Түлшээн элчийн тэмдэглэл
Түлшээнийг эгэж ирсний дараа Энх-Амгалан зарлиг гаргаж, 1716 онд Равжирыг Манж-Зүүнгарын хилийн ойролцоо Хамид томилон суулгаж, Зүүнгарыг тандан сэргийлэх үүрэг хүлээлгэж, дахин яс хаях гэж оролджээ. Равжирыг нас барсны дараа түүний ахмад хүү Дэнзэн эцгийн орыг залгасан ба 1740 онд Дэнзэн нас барсанд түүний ууган хүү Лувсандаржаад хэргэм залгамжлуулж, төрийн бэйл өргөмжлөв. 1753 оноос тэднийг Эзнээ голын хавь нутаглуулснаас ахиж хөдөлсөнгүй, өнөөгийн Эзнээн торгууд хошуу ийнхүү буй болжээ.
Энэ тайлан, замын тэмдэглэлийг анх Оросын манжич А.Л.Леонтьев “Путешествие китайского посланника к калмыцкому Аюке хану, с описанием земель и обычев Российских” нэрээр орчуулсныг Эзэн хааны ШУА-аас эрхлэн Санкт-Петербург 1782 онд хотноо хэвлэжээ. Түүнээс хойш орос хэлээр ахиж хэвлээгүй байна. Номыг тэр даруй англи, герман, франц хэлээр орчуулж хэвлэсэн нь Европт бараг л Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” тэмдэглэлийн дайтай шуугиан тарьжээ. Элчийн нэрийг Хятад сурвалжид Ту ли Чень, Орос орчуулгад Тулишень гэж бичсэн агаад СГЗ орчуулагч Ж.Нэргүй монгол хэлний аялгаар Түлшээн гэж буулгажээ. Харин торгууд, тод үсгийн “Торгууд хаадын тууж” сурвалжид Толишин гэсэн байдаг.
Түлшээн 1712-1715 онд Оросоор аялж, Халимагт хүрээд буцжээ. Тэрээр манжийн ноёлогч айсигүрү овгийн түшмэл, манж хүн ажээ. Өөрөө ч тэмдэглэлдээ үүнийгээ бичсэн байдаг. Түүний очсон даалгавар нь өнөөгийн Эзнээн торгуудын асуудлаар Аюук хаантай хэлэлцэх далимаар Оросын байдлыг тандах, мөн Халимагийн байдлыг нүдээр үзэхэд оршиж байсан ажээ. Харин торгуудууд түүнийг Зүүнгартай муудалцуулах далд зорилготой хэмээн ихэд сэжиглэн харж байсан нь тодорхой байдаг, түүнийгээ ч бичиж үлдээжээ. Тиймээс манж, торгууд хоёр сурвалжийг харьцуулан сонирхуулъя!
“Торгууд хаадын туужид”, шороон барс жилд (1698 он) Аюук ач хүүгээ, Равжирыг “Далай ламын гэгээнд мөргөж, лам нарыг залж иртүгэй” хэмээн Түвд оронд зарав. Равжир Түвдэд одоод харих мөртөө Хятад хаанд (Энх-Амгалан хаан) одож бараалхсанд Хятад хаан нь аргаар Равжирыг орондоо (улсдаа) бариад 10 жил өнгөртөл эс тавьсан тул Аюук “Ачаа хариулж авсу” хэмээн сэтгэж, Петр хаанаас гуйж, Самдан хэмээх элчийг Хятад оронд зарсан нь усан луу жилд (1712 он) Оросын сайд Николтойн (Николай Суговцев) хамт Бээжин хотод хүрч ирсэнд, тэднийг Хятад хаан үлэмж баярын дүртэйгээр угтаж аваад их хүндэлсэн боловч “Замд Хасагийн нутагт хор болжухуй хэмээн айж, Равжирыг эс тавив” хэмээгээд даруйд Хятад хаан, зэргээр Аюукад Толишин хэмээх тэргүүтэй элчийг зарсан нь Орос Сибир мужаар алслан усан могой жилд (1713 он) Цэрижин (одоогийн Волгоград) хэмээх хотын ойр “Манай тохой” хэмээх газарт Аюукын гэрт ирж, Аюук хаанд бараалхав гэжээ.
