ТАНИГДАХУЙ
Фрэнсис_Фукуяма ТАНИГДАХУЙ Нэр төрийн хэрэгцээ ба гомдлын улс төр. Өнөө үед танигдахуйн хэрэгцээ дэлхийн улс төрийг тодорхойлох болжээ. Цагаачдыг эсэргүүцэх популизм, улстөржсөн лалын сэргэлт, коллежийн оюутны хотхоны талцсан байдал, цагаан үндсэрхэг үзэл эргэн гарч ирсэн зэрэг, энэ бүхэн нь либерал ардчиллын үндэс суурь болсон түгээмэл хүлээн зөвшөөрөлд тулгараад байгаа гол бэрхшээлүүд юм. Одоо эдгээрийн олонх нь улс үндэстэн, шашин шүтлэг, шашны бүлэглэл, арьс өнгө, үндэс угсаа дээр суурилсан хүлээн зөвшөөрлийн явцуу хэлбэр лүү гулсан орж байна.
2016 оны арваннэгдүгээр сард Доналд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдоогүй бол энэ ном бичигдэхгүй байлаа. Олон америкчуудын адилаар би ч гэсэн сонгуулийн энэ үр дүнд гайхан цочирдож, үүнээс үүдэн Америкийн Нэгдсэн Улс болоод дэлхий дахинд тулгарсан ярвигтай байдал санааг минь зовоож эхэлсэн юм. Энэ бол сонгуультай холбоотой тухайн жилийн хоёр дахь том цочир мэдээ байсан бөгөөд эхнийх нь зургаан сард Британичууд Европын Холбооноос гарахаар саналаа өгсөн явдал байв.
Би сүүлийн хорин жилийг төр, хууль дүрэм, ардчиллын хариуцлагатай байдал анх хэрхэн бий болж, хувирч өөрчлөгдөн, харилцан үйлчлэлцэж, эцэст нь хэрхэн ялзарч болох вэ гэх мэтчилэн орчин үеийн улс төрийн инстүүцийн хөгжлийн талаар тунгаан бодоход зарцуулжээ. Миний бие Трампыг сонгогдохоос ч бүр өмнө Америкийн төрийн байгууллагууд ялзарч төр нь хүчирхэг сонирхлын бүлгүүдийн халаасанд гүн орж, хатуу бүтцэд гацаж, өөрийгөө шинэчлэх боломжгүй болж байгаа талаар бичиж байлаа. Харин Трамп өөрөө энэ ялзралын бүтээгдэхүүн хийгээд үүнд хувь нэмэр оруулагч хоёрын аль аль нь байв. Тэрээр ерөнхийлөгчид нэр дэвшихдээ өөрөө улс төрөөс ангид хүн учраас эрх мэдлээ системийг цэвэрлэж, ахин ажиллагаатай болгоход ашиглана хэмээн амласан юм. Америкчууд улс төрийн гацаанаас залхсан тул улс орныг ахин нэгтгэж чадах, миний нэрлэснээр хориглол буюу өөрсдийн эрх ашгийн төлөө нийтийн үйл хэрэгт саад тотгор болон сонирхлын бүлгийн эрх мэдлийг давж гарч чадах хүчирхэг удирдагчийн хүслэн болж байлаа. Ийм маягийн популист чиг хандлагаар дамжуулан анх Франклин Д.Рүзвэлт 1932 онд Цагаан ордонд очсон бөгөөд энэ үзэгдэл нь үүнээс хойших хоёр үеийн турш Америкийн улс төрийг шинээр хэлбэржүүлсэн юм.
Трамп бол улс төрийн бодлогын хувьд ч, хувь хүний зан араншингийн хувьд ч давхар асуудал авч ирсэн юм. Түүний эдийн засгийн үндсэрхэг үзэл өөрийг нь чухам дэмжсэн сонгогчдын хувьд амьдралыг дээрдүүлэхээсээ илүүтэй дордуулах хандлагатай байгаа бол, тэрээр ардчилсан холбоотнуудаас илүү авторитар удирдагчдыг илтэд таашаадаг нь олон улсын дэг журмыг бүхэлд нь алдагдуулах төлөвтэй байна. Зан чанарын хувьд АНУ-ын ерөнхийлөгч байхад хамгийн тохиромжгүй хүнийг Трампаас өөрөөр төсөөлөхөд бэрх. Жинхэнэ манлайлалтай холбоотой эрхэм чанарууд болох энгийн үнэнч зан, ноён нуруу, зөв бурууг ялгах ухаан, олон нийтийн ашиг сонирхлын төлөөх зүтгэл, наад захын ёс суртахуун – түүнд сох дутна. Замналынхаа туршид Трамп өөрийгөө өргөмжлөхөд гол анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд замд нь тээг болсон хүмүүсийг тойрч зугтах, эсвэл боломжтой бүхий л аргыг ашиглан уландаа гишгэхдээ туйлын сэтгэл хангалуун байсан юм.
