Пунцагийн Цагаан зориглож хөдлөөгүй бол пургисан цагаан шороо л байгаа

2017 оны долоодугаар сарын 10 -ны өдөр бүрэн эрх нь дуусгавар болсон Ц.Элбэгдоржийн үед  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан П.Цагааныг Сингапур улсад баривчилсан тухай мэдээлэл оны эхний дуулиан болов.
П.Цагааныг саатуулсан тухай мэдээллийг “Ачит ихт” компаниас үгүйсгэж байсан ч ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "П.Цагааныг Сингапурт саатуулсан нь үнэн” гэж мэдэгджээ. Хууль Зүй Дотоод Хэргийн сайдаас илүү баталгаат эх сурвалж гэж юу байх билээ. Тэгэхээр түүнийг баривчилсан гэх мэдээлэл үнэн болж таарав.
Пунцагийн Цагаан гэж хэн бэ. Эдүгээ 65 настай энэ эр хуучнаар ЗХУ-д МГИМО буюу Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийг хуульч, олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн, Алтайн урианхайн удмын хөх эрсийн нэг л дээ. Ерэн оны хувьсгалын үйл хэргүүдэд бусад нөхдийнхөө хамт оролцож явсан, Улсын Бага хуралд гавьяат хуульч Бираагийн Чимэд гуайн туслахаар ажиллаж байсан үеэс нь мэдэх юм. Тухайн үед шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах их ажил эхэлж байсан үе л дээ.
Гэхдээ энэ удаа түүний тухай биш түүнд юу гээч тохиолдоод байгааг, ер нь юу болоод буйг өгүүлмээр байна.
Түүнийг захирлаар нь ажилладаг "Ачит ихт" компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор шалгах тухай яриа гараад удаж буй. Ингэхэд “Ачит Ихт” гэж юун компани юм бэ.

“Ачит Ихт” ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, үнэгүйдэж байсан овоолгыг гидрометаллургийн аргаар уусгаж, эдийн засгийн эргэлтэд оруулан, Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэсийг үйлдвэрлэн экспортод гаргадаг компани юм.


Харьцангуй шинэ түүхтэй ч улсын төсөвт томоохон татвар бүрдүүлэгч үнэ цэнтэй аж ахуйн нэгж болон гарч ирсэн уг компанийн үйл ажиллагааг одоогоос найман сарын өмнө буюу  УИХ-ын сонгууль болохын өмнөхөн  гэнэт зогсоосон билээ.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн хоёрдугаар овоолгыг түшиглэн байгуулагдсан "Ачит Ихт" ХХК-ийн үйл ажиллагааг ийнхүү зогсоож,  34 хувийг нь төрд авах ажлын хэсэг байгуулагдсан тухай засгийн газрын шийдвэр тухайн үед сонгуульд зориулсан сөрөг хүчнийхнээ сүрдүүлэх танил технологи төдий харагдаж байсан нь үнэн.
Анх энэ компанийг байгуулагдахад “овоолгон дээр овоо доо, нэг ч гэсэн компани босоод ирлээ” гэж мэргэжилтнүүд үнэлцгээж байсан. Мэдээж хардлага сэрдлэг өчнөөн явсан.
Одоо овоолго биш болсон учраас олзлолдон булааж, ов хараандаа авна. Баялаг болчихсон учраас “Бай” мөн. Энэ бол монголд бараг жамын үйл явц болчихсон зүйл шүү дээ.
Овоолго байх үед нь Монголын Төр хэрхэн хандаж байсныг сонирхъё. “Ашигт малтмалын нөөцийн улсын комисс”-ын 1972, 1991 оны хоёр ч хуралдаанаар эдийн засгийн үр өгөөж муу, ядуу агуулгатай хүдрийн хоёрдугаар овоолгыг "Эрдэнэт үйлдвэрийн балансаас хасах шийдвэрийг  гаргаж байсан байдаг. "Эрдэнэт үйлдвэр"-ийн балансаас ийнхүү хасагдсан овоолго 30-40 жилийн турш хөсөр хэвтэхдээ агаарт исэлдэж, хур тундасын ус нэвчсэний улмаас хүчиллэг уусмал бий болж улмаар газрын хөрсөнд нэвчин, овоолгын ёроолоор хүнд метал бүхий хүчиллэг ногоон ус урсан гарч ирж байгаль орчныг бохирдуулж, сөрөг нөлөөг үзүүлж эхэлсэн. Энэ талаар мөн л байгаль орчныхон олонтаа ярьж анхааруулж ирсэн байдаг.