Равжирыг Түвд явсан жил Зүүнгар-Хасагийн дайн өсөрхүү Тауке хаанаас болж дэгдээд байв. Урьд нь Галдан бошигт Таукег бутцохиж дундад Азийн Ташкентаас бусад бүх хотыг булаан аваад зогсохгүй хүүг нь барьцаалж, Далай ламын хажууд суулгажээ. Гэвч хожим Манжтай дайтахын тулд ар талаа бэхэлж буцаан өгсөн байдаг. Галдангийн орыг Цэвээнравдан залгамагц Таукегийн зарлигаар Цэвээнравдан хааны сүйт бүсгүй Сэтэржавыг хаанд буулгахаар дагалдан явсан Туркестан дахь Зүүнгарын амбан захирагч ба торгуудын хамгаалах цэрэг рүү хасагууд довтолжээ. Довтолгооныг няцааж, Сэтэржав хатныг хаанд буулгажээ. Үүний дараа Цэвээнравдан хариу дайн дэгдэж, Торгууд, Зүүнгар Хасагийг даруй хавчин довтолж бутаргажээ. Ингээд зам цэвэр болсон даруйд Равжирынхан Хасагийн нутгийг аюулгүй туулж Түвд хүрчээ.
Цэвээнравдан дайнд ханасангүй 1708, 1710-1711 онд дахин довтолж гурван ордыг хүчлэн дарав. Ойрадууд өсөрхсөн байлаа. Хасаг, каракалпакууд Ташкентад бүгэв. Нөхцөл байдал маш хүнд, Хасаг ордууд золтой л үнсээр хийсчихээгүй тул 1710 онд Каракумын элсэн цөлд Хасгийн гурван ордын төлөөлөгчид хуралджээ. Тэнд Бөгенбай баатараар удирдуулсан нэгдсэн арми зохион байгуулж, Ойрадуудын довтолгоог түр зогсоож чадсан байна.
Энэ үед буюу Хасагууд Ташкентад хориглолтонд орсон 1710-аад онд Равжирын 500 хүн аюулгүй буцаж ирэх бололцоотойг Аюук хаан мэдэж байв, Хасагийн нутгаар дайруулах аюултай гэдэг бол “шалтаг” гэж үзсэн бололтой. Энэ үеэр Зүүнгараас олон хүн Халимагт нүүж очсон байдаг. Тиймээс завдаж Энх-Амгалан хаанаас албатуудаа нэхжээ. Учир нь Аюук Цэвээнравдантай тохирч бүх торгуудыг Ижил мөрөнд татан авахыг эрмэлзэж байв.
Энх-Амгалан хаан Равжирыг Сэртэй хэмээх газар нутаглуулан суулгаж, харьяат ардаар нь нэгэн хошуу зохиож, өөрийг нь засаг ноёноор өргөмжилсөн байв. Равжирыг барьцаалж, Аюукыг турхирах зорилгоор Түлшээн Халимагт очсон бөгөөд энэ үед Цэвээнравдан Хамиг довтолсны хариуд Чин гүрэн Зүүнгарын эсрэг дайнд бэлтгэж байв.
Түлшээн амжилт олоогүй ч 1715 онд Зүүнгар-Манжийн шинэ дайн эхэлж, 1723 он хүртэл үргэлжилсэн билээ. Энэ зуур Хасагууд сэхээ авч сөрөг довтолгоонд орсон ч амжилт олсонгүй. Цэвээнравдан Орос, Хасаг, Манжийг гурван фронтод няцааж Эзэнт гүрнээ тогтоож чадсан билээ. Дөрөв дэхь фронтыг Халимагуудаар нээлгэхийг хүссэн ч чадаагүйн шалтгаан энэ хоёр сурвалжид туссан байдаг.
Түлшээнийг эгэж ирсний дараа Энх-Амгалан зарлиг гаргаж, 1716 онд Равжирыг Манж-Зүүнгарын хилийн ойролцоо Хамид томилон суулгаж, Зүүнгарыг тандан сэргийлэх үүрэг хүлээлгэж, дахин яс хаях гэж оролджээ. Равжирыг нас барсны дараа түүний ахмад хүү Дэнзэн эцгийн орыг залгасан ба 1740 онд Дэнзэн нас барсанд түүний ууган хүү Лувсандаржаад хэргэм залгамжлуулж, төрийн бэйл өргөмжлөв. 1753 оноос тэднийг Эзнээ голын хавь нутаглуулснаас ахиж хөдөлсөнгүй, өнөөгийн Эзнээн торгууд хошуу ийнхүү буй болжээ.
