МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ЗОХИОСОН НЬ
“История МНР” хэмээх энэ номд түүхийн үнэн тун ховор, бараг тэр чигээрээ гүтгэж, гуйвуулж, харлуулж бичсэн зохиомол эд. Хожим редакцид бүртгэгдсэн академич Дамдинсүрэн “Хэрэв Монголын нийгэм, ард түмэн Чингисийн үед доройтон ядуурсан, дараа нь манжийн үед улам доройтсон, тэгээд автономын үед бүр дордсон юм бол Чингисээс өмнө аль нэг газар маш баян тарган аз жаргалтай байсан болж таарч байна” гэж егөөдөн хэлсэн байдаг. Үнэндээ энэ номын жинхэнэ Ерөнхий редактор, найруулагч удирдагч нь тухайн үеийн МАХН-ын дарга Цэдэнбал, ЗХУ-аас БНМАУ-д суух элчин сайд Прохов нар болж таарах нь энэ өгүүллээс харагдаж байна.
МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ЗОХИОСОН НЬ
Оросын Шинжлэх ухааны академийг 1925 онд ЗХУ-ын Шинжлэх ухааны академи болгон өөрчилж, Боловсролын яамнаас ЗХУ-ын Ардын комиссариатын зөвлөлийн харъяалалд шилжүүлсэнээр, Засгийн газрын шууд мэдлийнх болов. 1927 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор ЗХУ-ын Ардын комиссариатын зөвлөлөөс “Монголын комисс” гэдгийг СССР-ийн Шинжлэх ухааны академийн бүтцэд тусгайлан байгууллаа. ЗХУ-аас Монголд явуулах бүхий л бодлогыг энд судлан эх ноорог гаргах ажлыг зохион байгуулах үүрэгтэй энэ комисс ажлаа Гадаад хэргийн Ардын комиссариатаар дамжуулан Засгийн газарт танилцуулан батлуулах ёстой. Шинжлэх ухааны академийн хүрээнд энэхүү төрийн захиалгыг биелүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг давуу эрхтэйгээр хуваарилах аж.
Дайны дараагаас БНМАУ-ын түүхийг академик төрхтэйгээр бичих шийдвэр гарчээ. Эхэндээ үүнийг Зөвлөлт-Монголын түүхчид хамтарч бичихээр тогтсон. СССР-ын Шинжлэх ухааны академиас удирдан 1946-1954 онуудад үргэлжилсэн энэ том төсөл түүх, археологи, угсаатны зүйн судалгаа төдийгүй ач холбогдлоороо үзэл суртлын тодорхой агуулга, улс төрийн ач холбогдолтой байхаар төлөвлөсөн. Ач холбогдлыг юун түрүүн ХХ зууны эхний хагас дахь Монголын төр, улс төрийн бүтцийн өөрчлөлтүүдийг тодорхойлох зорилго тавьлаа. Шинэ үзэл суртлын шаардлага нь хувь хүн, үйл явдлын үүрэг, ач холбогдлыг, тэдгээрийн дотоодын улс төрийн үйл явц, улс орны хөгжилд үзүүлэх нөлөөллийг дахин авч үзэхийг шаардлагатай гэж үзжээ.. Цаашилбал, Монголын түүхийн албан ёсны үзэл баримтлалыг сургалтын хөтөлбөр, боловсролын янз бүрийн түвшний сурах бичиг боловсруулахад шаардлагатай гэсэн байна. Зөвлөлт-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаагаар Монголын түүх, соёлын судалгааг оруулах асуудлыг анх 1945 оны долдугаар сарын 2-нд Москвад болсон ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Монголын комисс Монголын эрдэмтдийн оролцоотойгоор хөндсөн. Энэ асуудал Бүх холбоотын коммунист большевик намын Төв хороогоор хэлцэгдсэний дараа долдугаар сарын 7-нд Улс төрийн товчоонд танилцуулжээ. Товчооноос түүх бичих төслийн урьдчилсан бэлдтгэлийг судлах зорилгоор профессор И. Устюжаниновоор ахлуулсан С. Кисилёв, А. Бартанов, Б. Цыбиков нарыг 3 сарын хугацаагаар Монголд очиж байдалтай танилцах шийд гаргав. Иннокентий Устижининов (1880-1968) бол газар зүйч мэргэжилтэй, 1924-1926 онд Улаанбаатарт Зөвлөлтийн ерөнхий консулаар ажиллаж байсан нэгэн. Сергей Кисилёв (1905-1962) нь эртний болон дундад зууны Сибирийн архиеологи судлалаар мэргэжсэн хүн. Бямбаа Доржиевич Цыбиков (1912-2006) төвд буддизм судлаач. Аграппина Бартанова (1910-1990) Буриал-Монголын эмэгтэйчүүдийн зүтгэлтэн.
