Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг авлигачдын анхаарлыг татаж АТГ-ын ажлыг ташуурдана
Төрийн албан хаагчид бэлэг авч болох уу? Давхар ажил эрхэлж болох уу?
Засгийн газар АТГ-ын ажлыг хийгээд байна уу? Аль эсвэл АТГ МАН-ын Засгийн газрын ажлыг хийгээд байна уу гэх хардлага төрөх болов. Гэтэл эргээд харахнээ эрх баригч нам нь намаасаа “төрсөн” авлигачдыг “агнаж” байсан удаагүй санагдана. Тэр тусмаа “хоморголох” шахуу ийм олноор нь олон нийтийн шүүлтүүрт хаяж өгч байсан удаагүй болов уу. Тэгэхээр энэ хамтралыг эергээр харж ойлгож, үр дүнг нь хүлээн авч болох талтай. Тиймээс үр дүнд хүрэхийн тулд энэ хамтрал ч гэх үү, хамтын ажиллагааг хэсэгтээ харзнаж дэмжээд үзье.
АТГ-ын зарлаад байгаа гол зарчмаас харахад авлигын хэргийг өндөр, нам түвшнийх гэлтгүй бүх мэдээлэлд ижил хандана. Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь “үндэсний авлигатай тэмцэх гол стратеги бөгөөд улс төрийн бодлогын амин чухал зорилт” гэдгээ зарлаад байгаа нь Ерөнхий сайдын саяхны хэлсэн үгтэй уягдаж тодорхой хэмжээнд хардагдаж эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь хохирлыг нөхөн төлүүлэх нь төрийн үйл ажиллагааны шударга байдал, ардчиллын үнэт зүйлс, иргэдийн хүртэх ёстой байсан боломжид учирсан хор уршгийг бүрэн эдгээж нөхөж чадахгүй ч нийгэмд шударга ёсыг тогтоох нэг чухал зүйл яах аргагүй мөн. Тиймээс ч хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгой анхаарч 2019 онд 11.3 тэрбум төгрөг, 2020 онд 35.6 тэрбум төгрөг, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2.3 их наяд төгрөгийг нөхөн төлүүлсэн дүнг “тоохгүй” өнгөрч боломгүй байгаа юм. Хөгжлийн банкны хэргүүд, Нүүрсний хулгайн хэргүүд зэргээс урд хожид дуулдаагүй том дүнгүүд дуулдах болсноос харахад 2023 оны эцэст энэ тоо “чих дэлдийлгэж” мэдэх юм.
“Манай АТГ” дэлхийд хаана жагсаж байна?
“Трасе интернэшнл” байгууллагаас гаргадаг Хахуулийн эрсдэлийн матриц (Bribery Risk Matrix) нь улс орнуудын бизнесийн салбар дахь хахуулийн эрсдэлийг Засгийн газар ба бизнесийн харилцаа; Хахуулиас сэргийлэх, хууль сахиулах ажиллагаа; Засгийн газар болон төрийн албаны ил тод байдал; Иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хяналт тавих чадавх гэсэн багц үзүүлэлтүүдээр хэмждэг. НҮБ, Дэлхийн банк, Гётебургийн их сургуулийн V-Dem институт, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг олон улсын байгууллагуудын холбогдох өгөгдлийг нэгтгэн ТРАСЕ Интернэшнл байгууллага 2014 оноос эхлэн гаргаж байна. Эрсдэлийг 0-100 оноогоор үнэлдэг бөгөөд оноо нэмэгдэх бүр эрсдэл нэмэгдсэн гэж үздэг аж. Манай улсын хувьд 2014 онд 72 оноотой 156-д эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд 51 оноотой 96 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Улс орны авлигын түвшинд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг бол Хууль дээдлэх ёсны хэрэгжилт юм. Мөн авлига, хахуулийн түвшин, эрсдэлийг хэмжихэд олон улсын байгууллагуудын ашигладаг чухал үзүүлэлт бол Дэлхийн эрх зүйн төсөл (World Justice Project) байгууллагаас гаргадаг Хууль дээдлэх ёсны индекс. Энэ индекс нь нь Төрийн эрх мэдлийн хязгаарлалт, Авлигаас ангид байдал, Төрийн нээлттэй байдал, Хүний үндсэн эрх, Эрүүгийн болон Иргэний хэргийн шүүх ажиллагаа зэрэг 8 багц, 44 дэд үзүүлэлтийг хэмжиж 0-1 оноогоор үнэлдэг. Манай улсын хувьд 2015 оноос хойш 0.53-0.55 оноогоор үнэлэгдсэн. Зарим судалгаанд Авлигатай тэмцэх индекс болон Хууль дээдлэх ёсны индекс нь үндсэндээ нэг зүйл гэж үзсэн байдаг. АТГ-аас 130 улс орны 2021 оны Авлигатай тэмцэх индекс болон Хууль дээдлэх ёсны индексийг ашиглан хоорондын хамаарлыг тооцоход шууд, хүчтэй хамаарал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Хууль дээдлэх ёсны индекс нэмэгдэхэд улс орны Авлигатай тэмцэх индекс ч мөн сайжирдаг байна.
