(МҮХАҮТ-ын ээлжит XX их хуралд зориулав)

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (Танхим) ирэх жил нэгэн жарныг үдэж шинэ жарантай золгоно. Танхим үдэж буй энэ жарны эхний хагасыг нь зөвхөн нийтийн өмчтэй, хувийн өмчгүй нийгэмд, нөгөө хагасыг нь “нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалдаг нийгэмд үйлчилж, Монгол улсын худалдаа, үйлдвэрийг хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж иржээ.

Зах зээлийн эдийн засагт зохицох, шинээр үүсч буй олон зуун хувийн компаниудад үйлчлэхийн тулд 1995 онд танхимын тухай хууль тусгайлан батлуулав. 2009 онд өмнөд хөршийн буцалтгүй тусламжаар оффисын байшинтай болов. Эдүгээ бодлогын нөлөөлөл явуулж, бизнесийн үйлчилгээ үзүүлдэг энэ танхимд 150-аад хүн ажиллаж байна.

Гэвч үйл ажиллагаагаа явуулах бүх боломж, эрх мэдэлтэй болсон энэ танхимд эдүгээ монголын 180 мянган аж ахуйн нэгжээс дөнгөж 3500 нь л гишүүнээр элссэн, бусад нь тойроод буйн учир шалтгаан юу билээ? Энэ шалтгааны эх сурвалж нь танхимын удирдлагын бүтэц, зохион байгуулалт, манлайлах чадварт буюу засаглалд нь оршиж байна.

Танхимын засаглалыг юуны өмнө удирдах болон гүйцэтгэх менежментийн зааг ялгааг тодорхой болгохоос эхлэх хэрэгтэй байна.

Удирдах засаглалын шинэ жишиг

МҮХАҮТ нь бусад орны сонгодог танхимууд шиг олон танхимуудын шүхэр байгууллага биш, харин өөрийн салбаруудтай (аймаг хотуудад 20-оод), хэвтээ бүтэцтэй ажээ. Аж ахуйн нэгжүүд орон нутгийн танхимын харьяанд давхар бүртгэлтэй ч, танхимтайгаа шууд харьцаж болдог ажээ.

Танхим нь Их хурлаа дөрвөн жилд нэг удаа хийж буй нь гишүүдтэйгээ холбогдохыг нь сулруулж байна. Жирийн гишүүддээ тайлагнах боломж бага, гишүүдийн оролцоог бууруулж байгаа учир их хурлаа хоёр жил тутам хийх нь илүү өгөөжтэй.

Гишүүдийнхээ тархалт, орон нутгийг тооцоод, тэднийг төлөөлсөн 75 гишүүнтэй удирдах зөвлөл (УЗ) эдүгээ ажиллаж байна. Аймаг бүрийг төлөөлсөн нэг нийт 21, бусад Их хурлын гишүүдээс 51, үлдсэн 3 нь гүйцэтгэх удирдлагаас сонгож байна. УЗ дотроосоо даргаа сонгодог. УЗ жил бүр хуралддаг. УЗ-ийн гишүүдийг 51 болгож бууруулах, талыг нь хоёр жил тутам солихоор сонгууль явах нь оновчтой. Олон гишүүнтэй байх тусмаа үр дүн нь илүү байдаггүй.

УЗ-ийн дотроос 25 Тэргүүлэгчийг сонгож, УЗ-ийн даргыг Ерөнхийлөгч болгодог.  УЗ-ийн дарга ба Ерөнхийлөгч нь нэг хүн болдог. Гэхдээ тэргүүлэгчдийг 4 жилээр сонгож байгаа нь бусад УЗ-ийн гишүүдийн оролцоог нь хэт бууруулж буй учир хоёр жил болгох нь оновчтой. Шинэ тэргүүлэгчид шинэ эрч хүч болж, шинэ нөхцөлд илүү соргог ханддаг. Уг нь тэргүүлэгчдийн тоог цөөлж 15-17 хүнтэй, хоёр жил тутам солигдохоор болговол шийдвэр гаргах хурд, бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Харин УЗ-ийн дарга, Ерөнхийлөгч (дэд Ерөнхийлөгчид) нь сайн дурын үндсэн дээр буюу цалингүй байх нь зүйд, олон улсын жишигт нийцэх юм. Энэ бол хагас цагийн ажил учир албан томилолтоор явах зардал, хурал удирдсан, ажилласан цагийн тодорхой урамшуулал байх нь зүйтэй.