Овоолгууд ийнхүү "Эрдэнэт үйлдвэр"-ийн технологид тохирохгүй, балансаас хасагдсан, ядуу агуулгатай хэмээн үнэлэгдэж,орхигдсон түүхтэй. Гэтэл тэдний нэгийг түшиглэн үйлдвэр байгуулж “Ачит ихт” гэдэг шинэ компани гараад ирсэн. Зүгээр ч нэг компани биш, дэлхийн зэс үйлдвэрлэлийн 20 гаруй хувь нь ашигладаг гидрометаллургийн технологийг нэвтрүүлэн, сул хүчлийн уусмалаар бороожуулж, овоолгын ёроолоос гарч ирсэн уусмалыг нь тосож аваад, урвалжуудыг нь нэмээд шингэн уусмалаас хатуу биет болгон, Лондонгийн металлын биржийн А зэрэглэлтэй буюу таван есийн (99.999%-ийн) цэвэршилттэй зэсийг үйлдвэрлэн гаргаж авч эхэлжээ. Ингэж өнөөдрийн “дайн” эхэлсэн. Овоолго хэвээрээ байсан бол мэдээж энэ “дайн” болохгүй.


Бүх юм эрүүл саруул бодлогоор явдаг, Төр нь хувийн хэвшлээ заамдаж чирээд байдаггүй улс орон бол одоо бусад овоолгуудаа түргэн эргэлтэд оруулахын төлөө ажиллах ёстой. Хувийн хэвшлүүддээ төслүүдээ өгөөд, ахиад хэд хэдэн “Ачит Ихт”-тэй болоод авах хэрэгтэй сэн.
Өнгөрсөн оны долоодугаар сард "Эрдэнэт үйлдвэр"-ээс ажлын хэсэг гарч “Ачит ихт” компанийн цөөрмийн нөхцөл байдалтай яаралтай танилцаж, уусмал хадгалах цөөрмүүд 44-110 хувь буюу нийлбэр дүнгээр 97 хувийн дүүргэлттэй, ноцтой нөхцөл үүсэж, уусмал халих эрсдэлд хүрсэн байна гэдгийг тогтоосон. Үнэн хэрэгтээ яасан бэ гэхээр ийм байдалтай удвал байгаль орчинд ноцтой хохирол учруулах тул “Ачит Ихт” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлж, технологийн горимыг жигдрүүлэн, эрсдэлийг бууруулах зайлшгүй шаардлага үүссэн гэсэн үг. Ингээд арга буюу энэ шаардлагын дагуу “Ачит ихт” компанийн катодын зэс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хүргүүлснээр байгаль орчинд “хүхрийн хүчлийн уусмал” алдагдах эрсдэлийг зогсоосон шүү дээ.


Төр ингэж шууд булаан дээрэмдэх ажиллагаа явуулахын оронд  "Эрдэнэт үйлдвэр"-ийн энэхүү бусад овоолгуудыг яаралтай ашиглаж, хүнд металл бүхий хүчиллэг ногоон уусмалыг хаягдал усны стандартад нийцүүлэн цэвэршүүлэхгүй бол байгаль болоод хүн, амьтанд асар ноцтой хохирол учруулах эрсдэлийг дагуулж байгаа тухай мэргэжлийн хүмүүс ярьсаар л байна. Үнэндээ одоо ингэж дэмийрцгээж байхын оронд хөрөнгө оруулагчдад овоолгуудаа өгч, эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна.
Овоолгон дээр боссон “Ачит Ихт” компанийн энэ катодын зэсийн үйлдвэр бол улсын төсөв болон Эрдэнэт үйлдвэрээс нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүйгээр дотоод, гадаадын банк хөрөнгө оруулагчаас арилжааны зээл авч бий болсон Монголын үндэсний компани. Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй, исэлдсэн, ядуу агуулгатай, хоёрдугаар овоолгыг түшиглэн зэс боловсруулах гэрээг 2010 онд байгуулахдаа, катодын зэсний үйлдвэр ашиглалтад ороход Эрдэнэт үйлдвэрт 34 хувийг, “Ачит Ихт” компани 66 хувийг нь эзэмшихээр тусгасан байдаг юм байна. Ингээд 2014 онд “Ачит Ихт” компанийн катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орсон тул 2010 оны гэрээ ёсоор Эрдэнэт үйлдвэрийг “Ачит ихт” компанийн 34 хувийн эзэмшлээ авч, Улс бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлж “Ачит Ихт” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хоёр хүнээ оруулах саналыг “Ачит Ихт” компаниас албан бичгээр тавьжээ.
Гэтэл 2014 оны аравдугаар сарын 06-ны Эрдэнэт үйлдвэрээс томилогдсон “Ажлын хэсэг” үйлдвэрийнхээ бүх хэлтсээс санал, зөвлөмжийг нь авч, “Ачит Ихт” компанийн барьсан гидрометаллургийн үйлдвэр нь “Эдийн засгийн эрсдэл өндөр байх магадлалтай, маш муу төсөл” гэж үзээд Эрдэнэт үйлдвэр эрсдэлийг хамтарч үүрэх шаардлагагүй тул “Ачит Ихт” компанитай иргэний хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ бол маш сонирхолтой баримт юм.
“Ачит Ихт” компани 34 хувийн хувьцаагаа Эрдэнэт үйлдвэрт шилжүүлж бүртгүүлснээр Эрдэнэт үйлдвэр тус компанийн хувьцаа эзэмшигч болж, хамтын хариуцлага хүлээх ёстой байтал, “Ачит Ихт” компанийн 34 хувийг эзэмшиж эхэлбэл татварын эрсэлд орж болзошгүй, мөн Ачит Ихт” компани алдагдалтай ажиллавал уг алдагдлыг Эрдэнэт үйлдвэр хуваалцах эрсдэлтэй тул “Ачит Ихт” компанийн 34 хувийг бус борлуулалтын орлогоос өсөн нэмэгдэх хувиар төлбөр авахаар 2010 оны гэрээгээ 2015 онд өөрчилсөн юм байна. Ингээд 2015-2024 оны хугацаанд “Ачит Ихт” компанийн 34 хувийг эзэмшиж дарамт үүрэхгүйгээр тэдний борлуулсан бүтээгдэхүүний орлогоос Эрдэнэт үйлдвэр “сул ашиг” олжээ. Төр бүгдийн дээр, төр бүгдийг дур зоргоороо шийднэ гэдэг дүрэм ийнхүү үйлчилж буй хэрэг. Одоо манай шүүмжлэгчид “Ачит Ихт” -ийг Төрд 34 хувиа өгөхгүй гэсэн гэж ойлгоод л явж байгаа.


