Намрын номын баяр болж байна. Хаврын, намрын гээд жилдээ хоёр удаа зохиогддог энэ баяр тогтмолжоод нэлээд хэдэн жил өнгөрөв. Зохиолчид, яруу найрагчид, орчуулагчид, бичгийн хүмүүс, эхлэн бичигчид энэ баяраар уншигчидтайгаа уулзаж “чилээгээ” тайлдаг, шинэ соргогийг хайдаг, магадгүй гойд санаа өвөртөлдөг байх. Үүнд зориулж Польшийн алдарт яруу найрагч, Нобелийн шагналт Вислава Шимборска 1996 онд шагнал хүртээд уншсан “Нобелийн лекц”-ийг орчуулснаа сонирхуулъя. Дагалдуулаад түүний хамгийн алдартай шүлгийн нэг “Алмаст бичсэн захиас”-ыг мөн яруу найрагч Б.Цэнддоогийн хөрвүүлгээр тавьсныг найраг шүлэгт дуртай хүмүүс сонирхоорой. Далимд хэлэхэд Шимборскагийн дээрх шүлгийн далд санаа, цаанаа чухам юу өгүүлэх гээд байгааг өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд утга зохиол судлаачид хоорондоо зөрөөтэй янз бүрээр тайлбарласан байх юм. Уншигч та ч бас өөрийн тайлбар гаргалгааг хэлж болох юм. 


Вислава ШИМБОРСКА

ЯРУУ НАЙРАГЧ БА ЭНЭ ХОРВОО

(Нобелийн лекц)

Ам нээсэн анхны үг, хуудас нээсэн эхний өгүүлбэр л хамгийн амаргүй гэцгээдэг.Тэрийг нь дурьдасгаад, амаргүй давааны ард эвтэйхэн гарчхаж бас болж байна... Гэлээ гэсэн ч яруу найргийн тухай ярих юм хойно, дараагийн гурав дахь, зургаа дахь, арав дахь гэж явсаар, сүүлчийн өгүүлбэр хүртэл бүгд л хэцүү байх болно. 

Үнэнээ хэлэхэд, энэ сэдвийг ховорхон сөхөж, за даа бараг хэзээ ч тайлбарлаж явсангүй дээ. Олигтой ч юм хэлж чадахгүй гэж боддог юм. Тиймээс уншлага-яриа маань айхавтар сунжрахгүй. Ер нь аливаа төгс бус юмыг бага тунгаар хүртвэл тэсээд өнгөрөөхөд хялбар. (Гашуун эмийг бага тунгаар уувал хоолой давах нь амархан байдаг шиг)

Манай үеийн яруу найрагчид өөртөө итгэлгүй, эргэлзэнгүй чанараараа нийтлэг. Яруу найрагч гэдгээ олон түмэнд тун ч дурамжхан илэрхийлж, түүнээсээ ч бэргэж нэрэлхсэн шинжтэй. Дуулиант энэ ертөнцөд юманд хүрсэн хүн сул талаа хүлээн зөвшөөрөх амархан л даа. Харин давуу талаа тунхаглах хэцүү, яагаад гэвэл яруу найрагчийн давуу тал гүн гүнзгий нуугдмал болохоор өөрөө ч бүрэн итгэдэггүй... 

Элдэв янзын асуулга бөглөх ч юм уу, эсвэл санаандгүй яриа хөөрөө өрнүүлэхдээ ажил мэргэжил тодруулах шаардлагатай бол одоо хашиж буй албаа нэрлэсхийгээд өнгөрдөг. Тэр нь ихэвчлэн "утга зохиолын ажилтан", “редактор” л байх. Угаасаа ч, өмнө нь яруу найрагч зогсож байна гэдгээ ойлгосон албаныхан болон автобусны зорчигчид үл ялиг сэжиглэнгүй, түгшүүртэй ч юм шиг хүлээж авдаг. Философич ч бас үүнтэй төстэй байдалд ордог. Харин ажил мэргэжлээ эрдмийн цол хэргэмээр чимээд хэлчихвэл хавьгүй дээрдээд явчихна. Философийн профессор гэчихвэл хавьгүй буурьтай сонсогдоно биз дээ! 