Трамп дэлхийн улс төрд байдаг нийтлэг нэгэн чиг хандлагыг төлөөлдөг бөгөөд тэр нь популист үндсэрхэг үзэл1 гэсэн хаягтай. Популист удирдагчид ардчилсан сонгуулиар тэдэнд олгогдсон хууль ёсны эрхээр далайлган эрх мэдлээ зузаатгахыг зорьдог. Тэд өөрсдийгөө “ард түмэнтэй” ойр дотно шууд харилцаатай гэдэг ч, тэр “ард түмэн” гэдгийг нь тодорхойлбол ихэвчлэн явцуу үндсэрхэг үзэлтнүүд байх ба энэ бүлэгт нийт хүн амын ихэнх хэсэг багтдаггүй. Популист удирдагчид төрийн инстүүцэд дургүй ба шүүх засаглал, хууль тогтоох байгууллага, бие даасан хэвлэл мэдээлэл, нам бус төрийн алба зэрэг орчин үеийн либерал ардчилсан тогтолцоонд аливаа удирдагчийн хувийн эрх мэдлийг хязгаарлаж байдаг харилцан хяналт, тэнцвэржилтийн хэм хэмжээг дордуулахыг эрмэлздэг. Энэ ангилалд багтааж болох бусад орчин үеийн удирдагч гэвэл Оросын Владимир Путин, Түрэгийн Рэжэп Тайип Эрдоган, Унгарын Виктор Орбан, Польшийн Ярослав Качиньский, Филиппины Родриго Дутэртэ нар юм.
1970-аад оны дундуур эхэлж дэлхий дахиныг хамарсан ардчиллын төлөөх хөдөлгөөн нь миний хамтран зүтгэгч Ларри Даймондын нэрлэдгээр дэлхийн хэмжээний хямрал² гэдэг зүйл болон хувирсан юм. 1970 онд дэлхийд сонгуулийн ардчилалтай улс ердөө 35 байсан бол энэ тоо дараагийн гучин жилийн хугацаанд тогтвортой өссөөр 2000-аад оны эхэн гэхэд бараг 120 хүрчээ. Зүүн Европт коммунизм нурж, хуучин Зөвлөлт Холбоот Улс задарч ардчиллын давлагаа тухайн бус нутгийг нөмрөх үеэр буюу 1989 оноос 1991 оны хооронд энэ тоо хамгийн хурдацтайгаар өсжээ. Гэсэн хэдий ч 2000 оны дунд үеэс энэхүү чиг хандлага эсрэгээр эргэж, нийт тоо нь буурсан юм. Энэ хооронд Хятад тэргүүтэй авторитар засаглалтай улс орнууд өөртөө илүү итгэлтэй, бардам болжээ.
Ийм нөхцөлд Тунис, Украин, Мьянмар гэх мэт шинэ ардчилсан улсууд ажиллах чадамтай инстүүц бий болгох гэж зүдэрч байгаа, эсвэл АНУ-ын төрийн хөндлөнгийн оролцооны дараагаар Афганистан, Иракт либерал ардчиллыг бий болгох гээд бүтэлгүйтэж байгаа нь тийм ч гайхмаар хэрэг биш юм. Харин тийм гайхмаар биш ч гэлээ урам хугармаар нь гэвэл Орос улс авторитар уламжлал руугаа ухарч буцсан явдал байлаа. Үүнээс хамгийн цочирдмоор нь юу байв гэвэл нэгэнт бүрэлдэн тогтсон ардчилсан улсуудын өөрсдийн дотроос ардчилалд тулгарсан аюул занал өндийн гарч ирж байгаа явдал юм. Унгар нь Зүүн Европт Коммунист дэглэмийг түлхэн унагаасан анхны улсуудын нэг байв. НАТО, Европын Холбоонд нэгдэх үедээ Унгар улс Европтой ахин нэгдсэн юм шиг харагдаж, үүнийг нь улс төр судлаачид “нэгдмэл” либерал ардчилал гэж тодорхойлж байлаа. Гэвч одоо Орбан болон түүний Фидэс намын удирдлагын дор Унгар улс Орбаны өөрөө нэрлэсэн “либерал бус ардчилал” хэмээх зүйл рүү зүглэж явна. Харин үүнээс хамаагүй том гэнэтийн үзэгдэл нь Их Британи улс Европын Холбооноос гарахаар, Америкийн Нэгдсэн Улсад Трампыг тэргүүнээрээ сонгохоор санал өгсөн явдал байв. Энэ хоёр бол орчин үеийн олон улсын либерал эмх журмыг бий болгосон тэргүүлэх ардчилсан улсууд, 1980-аад онд Роналд Рэйган, Маргарэт Тэтчэрийн удирдлага дор “неолиберал” хувьсгалыг удирдсан орнууд шүү дээ. Гэтэл тэд нүүрээ буруулж явцуу үндсэрхэг үзэл рүү гулсан орж байх шиг байна.