Ерөнхийлөгч нь бизнес эрхлэх нөхцлийг сайжруулах талаар төрд нөлөөлөх үүрэгтэй учир аль нэг улс төрийн намын харьяалалгүй байх нь тохиромжтой. Бизнест сөргөөр нөлөөлж болохуйц төрийн бодлого, ялангуяа аливаа татварын тоо, хувийг нэмэхийн эсрэг, авлигын эсрэг байр сууриа тод илэрхийлэх учиртай. Бизнесийн санхүүжилтийн зардлыг бууруулах, гадаадын банк оруулахыг дэмжих шаардлага гарлаа. Улсын төсвийн болон бизнест холбогдох аливаа хуулийн хэлэлцүүлэгт Танхимын дүгнэлт чухал үүрэгтэй. Эдгээр ажлыг зөвхөн улс төрөөс хараат бус Ерөнхийлөгч л хийж чадна.

Ерөнхийлөгч нь танхимыг гадаадад төлөөлдөг учир англи хэлийг ажлын түвшинд эзэмшсэн, чөлөөтэй ярьж, бичдэг, олон улсын харилцааны ёс жаягийг чанд сахидаг хүн байхыг цаг үе шаардаж байна.

Гүйцэтгэх засаглалын шинэ жишиг

Саяхан МҮХАҮТ гишүүний жилийн татвар, үйлчилгээний үнийг ялган, гишүүнчлэлээ очир, цагаан алт, алт болон сонгодог гэж ангилсан нь үйлчилгээний чанарт сайн нөлөө үзүүлэх юм.

Танхим дээр байгаа 30-аад зөвлөлийн тоог цөөлж, чанар, хүртээмжид нь төвлөрсөн хороод болгон өөрчилж, хороо бүрийн ажлыг орлого зарлагаар нь харьцуулж, үйл ажиллагааны үр дүнг хэмждэг индекс (KPI) ашиглан, цалин урамшуулалтай нь холбодог олон улсын танхимуудын туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй.

Мөн Танхим гадаадын хөрөнгө оруулалт татахад төвлөрч, гадаадын болон хамтарсан компаниудыг гишүүнээр элсүүлэхэд түлхүү анхаарах цаг болжээ. Танхим бас мэргэжлийн боловсролын хосолсон хөтөлбөр боловсруулж, сургалт ба дадлагыг нэгтгэх, компаниуд хэрэглэсэн сав баглаа, боодлоо хянах, хог хаягдлыг дахин боловсруулах, нийгмийн болон экологийн хариуцлага хүлээхэд чиглүүлэх хэрэгтэй байна.

Салбарын холбоодуудтай хамтран ажиллаж, бодлогын нөлөө болон бүтээмжийн зөвлөгөө өгч чаддаг, ялангуяа бизнесийн цахим платформыг оновчтой ашиглах, шинэ програм, аппликэшн, яваандаа хиймэл оюун ухаан, роботыг яаж ашиглах тухай сургалт явуулах шаардлага гарч байна. Гадаадын ямар зах зээлд монголын компани гарч болох мэдээ, мэдлэг, сургалтын хэрэгцээ бий болж байна.  

Энэ бүхнийг удирдаж зохион байгуулж чадах мэдлэг чадвартай гүйцэтгэх захиралтай байх ёстой. Гүйцэтгэх захирал, түүний орлогчийг одоогийнх шиг УЗ-өөс сонгодог биш, УЗ-ийн дарга нь Тэргүүлэгчдийн зөвшөөрөлтэйгээр томилдог болвол, удирдах ба гүйцэтгэх засаглалын зааг ялгаа тодорхой болж ажлын үр дүн нэмэгдэнэ. Ерөнхийлөгч танхимын өдөр тутмын ажилд оролцохгүй байх нь оновчтой.

Гүйцэтгэх захиралтай 4 жилээр гэрээ байгуулж, жил бүр Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан бизнесийн төлөвлөгөөний дагуу ажлыг нь дүгнэж, урамшуулал олгох нь зохистой.

Ирж буй шинэ жарныг дээрх хоёр чиглэлийн шинэчлэлээр угтах хариуцлагатай үүрэг Танхимын гишүүд, шинэ удирдлагын өмнө тулгарлаа. Барууны орнуудын түүхэнд худалдааны танхим үргэлж л бизнесийн хамгийн хүчтэй дуу хоолой болж иржээ. Учир нь танхимын гишүүн бүрт алдах өмч хөрөнгө байгаа.

МҮХАҮТанхим бол монголын бизнесийн хамгийн хүчирхэг дуу хоолой байх ёстой.

2019.02.27