1927 оны 3 сарын 14 нд төрсөн. 1948 онд George Washington University төгссөн. 1960 онд University of Washington – д PH.D. хамгаалсан. Индианагийн Их Сургуульд Монгол судлалыг үндэслэгчдийн нэг. Монгол нийгэмлэгийн гүйцэтгэх захирал. Эрдэм шинжилгээний ном болон өгүүлэл 188, бүтээлийн шүүмж 115-ыг бичиж хэвлүүлсэн. Монгол, Турк, Орос, Герман, Мажар, Дани, Якут, Чуваш, Франц хэлтэй.

Крюгер гуайтай уулзах цаг болзохоор нэгэн өглөө утасаар залгахад Одоо завтай байна уу? Би очоод авъя гээд 10-хан минутын дараа давхиад ирж билээ. Ингээд өөрийнх нь нэрлэснээр дача руу нь (Крюгер гуай гадаад, ялангуяа орос, монгол үг яриандаа хавчуулж хэрэглэх их дуртай) хамт явцгаав.


Би таны хэрхэн Монгол судлалтай холбогдсон талаар сонирхож ярилцах гэсэн юм.

За, хө юунаас эхэлдэг сэн билээ. Багын би гадаад хэлэнд сонирхолтой хүүхэд байсан юм. Энд Америкт гадаад хэл сонирхох тийм ч энгийн юм биш ээ. Бүгд л англиар ярьдаг болохоор. Дунд сургуульд Испани, коллежэд Герман хэл тус тус үзсэн. Герман хэл бусад гадаад хэл үзэхэд маш сайн тулгуур болж өгдөг хэл. Коллежээ төгсөөд би Засгийн газарт ажиллаж эхэллээ. Тэр үед буюу хүйтэн дайны эхэн үед засгийн газраас Орос хэлний сургалтыг дэмжиж байсан юм. Орос хэлээр уншиж, анализ хийж чаддаг болохын тулд тэр шүү дээ. Би Зөвлөлт Холбоот Улс болон Зүүн Еврoпын улсуудын хэргийг эрхлэх тасагт байсан. Манай тасаг ЗХУ-аас гадна Польш. Чехoслoвак, Балканы улсууд, Турк, Грекийг хүртэл хамаардаг байлаа. Тиймээс эдгээр хэлийг ч сонирхон үздэг болсон. Засгийн газарт 5-8 жил хүчин зүтгэснийхээ дараа гадаад улст явж, юм үзэж нүд тайлах, өөр улс оронд аялан, туршлага судлах сонирхолтой болов. Тэгээд Fulbright – ын хамгийн анхны тэтгэлгүүдйин нэгнээр Скандинавт ирсэн юм. Олон жил Ази, Хятад, Монголыг сонирхож ирсэн Дани хэмээх жижигхэн улст ирлээ. Энд уг нь Балканаар мэргэшнэ гэж бодож байв. Учир нь тэр үед Балканд 7-8 өөр үндэстэн, өөр хэл зэрэгцэн оршиж, нэг нэгнээ үзэн яддаг, саяхны Югослав шиг байдалтай байсан юм. Балкан өөрөө Тyркийн эзэрхийлэл дор 400 жил болсон тул хэлэнд нь Түрэг хэлний нөлөө маш их байсан. Иймээс Балканыг судлахын өмнө суурь болгож Тyрк хэл үзэхээр шийдлээ. Копенхагенд 2 жил эртний болон өнөөгийн түрк хэл үзсэний дараа Каарэ Грөнбaх багш маань Монгол хэл үзэхийг зөвлөсөн юм. Грөнбах өөрөө 30-аад оны сүүлээр Өвөр Монголд байсан, баримт сэлт их цуглуулсан, маш сайхан гэрэл зургийн цуглуулгатай. Түүний авсан гэр, говь талын сайхан зургууд одоо ч Данийн Yндэсний Музейд бий. Тэр музей, Стокхолмын Угсаатны музей 2 аль аль нь Монголын талаар маш баялаг сайхан үзмэртэй, очвол заавал үзээрэй. Тэгээд хуучин бичиг үзэж эхлэхэд нэг сонин мэдрэмж төрсөн юм. Яагаад ч юм, Монгол бичиг надад их дотно, угийн холбоотой юм шиг санагдсан. Хичээл дээрээ "Yлгэрийн далай", "Эрдэнийн товч", "Алтан товч" зэргийг уншдаг байлаа. Харамсалтай нь ЗХУ-ын улс төрийн нөлөө Монголд хэт хүчтэй байсан тул хүйтэн дайны үед Монгол явж чадаагүй, дээр нь Баруунд ганц хоёр айлыг эс тооцвол Монгол хүн огт байгаагүй болохоор орчин цагийн ярианы Монгол хэл сурч чадаагүй юм аа. 50-иад оны дундуур би Европоос буцаж АНУ-д очлоо. Сиэттлд ирснээр Николай Николаевичтай (суут Поппег хэл байна. М.