Тогтох тайжийн тухай хоёр дуу
Тогтох тайж нь Солон уулнаа сууж, тэр үеийн Манжийн шинэ бодлогын дагуу Монгол нутагт түрэн орж ирээд байсан хятад цэргийн эрхтэнтэй тэмцэж, дараалсан олон ялалт байгуулсны тул ард олноо ийнхүү дуу болон мөнхөрчээ.
Өмнөд Монголын Жирэмийн чуулганы Өмнөд Горлос хошууны нутагт 1863 онд төрсөн Энхбилэгтийн Тогтох тайжийн үйл хэрэг Монголын түүхэнд яруу тодоор үлдсэнээс гадна ард олны дунд домог яриа, дуу хуурын баатар болон алдаршжээ. Энэ удаад Тогтох тайжийг олноо мөнхрүүлэн үлдээсэн хоёр дууны үгийг танилцуулах юм.
Тогтох тайж нь Солон уулнаа сууж, тэр үеийн Манжийн шинэ бодлогын дагуу Монгол нутагт түрэн орж ирээд байсан хятад цэргийн эрхтэнтэй тэмцэж, дараалсан олон ялалт байгуулсны тул ард олноо ийнхүү дуу болон мөнхөрчээ.
Нэг. Тогтох тайжийн дуу
Ардын дуу судлаач, дуучин С. Дуламсүрэн “Тогтох тайж” дууг дуулан бичүүлсэн байна. Ингэхдээ дууныхаа үүх түүхийг судлан, эх сурвалж олж үзсэн нь олзуурхууштай. С. Дуламсүрэн уг дууны долоон бадгийг тэмдэглэн авсны эхний таван бадгийг С. Цоодол багшаасаа сурсан хэмээн өгүүлэв. Үлдсэн хоёр бадгийг нь Д. Цэдэв багш 1969 онд Тогтох тайжийн хүү Хаймангаас бичиж авсныг нэмж оруулсан бололтой. Энэ хувилбарын үгийг авч үзье:
Тогтох тайж
Гээ-лооё ээ, гээ-лооё ээ, гэрэлтэй тайж аа, хө
Гэрлийн хүүхэн Гишүү Нямаа
Гэрийн минь чимэг ээ хө.
Тоо-лоё оо, тоо-лоё оо, Тогтох тайж аа, хө
Тогтохын хүүхэн Ванлинхуар чинь
Харин чиг ханштай даа хө
Дааган морийг, дааган морийг, давхихыг нь яана даа, хө
Давхар голтой памлий (1) бууны
Тусахыг нь яана аа, хө
Үрээ морийг, үрээ морийг, үргэхийг нь яана даа, хө
Үрлэн сумтай ланжуу (2) бууны
Тусахыг нь яана даа, хө
Нохой бөөсийг, нохой бөөсийг, хазахыг нь яана даа, хө
Ноёдын муусайн годойсон хиа нарын
Загнахыг нь яана даа, хө.
Зайдан морийг, зайдан морийг, хавирахыг нь яана даа, хө
Захын муусайн Хунлиуз дааяа
Дарлахыг нь яана даа хө
Даваа зангийн, Даваа зангийн уурыг нь яана даа, хө
Даварсан муусайн годойсон хиа нарын
Аашийг нь яана даа, хө
Зарим үгийн тайлбар:
(1) Давхар голтой памлий буу – Па нь хятад хэлээр “найм”, памлий гэж найм сумладаг бууны нэр юм. Цэргийн түүхч Б. Батсүрэн энэ бууг “бамали” хэмээн тэмдэглээд Богд хаант засгийн монгол цэрэг дээрээс хайрласан 58, олзлон хураасан 294 бамали буутай байсан хэмээжээ.
(2) Үрлэн сумтай ланжуу буу – Монгол хэлний их тайлбар тольд “бялт цохиж гал авалцдаг нэг зүйл винтов буу” хэмээн тайлбарлажээ.
