ТАРХИ-ГЭДЭСНИЙ ХОЛБООС
Тархи ба гэдэс хоёр чиглэлт мэдээллийн сувгаар холбогддог ба түүгээр нь мэдрэлийн ширхгүүд, дааврууд, үрэвслийн молекулууд дамждаг. Гэдсэнд үүсэж буй арвин их мэдээлэл (хэвлийн мэдрэмж) тархинд хүрэхэд тархи эргүүлээд зохицуулах дохиог (хариу урвал) гэдэс рүү илгээдэг. Уг холбоос сэтгэл хөдлөхөд, гэдэсний ажиллагаанд чухал нөлөөтэй. Тархи, гэдэс хоёр нягт уялдаатай.
1970-аад онд намайг анагаахын их сургуульд сурч эхлэх үед эмч нар хүний бие махбодыг тодорхой эд ангиас бүрдсэн ээдрээт машин мэтээр үздэг байв. Зохих анхаарал тавьж, зөв түлшийг нь хийгээд, томоохон осол аваарт оруулахгүй, эд ангиудыг нь засвар авахгүй болтол эвдчихгүй л бол уг машин дунджаар 75 жил ажиллана. Гэнэтийн асуудал үүсгэхгүйн тулд энэ зуур машинаа хэдэн удаа үзлэгт оруулахад л болно. Халдвар үрэвсэл, осол гэмтэл, зүрхний өвчин зэргийг эм тариа, мэс заслын аргаар эмчилчихнэ.
Гэвч өнгөрсөн 40-50 жилд уг загвар нэг л оновчгүй байж, шинэ бэрхшээлийг шийдвэрлэж хүчрэхээ болив. Үүссэн бэрхшээлийн бурууг аль нэг эрхтэн, ген рүү чихэх аргагүй боллоо. Тархи, биеийн механизмд бидний амьдралын хурдан өөрчлөгдөж буй хэв маяг нөлөөлж байгаа нь мэдэгдэв. Хоол шингээлт, биеийн жин, дархлаа, тархины хөгжил, эрүүл мэндийн зохицуулагч механизмууд тусдаа биш, харин цогц ажилладаг ажээ. Одоо л бид гэдэс, гэдсэн доторх нян, нянгуудын бүтээсэн дохиологч молекулууд бүхэлдээ (микробиом[1]) эл зохицуулагч системд том үүрэг гүйцэтгэж буйг ойлгоод байна.
Энэ номдоо би тархи, гэдэс, гэдэсний олон их наяд нянгууд өөр хоорондоо хэрхэн харилцдаг, тэр нь тархи, гэдэсний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг тухай цоо шинэ тайлбарыг толилуулна. Эл харилцаа алдагдвал сөрөг үр дагавар үүсдэг ба тэтгэн дэмжих юм бол төгс эрүүл мэнд бүтээж болно гэсэн санааг ч мөн танилцуулна.
Анагаахын сургуульд суралцаж байхдаа би сургалтын арга зүй нь нэг л биш байгааг мэдэрсэн юм. Өөр өөр эрхтэн систем, өвчний механизмыг судлах үед түүнтэй тархи холбоотой эсэхийг огт авч үзэхгүй байлаа. Ходоодны шарх, даралт, архаг өвчинд тархи ямар нөлөөтэй талаар бараг хэн ч ярихгүй байв. Тэгтэл хамгийн нарийн шинжилгээгээр хүртэл шалтгаан нь илрэхгүй байгаа өчнөөн өвчтөнтэй би эмнэлэгт дадлага хийж байхдаа таарч байлаа. Гэдэс, аарцаг, цээж хавьд нь өвдөөд удаж байна гэж тэд ярьж байв. Тэгсээр гуравдугаар курст дипломын ажлынхаа талаар бодож эхлэх үедээ тархи бие махбодтой хэрхэн харилцдаг асуудлыг биологийн үүднээс судалбал ямар бол, өвчний нийтлэг шалтгааныг илүү сайн ойлгох бол уу хэмээн би бодлоо. Тэгээд нарийн мэргэжлийн профессоруудтай уулзан, энэ талаар хэдэн сар зөвлөлдөв. Их сургуулийн дотрын анагаах ухааны ахмад профессор Карл саналаа хэлэхдээ “нөхөр Майэр, хууч өвчинд сэтгэлзүй нөлөөтэйг бид бүгд мэднэ, гэвч эмнэл зүйн энэ үзэгдлийг судлах шинжлэх ухаанч арга замыг бид олоогүй л байна, тиймээс ийм сэдвээр та дипломын ажлаа бичнэ гэдэг юу л бол” гэлээ.
