээр аль нь монгол угшилтай биш гэдэг нь ялгагддаг. Тэр үед зээлдмэл үгс голдуу түрэг, уйгар, согд гарвалтай байжээ. Гол – гоол, хос - хоос, тэнгэр - тэнри гэх мэт. Түрэг хэлнээс зээлдсан болов уу гэх марал, согоо, тахиа, ирвэс, тарвага, тэх,үнээ, хайнаг, харцага хулан азарга аргамаг мэт амьтны нэрс; мангир, харгана, арвай, саримсага гэх мэт ургамал; сарьдаг, алтай, хэнтий, орхон, увс, туул, хөвсгөл гэх мэт газар уул ус гээд төрлөөр нь ангилбал маш олон үг байна. Гэтэл арал, жад, хамаг, хайч, харуул, хөрш зэрэг түрэг гаралтай гэх үгсийг түрэгээс монгол руу биш, монгол хэлнээс түрэгүүд зээлдсэн гэх тайлбар байдаг. 

Түрэг гэгдэж байгаа боловч түрэгүүд уйгараар дамжуулж согдоос авсан болов уу гэсэн нэлээд үг байх юм. Уйгарууд согдоос авсан бичигийг монголчууд өөрийн болгосон төдийгүй хожим нь манж нарт зээлдүүлсэн. Мани шашин ч уйгараар дамжин нүүдэлчдэд орж ирсэн. Үүнийг дагаж маш олон үг, ухагдахуун дагасан байж таарна. Олон санскрит үг бас л төвдөөс өмнө согд хэлээр дамжин монгол хэлэнд суусан бай учиртай. Учир нь төвдийн шашин Монголд бүр хожим XVII зуунд нэвтэрсэн бол тэрнээс хавьгүй өмнө буддизм одоогийн Афганистанаас орж иржээ.

Нэг хэлнээс нөгөө хэл рүү үг шилжих явц ихэнх тохиолдолд харилцан солилцоо биш, илүү хөгжингүй, хүчирхэг, ноёлох шинжтэй үндэстний хэл аль буурай руугаа урсах хандлагатай байдаг.Түрэг 200 жил бүс нутагтаа давамгайлж байжээ. Тэр үеийн нүүдэлчин аймгууд тэдний эрхшээлд байсны нэг нь хятан нар. Монголчууд ч өнөөгийн Монголын өндөрлөгт нүүдэллэн ирсний дараа түрэг нарт харъяалагддаг байсан. Америкийн монголч Нууц товчооноос Чингис хаан түрэг хэл мэддэг байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Найман, Хэрэйд, Онгуд зэрэг аймгийг түрэг угсаатнууд байсан ч гэх. Ингэхээр өнөөгийн түрэг гаралтай үгс гэх нь үнэн ч бай, буруу ч бай, юутай ч яг жинхэнэтүрэг нараас биш гэхэд бусад түрэг угсаатнуудаас авсан байх магадлалтай. Үүнийг түрэг мөн бишийг нь шалгахад өнөөгийн түрэг угсаатнууд болох хиргис, хар халпак, хасаг, уйгар, үзбэк, туркмэн, азербаджан зэрэг хэлтэй давхцаж байгаа эсэхийг харж болох мэт.

Монгол хэлний хар, бор, шар, улаан хөх, хүрэн зэрэг өнгөний нэр түрэг угсаатны бараг бүх хэлтэй давхцдаг. Тэр байтугай угрофин язгуурын унгар хэлэнд ч эдгээр өнгөний нэршил адил байдаг нь тэд түрэг хэлнээс зээлдсэн байж магадгүй. Эдгээр нэршил өнгө заахаас гадна зүг чиг бас заадаг учраас нүүдэлчдийн хувьд нийтлэг байж болох. Хар - хойд, цагаан- урд, хөх – төв гэх мэт.“Хар Хятадын цаана цагаан хятад гэж бий, тэд тун бэрх хүмүүс” гэдэг нь вьетнамчуудыг хэлж буй хэрэг. Хубилайн арми тэнд гурав дараалж ялагдсан билээ. 

Монгол угсаатан цаад гарвалаараа говь цөлийн биш, харин уул устай хангай газрын хүмүүс. Иймээс тэмээ мэддэггүй байсаар Чингисийн байлдан дагуулалтын үед тэмээтэй “танилцсан” гэдэг. Гэтэл тэрнээс өмнө тогтнож байсан жужуань, түрэг, тобэ, хүннү, уйгар, сяньби нар хоёр бөхт тэмээний уугуул нутаг гэгдэх Таримын цөлийг сайн мэднэ. Ингээд монгол хэлэнд тэмээтэй холбооотой олон үг юутай ч түрэг хэлээр дамжин зээлдэгджээ: тэмээ, ингэ, ботго, таваг, тайлаг... Түрэг үгийн үндэс дээр монгол дагавар залган монголжуулсан үг ч ховор биш. Жишээ нь “хэг” гэсэн түрэг үг нь их зан, бардамнал гэсэн утгатай, эндээс монгол дагавар залган хэгжүүн, хэг ёг яриатай, хэгз татахгэх мэт үг үүсчээ. 