Даан ч яруу найрагт профессор гэж байдаггүй. Байдагсан бол нарийн мэргэжлийн судалгаа, тогтмол өгөх шалгалт, ном зүй, лавлагаагаар баяжуулсан онолын диссертациар дамжаад, эцэст нь ёслолын байдалтайгаар дипломоо гардан авах ёстой болно гэсэн үг юм. Яруу найрагчийг яруу төгөлдөр шүлэг найргаар бус, тамгатай цаасаар тодорхойлдог болоод ирнэ гэсэн үг. Чухам ийм үндэслэлээр Оросын яруу найргийн бахархал, хожмын Нобелийн шагналтан Иосиф Бродский цөллөгт ял сонссон гэдгийг санацгаая. Түүнд яруу найрагч болохыг зөвшөөрсөн албан ёсны гэрчилгээ байхгүй учраас л Зөвлөлт "нийгмийн туст хөдөлмөрөөс зайлсхийгч”-“нийгмийн шимэгч" гэж тодорхойлж байв шүү дээ...

Хэдэн жилийн өмнө би түүнтэй биечлэн уулзсан нь надад нэр төрийн хэрэг, баярт учрал байсан. Миний таньдаг найрагчид дотроос тэр л өөрийгөө "яруу найрагч" гэж хэлэх дуртай, энэ үгийг тэрээр дотоод сэтгэлийн угаас, тэр ч бүү хэл эрх чөлөөгөөр бялхсан үнэн сэтгэлээсээ хэлж байгааг анзаарсан шүү. Залуу насандаа амсаж туулсан харгис доромжлолоор дүүрэн замналаа эргэн санадаг болохоор тэр дээ гэж би бодсон.

Хүний эрх зөрчигддөггүй, нэр төр тийм ч амархан гутаагддаггүй, аз жаргалтай орны яруу найрагчид бүтээлээ хэвлэгдэхийг, уншигдахыг, ойлгогдохыг хүсдэг болохоос, өдөр тутам бусдаас ялгарах гэж чармайдаггүй. 

Харин өнгөрөгч ХХ зууны эхний арван жилд яруу найрагчид гоёмсог хувцас, этгээд зангаараа хүмүүсийг цочирдуулах хорхойтой байсан л даа. Тэдний шүлэг нь яруу найраг гэхээсээ илүү олон түмний таашаалд тохирсон үзвэр, үйлчилгээрхүү харагдаж байв. 

Өнөөгийн найрагчид хаалгаа хааж, бүхий л нөмрөг, гоёл чимэглэл болон яруу найргийн бусад тоноглолоо тайлж, чимээгүйхэн өөрийгөө хүлээнгээ, бичиж амжаагүй цулгуй цаастайгаа золгоно. Чухам энэ л найрагчийн хамгийн гол утга учир нь юм шүү дээ.

Хаа сайгүй байдаг элбэг зүйл яръя. Аугаа эрдэмтэд, алдарт уран бүтээлчдийн тухай намтарчилсан олон кино байнга гардаг. Алдар хөөцөлдсөн найруулагчдын үүрэг бол шинжлэх ухааны чухал нээлтүүд, эсвэл алдар суут урлагийн бүтээлийг бий болгоход хүргэсэн бүтээлч үйл явцыг тодруулан өргөн олонд танилцуулах явдал юм. Зарим эрдэмтний ажлыг ийм нягт нямбай үзүүлэх боломжтой л доо: лаборатори, янз бүрийн төхөөрөмж, хөдөлгөөнд оруулсан механизмууд нь үзэгчдийн анхаарлыг торгоогоод байлгүй ч яахав. Түүгээр зогсохгүй мянга дахь удаагаа хийсэн туршилтандаа бага зэрэг өөрчлөлт зориглон оруулаад, хүсэн хүлээсэн эцсийн үр дүнг авчрах эсэхэд эргэлзэх гайхалтай гоё мөч ч байдаг.

Зураачдын тухайд бол хэлэх ч юм биш, тэднийг киногоор гайхамшигтай харуулж болно. Уран зураг бүтээх бүх үе шатыг, эхний зурааснаас эхлээд бийрний сүүлчийн хялгасны таталбарыг оруулж болно. Хөгжмийн зохиолчдын тухай кино нь уран бүтээлчийн өөрийн сэтгэлийн гүнээс сонсдог далд эгшиглэнгээс аваад хөгжмийн зэмсэгт зориулж бичсэн бүтээлийн төгөлдөр хувилбар хүртэлх аялгуугаар дүүргэнэ. Олонд түмэн “онгод” гэж нэрлэдэг үзэгдлийн хачирхалтай гэнэн зураглал цааш үргэлжлэх авч сэтгэлийн нууцлаг байдлын талаар юу ч хэлдэггүй. Тийм байлаа ч үзэгчид ядаж л харах, сонсох юмтай хоцроно.