Эрх баригч намын дарга улс төрийн намуудын төсвийн талаар юу гэчихэв?
Ерөнхий сайд “Намын баяр”, “Эх орончдын баяр” гэж тэмдэглэдэг байсан тогтсон уур амьсгалыг эвдэж тогтолцооны өөрчлөлт хийх тухай ярив. Энэ ч гэсэн өөрчлөлт. Тэрбээр ҮХНӨ, сонгуулийн төсөв, улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хөндсөн. Эрх барьж байгаа нам энэ тухай эхэлж хөндөх нь хардлага дагуулах хэдий ч бас ахицтай тал нь дүрмээ өөрчилчихөөд тоглолтод орох зоригтой байгаа бололтой. Энэ талаар бусад улс орнууд ямар зохицуулалттай байдаг талаар бодвол судалгаа мэдээллээр хангагдсан байх. ОХУ л гэхэд Улс төрийн намуудын тухай хуульд зааснаар улсын төсвөөс улс төрийн сонгуульд авсан саналын тоогоор хэмжигдэх санал авдаг. Гишүүнчлэлийн хураамжийн хувьд нэг гишүүний хураамж 43 сая рублиэс хэтэрч болохгүй. Мөн иргэний хэлцлээс олсон орлого болон хуулиар хориглоогүй бусад орлогоос намыг санхүүжүүлж болдог. БНПУ-д улс төрийн нам нь гишүүнчлэлийн татвар, хандив, өв залгамжлал, гэрээслэл, эд хөрөнгийн орлого, хуульд заасан татаас, банкны зээл, бонд, үнэт цаасны арилжаанаас олсон орлогоороо болон дансан дахь мөнгөний хүүгээр гэхчлэн санхүүжиж болохоор заасан байна. ХБНГУ-д мөн л сонгуульд санал авсан нам төсвөөс хуулиар тогтоосон санхүүжилтийг авна. Мөн 500 еврогоос дээш хандивын эзнийг ил тод мэдээлнэ. Харин 50 мянган еврогоос дээш хандивыг Бундестагийн ерөнхийлөгчид мэдэгдэх үүрэгтэй. Намын гишүүнчлэлийн хураамжийн дээд хэмжээ нь 10 мянган еврогоос давсан бол тайландаа тусгах хуультай. Италид Улс төрийн намын төсвийн хувьд иргэн мэдүүлсэн орлогынхоо 0.002-0.008 хувийг хандивлах боломжтой бөгөөд Улс төрийн намын дэргэдэх сан 30 000-100 000 евро хүртэлх хандив авах боломжтой.