Төлөөлөгчид Монголд ирээд Улсын архивийг уудлан 35 мянга орчим материалтай танилцжээ. Ингээд Чойбалсан, Цэдэнбал болон Зөвлөлтийн элчин сайд Иванов нартай уулзан Монголын түүх төслөө танилцуулсан байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардлыг Монголын тал хариуцах болов. Монголын Сайд нарын зөвлөл тогтоол гаргаж уг түүхийг бичих Монголын талын комисс байгуулж Ширэндэвээр ахлуулах болсноо мэдэгдлээ.. Дээд сургуулийн сурах бичиг 30 хэвлэлийн хуудас, дунд сургуулийн сурах бичиг 15 хэвлэлийн хуудас бэлдэх ба 1950 он гэхэд 150 хэвлэлийн хуудас бүхий 3 боть БНМАУ-ын түүх бэлэн болгоно гэжээ.
Устюжанинов нар Москвад буцаж ирээд явсан тайлангаа намын үзэл суртал хариуцсан УТТ-ы гишүүн А. Ждановт илтгэв. Ингээд гурван боть түүхийн ном бүтээх ажилдаа орлоо. Редакцийн бүрэлдэхүүнд Киевийн Русь судлаач академич Б.Д. Греков. (1882-1953), япон судлаач Е. Жуков. (1907-1980), археологич С.Киселёв (1905-1962), Дунд Ази чиглэлийн археологич А. Якубовский (1886-1953), угсаатан судлаач К. Вяткин (1882-1973), хэл судлаач И. Мещанинов (1883–1967), мөн Монголд ирж ажиилаж байсан С. Козин, И. Майский, Устюжанинов нар томилогдов.
Монголын түүх бичих ажил хэдийгээр 1950 онд дуусгахаар төлөвлөгдөж байсан боловч үзэл суртлын саад бэрхшээлээс болж дөнгөж 1954 онд нэг ботиор хэвлэгджээ. Юун түрүүн Майский баривчлагдсан, Мещанинов ажлаасаа хөөгдсөн шалтгаанаар редакцийн бүрэлдэхүүнээс хасагдав. Түүхийн номыг дөрвөн гол бүлэгт хуваагаад тус болгоныг бичих мэргэжилтний баг томилов. Нэгдүгээр хэсэг нь “Эртний өвөг монголын үе”, хоёрдугаар хэсэг нь “Чингис хаанаас манжийн үе хүртэл”, гуравдугаар хэсэг нь “Автономын үеийн Монгол”, дөрөвдүгээр хэсэг нь “Шинэ Монгол” гэж хуваажээ. Сүүлчийн бүлгийг монголын түүхчдийн оролцоотойгоор бичих ба ерөнхий зөвлөхөөр Устюжанинов тохоон томилогдов.
ЗХУ дахь шинжлэх ухааны эсрэг анхны дайралтууд 1947 оны хавар философичдыг үзэл суртлын дутагдал, улс төрөөс ангид байх санаархал, философийн сэтгэлгээг ангийн үзэл санаанаас салгасан хэмээн буруутгаснаар эхэллээ. 1949 онд түүх судлалын эсрэг үзэл суртлын дайралтууд эрчимжсэн. Шинэ кампанит ажлын чиглэл, өнгө аясыг "Вопросы истории" сэтгүүлийн "Буржуйн үзэл суртлын илрэлийн эсрэг тэмцэлд Зөвлөлтийн түүхчдийн үүрэг даалгаврын тухай" нийтлэлд тодорхойлжээ. Захиалгат нийтлэлийн зохиогчоос Зөвлөлтийн түүхчдийг "хүсэл тэмүүлэлтэй, дайчин большевик суртал ухуулагчид", "буржуйн үзэл суртал, космополитизмын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд байх", мөн хүний нийгмийн хөгжлийн хэв маягийг тодорхойлох цорын ганц зөв, үзэл суртлын хувьд үндэслэлтэй судалгааны арга барил болох түүхийн материализмын аргыг баримтлахыг уриалсан.