С.) учрах завшаан тохиов. Тэрбээр Зөвлөлт засгаас зугтан тэнд ирээд байсан юм. Поппе бол Монгол судлалын тэргүүлэх ганц судлаач. Түүнээс өөр тэр зиндааны судлаач гэвэл тухайн үед Ф. Кливз л байсан болов уу? Кливз уг нь Хятад судлаач л даа. Поппе тэр 2 эрдэм шинжилгээний хувьд ойр харьцаатай ажилладаг байлаа. Поппе багштай монголоо гүнзгийрүүлэн судалсан, "Нууц товчоо", "Эрдэнийн товч" хоёрыг харьцуулан үзсэн юм байна. Яг харьцаж байсан монголчууд маань гэвэл Хангин Гомбожав, түүний найз, надаас 10 шахуу ах, одоо ч Их Британид амьд сэрүүн яваа Онон Өргөнгөө болон Yнэнсэцэн нар. Сиэттлээс тэгээд Индианад ирсэн. Энд Урал Алтайн тэнхим дөнгөж байгуулагдсан, хэл шинжлэлийн салбар нь ч их сайн байлаа. Тиймээс энд би Монгол судлаач, Түрэг судлаач, Хэл шинжээч гэсэн цогц мэргэжилтний хувиар ирсэн юм. Монголыг ч тэр бусад хэл соёлыг ч тэр бид анх зөвхөн түүхэн үүднээс авч үздэг байлаа. Боломж ч угаасаа бага байсан. Харин 60-аад оны дундуур Хангин Нью Йорк дахь Нэгдсэн Yндэстний Байгууллагын монголчуудтай холбоо тогтоож, хамтран ажиллаж эхэлснээр байдал арай өөр болсон юм. Хангин өөрөө ч Монгол явсан. Гэвч АНУ, Монголын хооронд дипломат харилцаа тогтох яагаа ч үгүй байлаа. Энэ тал дээр Америк дахь Монгол судлал Зүүн Европын улсуудаас хоцрогдож эхэлж байв. Польш, Унгар, Чехословак, Зүүн Германы монголч эрдэмтэд дуртай цагтаа Монгол явж судалгаа хийнэ, тэгээд ч Унгарын Монгол судлал дэлхийд тэргүүлэх болсон юм. Гэсэн хэдий ч Хангин бид 2 Монгол ярианы хэлний хичээлүүд бэлтгэн заасаар л байлаа. Он цаг өнгөрч, Монгол нээлттэй болж, би ч өвгөрч тэтгэвэртээ гарлаа. Харин Хар Дорж, Этвүд гэсэн 2 сайн эрдэмтэнд халаагаа өгсөн маань сайн хэрэг болж. Түүхээ товч ярихад ийм байна. Намтар, бүтээлийн маань талаар дэлгэрэнгүй бичсэн ийм нэгэн номыг Билл Розицки бэлдсэн юм. Танд дурсгая. Yvнээс уншаад асуух зүйл гарвал дахин уулзъя, харин одоо би танд номын сангаа сонирхуулъя.

Ингээд багш намайг дагуулан өөр нэгэн ороонд оров. Оффис маягаар бэлдсэн өрөө байна. Олон хавтас багтаасан, каталог бүхий том том шүүгээнүүдйин зөвхөн нэгийг нээн сонирхуулав. Марко Поло, Монгол кино, Монгол яруу найраг, Шашин гэх мэт хавтаснууд, захаас нь аваад үзэхэд тухайн сэдвээр гадаад дотоодод хэвлэгдсэн бүхий л өгүүлэл, материал байх аж. Лавтай 10-аад том төмөр шургуулга, шургуулга тус бүрд 30-40 дэд сэдэв бүхий хавтас, хавтас бүрд олон арван өгүүлэл зураг сэлт байна. Өөр нэг шургуулга нээхэд л Менгес, Синьор гээд эрдэмтдийн хавтас гарч ирэх юм.