“Ачит Ихт” компани өнгөрсөн бүх хугацаанд 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт үнэгүй эзэмшүүлье” гэсэн саналыг тавьсаар иржээ. Гэвч Эрдэнэт үйлдвэр аваагүй. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийн овоолгуудыг түшиглэн АНУ-ын RCM компанийн 75 хувийн эзэмшилтэй “Эрдмин” компани, дотоод хөрөнгө оруулалттай “Ачит Ихт”, “Зэс эрдэнийн хувь” гэх гурван компанийн үйлдвэр ажилладаг. “Эрдмин” болон “Зэс эрдэнийн хувь” компаниуд нь исэлдсэн хүдрийг боловсруулдаг бол “Ачит Ихт” компани ядуу агуулгатай хүдрээс зэс ялган авдгаараа ялгаатай юм. “Ачит Ихт” компанийн катодын зэс ялган авах үйлдвэр ашиглалтад оруулснаар 300 орчим хүнийг ажлыг байраар хангаж, Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн таван есийн цэвэршилттэй зэсийг экспортод гаргаж эхэлсэн нь бол яаж ч үгүйсгэх боломжгүй үнэ цэн юм.
Мөн “Ачит ихт” компани Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүн борлуулсан орлого буюу овоолго ашигласны төлбөрт 29 тэрбум төгрөгийг төлж, улсад ААНБОАТ, НДШ, ХХОАТ, НӨАТ, Гаалийн татвар зэрэг найман төрлийн татвар төлж, үүнээс орон нутгийн төсөвт 37 тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд төвлөрүүлжээ.  
Мөн Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Улсын нөөцийн бүртгэлд өөрсдөө нэмж бүртгүүлэн 2017 онд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийн эзэмшигч болсноор АМНАТ-ын төлбөрт 36 тэрбум төгрөг төлсөн бол байгаль орчныг нөхөн сэргээх санд 7,5 тэрбум төгрөг, Газрын төлбөрт 3,1 тэрбум, Ус ашигласны төлбөрт 2,8 тэрбум төгрөгийг төлжээ.
Одоо энэ үйлдвэрийн гавьяаг хэн ч ярихгүй нь гашуун үнэн. Төрийн хаалт боолтод орсны улмаас хуримтлагдсан цахилгааны төлбөр мэтийг л илүү ярина. Одоо зөвхөн П.Цагаан гэх улс төрийн өндөр алба хашиж явсан эрхмийн эс үйлдэл, албан тушаалтан байхдаа мэдээллийн давуу байдлаа ашиглаж бүгдийн шуналыг хөдөлгөсөн “овоо” босгосон гэж үзэх нь чухал. Тэр овоон дээр шаазгайнуудыг суулгаад шаагиулах ажлыг хийх ёстой.  Энэ нь илүү чухал.
Тэр бол овоолго биш. Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн технологиор өгөөж муу тул үйлдвэр технологио сайжруулаад ашиглахаар хүлээгдэж байсан улсын нөөц баялаг. Эрдэнэт үйлдвэр төдийгүй эрдэнэт хотын ирээдүйг энэ нөхдүүд хулгайлсан байна. Алаад өг, хядаад хая.... гэсэн давлагаа л явна. Нөөц баялаг гэж үзэж байсан юм бол яагаад балансаасаа хасаад хаячихсан байв аа...гэх мэт асуулт сонин биш л дээ.
Бүр задгайлаад шууд хэлчихэд улс төрийн томчууд биe биeийнхээ бизнeсийг дээрэмдэх үйл явц л өрнөж байна. Үнэндээ хувийн хэвшлийнхэн улсад татвараа төлж, ажлын байр бий болгож, дэвшилтэт шилдэг тeхнологи нэвтрүүлж л байх нь илүү чухал биш юм уу.
Энд манайхан биш тэднийхэн учраас гэх тамын тогооны хууль л үйлчилж байна бус уу. УИХ-ын сонгуулийн өмнө энэ компанийг тойрсон дуулиан хэрэгтэй байсан. Нэгжлэг хийж, сонгууль санхүүжүүлсэн гэх шуугиан тарааж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрын хоорондоо харилцсан вайбер чат гэх зохиомж түгээж, тус үйлдвэрийн ус, цахилгааныг таслан лацадсан зэрэг тоглоомуудын аль аль нь одоо хэрэггүй болсон. Тухайн үед зорилгоо хангачихсан.
Хардаж болно. Харин гүтгэж болохгүй.
“Ачит Ихт”-ийн үйлдвэрлэдэг катодын зэсийн хувьд, ЛМБиржийн үнийн нэмэх, хасах 5 хувийн хөнгөлөлт олгодог. Энэ олгож байгаа үнийн хөнгөлөлт нь зах зээл дээрх дундаж түвшний л хөнгөлөлт юм байна. Үүнийг мөнгө угаасан, татвараас зугтсан гэж гүтгэж, тус компанийн олон хүнийг яллагдагчаар татжээ. Хэрэв энэ жишиг ингээд тогтчихвол манай хөрөнгө оруулалтын орчин хэзээ ч тогтворжихгүй. Үндэсний компаниуд оршин тогтноход улам хэцүү болно. Дэлхийн зах зээлийн тогтсон ердийн жишгээр явж байгаа хэвийн үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзээд, нураагаад эхэлбэл Монгол Улс яаж хөгжих юм бэ.