Эдгээр үйл явдал намайг энэхүү номыг бичихэд хүргэсэн анхны санаа байсан юм. 1989 оны дундуур “Түүхийн төгсгөл?” гэдэг эсээгээ, 1992 онд Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн³ гэдэг номоо хэвлүүлснээс маань хойш надаас хүмүүс X үйл явдал миний онолыг үгүйсгээгүй гэж үү гэж байнга асуусаар ирсэн. X үйл явдал гэдэг нь Перуд гарсан төрийн эргэлт, Балканд болсон дайн, Есдүгээр сарын 11-ний хандлага, дэлхийн санхүүгийн хямрал, эсвэл, бүр сүүлийн үеийн үйл явдал буюу Доналд Трампыг сонгосон явдал зэргээр дээр өгүүлсэн популист үндсэрхэг үзлийн давлагааны аль нь ч байж болно.
Эдгээр шүүмжлэлийн ихэнх нь миний онолын талаарх нэгэн энгийн буруу ойлголтод тулгуурласан байдаг. Би түүх гэдэг үгийг Хэгэл маягийн Марксист утгаар ашигласан – энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хүний нийгмийн урт хугацааны хувьслын түүхийг өөрөөр бол хөгжил дэвшил гэж нэрлэж болно. Харин төгсгөл гэдэг үгийг “дуусгавар болох” гэдэг утгаар биш, “зорьсон газар” буюу “зорилго” гэдэг утгаар ашигласан юм. Карл Маркс түүхийн төгсгөл нь коммунист утопи (үл гүйцэлдэх үзэл – Орч.) байх болно гэсэн санал дэвшүүлсэн. Харин би ердөө, хөгжлийн үр дүн нь зах зээлийн эдийн засагтай либерал улс байх болно гэсэн Хэгэлийн хувилбарыг байж болох хамгийн боломжийн үр дүн гэсэн санал дэвшүүлсэн юм.4
Энэ нь миний үзэл бодол өнгөрсөн хугацаанд өөрчлөгдөөгүй гэсэн үг биш л дээ. Дахин эргэцүүлэн бодож олсон миний бүх дүгнэлт Улс төрийн дэг журмын гарал үүсэл, Улс төрийн дэг журам ба улс төрийн ялзрал гэсэн өмнөх хоёр номд агуулагдсан ба энэ хоёрыг хамтад нь дэлхийн өнөөгийн улс төрөөс юу ойлгосон дээрээ тулгуурлан Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн-ийг ахин бичих гэсэн миний оролдлого гэж ойлгож болох юм.5 Миний үзэл бодолд гарсан хоёр том өөрчлөлт нь, нэгд, орчин үеийн, хараат бус төрийг хөгжүүлэхэд учирсан бэрхшээл буюу миний “Дани улсын хэмжээнд хүрэх” гэж нэрлэдэг асуудал, хоёрт нь, орчин үеийн либерал ардчилал ялзарч эсвэл ухарч байж болох юм гэсэн асуудлуудтай холбоотой юм.
Гэвч намайг шүүмжлэгчид бас нэг санааг минь ойлгоогүй. Тэд анхны эсээний маань нэрийн төгсгөлд асуултын тэмдэг байгааг анзаараагүй юм. Тэд Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн номын сүүлчийн бүлгүүдийг уншаагүй бололтой, уг бүлгүүд Нийцшэгийн Сүүлчийн Хүний асуудал дээр төвлөрсөн байсан юм.