Нэг номын шүүгээн дээр Одоо ажиллаж буй материалүүд гэсэн хаяг байна. Мөн л 10-аад бүтээл дээр ажиллаж байгаа ажээ. Томхоноос нь гэвэл, Эрдэнийн Товчийн 3-р ботийн (Эхний 2 ботийг Игорь де Рахэвилзтэй хамтран гаргасан) галиг орчуулга, Хар Дорж багшийн "Книги Монгольских кочевников" номын англи орчуулга зэрэг байна.

Бас нэгэн шүүгээ дүүрэн эрдэм шинжилгээний сэтгүүлүүд өрөөтэй байна. Миний аз таарч сэтгүүлүүдйин дор, Крюгер багшийн хамгийн сүүлд гаргасан "Исаак Яков Шмидтийн Халимаг бичгийн дурсгалууд" хэмээх ном байж таарч нэгийг гарын үсэг зуран дурсгав. Барууны Монгол судлалыг үндэслэгч Я.Шмидтэд 1800-1810 оны хооронд Халимагуудын бичсэн тод үсгээрх захидлуудыг гэрэл зураг, галиг, орчуулгын хамт гаргасан маш сонин ном байна. Ном дээрээ 24 апрелья, 04 г. На добрую память, Крюгер хэмээн сийлэв.

Дараа нь жинхэнэ том номын сан бүхий өрөөнд оров. Нэг зүйлийг сонирхуулахад оффисоос номын сан орох хооронд хөгжмийн өрөө гэсэн бас нэгэн тусгай өрөө байсан юм. Тэнд Крюгер гуайн 18-тайдаа хийл тоглож буй сонин зураг байна. Нэлээд хөгжмийн зэмсэгтэй юм. Ингээд номын санд ороход ханаар дүүрэн номын тал нь алга байлаа. Багш Монголтой холбоотой номоо авч үлдээд Түрэг судлалын бүх номоо Western Washington University руу илгээсэн ажээ. Монголын холбогдолт энэ бүх зүйлсээ ч мөн тэр сургуульд хандивлана гэнэ. Крюгер гуай тэнд Монгол судлалыг Поппетэй үзсэн юм. Би Түрк, Чуваш, Казак, Якут, Туватай холбоотой бүх номоо явуулчихсан, одоо 80 хүрлээ, бодож байсан бүгдээ хийж чадахгүй нь байна хэмээн ярина. Хувийн номын сан гэхэд бүгдийг товьёгжуулсан, маш эмх цэгцтэй аж. Эрдэм шинжилгээний хар ажил гээчийг энэ хүнээс л сурмаар юм байна гэж бодогдоно. Номууд сэдэв сэдвээрээ, зөвхөн Чингис хааны тухай гэхэд л 3 тавиур дүүрэн, монголд аялсан гадаадынхны тэмдэглэлүүд бас 2 тавиур эзлэн байна.

Энд миний ховор цуглуулга бий. Энийг та өмнө үзээгүй л болов уу хэмээн нэг ном гаргаж ирсэн нь 1800-аад оны үед Монгол бичгээр хэвлэгдсэн Библи судрын уг эх байв. Цаана нь орос хэлний эртний толь, сурах бичгууд байна. Нэг тавиурт Нууц товчооны галигууд бүгд байна. Нүд унамаар бас нэгэн цуглуулга бол 19-р зуунаас эхлээд алдарт монгол толинууд бүгд уг эхээрээ байх юм. Ном үзэж нэлээд удсаны дараа багш намайг гэрт хүргэж өгөхөөр болов. Явган яваад харьчихъя гэж нэлээд гуйсан боловч зүгээр, зүгээр гэсээр хамт гарцгаалаа. 80 шахаж буй буурал эрдэмтнээр машин бариулан гэртээ буухад ичмээр санагдаж байсныг нуух юун. 6 сард дахин уулзахаар болзоод салав.