Монголд үүнтэй давхцан түүх бичлэгт үзэгдэх болсон хөрөнгөтний үндсэрхэг үзлийг шүүмжлэх хэнээрхэл өрнөв. 1949 оны зун Улс төрийн товчоо “Ардын унших бичиг” товхимлын алдааны тухай Цэдэнбалын санаачилгаар авч хэлэлцлээ. “Манай сэхээтний дотор үл бүтэх үндэсний явцуу үзэл илэрлээ” хэмээн Цэдэнбал зарлаад: “Харгис аллага хядлагаар гайхуулж байна”, “Гитлер шиг Чингисийг магтан дуулж байна”, “Энэ бол манай намын үзэл биш”, “Бидний устгасан хуучин ангийн үзэл суртлыг өргөн мандуулах гэсэн оролдлого” гэхчлэн авч өгөх нь тэр.
Цэдэнбал цааш улам давшин мөнөөх товхимлыг хүчингүй болгосон төдийгүй тэр үед байсан бүхий л сургуулиудад шалгалт оруулан Монголын түүхийг хэрхэн зааж байгааг судлуулав. Ингээд өвөл нь “БНМАУ-ын түүх ба утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай” гэх тогтоол гаргуулсандаа: “түүх, утга зохиол заах явцдаа хөрөнгөтний национализмын илрэлүүдтэй тэмцэл явуулах үзэл суртлын асуудалд гоцлон анхаарахыг” сануулаад тухайн үедээ л байсан хэдэн эрдэмтэн судлаачид болох Х.Пэрлээ, Б.Содном, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Нацагдорж, Л.Дүгэрсүрэн, Ш.Лувсанвандан нарыг хавтгайд нь нэр зааж байгаад “национализм нэвт шингэсэн”, “шинжлэх ухааны эсрэг хорт шугамаа баримтлагч”, “Монголын феодализмын өмнө бялдуучлагч”, “XIII зууны Монголын феодализмыг магтагч” гэх мэт нэр цолоор мялаан харааж буруутгалаа. 1949 оны арванхоёр дугаар сард МАХН-ын Төв Хорооны бүгд хурлаар "Ардын унших бичгийн тухай", "Боловсролын байгууллагад түүх, уран зохиолын хичээл заах ажлыг зохион байгуулах тухай" тогтоолуудыг баталж, сургалтын хөтөлбөр болон хувь хүний хэвлэлд үндсэрхэг үзлийн илрэлийг буруушаажээ. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан болон бусад Монголын удирдагч асан хүмүүсийн намтарт үзэл суртлын алдаа дутагдал байгааг мөн тэмдэглэжээ.
1950 оны наймдугаар сарын 25-нд БНМАУ-ын түүх номын талаар академийн Монголын комисс авч хэлэлцэв. Чингис хаан болон Алтан ордын тухай бүлгийг бичсэн Якубовский ба түүний баг юун түрүүн шүүмжлэлд өртжээ. Монголын удирдагч Чойбалсан улс орныг нь үүсгэн байгуулсан Чингис хааны талаарх “шүүмжлэлийг” хүлээж авах дургүй байсан боловч СССР-ийн намын удирдлагын шахалт дор түүнийг ардуудыг мөлжигч, харгис алуурчин гэдэгтэй эвлэрсэн.