П.Цагаан хэрэв зориглож хөдлөөгүй бол цагаан шороо пургисан овоолго л байгаа. Өөрсдөө хийхгүй, хийснээ ингэж хэмлэдэг, хэлмэгдүүлдэг байдлаа болимоор байна.

Монгол маань ажил хийдэг биш амаа хөдөлгөдөг хоосон чалчигч, шүүмжлэгчдийнхээ шүлсэнд будагдсан орон болж хувирлаа.
Бүтээлч сэтгэлгээтэй хүн бүтэж үхмээр орон боллоо.


Өнгөтэй өөдтэй яваа, юм хийж бүтээж байгаа хэсгээ үзэж чадахаа байчихсан. Нэг хэсгийг нь нөгөө хэсгээр нь ингэж идүүлдэг коммунист арга барил одоо хүртэл манайд хэвээрээ байна. Өрөвдмөөр хямдхан арга. Өнөөдөр цахим ертөнц рүү хэрүүл талцалын сэг зэм зориуд оруулж шиддэг ажлыг улс төрийн тэмцэл хийгчид, бүлэглэлүүд гардан хийдэг нь нууц биш.
Үнэндээ бүх зүйл дээр ухралтын дохио дуугарч байна. Ингэж боломгүй байна. Хувийн хэвшил нь чаддаг ажлаа хийгээд, Төрийн зүгээс дарамт шахалтгүй ажиллаж, улс орноо шинэ шатанд гаргахын төлөө зүтгэмээр байна. Төр өөрөө хөрөнгө оруулалтын орчноо самрах ажлыг сүүлийн дөрвөн жил хийлээ шүү дээ.


Засгийн газрын шинэ оны анхны хуралдаанаар зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, ирэх гурван жилийн зорилтын талаар танилцуулагдлаа. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган хүн ажиллаж байна. Нэгдсэн дүнгээр таван их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч нийт цэвэр ашгийн дүнгийн 4.75 их наяд төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Төрийн банк” зэрэг таван компани, үйлдвэрийн газар,  380 тэрбумыг нь  бусад 51 компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ. 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөг байна. Энэ юуг илтгэж байна вэ. Төр маань хэр менежер гэдгийн илэрхийлэл биш гэж үү.