2004 оны 6 сарын 9 ний өдөр. Болзсон ёсоор энэ өдөр Крюгер гуайнд дахин очиж ярилцлаа.

Та Түрэг, Монгол хэлийг эн тэнцүү судалсан хүний хувьд Алтай хэлний онолыг хэрхэн авч үздэг вэ?

Олон жил судалсны эцэст "ёстой мэдэхгүй юм даа" гэдэг хариулт л өгөх болоод байна. Энэ 2 хэлний хооронд маш гүнзгий холбоо байгааг би мэдэрдэг. Жирийн холбоотой 2 хэл үгийн сангаараа л ижил шинжтэй байдаг бол монгол, түрэг хэлэнд өгүүлбэрзүй, үгзүйн дундын элементүүд маш их, тэр ч бүү хэл адил хэлц, хэллэгүүд ч олон байдаг. Поппегийн оюутан байхад нэг Япон оюутан надтай хамт сурдаг байлаа. Хэвшмэл хэлц болгоныг л "Хөөх, Японд яг ингэж хэлдэг юм" гээд л. Япончууд монгол, түрэг хэлийг морфем морфемоор нь салгаж орчуулаад маш сайн сурдаг. Би одоо санаж байна, Шичиро Мураяма дэлхийн 2-р дайны үед Туркт элчин ч бил үү, консул ч бил үү, байсан юм. Турк хэлийг гарамгай эзэмшсэн, би тэгж сурч чадаагүй болохоор гайхаж байж билээ. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Алтай хэл гэгддэг хэлнүүдийн хооронд дотоодын маш гүнзгий холбоо байгаа нь лавтай. Ялангуяа монгол, түрэг, манж хэлнүүд дундын үг, дундын бүтэц, дундын залгавар олонтой. Япон энэ талаараа хамгийн хол. Ер нь Алтай хэлний онолыг баримтлагчид маш их материал олж гаргасан, харин эсэргүүцэгчид нь хангалттай баримт гаргаж ирээгүй юм. Тооны нэр төдийхнийг тоочдог. Энэ талаар Поппе хангалттай бичсэн. Бас өөр янз бүрийн саналууд ч бий. Денис Синьорын эцэг-Алтай, эх-Алтай, үр-Алтай хэл гэдэг шиг. Ж.Стрит Япон хэлний гарлыг тогтооход яагаад бэрх байдгийг маш сонин тайлбарласан. Ер нь хэлнүүд хоорондоо нөлөөлөхөд "нэг нь олон болох", өөрөөр хэлбэл а элемент нөгөө хэлэнд орохдоо б,в,г болох, мөн синкретизм буюу "олон нь нэг болох" гэсэн 2 л хэв шинж байдаг бол японд "олон нь олон болсон" байдаг гэсэн юм. За тэгээд 50-иад жилийн судалгааны эцэст энэ асуултад сайн мэдэхгүй байна гэж хариулах болдог, хэрвээ та аль нэгийг нь заавал сонго гэвэл эдгээр хэл жирийн бус маш нягт, дотоод холбоотой гэж л хэлэхээр байна даа.

Түрэг хэлнүүдээс та ямар хэлийг тухайлан судалсан бэ?

Америкт түрэг хэлний материал маш бага байлаа. Бүхий л сайн ном, сурах бичгүүд герман, орос хэлээр. Тэгээд бүр тэр тусам нь хамгийн алслагдсан, холын түрэг хэлнүүд болох чуваш, якут хэлийг үзсэн. Гэхдээ миний Чуваш, Якут, Тува, Казак хэлний сурах бичгүүдэд шинээр нээсэн юм үгүй, гол нь тэр үед европод мэддэг байсан мэдлэг баримтуудыг герман, орос хэлтэйн хувьд америкт гаргаж тавьсан юм. Эртний түрэг хэлний нэг ном бас гаргая гэж бодоод амжаагүй. Их сонин шүү, тэр эрт үед түрэг хэлэнд үйл үг 3 бие ялган заах тогтолцоо нарийн бүрэлдчихсэн. Монгол, японд бол үгүй. Халимаг, буриад хэлний үйл үгс одоо биеийн нөхцөлтэй, гэхдээ энэ бол саяхны хувьсал. Манж түнгүүс хэлнийх бол монгол хэлний сулхан хуулбар. Энэ талаар олныг өгүүлж болно, гэхдээ би түрэгч эрдэмтэн гэж хэлүүлэх эрхтэй хүн биш гэж өөрийгөө боддог. Анх Индианад ирэхдээ миний бие мэрэгжлийн хувьд 50 хувь монголч, 50 хувь түрэгч байсан, харин зүрх сэтгэл минь 100 хувь монголч байж ирлээ.