Дээрх бүтээлүүдэд би үндсэрхэг үзэл ч тэр, шашин ч тэр улс төрийн ертөнцийн хүчний хувиар алга болох болоогүй гэж бичсэн байгаа. Орчин үеийн либерал ардчилсан улсууд тимос (thymos - герег)-ын асуудлыг бүрэн шийдэж чадаагүй учраас тэд алга болох болоогүй гэж би тухайн үед маргасан юм. Тимос гэдэг нь нэр төрөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй холбоотой хүний дотоод сэтгэлийн нэг хэсэг юм, исотимиа (isothymia – герег) гэдэг нь бусдын адил эрх тэгш хүндлүүлэх гэсэн хэрэгцээ юм, харин мегалотимиа (megalothymia - герег) бол бусдаас илүү гэж хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэл юм. Орчин үеийн либерал ардчилсан улсууд нь хувь хүний эрх, хуулийн засаглал, сонгуульд санал өгөх эрхээр биеллээ олсон хамгийн наад захын эрх тэгш хүндлэлийг ард түмэнд амлаж, амлалтаа ч ерөнхийд нь биелүүлдэг. Гэвч бодит байдал дээр аливаа ардчилсан оронд байгаа хүмүүс эрх тэгш хүндлэгдэнэ гэсэн баталгаа байдаггүй. Ялангуяа урьд нь ялгаварлан гадуурхагдаж байсан түүхтэй нийгмийн бүлгийн гишүүдийн хувьд. Бүхэл бүтэн улс орон өөрсдийг нь үл хүндэлж байна гэж нийтээрээ үзэх боломжтой, энэ нь түрэмгий үндсэрхэг үзлийг бадраадаг, итгэл үнэмшлийг нь доромжилж байна гэж үзсэн шашны итгэгчид ч гэсэн ийм болох аюултай. Иймээс исотимиа хэмээх эрх тэгш гэж хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хэрэгцээ байсаар байх болно, гэвч тэр бүх хэрэгцээ бүрэн хангагдана гэдэг юу л бол.
Бас нэг том асуудал гэвэл мегалотимиа. Либерал ардчилсан улсууд энх тайван, хөгжил цэцэглэлтийг хангахдаа зэгсэн сайн байсан (хэдий сүүлийн жилүүдэд энэ нь жаахан суларсан ч гэсэн). Эдгээр баян чинээлэг, айх аюулгүй нийгэм бол Нийцшэгийн Сүүлчийн Хүн буюу “цээжгүй хүмүүс”-ийн эзэмшил юм. “Цээжгүй хүмүүс” хамаг амьдралаа хэрэглэгчийн сэтгэл ханамжийн эцэс төгсгөлгүй хөөцөлдөөнд зарцуулдаг. Харин дотроо үүний төлөө зүтгэе, өөрийгөө үүнд зориулъя гэсэн ямар ч эрхэм дээд зорилго, үзэл санаагүй байдаг. Ийм амьдрал хүн бүрийн хэрэгцээг үл хангана. Мегалотимиа бусдаас онцгой байхыг хүсдэг: том эрсдэл гаргах, аугаа тэмцэл эхлүүлэх, илүү их нөлөөтэй байх гэх мэт. Учир нь энэ бүхэн өөрийгөө бусдаас илүү гэж хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэсэн байдаг. Зарим тохиолдолд энэ нь Линколн, Чөрчилл, Нэлсон Мандэла гэх мэт баатарлаг удирдагчийг төрүүлдэг. Харин бусад тохиолдолд нь Цезар, Гитлер, Мао гэх мэт нийгмээ дарангуйлал, гамшиг руу хөтөлсөн дарангуйлагчдыг төрүүлдэг.