Канад улсынх нэлээд нарийн зохицуулалттай байдаг юм байна. Тухайлбал, хувь хүний хандиваар намд жилд 1500 канад доллар, бүртгэгдсэн сонгуулийн тойрог, намын сунгаанд оролцогч 1500 канад доллараас илүү хандив авахыг хориглосон. Улсын төсвөөс улсын хэмжээний нийт саналын 2%, тойргийнхоо нийт саналын 5%-ийг авсан нам нь зарцуулсан зардлынхаа 50%-ийг, 10%-аас доошгүй санал авсан нэр дэвшигчид зардлын хязгаарын 15%-ийг буцаан олгодог. Мөн нэр дэвшигч сонгуулийн үеэр зардлын хязгаарын 30-аас доошгүй хувийг зарцуулсан бол зарцуулсан мөнгөний 60%-ийг нөхөн олгодог аж. БНТУлсад улс төрийн намын хандиваар санхүүжих ба хэмжээг хуулиар тогтоосон. Харин гадаадын иргэн, хуулийн этггээдээс хандив авахыг хориглосон. БНСУ-д улс төрийн намууд санхүүжихдээ гишүүдээс хураамж авна. Хандиваар байж болно, гэхдээ Хандивын нийгэмлэгийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр байгуулж гишүүдээсээ л хандив авна. Улсын төсвөөс сонгуульд ялалт байгуулсан гишүүдийн тоо, нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо зэргийг харгалзан хувьд тэнцүүлэн тэтгэмж олгодог байна. Энд нийт 30 орчим орны судалгаа цуглуулсан боловч зарим орны туршлагаас харахад ийм байгааг сонирхуулав.
“5 Ш” ажиллагааг шоолохын өмнө…
Авлигын эсрэг кампанит ажлуудыг дэлхийн аль улс орнууд хэрхэн хэрэгжүүлсэн байдаг талаар сонирхож үзлээ. Ингэхэд Сингапур “21-р зууны нийтийн албан PS21” арга хэмжээг 1995 онд хэрэгжүүлж үүндээ Төрийн албаны шинэчлэлт хийхийг зорьж үр дүнд хүрчээ. Мөн тэр үед Сингапурт “Үйл ажиллагааны 0 дамжлага Zero-In-Process /ZIP/ кампанит ажлыг явуулсан нь Төрийн албаны шат дамжлага, хүнд суртлыг арилгахад томоохон ахиц авчирсан байдаг. Үүний зэрэгцээ “Шаардлагагүй зүйлийг шахан гаргах санаачилга “The Power буюу Public Officers Working to Eliminate Red-Tape гэгч кампанит ажлыг зохион байгуулснаар шаардлагагүй, хүнд суртал агуулсан дүрэм журам, зохицуулалтыг устгах төрийн албан хаагчдын санаачилгыг дэмжиж чадсан байдаг. Энэ бүхэн рүү бид алхаж эхэлж байгааг оройтсон ч гэсэн буруутгах аргагүй юм.
Бусад жишээний тухайд, Тайландад “Цэвэрлэгдсэн/Цэгцлэгдсэн төрийн албан хаагч” immaculte state official Төрийн албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой кампанит ажлыг, Тайваньд “Авлигын эсрэг сая сая дуу хоолой” Million Voices against Corruption Авлигад автсан төрийн албан тушаалтнуудыг зайлуулах, Энэтхэгт “Тэг рупи” арга хэмжээг зохион байгуулснаар бага, дунд түвшний авлига, хээл хахуультай тэмцэх, авлига авсан төрийн албан хаагчдыг эсэргүүцэх томоохон кампанит ажлуудыг маш үр дүнтэй зохион байгуулсан байдаг. Одоогоос арав гаруй жилийн өмнө эхлүүлж, бидний эчнээ танил болсон БНХАУ-ын “Барын ав” Tiger Hunt Өндөр түвшний авлигатай тэмцэхэд хэрхэн үр дүнгээ үзүүлсэн, одоо ч үргэлжилсээр байгааг дэлхий нийт мэдэх болсон. Мөн