Хоёр дахь асуудалтай хэсэг нь Монголын сүүлийн үеийн түүхийн тойм буюу хувьсгалт үйл явдлууд болон шинэ нийгэм байгуулах тухай тайлбар байв. Номын энэ хэсгийн гар бичмэлийг Улаан-Үд дэх Буриад-Монголын Соёлын судалгааны хүрээлэнд хянуулахаар илгээсэн бөгөөд тэнд Монголын түүхийн энэ үеийг сайн мэддэг мэргэжилтнүүд ажиллаж байжээ. Энэ хэсэгт ямар шүүмжлэл эсэргүүцэл гарах нь одоохондоо тодорхой биш. Иймээс өдий болтол бичсэн хэсгээ хүчингүй болгоод Монголын ардын хувьсгалыг 30 жилийн ойг тохиолдуулан 1951 онд нэг ботиор хэвлүүлэхээр шийдэв.
Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчид 1950 оны сүүлээр гар бичмэлд нэмэлт, засвар оруулсны дараа ЗХУ-ын Гадаад явдлын яаманд илгээжээ. Гэсэн хэдий ч үүнийг хамгийн түрүүнд хянаж үзсэн хүн бол БНМАУ-д суугаа ЗХУ-ын Элчин сайд Ю. Приходов байв. Тэрээр Монголын орчин үеийн түүхийг хэрхэн боловсруулсан талаар нэлээд хэдэн зөрчилтэй санал хэлжээ. Зөвлөлтийн элчин сайд орчин үеийн Монголын хувь хүмүүсийн дүр төрх, тэдгээрийн дүрслэгдсэн орчин үеийн үйл явдлуудад гүйцэтгэсэн үүргүүдийн тухай бичвэрт тун сэтгэл дундуур байв. Номын зөвлөлт зохиогчид нь ХХ зууны Монголын улс төрийн түүхийн талаар хангалттай материалиар дутмаг, мөн 1920, 1930-аад оны Монголын янз бүрийн засгийн газар, улс төрийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагааг үнэлэхдээ улс төрийн зөв байдлын талаар мэдээлэлгүй байсан тул элчин сайдын “залруулгыг” хүлээн авчээ. Шаардсан засварыг хийсний дараа гар бичмэлиээ батлуулахаар Монгол дахь Зөвлөлтийн Элчин сайдын яаманд илгээв.
Одоо ингээл арай гэж ажил дууслаа гэж байтал Приходов бичлэгийн талаар дахин баахан гомдол өрнүүлэв. Комисс эдгээр асуултуудыг засах гэж яарсангүй, учир нь түүний гишүүд болох мэргэжлийн түүхчид ихэнхтэй нь санал нийлэхгүй байв. Ингээд бичмэлийг Монгол талд үзүүлж шилжүүлэх ажил дахин хойшилсон байна.
Приходов бас дахиад номын тухай шинэ эсэргүүцэл илэрхийлсэн учир 1951 оны зургадугаар сарын 29-нд Монголын комисс энэ талаар дахин хуралдав. Энэ үед Приходов Москвад байгаагүй учир гомдлынх нь тухай асууж тодруулах бололцоо байсангүй. Иймээс улс төрийн алдаанд орохгүйн тулд элчин сайдын “саналыг” хүлээж авлаа. Ингээд Монголын түүхийн ноорог гар бичмэлийг тухайн үед ЗХУ-ыг удирдаж байсан Г. Маленковт явуулсан нь уг хамгийн дээд дарга бичвэрийг зөвшөөрснөөр эцэслэн шийдэгдэв. Зөвлөлтийн талаас номыг бэлэн болсон гэсэн эцсийн шийд нэгэнт гарсан тул 1951 оны арванхоёрдугаар сард Монголын талд үзүүлж санал хүсэлтээ хэлэхийг хүлээлээ. Гэтэл Монголын тал хариу өгөлгүй бүтэн жил саатсаны эцэст өөрийн талын саналаа 1952 оны арванхоёр дугаар сард ирүүллээ. Гол шалтгаан нь Монголын удирдагч Чойбалсан 1952 оны нэгдүгээр сарын 26-нд нас баржээ. Иймээс ном дээр 1950-1952 оныг нэмж, маршал Чойбалсангийн тухай нэмж тодруулах шаардлагатай гэсэн санал тавьсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд тухайн үед Монголын түүх нэг ботийн ажлыг удирдаж байсан Жуков Монголын түүхч Ширэндэв, Нацагдорж, Балжиртүндэвийн Цэдэн, Ж.Төмөрбаатар нарыг Москвад урив. Ингэсээр 1954 оны наймджгаар сард Монголын тал ажлаа дуусгасныг мэдэгдэв. Ийнхүү 1954 оны арванхоёрдугаар сард БНМАУ-ын түүх ном орос хэлээр 50 мянган хувь хэвлэгдэн гарлаа. Тун удхлгүй Монгол хэлээр орчуулагдан хэвлэгдсэн.