Рамстедтын хувилбар
Монгол судлаач Густав Рамстедт Монгол улсад гурван удаа аялж, хэл шинжлэл, аман зохиол, хөшөө чулууны бичээс, нутгийн аялгуу, түүх, угсаатны зүйн судалгаа хийсэн билээ. Сүүлчийн удаа тэрбээр 1912 оны хавар, тусгаар тогтноод удаагүй байсан Олноо өргөгдсөн Монгол улсад айлчилсан юм. Энэ аяллынхаа үеэр Монгол ардын дуу олныг тэмдэглэж авсны дотор хоёр дуу маш сонирхолтой. Үүний нэг нь Амбаны дуу хэмээх “Орой болгон асаагаад байсан, Оросын лаа яасан бэ...” хэмээх алдарт дуу, нөгөө нь “Тогтох тайжийн дуу” юм. Энэ хоёр дууг бусдаас нь илүү сонирхолтой гэхийн учир нь Монгол улс тусгаар тогтносны дараахан буюу дуу зохиогдоод хагас жил ч болоогүй, ид шинээрээ байсан, чухам тэр үеийн Хүрээний ардуудын дуулж байсан хувилбарыг Рамстедт бичиж авсанд оршино.
Рамстедтын тэмдэглэсэн буюу Тогтох тайжийн дууны уг эх нь байж болох тэр хувилбарыг одоо авч үзье:
Тогтох тайжийн дуу
Да-лоо яа, да-лоо яа, Тогтох тайжий, хө
Тогтох тайжийн Ванлин-хуар
Наймаанд азтай хө
Гээ-лоо яа, гээ-лоо яа, гэрэлтэй тайжий, хө
Гэрэлтэй тайжийн Ванлин-хуар
Дээрэмд мордоно оо, хө.
Үрээ мори, үрээ мори, үргэхий нь яах вэ, хө
Үйеийн зуан буу (3)
Тусахыг нь яах вэ, хө
Дааган мори, дааган мори, давхихы нь яах вэ, хө
Давхар сумтай бэрдаах (4) бууны
Тусгалы нь яах вэ, хө.
Тоомсог мори, тоомсог мори, Тогтохын уяа хө
Түмэн цэргийн түрүү болсон
Тогтох тайжий, хө.
Аргамаг мори, аргамаг мори, амбаны уяа, хө
Алсаас ирсэн Тогтох тайжи
Амбаныд нь буулаа, хө
Рамстедт дууны үгийг монгол бичгээр бус, эрдэм шинжилгээний галигаар тэмдэглэн үлдээсэн учраас “дааган мори, үрээ мори” гэх мэт үгсийн эцсийн уртаар дуудаж буй “и” авиаг чухам заах, харьяалахын тийн ялгалын алин болох, эсвэл бүр үгийн язгуурын “и” ч байж болохыг тогтооход бэрх юм.
Үгийн тайлбар:
(3) Үйеийн зуан буу - Үй гэж хятадаар “тав” гэсэн үг, “таван сумтай” бууг хэлэх нанхиад үг бололтой. Судлаач Б. Батсүрэн “ [Оросын арми] нэг цэнэглэдэг 4.2 линейний берданыг 1891 онд С.И. Мосины зохиосон 3 линейний (7.62 мм) хүхээгтээ таван сум агуулдаг винтовоор 19-р зууны эцэс гэхэд сольж эхэлсэн... хэмээн бичсэн нь энэ Үйеийн зуан буу болно. Тогтох тайжийн тухай бидний авч үзэх хоёрдахь дуунд энэ үг “Үеэн чанг буу” гэсэн хувилбараар гарна. Б. Батсүрэнгийн өгүүлэлд кирилээр “Үюнь” гэж тэмдэглээд, Богд хаант Монголын арми 27 үюнь буутай байсан хэмээжээ.
(4) Бэрдаах буу – Энэ нь бэрдаан хэмээдэг буу мөн. АНУ-ын армийн генерал Хайрэм Бэрдан 1868 онд бүтээж, Хаант Орос улсын арми 1870 оноос хойш албан ёсоор үйлдвэрлэн ашигласан байна. Хүхээгтээ нэг сум агуулдаг. 1891 оноос хэрэгцээгүй болсон тул Монгол улсад зэвсэг хандивлахдаа голдуу энэ бэрдаан бууг өгсөн байдаг.Тиймээс Богд хаант Монголын армид худалдан авсан 11800, олзлон хураасан 1063 бэрдаан буу байжээ.