Кени улсад “Би шударга ёсны төлөө гүйж байна” кампанит ажлыг 2013 онд зохион байгуулснаар сонгуулийг шударга, ил тод, тайван явуулах замаар улс төрийн хүрээнд хууль ёсны шударга байдлыг бий болгоход үр дүн өгсөн гэж үздэг юм билээ. Цаашилбал,
Тайландад тендер, худалдан авах ажиллагаанд оролцож байгаа талууд авлига, хээл хахуулаас зайлсхийж шударга хэлцэл хийхэд уриалах “Шударга байдлын гэрээ” Intergrity Pact кампанит ажил, Энэтхэгт Үндэслэлгүй хөрөнгөжих замаар эдийн засагт эргэлдүүлж байгаа мөнгийг хураан авч, улмаар авлигад цохилт өгөх “Мөнгө үгүй болгох” Demonetisation кампанит ажлууд, Вьетнамд авлигад автсан төрийн албан хаагчдыг илрүүлж баривчлах “Улайссан зуух” Blazing Furnace” ажиллагаа зэргийг дурдаж болно. Тиймээс “5 Ш”-ийг шоолох бус юу хийхийг ярьцгаая. Хэдийгээр энэ талаар Ерөнхий сайд болон эрх баригчид ярьсаар байгаа ч яг юу хийх талаар олон нийт тодорхой мэдэх нь чухал бөгөөд бусад улс орнууд “Тэдний” яриад байгаа ажлыг яаж хийдэг талаар сонирхох нь зүйтэй болов уу.
Бусад улс оронд Авлигатай “хэн” тэмцдэг вэ?
Манай улсад УИХ-аас 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Авлигын эсрэг хуулийг баталсан бөгөөд энэ хуулиар АТГ-ыг хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага гэж тогтоосон байдаг. Мөн АТГ-ын төсвийг батлахад үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна, албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно гэх мэтчилэн. Цаашлаад АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-аас томилж, чөлөөлдөг. Ингэхдээ өөрөө хүсэлт гаргасан, эрүүл мэндийн шалтгаан, бүрэн эрхийн хугацаа дууссан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлж, огцруулдаг. Түүнчлэн хуульд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглодог. Энэ нь АТГ-ын бие даасан, хараат бус байдлыг хангах баталгаа болж өгдөг.
Бусад орны тухайд, жишээ нь Швейцарьт тус улсын Прокурорын байгууллага нь авлигатай тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. ХОМ-ийг нийтэд нь авдаггүй, байгууллага бүр өөрийн дотоод журмаараа зохицуулдаг. Улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах албан тушаалтнуудад Төр засгийн тэргүүн, Үндэсний хэмжээний томоохон улстөрч, Засгийн газрын өндөр албан тушаалтан, Шүүх, хуулийн байгууллага, цэргийн өдөр албан тушаалтнууд, улс төрийн гол намуудын томоохон гишүүд, Төрийн өмчит корпорацийн удирдах албан тушаалтан зэргийг багтаадаг.
Италид авлигатай тэмцэх байгууллага нь Авлигатай тэмцэх үндэсний агентлаг. Тус агентлагийн удирдлагыг Хууль зүйн сайд, Дотоод хэргийн сайд, Төрийн захиргааны асуудал эрхэлсэн сайд нар зөвшилцөн нэгдсэн саналаа Засгийн газарт танилцуулснаар парламентын хоёр танхимын Байнгын хорооны дэмжсэнээр Ерөнхийлөгч нь 6 жилийн хугацаатайгаар томилдог. Сингапурт тус улсын Ардын хөдөлгөөний нам тасралтгүй 62 жил Засгийн эрхийг барьж байгаагаараа онцлогтой бөгөөд улс төрд нөлөө бүхий этгээдийг нарийвчлан тодорхойлсон зохицуулалт байдаггүй.