Өнөөгийн БНТүрэг улсын хүн амын ярилцдаг осман түрэг хэл нь эртний түрэгүүдийнхээс мэдээж маш их өөрчлөгдсөн. Үгсийн сангийн суурь нь хэвээр боловч түүхийн урт хугацаанд араб, перс, латин, франц, герман зэрэг хэлнээс маш олон үг зээлдэн авсан учир тэд эртний хөх түрэг нарын хэлийг ойлгоход бэрх. Монгол хэлэнд оросоор дамжин осман түрэг үг нэлээд нэвтэрчээ: мазут, нефть, халат, артел, чардаак, атлас, кузов, стакаан... Сонирхолтой жишээ бий, хүүхдийн тэтгэмжийн мөнгийг өдгөө бараг дэлхий даяараа “алимэнт” гэдэг. Үүнийг голдуу гэр бүлээ цуцалсан хүмүүс салсан эхнэр дээр нь үлдсэн насанд хүрээгүй хүүхэддээ төлдөг хуульчилсан өгөө аваа. Alimentum гэсэн латин үг нь хоол, хүнс гэсэн утгатай аж. Хүүхдэд мөнгө төлдөг ойлголт хожим бий болжээ, ингээд энэ үгийг сонгож, гэхдээ түрэг хэлний gida (хоол) гэсэн үгнээс санаа авсан гэх.Гидань монгол хэлнээс авсан “өлөн” гэсэн үг гэж зарим хэл зүйчид тайлбарлаж байна. Монголын баруун аймгийнхан гурилтай хоолын “гида” гэж нэрэлдэг. Гида гэж хятад үг ч бий. Иймэрхүү толгой эргүүлсэн, үнэн худал нь батлагддаггүй олон зээлдмэл үг хэл болгонд тааралддаг. 

Тэгвэл Лайпциг-Жакартын 100 үгийн жагсаалт гэдгийг хэл судлаачид 2009 оноос ерөнхийдөө баримтлах болжээ. Нэг язгуурын олон хэлэн дахь зарим үг биенээсээ зээлдэнэ гэхээсээ анх өвөг хэлэнд байсан хэвээрээ эдгээр 100 үг маш тогтвортой хадгалагдах аж. Бүр 50-иад оны үед анх Моррис Свадэш 200 тогтвортой үгсийн жагсаалт гаргасан ба үүнийгээ соёлын хувьд аль ч язгуурын хэлэнд бие даасан байдлаар ашиглаж болно гэж үзэж байлаа. Гэвч энэ жагсаалт ихэвчлэн зөн зовинтой холбоотой үгс байна гэсэн шүүмжлэл гарч Свадиш үгээ 100 болгон цөөлсөн.

Лайпциг-Жакартын жагсаалтын жишгээр Оросын алтай хэл судлаач профессор Анна Дыба өвөг түрэг, өвөг монгол, өвөг тунгус хэлэнд тулгуурлан тогтвортой 100 үгийн жагсаалт гаргажээ. Энд газар, нэр, би, чи, хэн, ус, өг, яв, өндөг, ир, од, шинэ, хэл, мэдэх, шөнө, урт, нохой, үндэс, үнс, бөөс, гал, уух, хазах, идэх, сонсох. зогсох, нүд, ам, шүд, хэл, цус, хүзүү, яс, хөл, арьс, мах, үс, өвдөг, эвэр, хөх, гар гэх мэт үгсийг багтаажээ. Профессор Дыбагийн жагсаалтыг өнөөгийн монгол, түрэг, тунгус хэлтэй тулгаж үзэхэд монгол хэлтэй хамгийн их давхцаж буй нь тунгус хэл байна. Энд үнс, гэдэс, хазаар, дэвэх, гэдийх, гурав, дөрөв, тав, би, чи, ам, анд, миний гэх мэт үгс давхцах аж. Ер нь өнөөгийн монгол хэл нь алтай хэлнүүдээс хамгийн төрөл ойр нь тунгус байх. Тунгус нарыг ч монголоор хамниган гэж нэрэлдэг. Тунгус хэлийг өдгөө эвэнк хэл гэх болжээ. Орост амьдардаг эвэнкуудыг орос цагаан толгойтой болгосон. Харин хятадын эвэнкүүд уйгаржин монгол бичиг хэрэглэдэг. Орос 30 мянган эвэнктэйн хагасаас цөөнх нь хэлээ мэднэ. Хятадад мөн 30 мянга орчим эвэнк хүмүүс тоологдсон. Монголд мянга орчим хамниган бий гэсэн судалгаа байдаг ч бараг бүгдээрээ монголжсон.

2024. 9.1.