“История Монгольской народной республики” нэртэй уг бүтээлийн албан ёсны Ерөнхий редакцид академич В.Греков (Хэвлэгдэхээс өмнө нас барсан), С, Козин, А. Губер, Е. Жуков, С. Киселёв: Монголын талаас Б. Ширэндэв, Ц. Дамдинсүрэн, Ш. Нацагдорж, Ц. Пунцагноров гэсэн нэрс оржээ. Нэрсэд А. Губер (1902-1971) гэх нэр нэмэгдэж орсон нь Зүүн Өмнөд Азийн түүхээр мэргэжсэн тэрээр зөвлөлтийн үзэл сурталд тааруулж түүхийг үечлэн ангилах, дээд сургуульд үзэх сурах бичгийг бэлтгэх талаар хүлээн көвшөөрөгдсөн нэгэн аж.
“Монголын түүхийг зохиосон нь” хэмээх энэ өгүүллийг бичихдээ гол нь Татъяна Юсупова,. “Советско-Монгольское научное сортруничество. Становление, развитие и основные результаты 1921-1961” гэсэн 2018 онд хэвлэгдсэн номын “Проект по подготовке Истории МНР” бүлгэд тулгуурлав. Энд гарч буй ихэнх баримт нь олон жил нууцлагдсан архивын материал. Ийм зүйлсийг олж илрүүлэн эмхэтгэнэ гэдэг бол монголч эрдэмтэн Юсупова хатагтайн уйгагүй шургуу хөдөлмөрийн үр дүн билээ. Түүний зөвшөөрлөөр материалыг ашиглахдаа шууд орчуулга биш учир өөрийн нэрээр бичсэндээ хүлцэл өчин, талархал идэорхийлье. Ер нь асар их хөдөлмөр гарган олж эргэлтэд анхлан оруулсан эх сурвалжийг өөрөө олсон мэтээр шууд эшлэх нь оюуны өмчийн хулгай мөн. Юсупова хатагтайн энэ бүтээл удахгүй бүрэн эхээрээ монгол хэлээр хэвлэгдэн гарах болно.
“История МНР” хэмээх энэ номд түүхийн үнэн тун ховор, бараг тэр чигээрээ гүтгэж, гуйвуулж, харлуулж бичсэн зохиомол эд. Хожим редакцид бүртгэгдсэн академич Дамдинсүрэн “Хэрэв Монголын нийгэм, ард түмэн Чингисийн үед доройтон ядуурсан, дараа нь манжийн үед улам доройтсон, тэгээд автономын үед бүр дордсон юм бол Чингисээс өмнө аль нэг газар маш баян тарган аз жаргалтай байсан болж таарч байна” гэж егөөдөн хэлсэн байдаг. Үнэндээ энэ номын жинхэнэ Ерөнхий редактор, найруулагч удирдагч нь тухайн үеийн МАХН-ын дарга Цэдэнбал, ЗХУ-аас БНМАУ-д суух элчин сайд Прохов нар болж таарах нь энэ өгүүллээс харагдаж байна.
