Хот, аймгийн бонд
Шаардлагатай хөрөнгө, мөнгө босгох ажлыг юуны өмнө орон нутагт иргэд, аж ахуйн нэгжээс хураан авч буй татвар, төсвийн бусад орлогын наад зах нь гуравны нэгийг, тодорхой татварын талаас илүүг иргэдийнх нь мэдэлд үлдээх шаардлагатай болоод байна.
Бүсчлэн хөгжүүлэх бүтээгүй оролдлогынулмаас монголын хүн амын хагас нь нийслэлд төвлөрч, гэр хорооллын бүс тэлсээр байна. Гэр хороолол тэлэхийн хэрээр нүүрсний дутуу шаталтаас үүссэн хорт утаа агаар бохирдуулж, модон жорлонгийн халиа хөрс бохирдуулан оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх боллоо. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол гамшиг дагуулсаар байна.
Нийслэлд 2017-2025 онд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлд 24.8 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө зарцуулах болно гэж НҮБ-ын Хүүхдийн сан тооцсон байна. Нийслэлийн хүн 2035 онд 2.3 сая болох бөгөөд энэ өсөлтийг дагаад байгаль орчны бохирдолтой тэмцэх, газар ашиглалтаа оновчтой болгох, иргэдээ ажилтай байлгах зэрэг томоохон сорилт хотын иргэдийг хүлээж байна.
Хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн өгөөжтэй арга бол гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах явдал. Харин үүнийг яаж хэрэгжүүлэх вэ?
Төвлөрлийг сааруулах ганцхан арга
Хөдөө орон нутагт амьдрах нөхцлийг сайжруулахгүй бол нийслэл, аймгийн төвийг зорих шилжилтийг зогсоох боломжгүй юм. Амьдрах нөхцлийг сайжруулахын тулд аймгийн төв, сумдад дэд бүтэц байгуулах, орон сууц барих, улмаар бизнес эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх учиртай.
Шаардлагатай хөрөнгө, мөнгө босгох ажлыг юуны өмнө орон нутагт иргэд, аж ахуйн нэгжээс хураан авч буй татвар, төсвийн бусад орлогын наад зах нь гуравны нэгийг, тодорхой татварын талаас илүүг иргэдийнх нь мэдэлд үлдээх шаардлагатай болоод байна. Нийслэлд хүн амын 46 хувь төвлөрч, ДНБ-ий өсөлтийн 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа учир татварын орлогын тал хувь нь ногдох ёстой.
Ер нь иргэдийнхээ дуу хоолойг төр засаг нь сонсдог, хэлэлцдэг, хамтын шийдэлд хүрч байж л аливаа төслүүд хот, орон нутагт амжилттай хэрэгжих юм. Өнөөг хүртэл бүх татварыг нийслэлд нэгтгэн авч, өчүүхэн хэсгийг нь орон нутагт буцаан олгож, заримдаа юу ч олгохгүй байгаа учир орон нутаг хөгжихгүй, иргэд нь дүрвэсээр байна.
Орон нутгийн засаг захиргаа нь өөрийн хөрөнгө, мөнгө байхгүй учир зөвхөн төсвийн хуваарилалтыг хүлээхээс өөр сонголтгүй. Орон нутаг өөрсдийн мэдлийн татварын орлоготой болмогц нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтаа өөрийн бонд гаргах буюу өрийн бичиг гаргаж санхүүжүүлж болно. Хөгжилтэй улс орнууд энэ аргыг өргөн хэрэглэдэг. Энэ төрлийн үнэт цаасыг Мюни, CD гэж хөрөнгийн зах зээлд нэрлэдэг. Орон нутгийн үнэт цааснаас олж буй орлогыг (coupons, хүүгийн орлого) татвараас чөлөөлдөг.