Карл профессорын дэвшүүлсэн өвчний загвар, анагаахын тогтолцоо зарим цочмог, огцом ахицтай өвчинд маш сайн тохирдог, жишээ, цочмог үрэвсэл, зүрхний шигдээс, мухар олгойн үрэвсэл гэх мэт. Цочмог өвчний эмчилгээний амжилтдаа эрдээд орчин үеийн анагаах ухаан дэндүү бардам болжээ. Өндөр үр дүнтэй антибиотикоор эмчлэгдэхгүй үрэвсэлт өвчин бараг л үгүй болов. Орчин үеийн мэс заслын арга барилаар олон ч өвчнөөс сэргийлж, анагааж болно. Эвдэрч, гэмтсэн бол тастаж хаяж, сольж болно. Хүн гээч энэ машины эд анги, хэсгүүдийн бүтцийг сайн мэдэхэд л хангалттай. Ийнхүү технологи хөгжихийн хэрээр анагаах ухаан хавдар зэрэг архаг өвчнийг ч анагааж дөнгөнө гэсэн хэт өөдрөг үзэлтэй болсон юм.
1971 онд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Үндэсний Хавдрын хуулийг баталснаар барууны анагаах ухаан шинэ орон зайд илүү дайчин үйлчлэх болсон. Хавдар улсын дайсан болон хувирч, хүний бие тулааны талбар болов. Тэрхүү фронт дээр эмч нар биеэс өвчнийг үлдэн хөөхийн тулд газар нутгаа галдан шатаадаг тактик ашиглан бие махбод руу үхлийн нөлөөт химийн бодис, цацраг туяагаар довтлон, мэс заслын аргаар хавдрын эсүүдийг биеэс зайлуулж эхэлжээ. Ийм л тактикаар анагаах ухаан халдварт өвчинтэй тэмцсэн ба улам олон антибиотикоор янз бүрийн нянг устгаж эхэлсэн. Дайвар нөлөөг нь зөвшөөрч болж л байгаа цагт эл тактик эцэстээ ялалт авчрах нь тодорхой байлаа.
Анагаах ухаан хэдэн арван жилийн турш ийм механик, милитарист арга барилаар урагшилсан. Машины эвдэрхий хэсгийг тастаж хаяад сольчиход л асуудал шийдэгдчихнэ. Яагаад эвдэрснийг нь мэдэх шаардлагагүй. Ийм үзлээс болоод даралт ихсэх өвчнийг тархинаас зүрх судас руу илгээдэг элдэв дохиог саатуулдаг бета-хоригч, кальцийн антагонист ашиглан, мөн ходоодны хүчил ихсэх, цээж хорсох, ходоодны шарх үүсэхэд, протоны шахуургын дарангуйлагч ашиглан эмчилж эхлэв. Энэ бүх асуудлын цаад эзэн нь тархины буруу ажиллагаа гэдгийг хайхрахгүй байлаа. Заримдаа эмчилгээ нь асуудлыг улам дордуулан, нэмэлт хүндрэл үүсгэж байсан тул улам хурц арга хэмжээ авч байв. Хэрэв протоны шахуургын дарангуйлагч ходоодны шархыг дарж чадахгүй бол тархи гэдсийг холбох тэнэгч мэдрэлийн амин чухал судсыг тэр чигт нь тасалж байлаа.