Харамсалтай нь энэ зохиомол ном хэвлэгдсэн цагаасаа 1990 он хүртэл БНМАУ-ын албан ёсны түүх хэмээгдэн Монголын бүх иргэд, түүний дотор нам төрийн албадлагаар хүүхэд сурагчдын зааавал мэдэж цээжлэх “библи” нь байлаа. Ном гэх энэ сурах бичгийг ЗХУКН-ын ХХ, XXII их хурлуудаар сталинизмын буруутгасны дараа бага зэрэг засвар оруулан шаардлага гарч хоёр дахь хэвлэлийг бэлтгэн 1967 онд хэвлүүлсэн байна. Номын үндсэн агуулга өөрчлөгдөөгүй. Ололттой тал нь Монголын археологи, угсаатан судлалын талаар монголын түүхчдийн бүтээлийг нэмэлт бүлгээр оруулжээ. Нэгэнт Зөвлөлт-Монголын хамтарсан бүтээл нэрээр яваа тул номын хоёр дахт хэвлэлтийн редакцид амьд үлдсэн хуучуулаас гадна С. Дыликов, Г. Санжаеев, С.Рощин, Н. Шастина, Монгол талаас Х. Пэрлээ, Ш. Бира, М. Санждорж, Д. Дашжамц нар нэмэгдэж оролцжээ. Ерөнхий редактороор академич А. Окладников, Дыликов, Бира, Пэрлээ нар албан ёсоор томилогдсон бололтой.
БНМАУ-ын түүх номын гуравдахь хэвлэл 1984 онд дахин шинэчлэгдэн хэвлэгдлээ. Гурав дахь хэвлэлийг санаачилсан хүн нь академич Ширэндэв. Гэвч тэрээр улс төрийн хэрэгт орон, ном дөнгөж хэвлэлтэд шилжиж байх үед ажлаасаа хусагдаж намаасаа хөөгджээ. Ингээд шинэчлэгдсэн бүтээлийн Ерөнхий редактороор хэдэн жилийн өмнө нас барсан академич Окладников, Монголын талаас Бира нар шинээр томилогдов. Ерөнхий редакцид бас хэдэн жилийн өмнө нас барсан хөдөөгийн Пэрэнлээ, өдгөө хаанаас ч эрээд олдохгүй дэд эрдэмтэн И. Козакевич гэгч багтсан байна. Сурах бичигт 1960 оноос хойш Монголын нийгэмд гарсан түүхийг нэмэлт бүлэг болгон оруулсан ба үүндээ ЗХУКН-ын намын XXV, XXVI их хурлын шийдвэр, МАХН-ын XVII, XVIII шийдвэрүүдийг тусгаж орууллаа гэж өмнөх үгэнд бичжээ. “Чингис хаан тэргүүтэй монголын феодлууд байгуулагдсан нь монголын ард түмнийг цэрэг, улс орныг цэргийн лагерь болгож байсан цэрэг дайны түрэмгий бодлого Монголын эдийн засаг, соёлын цаашдын хөгжлийг зогсоосон юм” гэсэн дүгнэлт түрүүчийн хэвлэлд байгаагүй. Номыг БНМАУ-ын дээд, дунд, ерөнхий боловсролын сургуулийн оюутан сурагчдын гарын авлага, сурах бичиг болгон хэвлэж байгаагаа дурьдсан байна.
БНМАУ-ын түүх номын анхны хэвлэлд Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан, Ерөнхий сайд Цэдэнбал, ном хэвлэгдэхийн дөнгөж өмнөхөн МАХН-ын дарга болсон Д.Дамба нарын тусгайлсан хөрөг багтсан бол, хоёр дахь хэвлэлд Сталин, Дамба нар хасагдаж, АИХ-ын дарга Самбуугийн хөрөг нэмэгджээ. Гурав дахь хэвлэл 1981 онд өрөлтөд орсон боловч дөнгөж 1984 оны аравдугаар сард хэвлэлтээс гарсан тул Цэдэнбалыг хасаад, Ж. Батмөнхийн хөргийг оруулжээ.
1966-1969 онд “Бүгд найрамдах Монгол ард улсын түүх” хэмээх гурван боть ном хэвлэгдэн гарсан нь Зөвлөлт-Монголын хамтарсан гэх мөнөөх “История МНР” -ээс хавьгүй дэлгэрэнгүй, илүүтэй түүхийн шинжлэх ухааны зарчмыг баримталсан дажгүй бүтээл болсон юм. Үүнийг дагнан Монголын эрдэмтэн түүхчид бичсэн. Гэхдээ “Зөвлөлтийн эрдэмтэдийн зөвлөлгөөгөөр” гэх нь мөнөөх эхний номонд гарсан гуйвуулсан, худал тоо баримтаар хуурсан, хатуу номлол бүхий албадмал шугамаасаа хөндийрч чадаагүй юм.
2026.01.25.