Орон сууцны хөрөнгө ба чанарын баталгаа
Эдүгээ Улаанбаатар хотод орон сууцны олон хороолол баригдаж байгаа ч үнэ нь өндөр, гэр хорооллын иргэдийн худалдан авах чадвараас хэт дээгүүр байна. Үүний гол шалтгаан нь байшин барих газрын эрхийг нууцаар, ихэнхдээ авлигадаж авч буйтай холбоотой. Уг нь хуулиараа Туул голын эрэг дагуу, Богд уулын аль ч аманд орон сууц барих ёсгүй, зөвхөн аялал жуулчлалын объект барих ёстой. Гэтэл эдгээр газруудад барьсан олон зуун барилга байшинд үл хөдлөх үндсэн хөрөнгийн гэрчилгээ олгох, түүнийг нь үндэслээд зарж борлуулахад маш бэрхшээлтэй ажээ.
Энэ бүхнийг зохицуулах хууль журмаа эргэн харахаас өөр аргагүй болсон бөгөөд шинээр барих суурьшлын газруудын төлөвлөлтийг цоо шинээр хийх, хүн амьдрах ажиллах, хүүхдийн сургууль, цэцэрлэг ногоон байгууламжийн суурийг тавих газар, тэнд хүртэлх ус, цахилгааны дэд бүтцийг орон нутгийн хөрөнгөөр тавьж барилгын компаниудыг сонгон шалгаруулж бариулах шаардлагатай байна. Орон нутаг, хотын бондоор тодорхой байршил, нэр хаягийг нь заасан төслүүдийн дэд бүтцийг санхүүжүүлдэг. Төслийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны чанарыг даатгалын байгууллагууд хариуцдаг.
Энэ схемийг хэрэгжүүлэхийн тулд үндсэн хөрөнгийг хөгжүүлэгч, барилгыг барьдаг, борлуулдаг, дараа нь ашиглалтыг хариуцсан тус тусдаа тоглогчид байх шаардлага гардаг. Эдүгээ манай улсад барилгын компани өөрөө газраа олж авах, барих, борлуулах, ашиглах бүх гинжин хэлхээг дангаараа хариуцаж байгаа нь үндсэн хөрөнгийн чанарт нөлөөлж байна. Үл хөдлөх үндсэн хөрөнгө бол цаг хугацаа явах тусам үнэ цэнэ нь нэмэгддэг, үндсэн хөрөнгийн татварын хагас нь тухайн байршлын орчныг сайжруулан тохижуулахад явах ёстой.
Нийслэлийн удирдлагууд хотын бонд гаргах талаар үе үе ярьж байсан. Гэвч төсвийн эрх мэдэл Засгийн газарт хэт төвлөрсөн, тэгээд ч улсын төсөв үргэлж л алдагдалтай гардаг учир хот, аймгийн удирдлагад хураасан татварынхаа хэсгийг авч үлдэх, түүгээрээ барьцаалан бонд гаргахыг зөвшөөрдөггүй ажээ. 2016 оны 9-р сард “Өрийн удирдлагын тухай” хуулиар нийслэлийн бонд гаргах эрхийг нь хасчээ.
Япон улс манайхтай адил төрийн нэгдмэл байгууламжтай ч, улсын болон орон нутгийн төсвийн харьцааг зардал болон орлогоор нь харьцуулсан тусгай хуультай. Төсвийг захиран зарцуулагч хот, орон нутгийн даргаа оршин суугчдаасаа шууд сонгодог. 2016 онд Токиогийн захирагчаар анх удаа эмэгтэй хүн сонгогдов. Тэр Токио хотын ногоон хөгжлийг дэмжих тав ба гучин жилийн хугацаатай “Ногоон бонд” санаачлан гаргав. Томоохон компаниуд, банк, даатгалын байгууллагууд тэр бондын хөрөнгө оруулагчид нь болов. Ер нь гадаадын орнуудад иргэдийн амьдралтай шууд холбоотой, нийгмийн халамж, ерөнхий боловсрол, галаас хамгаалах, зам гүүр зэрэг нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг орон нутгийн засаг захиргаа хариуцах нь эцсийн дүндээ илүү үр өгөөжтэйг батлан харуулаад байна.
2019.03.06
Зочин
Уул уурхайн бус чиглэлд боломж байж болох юм
zochin