Харин яруу найрагчийг ийм үзүүлбэрийн гол дүрд тоглуулъя гэхэд даанч найгүй. Тэдний ажлаас ямар ч олигтой зураглал гарахгүй. Нэг хүн ширээний ард сууж эсвэл буйдан дээр хэвтэж, хана, тааз руу хөдөлгөөнгүй ширтэж, үе үе хэд гурван мөр сараачих боловч үүнээ хэдэн минутын дараа ураад хогийн сав руу шидчихэнэ. Ингээд нүдэнд өртөх хөдөлгөөн үгүйгээр дахин нэг цаг өнгөрөөнө. Юу ч болохгүй... Ямар үзэгч ийм юм харж суун тэвчих юм бэ! 

Сая онгодын тухай дурьдаад л өнгөрлөө. Орчин үеийн найрагчид “Онгод гэж юу вэ” гэхээр хариулахаас зайлсхийдэг. Сэтгэл зүрхний гүнээс өөрийн эрхгүй бургилж буй тэр тэмүүллийн ач холбогдлыг ойлгохгүйдээ биш ээ. Шалтгаан шал өөр. Өөрөө ч ойлгохгүй байгаа юмаа өрөөлд тайлбарлах гэж оролдох ямар билээ, тэгээд л тэр.

Заримдаа, надаас ч үүнийг асуудаг. Би ч тэднийхээ адил асуудлын мөн чанараас дөлнөө бас. Гэхдээ, “Оргүйд орвол оромтой” гэгчээр нэг иймэрхүү байдлаар хариулчихдаг юм: Онгод бол яруу найрагчид төдийгүй бүхий л уран бүтээлчид заяасан онцгой бэлэг биш. Онгодтой тодорхой бүлэг хүмүүс байдаг, байсан, үргэлж байх болно. Тэд бүгд хийх ажлаа өөрсдөө ухамсартайгаар сонгоод, түүнээ төсөөлөл, хүсэл тэмүүллээрээ бүтээдэг. Ийм эмч байна, ийм багш байна, ийм цэцэрлэгч байна, өөр цаана нь зуу зуун мэргэжил бий. Тэдний ажил нь шинэ шинэ сорилттой тулгарах тусам улам урамшдаг. Зовлон бэрхшээл, бүтэлгүйтэл тохиолдох боловч тэдний сониуч зан, бүтээлч тэмүүлэл нь хөрч, унтардаггүй. Оройд гарсан, ардаа үлдээсэн бүгдийн хойноос шинэ шинэ бүтээлч уриа дуудлага амилан босч, эзнээ сэрээн дуудна. Онгод нь "Би энийг мэдэхгүй байгаа юм байна шүү" гэсэн сэхээрлээс урган төрдөг.

Даанч ийм хүн тийм ч олонгүй. Хорвоогийн хүмүүний ихэнх нь амь зуухын тулд хөдөлмөрлөж, амжиргаа залгуулах өөр сонголтгүйгээр ажилладаг. Хүсэл тэмүүллээр бус, харин амьдралын нөхцөл байдал нь тэдэнд зориулж ажлыг нь сонгодог. 

Хүссэн болгонд олддоггүй ажил учраас үнэлэгддэг байлаа ч хамаагүй. Өөрт таалагддаггүй, уйтгартай хөдөлмөр бол хүний хамгийн хэцүү зовлонгийн нэг юм. Ирэх зуунууд ч энэхүү гунигийг аз жаргалтай байдлаар хувиргах нь юу л бол? 

Харин яруу найрагчдыг онгодтой төрдөг онцгой тавилангаас нь салгасан ч, тэд тэртэй тэргүй хувь заяагаа өөрсдөө сонгосон нийгмийн цөөнхийн бүлэг гэж би баттай итгэдэг. 

Эргэцүүлэн бодвоос, өөрийн хүсэл, дуршлаар замналаа сонгогчид хэн боловч эргэлзээ төрүүлж магадгүй юм. Янз янзын тарчлаан баясагчид, дарангуйлагчид, туйлшрагсад, уриа лоозон барьж чангаар орилолдон эрх мэдлийн төлөө улайрагчид ч гэсэн ажилдаа дуртай, овсгоо самбаатай, тэрийгээ баяр хөөртэйгээр гүйцэтгэдэг. 