Харин Цэвээнравдан Манжийг бутниргээд Хасагийн эсрэг цэргийн ажиллагаагаа сэргээсэн бөгөөд энэ “Их гай гамшгийн жилүүдэд” Хасагийн ордууд тулалдаанд сая гаруй хүнээ алдаж, 200 мянга гаруй хүнээ олзлуулжээ. Зүүнгарын дарамтыг тэсээгүй бага жүзийн Абулхайр хан 1726 онд Оросын эзэнт гүрэнд Хасагийг харьяат болгох хүсэлт гаргажээ. Хожим бага жүз торгуудыг буцаж нүүхэд Оросын даалгаснаар улайран мөрдөнө! 1727 онд Цэвээнравдан хаан өвчнөөр таалал төгссөн юм. Уг нь тэд ганц жил л тэссэн бол...
Түлшээний бичсэнээр бол тэр үед Халимагийн хаант улс Оросоос илэрхий бие даасан байдалтай оршин байжээ. Тэрээр, “Оросын хаант улсаас урагш нутагтай улсууд Торгууд, Каракалпак, Цэвээнравдангийн хасагууд (Хасагийг Зүүнгарын харьяат гэжээ), Бурууш (Киргиз? Ойрадууд Киргизийг Буруд гэдэг), Макуут (Мангуд?), Бухар, Кызылбаш, Эргүнэ, Хан, Хар, Күүч, Аску, Турмуун, Шажаан (Перс)” гэх мэт болно гэж бичжээ.
Оросууд Манжийн элч нарыг Аюуктай уулзуулахдаа тийм ч дуртай байгаагүй бололтойн дээр торгуудууд ч хүлээн авах эсэхээ сүрхий ярилцсан бололтой. Харин Энх-Амгалан хаан хаан үүнийг магадгүй хэмээн болгоомжилж Равжирын харьяат дөрвөн хүнийг өгч явуулснаар уулзалт болжээ.
Энх-Амгалан хаан Түлишэнтэй хамт Шугай нэрт болон бас гурван торгуудыг Аюукт очуулсан байдаг. Түлшээн, “Саратоваас Равжирын эцэг Назар зайсангийн албатууд дөрвөн элчид тус бүр хоёр морь, Шугай болон гурван хүн тус бүрт нэг морь бэлэглэхээр хөтлөн ирж” угтаж авсан гэж бичжээ. Торгуудууд тайлбарлахдаа “Хэрэв манай хааныд холын элчид ирвэл Оросын түшмэл өөрсдийнхөө унаа хөсгөөр манайд хүргэж авчирдаг, харин буцаагаад манайхан өөрийн зардлаар Саратов хот руу хүргэж өгдөг байсан, энэ удаад Оросууд хүргэж өгч чадашгүй нь гэсэн тул манай хүмүүс зориудаар Казаньд очиж усан хөлгийг гуйж олж аваад авчирлаа” гэж хэлж байжээ.
Түлшээн: “Аюуш хааны өргөө ордын оршдог газрыг Мандухай гэнэ... Ижил мөрнөөс Мандухай хүрэх замд бас 100 гаруй мод урт сунайсан нэгэн их нуруу бий, түүний ард Мангад, амнахо хөвүүн гэдэг бага ястнууд оршин сууна. Тэднийг Түрэгийн Кунгар хааны албат байсан хүмүүд гэх юм билээ. Тэд ястад нэгэн үеийн турш торгууд, орос иргэд рүү байнга уулгалан довтолдог байжээ. Аюук хааны эзэмшил нутгийн хэр хэмжээг багцаалан хэлбэл, хойноос урагшаа 20, зүүнээс баруун тийш 30 өдөрчийн газар болно” гэжээ. Тэр үед Аюук Далай ламаас өргөмжилсөн хаан цолыг авч хэрэглээд баруун зүгт Тэн (Дон) мөрөн, дорно зүгт Зай (Урал) гол, өмнө зүгт Кавказ, умард зүгт Царыцин хүртэл нутгийг захирч байв. Петр хаантай ах дүү бололцож, Шведтэй дайтах зуур Оросын өмнөд хязгаарыг сахин хамгаалахаар болоод байжээ.