Франц улсад авлигатай тэмцэх чиг үүргийг Авлигын эсрэг үндэсний агентлаг, Прокурорын байгууллагын Санхүүгийн болон авлигын гэмт хэрэг мөрдөх тусгай чиглэл хариуцсан нэгж, Дотоод хэргийн яамны харьяа Цагдаа, жендармын байгууллагууд хэрэгжүүлдэг юм байна. “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэг ангилалд улс төрийн, захиргааны, шүүх эрх мэдлийн байгууллагад ажиллаж байгаа нөхцлөөрөө санхүүгийн давуу байдал үүсгэх боломжтой бүх албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийг багтааж үздэг. Үүнд эрх баригчдаасаа гадна Европын холбооны комиссийн гишүүд, Европын холбооны парламентын гишүүд, бүх шатны шүүхийн шүүгчид, Төв банкны удирдлагууд, тус улсаас гадаад улсад суугаа Элчин сайд нар, Батлан хамгаалах салбарын удирдах ажилтнууд, Улсын аудитын бүх байгууллагын аудиторууд, Төрийн өмчит компаниудын удирдлагууд болон Олон улсын байгууллагад ажиллаж буй удирдах албан тушаалтнуудаа багтаажээ.
ОХУ-д Авлигатай тэмцэх чиг үүргийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигын эсрэг хороо болон Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Авлигатай тэмцэх нэгж хэрэгжүүлдэг.
ХБНГУ-д Авлигатай тэмцэх ажилтан нь авлигын мэдээлэл цуглуулна. Холбооны муж улсын Цагдаагийн газар нь авлигын гэмт хэргийг мөрдөн шалгадаг зохицуулалттай.
БНХАУ-д Авлига, хээл хахуулийн эсрэг ерөнхий газар нь томоохон авлига, хээл хахуулийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, Мөрдөн байцаах албыг зохион байгуулах, үүрэг чигллээр хангах, мөрдөн шалгах ажилд хамтран ажиллах, авлигын гэмт хэргийн талаарх хууль тогтоомжийг судлах, дүн шинжилгээ хийх чиг үүрэг гүйцэтгэдэг. Харин Авлига, хээл хахуулийн эсрэг товчоо нь Намын өндөр албан тушаалтнуудын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх, мөн Сахилга, хяналтын хороо нь Намын өндөр албан тушаалтнуудын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх гэсэн чиг үүргээр давхардуулан ажилладаг байна.
Австри улсад Дотоодыг хамгаалах яамны харьяа Холбооны авлигатай тэмцэх товчоо нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, авлигын хэргийг мөрдөн шалгах чиг үүргийг гүйцэтгэдэг. Эдийн засгийн болон авлигын гэмт хэрэгтэй тэмцэх Прокурорын газар нь 2011 онд байгуулагдсан бөгөөд авлигын том хэргийг мөрдөх чиглэлээр ажилладаг. Австрали улсад Австралийн Холбооны цагдаагийн алба, дэргэдээ Авлигатай тэмцэх төвтэй, Холбооны прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх бие даасан комисс гэсэн байгууллагууд авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус улсын хуулиар төрийн албан хаагчдад бэлэг авахыг хориглоогүй боловч бизнесийн ашиг, давуу тал олох зорилгоор өгсөн бэлэг, үзүүлсэн үйлчилгээ, зардал, авлига хээл хахуульд тооцогдоно.
Канад улс. Хатан хааны морьт цагдаагийн алба авлигын гэмт хэргийг мөрдөн шалгана. Авлигатай тэмцэх тусгай байгууллагагүй. Ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн асуудал хариуцсан Комиссар нь төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчлийг хянах, хуулийнн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Норвеги улсад Цагдаагийн байгууллага нь авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй.
БНТурк улсад авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүргийн байгууллага байхгүй.
БНКиргиз улс Засгийн газрын дэргэдэх Улсын санхүүгийн тагнуулын алба нь авлигатай тэмцэх чиглэлийг хэрэгжүүлдэг. БНСУ-д Ерөнхий сайдын харьяан дахь Авлигатай тэмцэх иргэний эрхийн комисс нь авлигатай тэмцэх бодлогыг хэрэгжүүлэх, соён гэгээрүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг шалгаж шийдвэрлэх ерөнхий эрхийг хэрэгжүүлдэг.