Хоёр. Хайссигийн бичиж авсан Тогтох тайжийн тухай дуу
Германы монголч эрдэмтэн Валтэр Хайссиг 1943 онд Хүрээ хошууны Жуухачин айлын Буяныг барилдуулагч сүмд нэгэн сонин дуу бичиж авчээ. 36 настай Сагуна, 57 настай Тиюудан гэж нутгийн хоёр монгол энэ дууг дуулж өгсөн байна.
Төрсөн газар чинь
Хуучин Сүрэг, Шороо хот
Төвдөж, тулаан хийсэн газрыг хэлбэл
Олон уулын дундах Солон уул
Уусан ус чинь, Тогтох!
Урдуур чинь урсах Үй-нэн голын ус
Учирч, тулаан хийсэн газрыг хэлбэл
Олон уулын дундах Солон уул
Түнсэр зоос (5) гарснаас хойш
Тоо бин (6) цэрэг арвин болой
Тоо бин элбэгдсэнээс нааш
Тогтох тайж тэргүүн болон дайлавай.
Янчаан (7) зоос гарснаас нааш
Яндуй (8) цэрэг элбэг болж.
Яндуй цэрэг элбэгдсэнээс нааш
Тогтох тайж тэргүүн болон дайлавай.
Үеэн чанг (9) буу гарснаас нааш
Үгээгүй баян...
Үгээгүй баянаар үүрсэн байна
Үхэр болд анжиснаасаа салж.
Янен (10) дамбага гарснаас нааш
Янзтай залуус элбэгдсэн билээ
Янзтай залуус элбэг болсноос нааш
Яаман фүгийн ялтан элбэг болж.
Шарын шажнаас шагнасан
Шар торгомсог хувцас
Шаазгай хотын (11) шар цэрэг
Шахаж харваад оногдоогүй
Богд эзний шагнасан
Бор торгон хувцас
Бөхийн хотын (12) бутарсан цэрэг
Бөхөж харвасан оногдоогүй
Баруунаас үзвэл
Бас ч сайхан Солон уул
Бас ч гачигдах ирвэл
Амийг минь тусалсан Солон уул
Шинэ засгийн бодлогоос үүдэн нэлээд нанхиаджаад байсныг Тогтох тайж эсэргүүцэн тэмцсэн тухай дуу болохын тул уг дуунд хятад үг олон тохионо. Үүний заримыг тайлбарлаваас:
(5) Түнсэр зоос – зэс зоос
(6) Тоо бин цэрэг – Үүнийг монголоор жисүр цэрэг гэх нь бий.
(7) Янчаан зоос – Мөнгөн зоос буюу мексик доллар.
(8) Яндуй цэрэг – Монголоор Мөлжих цэрэг гэдэг.
(9) Үеэн чанг буу гэдэг нь мөнөөх Рамстедтын бичиж авсан Үйеийн зуан буу мөн бололтой. Таван сумт буу.
(10) Янеэн – Гадаадын тамхи
(11) Одоогийн Таононфу гэж буй хотыг монголчууд Шаазгай хот гэдэг байжээ.
(12) Бөхийн хот – Чичигаар хотыг монголчууд ийн нэрийддэг байжээ.
Гурван цэг тавьсан хэсгийг Хайссиг сонсон ухаж чадаагүй байна.
Дууны үгээс түүхийн сонин баримт тодорч болохын учир, мөн Рамстедт Хайссиг нарын тэмдэглэл өгүүллийг оюутан залуус тэр бүр гарын доор үзэж чадахгүйн тул үүнийг бичин тэмдэглэв.
Зочин
яана даа, хөө
Ланжуу буу
Зочин
Ц.Саран
Уншигч
Жимээгийн Болд
Тогтох тайж овогт Жимээгийн Болп