Торгууд хаадын туужид энэ тухай, “Түүнээс урьд Халимагийн тэргүүн нь тайш хэмээх цолт агсан бөгөөд Богдын гэгээн Шүхэр дайчинд хаан цол, тамга өргөсөнд Дайчин “Надтай адил олон, би ямар хаан болмуй” хэмээн гэдрэг өргөсөн аж. Аюук Орос хааны албат боловч түүнд мэдүүлэлгүй, өөрийн чадлаар тийм өндөр цолыг авав. Аюук хаан ах, дүү Зүүнгарын Ойрадыг үл умартан тэдэнтэй ураг элгэн бололцож, охиноо Цэвээнравдан хаанд өгөөд даруйд өөрөө Зүүнгарт өөд болж одож, тэнд үлдсэн Торгууд улсыг Ижилд авч ирэв. Зүүнгарт тасралтгүй дайн болж, хүн амьтан амар жаргалаас хагацсанаар Хар Халимаг хэмээх Ойрад улс нь Цагаанбаатар тайштай гал барс жилд (1686 он) Зүүнгараас Оросод нүүж ирснийг Орос хаан Агтав (Ахтуба) гол дээр нутаглуулав. Тэр цагт Оросын Петр их хаан “Өөрийн биеэр харь газарт одож, аливаа уран эрдэм сурч ирээд хойно албат нартаа сургасу” хэмээн хүсэж, наран шингэх зүг дэх улсад одох гэж байхдаа “Орос орны өмнөх гадаад дайснуудаас харстугай” хэмээн Аюук хаанд даалгав... “Хэрвээ Аюук хаан нь Бухар, Хар Калпак (Каракалпак), Хасагуудыг дайлсуу хэмээвээс Орос түүнд товь (их буу) өгөх. Жил бүр 20 пүү дарь, 10 пүү хорголж өг. Орост оргосон Халимагуудыг хаанаас зарлиггүй гэртээс бүү нүүлгэ, хэрвээ нүүлгэвээс ял төл, Аюук хаан хэмээвээс албат нараа Крым ба Кубаньд илгээж, дайлан явуулж болох. Хэрвээ Халимагууд дийлэгдээд Орос хотод хоргодвоос тэднийг хөөхгүй, харин туслалцъя” хэмээсэнд тэр мэт хэлэлцээ хэлэлцжээ. Орос нь тэр мэт Аюук хааныг аргадсан бүлгээ... гэжээ. Энд эшлэсэнчлэн Аюук Далай ламаас хаан цолыг нэгэнт авсан тул “Торгууд хаадын тууж” гэгдэх болжээ, халимаг аялгад тууж гэдэг нь түүх гэсэн үг. Орчин цагийн хэлнээ “Торгууд хаадын түүх” болно.
Манж, Монгол (торгууд) хоёр сурвалжид Аюук хааны өргөө буусан газрын нэр "Мандухай", "Манай тохой" гэж хоёр янзаар бичигдэж байна. Манай тохой нь зөв бололтой, торгууд аялгаар “мана тоха” гэж хэлнэ, тод үсгээр бичвэл “ману тохай” болно. Хятад үсгээр нийлүүлж бичсэнээс “манатохай” болж улмаар Орос, орчин үеийн хэлнээ “Мандухай” гэж буусан байх. Энэ удаад би манай орос хэлний толгой гүүш СГЗ Ж.Нэргүйн оросоос эхээс орчуулсан “Түлшээн элчийн тэмдэглэлийг гол болгож, “Торгууд хаадын тууж”-тай харьцуулан бичиж байгаа учраас ийм нэмэлт тайлбар хийж байгаа болно.
Манай тохойн ойролцоох Цэрижин гэгдсэн хот бол өнөөгийн Волгоград хот юм. Царыцин нь 1925 оноос Сталинград, 1961 оноос Волгоград гэгдэх болсон алдартай хот билээ. Царыцин нь түргээр “Сары-су” буюу “Шар ус” гэсэн үг бол Саратов нь “Сары-тау” буюу “Шар уул” гэсэн үг. Түлшээн “Саратоваас Тэнгис нуур (Каспийн тэнгис) хүртэлх замд “Сираа, Камуси (Камышин), Царыцин, Краснояр, Чёрный яр, Астрахань зэрэг хотууд бий” гэсэн байна. Өдгөө ч энэ хотууд газрын зурагт байна.