Та түрүүн Зүүн Европын судлаачид Монголыг судлахад илүү дөхөмтэй байсан гэж ярьж байсан. Америкийн Монгол судлаачдад чухам ямар бэрхшээлүүд байв?

Хамгийн наад зах нь баримт сэлт олдохгүй. БНМАУ-аас Өвөр Монгол руу баримт илгээдэг байж. Түүнийг нь хараад Өвөр Монголууд бас өөрсдийн гэсэн тийм юмтай болъё хэмээн монгол бичгээр хувилж авсан нь бий. Тийм зүйлсийг Хятадын номын сангаас олох боломжтой. Гэвч ийм баримтууд бүгд нэвт коммунист үзэлтэй. Коммунист юм унших гэж Нью Йоркт очихоор хуучны FBI – ийн нөхдүүд шалгаж өгнө дөө. Зураг хөргийг чинь авна.

Энд бас тийм байсан гэж үү?

Тийм ээ, би яг тэрийг чинь туулж гарсан хүн. Сүүлд "мэдээллийн эрх чөлөө" гэж юм яригдаад, хүн бүр FBI, CIA дахь хавтаст хэрэгтэйгээ танилцах эрхтэй гэсэн заалт гарсан юм. Түүний дагуу би FBI руу миний тухай баримтын хуулбарыг явуулаач гэсэн хүсэлт илгээв. Бүтэн 2 жилийн дараа цөөхөн хуудас ирсэн нь бүдүүн хар үзгээр ихэнхийг нь баллачихсан, ердөө and, but, so гэсэн хэдэн үг л үлдсэн юм байж билээ. Бүх баримт ч биш байна гэдгийг би ойлгосон л доо, 50, 60, 70-аад оны турш би ЗХУ, Хятад, Зүүн Европын эрдэмтдэд байнга захиа илгээдэг байсан юм. FBI ч үүнийг маш сайн мэддэг байсан байх учиртай. Коммунист улсуудын эрдэмтдэд бүр ч хэцүү байсан нь мэдээж. Гэхдээ тэд сүүлд мөнгөөр бүх материалаа үзэх боломжтой болсон юм. КГБ –д мөнгө хэрэгтэй, тэрийг нь өгөөд л. Тэр эрдэмтдийн хавтастайгаа танилцах хөрөнгийг баруунаас ч тэтгэсэн. Нэг англи хүний түүхийг хэлье. Хүйтэн дайны үед нэлээд зүүний үзэлтэй байсан англи залуу Зүүн Германд зочилжээ. Тэнд герман найз охинтой болж. Тэгээд Англидаа буцаж. 20-иод жилийн дараа Зүүн Герман баруундаа нэгдсэн хойно мань эр дахин тэнд очжээ. Тэгээд нууц баримтуудыг үзээд найз охиноо мэдээлэгч байсныг мэдсэн гэдэг. Тэр ч байтугай хайрт охин нь нүцгэн, хөшгөө буулгаж дохио өгөхөд Германы тагнуулынхан дуу хураагуураа ажиллуулж тэр 2-ын хамгийн дотнын харьцааг буулгаж авдаг байж. За тэгээд Орос, Монгол, Солонгос ч тэр өөр өөрийн CIA – тэй, Юлиус Цезарь хүртэл нууц тагнуулуудаа илгээж … за энэ ч яахав, өөр асуулт юу байна?

Хоёулаа Монгол судлалын талаар нэлээд ярилаа. Индианагийн Их Сургууль маань бас хэл шинжлэлээр нэртэй сургууль. Энэ сургуулийн хэл шинжлэлийн талаар ярьж өгөхгүй юу?