Төрийн албан хаагчид бэлэг авч болох уу? Давхар ажил эрхэлж болох уу?
Швейцарьт төрийн албан хаагчдын бэлэг авах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтын хувьд 200 швейцарь франкаас дээш үнэтэй бэлэг авахыг хориглодог. Эрхэлж буй албан тушаалтай нь харшлахгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрдөг байна. Италид Албан ёсны болон гадаадын төлөөлөгчидтэй хийх уулзалтын үеэр 150 еврогоос ихгүй дүнтэй бэлэг авч болохоос бусад бүх тохиолдолд бэлэг авахыг бүрмөсөн хориглодог. Албан тушаалын цалингийн орлогоос бусад хэлбэрээр нэмэлт орлого олохыг хуулиар хориглосон. Сингапурт намын дүрмээрээ бэлэг авахыг бүрэн хориглодог. Тодорхой хугацаанд буюу өмнө нь сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажил эрхэлж байсан хүнийг албан тушаалд томилохыг хориглодог зохицуулалттай. ОХУ-ын хуулиар төрийн алба хашиж буй этгээд 3000 рублиэс илүү үнийн дүнтэй бэлэг авахыг хориглох бөгөөд бэлэг авсан бол дээд албан тушаалтандаа мэдэгдэх үүрэгтэй. Багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс бусад ажил давхар эрхлэхийг хориглоно. ХБНГУ-д төрийн албан хаагч, албан тушаалтнууд 25 еврогоос хэтрэхгүй хэмжээний үнэ бүхий эд зүйл бэлгэнд авахыг зөвшөөрсөн бөгөөд мөнгө авахыг хатуу хориглосон. Нийтийн болон төрийн албанаас гадуур, үндсэн ажил давхар эрхлэхийг зөвшөөрсөн байдаг. БНХАУ-ын хуулиар албан тушаалын эрх мэдлийг ашиглан бусдад тусламж үзүүлсний хариуд бэлэг авсныг гэмт хэрэг гэж үздэг. Төрийн албан хаагч ажлын шаардлагаар холбогдох байгууллагын зөвшөөрлөөр цалин хөлсгүйгээр давхар ажил эрхэлж болно. Бусад тохиолдолд давхар ажил эрхлэхийг зөвшөөрөхгүй байхаар зохицуулжээ.
Австралид бэлэг авахыг хориглоогүй боловч бизнесийн давуу тал олох зорилгоор өгсөн бэлэг, үзүүлэх үйлчилгээний зардлыг авлигад тооцдог.
Харин Австри улсад төрийн албан хаагч тухайн орон нутгийн зан заншлыг агуулсан, үнэ өртөг багатай, бэлгэдлийн чанартай эд зүйлийг бэлгэнд авч болох ба үүнийг бэлэг гэж тооцохгүй. Төрийн албан хаагч хүндэтгэлийн бэлэг авч болох бөгөөд үүнийгээ байгууллагадаа мэдэгдэх үүрэгтэй гэжээ. Үүнийгээ хуульд заахдаа “муж, олон нийтийн корпораци, уламжлалт байгууллагаас гавьяа шагнал болгож, хүндэтгэл үзүүлж өгсөн бэлэг” гэж дурджээ. Харин байгууллага хүндэтгэлийн бэлгийг улсын өмчид бүртгэж авна гэсэн байна. Тус улсын төрийн албан хаагчид ажил албан тушаалтай нь харшлах ажил давхар эрхлэхийг хориглодог. Үүнээс бусад ажлыг зохих этгээдийн зөвшөөрлөөр давхар эрхэлж болно. Төрийн захиргааны төв байгууллагаас шаардлагатай тохиолдолд төрийн албан хаагчийн давхар эрхлэхийг хориглох ажлын жагсаалтыг баталж болох зохицуулалттай байна. Канадын хуулиар төрийн албан хаагч өөрийн гаргах шийдвэр, ажлын гүйцэтгэлд нөлөөлж болох бэлэг, урамшуулал авахыг хориглоно. Албан үүрэгтэй нь холбогдолгүйгээр өгсөн үнэ бага, байгууллагын нэр төрд харшлахгүй бэлгийг авч болно, гэхдээ байгууллагадаа мэдэгдэх ёстой. Тус улсын хуульд төрийн албан хаагч давхар ажил эрхлэхийг хориглодог бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр ажлын эрх ашиг болон байгууллагын нэр төрд харшлахгүй, саадгүй ажлыг давхар эрхэлж боломжтой байхаар зохицуулжээ.