Түлшээн Аюук хаантай мэнд мэдэхийн ялдамд “Манай Эзэн хаан Равжир бэйсийг эх нутагт нь буцаан явуулахын бэлгэдэл болгож түүний албатуудаас дөрвийг нь сонгон ирүүлж байна. Энэ дөрвөн албатыг нэлээд эртнээс буцаахаар Оросын комиссартай хэлэлцэн байтал ашгүй аз болж Аюуш хаан Таны элч төлөөлөгч ноён их бэлгийг барин очсоноор, одоо л Тэнгэр язгуурт их Эзэн хааны элч бидний далимаар ирж байгаа болой” хэмээсэн нь үүнийг батлах мэт. Энэ үгийг Энх-Амгалан хаан элч нараа үдэхдээ онцлон захиж хэлсэн байдаг. Үүний дээр “Миний бие Равжирын албатуудыг саадгүй нэвтрүүлэхийг мэдүүлэн хиа-түшмэл Киледейгээ Цэвээнравдан хаан руу элч болгон явуулсан болохыг сайтар тогтоон авсугай! Түшмэл Киледейг буцан ирсэн хойно яах тухайгаа араас чинь тусгайлан мэдээ занги хүргэх болно гэдгийг мэдтүгэй!” гэж хэлүүлсэн байдаг.
Торгууд хаадын туужид: Хятад элч нарын хүүнэлгэ (яриа) нь “Аюук хааны амар амгаланг айлтгаж, Равжирыг Орос газраар нутагтаа харьтугай хэмээн Аюуктай хамт Петр хаанаас зам эрье хэмээн ирвэй” хэмээсэн боловч ондоо шалтгаан нь болвол Орос улсын газрыг үзэх, бас ч Халимагуудаас Орос төрийн байдлыг мэдэх, хэрэв бололтой (боломжтой) бөгөөс Аюук хаан, Цэвээнравдан хоёрыг хэрэлдүүлэх хэмээсэн тийм сэтгэлтэй ирсэн бүлгээ. Аюук хаан нь харь яст Манжийн мэхэнд орж, халуун төрлөө, Зүүнгарыг огоорох тийм охор ухаант хүн бус агсан бүлгээ. Манж хааны бичгийг сөгдөн аваад, элч нарыг нь маш их хүндлээд “Дээд эзэн хуанди миний ачийн тухайд тэр мэт сэтгэлээ зовнисонд үлэмж ханамуй. Даруй Равжирыг Монгол орноор ирвээс үнэхээр аймшиг олон, түүний тул Сибир орноор буцтугай хэмээн цагаан хаанаас гуймуй, зарлиг буулгасан даруй дээд богд эзэнд айлтгамуй” хэмээн өгүүлж элч нарыг буцааснаар Хятад элч нар санасандаа хүрэлгүй, дэмий явдал хариуцалгүй буцав... гэж тавлангуй бичжээ.
Энх-Амгалан Түлшээнд зарлиг болгохдоо: “(Оросууд) Наашаа ер юунд ирэв?” гэж асуувал “Бид Таныг зорьж гарсангүй ээ, Аюуш хаанд бараалхах чухал даалгавартай л гарсан” гэж хариул гээд “Хэрвээ Аюуш хаан манай гүрэнтэй хамтран Цэвээнравданг хоёр талаас довтолтугай хэмээх болбаас тэр талаар юу ч битгий амалтугай, харин ийм л хариу барьтугай, Цэвээнравдан хаан болбаас манай эзэн хаанд их л үнэнчэр хандаж, элч ноёдоо явуулан мэхийн ёсолж, өргөл барьц, өглөг татвараа цаг алдалгүйбарьж байдаг, хариуд нь манай хаан баясан талархаж, асар их шан харамжийг үл харамлан найрсдаг, хэдийгээр Цэвээнравдангийн цэрэг эрчүүл сул дорой, зэр зэвсгээр тааруу ч гэлээ гэрэлт нарны доорхи үй түмэн улс ардыг амгалан тайван байг хэмээн тэнгэр бурхандаа залбиран суудаг манай гэгээн буянт хаан түүн рүү гар далайж итгэлийг нь эвдэхийг хүсдэггүй, тэгээд ч ийм дайныг өдөөх нь хэтэрхий том хэрэг учраас манай төр хүний урд орж гүйхгүй, харин танай зүгээс энэ талаар эрхэмлэн гуйх аваас манай хаан зөөлөн хүн учир төдийлөн татгалзахгүй л болов уу гэж хэлэгтүн. Миний элч таануус Аюуш хаанд ийм л бодлогыг таниулан бариарай, Цэвээнравдангийн хувьд ч гэсэн миний ухаан бодол ийм л байдгийг санагтун!” гэжээ.