Энд ирэхээсээ өмнө би нэлээд хэдэн жил Скандинав, Германд байсан юм. Тэгээд цаашид судлан суралцан амьдрахад монгол судлал бараг ирээдүйгүй, хэл шинжлэл жаахан ирээдүйтэй мэргэжил байв. Тэр үед Америктаа Индианагийн Их Сургууль хэл шинжлэлээрээ, Сиэттл дахь Вашингтоны Их Сургууль Монгол судлалаараа толгой цохидог байлаа. Тиймээс Индианад хэл шинжлэлээр сурч, монгол судлалаар мэргэшин цол хамгаалах, үгүй бол Сиэттлд монгол судлалаар сурч, хэл шинжлэлээр мэргэшин доктор авах 2 сонголттой тулсан. Бас тэр үед тохиосон нэг том үйл явдал бол хэл шинжлэлд Хомскийгийн хувьсгал гарлаа. Хомский гэдэг бол польш нэр, Польшийн еврей байсан юм. Кириллээр нэр нь Х-тэй англиар буухаараа Чомский болчхоод байдаг. Дараа нь өгүүлбэрзүйн хувьсгал бас гарсан. Тэгээд би бас л шинэ хэл шинжлэлийг дагах уу, монгол судлалын уламжлалт филологоо барих уу гэдгээ сонгох хэрэгтэй боллоо. Тэгээд хуучнаа сонгосон юм. Кливзийг хар л даа. Уг нь Хятад судлаач, гэтэл монгол эртний дурсгалуудын талаар маш сайн судалгаа хийсэн. Түүнийг өнөөгийнхөөр бол хэл шинжээч гэхгүй. Одоогийн хэл шинжлэл ямар нэг гадаад хэлтэй огт холбоогүй болж. Дан бүтэц, задаргаа. 5, 10 жил тутам л солигдож байдаг. Transformational grammar тэгээд Generative grammar... гэх мэт. Хэрвээ тухайн үед би хэл шинжлэлийг сонгосон бол монгол судлалаар юм хийж чадахгүй байсан. 45 жилийн өмнөх үе шүү дээ. Тэр үеийн Индианагийн Их Сургуулийн хэл шинжлэлийн шилдэг багш нар одоо ихэнх нь тэтгэвэртээ гарах нь гарч, үгүй болох нь үгүй болжээ. Шинэ багш нар ирж, шинэ хичээл заах болж. Азийн хэлнүүдээс илүү африкийг сонирхдог болж.

Яг одоо АНУ-д хэл шинжлэлээр тэргүүлэх сургууль юу болсон бол?

Тэр гээд шууд хэлэхэд хэцүү. Хэл шинжлэл өөрөө судлах зүйл, зарчмаа одоо хир нь нарийвчлан тогтоогоогүй ухаан. Хэд хэдэн төв байгаа байх. MIT (Massachusets Institute of Technology) зүгээр. Баруун эргээр юу болж байгааг сайн мэдэхгүй байна. Калифорни, Иллиной, Техас дажгүй байх ёстой. Олон жилийн уламжлалт, алдарт Yale, Harvard, Princeton - ы Их Сургуулиуд хэл шинжлэлийг их чухалчилдаггүй юм. Тэр ч байтугай Columbia их сайн хэл шинжлэл, Урал-Алтайн салбартай байсан хирнээ хөрөнгөний асуудлаас болж, юу бидэнд хэрэггүй вэ гэдэг дээрээ тулаад, хэл шинжлэл хэрэггүй хэмээн Азийн судлалд хавсаргасан түүхтэй. Тэгэхлээр хэн нэгэн надаас хэл шинжлэл сурах гээд аль сургууль дээр вэ гэж асуувал хариулж мэдэхгүй юм даа. Таны энэ асуултыг би өөрөө олон жилийн өмнө Данид байхдаа нэрт хэл шинжээч Луи Ельмслевээс асууж байлаа.

Тэр их хүнийг та таньдаг байсан юм уу?

Тийм ээ, Ельмслев тэгэхэд Америкийн нэг Их Сургуульд зочин багшаар ажиллаад Данидаа ирсэн байсан юм. Гадаад оюутны хувиар би түүнтэй олон удаа уулзах завшаан тохиосон. Надад сайн зөвлөгөө өгдөг байлаа. Яг өөрийнх нь хичээлд харин сууж чадаагүй. Номуудыг нь бол маш сайн уншсан.

Таныг Индианад монгол судлал зааж байхад АНУ-д монгол судлал бүхий өөр ямар сургууль байсан бэ?