Норвегид төрийн албан хаагч ажил үүрэгтээ нөлөөлж болзошгүй бэлэг авахыг хориглодог. Парламентын гишүүн, Засгийн газрын гишүүн ажил үүргийн хүрээнд 200 еврогоос дээш үнийн дүнтэй бэлэг авсан бол ХОМ-т тусгах үүрэгтэй. Төрийн албан хаагчаас нэмэлт ажил эрхэлж буй талаар мэдээлэл шаарддаггүй боловч эрхэлж буй ажил үүрэг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй тохиолдолд мэдээлэл өгөхийг шаарддаг. Бүгд Найрамдах Турк улсад төрийн албан хаагч бэлэг авахгүй болохгүй гэж заасан боловч олон нийтэд мэдээлж, байгууллагын хөрөнгөд бүртгэж авсан бэлэг, ном сэтгүүл, тэдгээртэй адилтгах бэлэг, уралдаан тэмцээнд оролцож авсан шагнал урамшуулал, үнэлгээ багатай, олон иргэнд нэг зэрэг тараасан сурталчилгааны болон гар урлалын бүтээгдэхүүнийг бэлэг гэж тооцохгүй гэсэн зохицуулалттай байх юм. Төрийн албан хаагчдад эрдэм шинжилгээний, сургалт судалгааны ажлаас бусад ажил эрхлэхийг хориглодог. БНСУ-д төрийн албан хаагч нь 1 удаад 1 сая хүртэлх воноос хэтэрсэн бэлэг авахыг хориглоно. Бэлэг авсан тухайгаа удирдлагадаа мэдэгдэж, тогтоосон хэмжээнээс хэтэрсэн үнэтэй бэлгийг буцааж өгнө, авахаас татгалзана. Киргиз улсад Ажил үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан бэлэг авахыг хориглосон. Шинжлэх ухааны бүтээл, багшлах ажлаас бусад ажлыг давхар эрхлэхийг хориглодог байх юм.
Эдгээр жишээнээс өөрийн оронд тохирох туршлагыг сонгож улс төрийн намуудын санхүүжилт, төрийн өндөр албан тушаалтнуудын болон төрийн албан хаагчдын эдлэх давуу эрх, мөн ХОМ өгөх шаардлагатай албан тушаалтнууд болон ХОМ-ийн асуулгуудыг нэгмөсөн дорвитой өөрчлөөд авбал авлигатай тэмцэх алхамд томоохон ахиц болох биз ээ. ҮХНӨ хийнэ гэдэг нь байн байн сэвэлзүүлэх салхитай адилгүйн учир эдгээрээс эхлээд алхам алхмаар тогтолцоогоо өөрчлөхийн тулд хууль тогтоох байгууллага болон Засгийн газар мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж шийдлээ гаргачихаад хэрэгжүүлэхдээ хараат бусаар ажиллах бүрэн боломжтой ч байж болох юм. Харин ч цаашид төрөөс хууль тогтоогчид, гүйцэтгэх засаглал нь авлигатай үр дүнтэй тэмцэх хүрээнд авлигач албан тушаалтантай бус харин авлигын эрсдэлийг бүрдүүлж буй суурь нөхцөлийг устгаж, албан тушаалтан субъектив шийдвэр гаргах боломжийг хязгаарлан хүний оролцоог аль болох багасгах ажилд тус дэм болж байгаа энэ эрчээ өчүүхэн ч сулруулахгүй байгаасай гэж хүсэх байна.