Тийм ээ, гэхдээ тэд "мэддэг". Тэдний “Би мэдэж байгаа” хэмээх ганц мэдрэмж бүх насанд нь хангалттай. Дуршил, шунамхайрлыг нь сулруулж магадгүй учраас, тэд энэ “мэддэг юм”-наасаа өөрийг сонирхдоггүй. Шинэ, шинэ асуулт өөрөөс ургуулдаггүй алив мэдлэг хурдан үхэж, амьдралын таатай дулаан нь алдагддаг. Эртний болон орчин үеийн түүхээс харвал зарим тохиолдолд энэ нь нийгэмд аймшигтай гамшиг авчирдаг аюул болдог.

Тийм учраас л “Би мэдэхгүй" гэсэн жижиг хоёр үгийг би маш их үнэлдэг. Жижиг, гэхдээ хүчирхэг жигүүртэй. Бидний сэтгэл дотор оршиж буй амьдралын эзлэх зайг тэлж өгдөг. Манай царцанги Дэлхийд давчдан ядаж буй амьдралын ноогдсон талбайг нь өргөсгөж өгдөг. Исаак Ньютон өөртөө “Би мэдэхгүй” гэж хэлээгүйсэн бол нүднийх нь өмнө мөндөр шиг асгарах цэцэрлэгийнх нь алимнаас сайндаа л тонгойн ганцыг шүүрээд амтархан хазлах байсан биз. 

Хэрэв миний “алтан нутаг” Мариа Склодовска-Кюри өөртөө "Би мэдэхгүй" гэж хэлээгүй бол, тэрээр тохитой айлын охины тавилангаар дунд сургуулийн химийн багш болж, энэ хүндтэй ажлыг эрхэлсээр амьдралаа өнгөрөөх байсан байх. Гэвч тэр "Би мэдэхгүй" гэж өөртөө давтан давтан хэлсэн. Тэр үг нь л Мариаг хоёр удаа Стокхолмд авчирч, үргэлж эрэл хайгуул хийдэг “гар хуруу өтчихсөн” аятай зүгээр тайван сууж чаддаггүй хүнд олддог Нобелийн шагнал хүртээсэн.

Яруу найрагч ч гэсэн, (үнэхээр жинхэнэ яруу найрагч л юм бол) "Би мэдэхгүй" гэж өөртөө байнга давтаж байх ёстой. Тэр юм болгонд хариулах гэж оролддог ч, цэг тавьсан даруйдаа эргэлзэж, энэ бол туйлын хангалтгүй түр зуурын хариулт гэдгээ ойлгодог. Дахин дахин үйлдсэн, дараа дараагийн сэтгэл ханамжгүй гаргалгааг хожмын утга зохиолын түүхчид том хавчаараар өлгөн гаргаад "ололт" гэж нэрлэх болно.

Заримдаа би биелэх ямар ч боломжгүй байдлын талаар хий мөрөөдөлд автдаг. Жишээлбэл, Номлогчтой өөртэй нь хөөрөлдөх боломж надад олдлоо гэж зориглон төсөөлөв. Тэрээр хүн төрөлхтний бүх оролдлого, дэмий хоосон зүйлийн тухай сэтгэл давчдам гашуудлын зохиогч нь юм. Ядаж л миний хувьд хамгийн аугаа найрагчдын нэг учраас би түүнд хүндэтгэлтэйгээр бөхийх болно. Тэгээд би мутрыг нь атгалаа. "Гэрэлт шар наран дор шинэ юм юу ч алга" гэж та бичсэн шүү дээ, Номлогч оо. Гэтэл та өөрөө наран дор шинээр төрсөн. Бүтээсэн шүлэг тань ч бас л наран доорх шинэ зүйл, учир нь таниас өмнө хэн ч ингэж бичээгүй. Таниас өмнө амьдарч байсан хүмүүс бичсэнийг тань уншиж амжаагүй байсан болохоор уншигч болгон тань шинэчүүл байлаа. Тэгэхээр таны сүүдэрт нь сууж байсан мөнх ногоон мод ч дэлхий үүссэн цагаас хойш энд ургасангүй. Тэрийг таны мэдэхтэй төстэй өөр нэг мод эхийг нь тавьсан биз, гэхдээ төстэй л болохоос яг адилхан биш. Нэмж хэлэхэд, Номлогч оо, гэрэлт шар наран дор та ямар шинэ зүйл бичих гэж байгааг асуумаар байна. Танд өөрийн бодолдоо нэмж оруулах зүйл байна уу, эсвэл заримыг нь үгүйсгэх ч юмуу? Та өмнөх шүлэгтээ ч гэсэн түр зуурын баяр баясгалан хавчуулаастай байгааг өөрөө анзаарсан уу? Магадгүй, таны наран доорх шинэ шүлэг тэр тухай байх болов уу? Танд аль хэдийн бичсэн тэмдэглэл, анхны ноорог байгаа юу? Та "Би бүгдийг бичсэн, одоо надад нэмэх зүйл алга" гэж хэлэхгүй байх. Тань шиг аугаа хүн битгий хэл, хорвоогийн аль ч найрагч ингэж арай хэлэхгүй дээ.