Энэ бас амар асуулт биш. Зарим нэг сургууль Монгол судлалын зарим нэг хичээл зааж байсан. Харин ганц Индиана л байнгын, олон талт сургалт явуулдаг байлаа. Бид Монголын түүх, хэл, нийгэм-эдийн засаг, хэл шинжлэл, филологи бүгдийг цогцоор заадаг байсан юм. Бусад сургуулиуд гэвэл Berkeley ганц хоёр жил монгол хэл заасан. Yale нэг жил өнжөөд нэг хагас жил монгол хэлний сургалт явуулдаг байсан. Харвардад Кливз байсан болохоор монгол судлалтай байсан. Гэхдээ зөвхөн түүхэн бичиг дурсгалын талаас нь. Энэ мэтээр бага сага хичээлүүд энд тэнд заагддаг байсан. Гэвч манай сургууль шиг ажил хэрэг болгосон нь үгүй. Төвд судлал ч тэр. Бусад сургуулиудад янз бүрийн хэмжээгээр төвд заагддаг л байсан. Индианад л ярианы болон бичгийн төвд хэл, түүх, соёл бүгд заагдаж ирсэн юм. Манай сургуульд бас дутагдал байсаан. Янз бүрийн бэрхшээлээс болж энэ олон жил ( 50, 60, 70-аад он ) монгол судлал заахдаа бид яг сайхан ярьчихдаг нэг ч судлаач гаргаж чадаагүй юм. Хангин маань цахар байсан. Цахар Монгол хэлийг зүйрлэвэл Бруклины англи хэл шиг гэх үү дээ.

Таны хамгийн сүүлд гаргасан номыг сонирхон уншлаа. Халимагуудын Я.Шмидтэт тод үсгээр бичсэн маш сонин захианууд байна. Тэр дунд мөнгө санга, эд бараа наац цааш өгөлцөж авалцах тухай олонтоо дурдагджээ. Энэ ямар учиртай юм бол?

Харин тийм ээ, тэр их сонин. Шмидт морави хүн. Моравичууд бол христ шүтлэгтэй, герман угсаатан. Тэд бүх дэлхийд нэг л шашин байх ёстой гэж үздэг, африк, америк болон Орост шашныхаа элч нарыг илгээсэн улс. Шмидт тийм л замаар ирсэн, залуу байв. Ухаалаг сэргэлэн, орос, халимаг хэлийг хурдан ч сурж. Моравичууд тухайн үедээ гар үйлдвэр хөгжсөн, энд тэнд очихдоо өөрсдийн гэсэн колонийг байгуулдаг байсан. Тэгэхээр Шмидт үндсэн ажлаасаа гадна Герман, Халимаг 2-ын хооронд наймаа худалдаа зэргийг зохицуулдаг хүн нь байж. Тиймээс халимагууд бэх цаас явуул, сайн архи илгээгээч гэх мэтээр бичсэн байгаа юм. Үүнийг цааш нь түүхч нар судлан чухам юу болж байсныг тогтоовол сайн сан. Гэвч бэрхшээл их гарах байх. Халимгууд, бүр судлаачид нь хүртэл олон жил үндсэн хэл бичгээ мэдэхгүй явж ирлээ. Оросын нөлөөн дор байхад халимгаа судлах нь ирээдүйгүй байснаас тэр. Харин сүүлийн үед хуучин тод үсэг, халимаг хэлээ дахин сурч судалж байгаа нь сайн байна. Жишээ нь яг миний олж судалсан 82 захиа шиг 150 гаруй захиаг энэ халимаг эмэгтэй олж (нэгэн шинэ ном үзүүлэв) галиглан орчуулж хэвлүүлжээ.

Тод үсгээр, тэгээд гар бичмэл захидлууд уншихад ч бас яггүй байна лээ. Таны хувьд?