Түлшээнийг Аюук хааны хатан Дармабал үжин, Өөлдийн Очирт сэцэн хааны хатан бөгөөд Аюук хааны эгч Доржравдан, Аюук хааны агь (хүү) Шагдаржав (торг. Чагдаржав) хүлээн авчээ. Энэ хүмүүс Халимагийн түүхэнд хожим их үүрэг гүйцэтгэнэ. Энэ явцад торгуудууд элчийн зорилгыг яг сайхан тайлж уншжээ. Хэрэв дайн болбол Аюукын хүсэлтээр л болсон гэх заль мэх Манжид байсны дээр, Халимагуудад ер итгэхгүй байсныг мэджээ. Тэр зуур Түлшээн Оросууд Петр хаан Шведтэй хүнд дайн хийж байгааг мэдсэний дээр “Шведийн хааныг Коросуль гэдэг, нас 33, нийслэлийг Стеколно гэдэг” хэмээн тэмдэглэж авчээ. Петр хаан Нарваг Шведээс буцаан авах гэж байлдаж байгаа ба өмнө нь ялагддаг байсан ч сүүлийн үед ялж байгааг мэджээ. Энх-Амгаланы “Хэрэв хүнд дайн хийж байгаа бол ард талдаа санаа бүү зов, бид танай араас довтлохгүй” гэсэн хааныхаа баталгааг Оросын түшмэл губернаторуудад олонтаа давтан хэлж байжээ. Бас өөрийн зэвсэглэлийг мэдэгдэхүйн тулд Манж нар нум авч явахыг зөвшөөрч хэрэв асуувал буутай гэж хэлэхийг даалгажээ.
Үүний хариуд хожим Зүүнгартай дайн эхлүүлмэгцээ Түлшээнээр дамжуулж Сибирийн амбан захирагч Гагаринд захидал бичүүлж Зүүнгарын эсрэг дайн эхлүүлснээ мэдэгдэхийн зэрэгцээ хэрэв ойрадууд Орос руу ухран гарсан тохиолдолд Оросын харьяат гэж үзэж нэхэмжлэхгүй буюу хуваан авах саналыг хүргүүлжээ. Гэвч дайн амжилтгүй болж, захидал бичсэн Түлшээн улсын нууц задруулсан хэргээр албанаас зайлуулагдаж, цөлөгдөх болно.
Ийнхүү Түлшээний зорилго үл бүтжээ, гэвч тэрбээр Оросын тухай маш үнэтэй тагнуулын мэдээллийг үлдээх болно. Торгуудууд ч түүний аргад автаагүйгээ бичиж үлдээнэ. Хэрэв бусад мэдээллийг сонирхвол СГЗ Ж.Нэргүйн орчуулсан “Түлшээн элчийн тэмдэглэл” номыг авч уншихыг хүсье! Энэ удаад зөвхөн Цэвээнравдан хаантай холбоотой хэсгийг л тодрууллаа. Хэрэв бүрэн уншвал их зүйл бий, Аюук хаан харваачдыг нь тусад нь урьж, нумыг нь барьж үзээд “бухын эврээр хийжээ” гээд тэр усны бухын талаар асуусан тухай, Манжийн хааны ав, хаан хэр харвадаг, буу бий эсэх, Чохун (Солонгос) хэмээх жижиг улсын талаар, Манжийн уугуул нутаг, Монгол-Манж нэг угсаа эсэх, тийм бол хэзээ салсныг асууж, жич хариу өгөхийг хүссэн ба Монгол бичгийн хэн анх зохиосон талаар асуусанд хэрхэн хариулсныг уншиж болно. Өөр ч олон сонин яриа бий.
Бас “Bibliotheka oiratica” цувралд багтан саяхан гарсан “Тасархай хязгаарт зарсан явдлыг тэмдэглэсэн бичиг” ботийг уншиж болох юм. “Тасархай хязгаар” гэж Халимагийг хэлжээ.