Хорвоо ертөнцийг би яаж төсөөлдөг байсан хамаагүй, түүний аймшгаас зүрх үхэн, өөрсдийн арчаагүйд гутарч, хүн, амьтан, магадгүй ургамлын зовлон зүдгүүрийг (ургамал зовлон зүдгүүрээс ангид гэж хэн хэлэх юм бэ?) үл тоомсорлодогт нь хилэгнэдэг. 

Дэлхийн эргэн тойронд гэрэл сацруулан гялалзах одод, оддыг тойрон эргэлдэх гаригууд амьтай, амьгүйг ёстой бүү мэд. Үзэж амсах тасалбартай ирсэн энэхүү өргөн уудам театрынхаа талаар бид юу төсөөлөхөөс үл хамаараад, эрхийн бичгийн хүчинтэй хугацаа нь хөгийн богинохон, ердөө тодорхой хоёр огноогоор хязгаарлагддаг. Бид энэ ертөнцийн талаар юу гэж боддог байлаа ч хамаагүй, цул гайхширал, нуль гайхамшиг.

Үнэндээ бол "гайхамшигтай" гэсэн нэршилд учир шалтгааны нэгэн урхи бий. Эцсийн бөлөгт бидний мэддэг, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, бидний дассан зүйлс маш “тодорхой байдал”-тай бөгөөд түүнээсээ хазайсан болгонд бид учиргүй гайхдаг. Гэтэл “тодорхой байдал” гэж орчлон ертөнцөд ерөөсөө байдаггүй. Бидний гайхширал бол аяндаа гэнэт төрдөг болохоос, ямар нэг юмтай зүйрлэж харьцуулсны дүн биш шүү дээ. 

Үгээ нэг бүрчлэн тунгаан бодохгүй хэлдэг хар ярианд "жирийн ертөнц", "энгийн амьдрал", "ердийн үйл явц", “байдаг л юм” гэсэн нэршил дүүрчээ.

... Тэглээ гээд, яруу найргийн хэлэнд үг бүр нь жинтэй агаад “энгийн л нэг”, “байдаг л юм” гэх ойлголт үгүй. Угаасаа, “Ямар нэгэн хад чулуу” , “Байдаг л нэг үүл”, “Ерийн нэгэн өдөр, “Ердөө л байдаг л шөнө” гэж үгүй. Энэ ертөнцөд хэн төрж, хэн үхэж, юу оршин тогтнох нь энгийн зүйл яавч биш ээ! 

Ингээд харахаар, яруу найрагчдад хийх юм мөн ч их байна аа.

1996

В. Шимборска

АЛМАСТ БИЧСЭН ЗАХИАС

Гималайн уулс

Сар шиг нүүнэ

Гэнэт онгоц хөөрөхөд

Тэнгэр цуураад

Гэмгүй цагаан үүлс

Урагдаж хэмхрэв, гэвч

Дүлий цагаан дайд

Дүмбэ царайлах


Доор нь алмас бас

Долоо хоногийн гурав дахь өдөр

Үсгийн цагаан толгой

Үржүүлэхийн хүрд 

Чагталж зүссэн алим

Цас ч энд хайлна.


Хэн минь! Манай энд

Хэрэг түвэг сийхгүй хийнэ

Хэлэх ч юм биш,

Цаазын ял ч онооно


Өчигдрийн нуранги дээр

Үрсээ бойжуулахыг үзнэ үү, чи 

Мартсаны минь шагналд ирсэн

Маргаашийн итгэл гэж тэр


Алмас аа, гэвч. Бид Шекспиртэй

Аялгуу дуурьсах хөгжим хийлтэй

Аль эсвэл харанхуй нөмрөхөд

Асааж гэрэлтүүлэх дэнлүү ч байгаа.


Дээрээ саргүй

Дэргэдээ газаргүй

Нусаа хацартаа наасан

Нулимс нь зовхиндоо хөлдсөн

Энэ нэг, өөр “алмас”-ыг бодоод

Эргээд ирэх арга юу байна? 


Орон гэрийн минь хана хэмээх

Ойчиж эмхэрсэн нуринга дотроос

Үүрдийн жаварт нь дулаацах гэж

Үүдээ нээгээд, Алмасыг дууднам ! 

                                               1957