Анх уншихад мэдээж хэцүү. Гэхдээ нэг судлаад эхлэхээр захиа бүрд адил хэсэг олон болохоор давтагдаад амар болоод ирдэг юм. Миний итгэлт янаг Шимэд (Шмидт) … Бурханы хайраар мэнд буй заа… гэх мэт. Сүүлдээ тэгээд яг л утасны нэг үзүүрээс сонсож байгаа мэт. Саяхан авсан мэдээгээр миний номыг оросоор орчуулан хэвлэх гэж байгаа гэнэ. Насны эцэст бичсэн энэ ном маань миний сүүлчийн "хунгийн дуу" болох байх аа. "Сүүлчийн хунгийн дуу" гэдэг англи хэллэгийн учрыг мэдэх үү? Хун шувуу халихаасаа өмнө сүүлчийн удаа ихэд сайхнаар уянгалан ганганаад усандаа ганц шумбаад л үгүй болдог гэдэг. (нүд нь их л гунигтай болчхов. М.С.)

Үгүй байлгүй дээ. Таны хийж байгаа олон сайхан бүтээл тэр тавиур дээр байгаа шүү дээ.

Аа, энд миний Эрдэнийн товчийн орчуулга байна. (Гар бичмэлээ үзүүлэн дэвтэр дэвтрээр нь тайлбарлав) 6-р дэвтэр нь нэлээд зузаан, 9-р дэвтэр бас их чухал. Сүүлчийн бүлэг шүлэггүй. Эцэст нь 79 бадаг, буддын шашны найраг бий. Маш уран яруу, түүнийг нь хадгалан орчуулахыг хичээсэн.

Таны багш, суут монголч эрдэмтэн Н.Поппе "Reminescences" номдоо таны талаар олон дурдсан байдаг. Багшийнхаа талаар ярьж өгөхгүй юу

Би Н.Поппетой 1954 онд анх уулзсанаасаа хойш 1992 онд нас барахыг нь хүртэл 38 жил ойр дотно байсан. Би өөрийгөө түүний хамгийн шилдэг, ухаантай шавь нь гэж хэлэхгүй. Олон сайн судлаачид ирж түүнээс суралцаж байсан. Гэхдээ би бол хамгийн удаан, ойр ажиллаж үр шимийг нь илүү их хүртсэн шавь нь юм. Багш надад их тусалсан, би ч түүнд тусалдаг байсан. (Крюгер гуай Поппегийн алдарт Дөрвөлжин бичиг ном болон олон өгүүллийг оросоос англид орчуулан хэвлүүлсэн. М.С.) 30-аад оны Зөвлөлтийн хэцүү байдлаас болж Поппе Германыг сонгож. Дараа нь тэндээсээ ч зугтаж АНУ-д ирсэн. Хэрэгтэй хүн байна гэдгийг нь энд ойлгоод, Монголын тухай мэдээлэл авдаг байж. Энэ бол ердөөсөө түүний амьдрах чадвартай холбоотой. Түүнээс биш Поппе хэзээ ч намын гишүүн, нацист, тагнуул байгаагүй. 20-оод оны дундуур Монголоор аялж олон хүнтэй уулзаж, сүм хийдээр явж, ихийг сонсч судалсан хүн. Алтай хэлний онолыг авиазүй, үгзүйн хувьд маш өндөр түвшинд гаргасан. Багш надад үргэлж сайнаар ханддаг байлаа. Хамгийн сүүлд 1991 онд уулзсан.

Энэ олон жил багшлахдаа та мэдээж олон шавьтай болсон байх. Шилдгээс нь нэрлэвэл…

Олон сайн судлаач манай сургуулиас төрөн гарсан. Зөвхөн монгол судлаач гэж төгсгөдөггүй, Алтай судлаач гэсэн мэргэжлээр зэрэг олгодог байлаа. Алтай судлалын 3 чиглэлээр (Монгол, түрэг, манж түнгүүс. М.С.) гурвуулангаар нь гарамгай бэлтгэгдсэн оюутан бол Кларк байна. Түрэг судлалаар илүү гаршиж, узбек, казакаас сайн орчуулга хийдэг байсан. Монгол судлалаар ч хэдэн сайн өгүүлэл гаргасан. Бас Билл Розицки байна. Манж түнгүүсээр мэргэжсэн. Надтай монгол хэл үзсэн. Монголоор буддын шашны их хэцүү сэдвүүдийг уншдаг байсан. Доктор, мастерын ажлуудад нь зөвлөсөн өөр олон оюутан бий. Одоо энд бүгдийг хэлж чадахгүй нь.

Тантай танилцсанаар олон сайхан ном, материал үзэж, их сонин сонслоо. Танд их баярлалаа.


2012 оны гуравдугаар сарын 27