Орчуулагчаас


Израилын Ерөнхийлөгч агсан Шимон Пэрэсийн Томоор мөрөөд номыг уншиж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.

Хүн төрөлхтөн ер бусын хүнд сорилтыг туулж буй 2020 оны хавар энэ номыг орчууллаа.

Гол баатрынхаа нэгэн адил алдар цуу нь түгсэн энэ бүтээл бол  миний анхны орчуулгын ном юм аа. Сайхан мэдээ, шинэ санаа сонссоны дараа бусадтай хуваалцах хүслэн төрдгийн адил сайн номыг уншсаны дараа  орчуулан хүргэхийг мөрөөддөг юм байна. Гэхдээ ном орчуулна гэдэг санасан шиг амархан ажил байдаггүйг өөрөө сууж, хийж үзэж байж мэдэрч орчуулагчийн ажлын үнэ цэнэ, хөдөлмөрийг илүү таньж ойлгосноо бас хуваалцъя.

Гадаад яаманд ажиллаж эхэлсэн 1988 оноос хойш би англи хэлнээс орчуулга хийж, 30 гаруй жил түүнтэй “ноцолдож” яваа ч сурч дадсан “төрийн ажлын албан хэллэгтэй орчуулга”-аас тэс өөр байлаа. Иймд “ахмад мөртөө шинэ залуу” орчуулагчийн анхны бүтээлд хүлээцтэй хандахыг хүсье.

Хүүхэд ахуй цагаас Израил улс миний анхаарлыг татсаар ирсэн нь их учиртай. Олон мянган жилийн түүхтэй, Библийн сургаалд тэмдэглэгдсэн, энэ бүс нутгаас дэлхийн 3 том шашин үүссэн, тусгаар тогтнол нь ардаасаа олон бэрхшээл дагуулсан, мөн өнөөдөр ч олны анхаарлын төвд байгаа гээд улс нь өөрөө онцлог түүхтэй юм. Арабын далайд үлдэж хоцорсон Израил улс нь 1948 онд байгуулагдахдаа ердөө 806 000 хүн амтай байсан бол өдгөө 9 сая хүн амтай, эдийн засаг, техник технологи, цэрэг зэвсэг зэрэг гээд бүх талаараа хөгжсөн гэдэг утгаараа сонирхолтой санагдсан.

Нөгөө талаас ерөнхий сайд асан Шимон Пэрэс мятаршгүй тэмцэл дундаас Израил орноо хөл дээр нь босгосон, хүнд хэцүү атлаа бахархам түүхтэй хүн учраас надад их сонин байв.

2017 онд Гадаад харилцааны сайдын хувьд Израилд айлчлах үеэр Шимон Пэрэсийн төвд очсон юм. Түүний хүүтэй уулзахад аавынхаа номыг дурсгаж, уншихыг захисан юм. Буцахдаа онгоцонд уншаад энэ номыг Монголчууддаа хүргэвэл зүгээр юм байна, гарцгүй мухар мэт төсөөлөгддөг, ээдрээтэй нөхцөл байдлаас хүн өөрөө зориг тэвчээр, сэтгэл зүрхтэй байгаад уйгагүй хөдөлмөрлөвөл гарч болдог юм гэдгийг энэ номдоо өөрийнхөө амьдралаар жишээлэн, Израилын ард түмний ололт, амжилтаар нотолсон ажгуу.

Тийм учраас манай залуучуудад сургамж болог гэсэн үүднээс энэ өвөл, хаврын “Ковид 19-ийн хөл хорио” тогтоосон хүнд өдрүүдэд цаас цоохорлон, орчуулгаа дуусгалаа.

Орчуулгыг хянаж өгсөн Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, үнэт зөвлөгөө өгсөн доктор, профессор Ж.Бат-Ирээдүй, хэвлэж таны гар дээр хүргэхэд гүн туслалцаа үзүүлсэн Израил Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ц.Хэйфэц, Өргөмжит консул Д.Наран түүнчлэн НЭПКО хэвлэлийн газрын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү ном Монголчууд бидэнд Израил улс, Израилын нийгэм, түүх, эдийн засаг, улс төр болон соёлыг таниулахад тус дөхөм болно гэж найдаж байна.


Цэндийн Мөнх-Оргил


Аав чинь яг л шуурга шиг хүн шүү. Түүнийг зогсоох, хорих ямар ч арга байхгүй” гэж ээж маань хэлдэг байж билээ. Ээжийн маань зөв байжээ.
Шимон Пэрэс бол бидний хувьд аав маань, харин олон түмний хувьд Израил улсыг үндэслэгчдийн нэг байсан юм. Сайн сайхан ирээдүйг бүтээх эцэс төгсгөлгүй үйл хэрэгт аав маань бүхий л амьдралаа зориулжээ. Түүний үйл хэрэгтээ тууштай баримталдаг зарчим нь итгэл үнэмшил, дайчин зан, уян хатан байдал, байнга шинэ зүйл сурч, өөрчлөгдөж, өсөж дэвждэг чадвар байлаа. Харин түүний хамгийн аугаа зэвсэг нь ямагт итгэл найдвар байсан юм. Тэрээр итгэл найдвартаа хөтлөгдөн хатуу хөрсөнд гүн гүнзгий суурь тавьж, шатны гишгүүр нь ганхаж байсан ч айхгүйгээр бат зогсож, бидний хувьд зөвхөн мөрөөдөл байдаг тэр өндөрлөг өөд тэмүүлснээр, өмнө нь олж харж байгаагүй шатны шинэ гишгүүрийг нээж, дараа дараагийн гишгүүр өөд өгсөж ирсэн түүхтэй.
Түүний амьдралын зам хайрт эх орныхтой нь адилхан үнэмшихэд бэрх, ер бусын түүх байсан билээ. Тэрээр энх тайвныг тогтоох, Израил улсыг сайхан нутаг болгох явдал нь найрал зохистой, хөгжин цэцэглэж байгаа, энэрэнгүй ертөнцийг цогцлоох зорилго, үүний төлөө зүтгэхээс илүү эрхэм дээд тэмүүлэл байхгүй гэдэгт гүнээ итгэж байсан юм.
Аав маань “Өөрийнхөө мөрөөдлийг тоолоод, дараа нь хүрч чадсан амжилттайгаа харьцуулж үз. Хэрвээ мөрөөдөл чинь амжилтаасаа олон байвал чи өөрийгөө залуу байна даа гэж бодох хэрэгтэй” гэж хэлдэг байж билээ. Тэрээр залуу зүрх сэтгэлтэй, залуу хүмүүс, шинэ үеийнхэнд зориулж энэ номоо амьдралынхаа сүүлчийн жилд бичихдээ бид бүхнийг амьдралынх нь арга туршлагаас суралцаасай, илүү сайн сайхан ирээдүйг цогцлоох үйлсийг нь үргэлжлүүлээсэй гэсэн чин хүсэлтэй байсан юм. Энэ хүслийнх нь дагуу бид та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна.

Цвия, Ёони, Чэми нар