Хүний бүхий л нийгэмд оршиж байсан учраас мегалотимиаг байхгүй болгох боломжгүй, зөвхөн чиглүүлэх, зөөлрүүлэх боломжтой. Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн номынхоо сүүлийн бүлэгт миний дэвшүүлсэн нэг асуулт бол зах зээлийн эдийн засагтай салшгүй холбоотой орчин үеийн либерал ардчиллын систем нь мегалотимиаг хангалттай гүйцэлдүүлж чадах эсэх тухай юм. Энэ асуудлыг Америкийг үүсгэн байгуулагчид бүрэн ухамсарлаж байжээ. Хойд Америкт засгийн газрын бүгд найрамдах хэлбэрийг бий болгох гэж зүтгэж байхдаа тэд Ромын Бүгд Найрамдах Улсын уналтын түүхийг сайн мэдэж байсан тул Цезаризмын асуудалд санаа зовж байлаа. Ингээд тэдний шийдэл нь нэг удирдагчийн гарт төвлөрөхөөс нь сэргийлэн эрх мэдлийг тараах хэм хэмжээт үндсэн хуулийн систем байв. Аль 1992 онд би зах зээлийн эдийн засаг ч гэсэн мегалотимиаг гүйцэлдүүлж чадна гэж хэлж байсан. Жишээ нь, бизнес эрхлэгч хүн нийгмийн ерөнхий хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын сацуугаар гайхалтай баян чинээлэг болох боломжтой. Эсвэл ийм хувь хүн “Айронмен” спортын арга хэмжээнд өрсөлдөж, эсвэл Хималайн оргилд гарах рекорд тогтоож, эсвэл дэлхийн хамгийн үнэ цэнэтэй интернэтийн компанийг байгуулж чадна.
Үнэндээ би Түүхийн төгсгөл номдоо хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэл нь бизнесийн (хожим нь зугаа цэнгэлийн салбарт) карьер руу найдвартай чиглүүлэгдсэн гайхалтай амбицтай хувь хүний жишээ болгон Доналд Трампыг дурдаж байлаа. Даанч би тухайн үед түүнийг, хорин таван жилийн дараагаар, бизнесийн амжилт болон олны танилын статустаа ханаж цадалгүй улс төр рүү орж, ерөнхийлөгчөөр сонгогдох юм чинээ ер таамагласангүй. Гэвч ингэлээ гээд энэ нь либерал ардчилсан улсад учирч болзошгүй ирээдүйн аюул занал, либерал нийгэм дэх тимосын гэх гол асуудлын талаар дэвшүүлж буй ерөнхий санаатай минь зөрчилдсөн хэрэг огт биш юм.6 Улс нийгмээ дайн, эдийн засгийн хямрал зэрэг сүйрлийн замд хөтлөн оруулсан ийм хүмүүс өнгөрсөн түүхэнд Цезар, Гитлер, Пэрон гэх мэт нэртэйгээр байсаар ирсэн юм. Ийм хүмүүс эрх мэдэлд хүрэхийн тулд өөрсдийнх нь улс орон, шашин шүтлэг, амьдралын хэв маягийг үл хүндэлж байна гэж үзсэн энгийн хүмүүсийн гомдол дээр дөрөөлдөг. Ингэж мегалотимиа, исотимиа хоёр гар гараасаа барилцан нийлдэг юм.
Энэхүү номдоо би тимос, нэр алдар, нэр төр, танигдахуй, цагаачлал, үндсэрхэг үзэл, шашин, соёл гэх мэт 1992 онд анх судалж эхлээд, түүнээс хойш бичиж байгаа сэдвүүдээ эргэн хөндөх болно. Ном маань цагаачлал, танигдахуй талаар 2005 онд миний тавьсан Липсэтийн Дурсгалыг хүндэтгэх лекц болон цагаачлал, Европын танигдахуйн талаар 2011 он Женевт Лацис санд тавьсан лекцтэй маань ялангуяа их холбоотой болно.7 Энэ ном зарим хэсэгтээ өмнөх бүтээлүүдээс маань их бага хэмжээгээр эш татсан байгаа. Хэрэв өмнөхөө давтсан юм шиг санагдвал хүлцэл өчье. Гэхдээ яг энэхүү үйл явдлыг дагнан ажиглаж байгаа хүмүүс маш цөөхөн тул үүнийг маань одоогийн үүссэн нөхцөл байдалтай холбоотой харилцан уялдаатай аргумент гэж үзнэ хэмээн би найдаж байна.
Өөрийн танигдахуйгаа хүлээн зөвшөөрүүлэх хүний хэрэгцээ нь өнөөгийн улс төрийн ертөнцөд юу болоод байгаагийн ихэнхийг тайлбарлах гол ухагдахуун юм. Энэ ухагдахуун нь их сургуулийн оюутны хотхонд яригддаг танигдахуйн улс төр, эсвэл цагаан арьстны үндсэрхэг үзлийг өдөөдөг ухагдахуунаар хязгаарлагдахаа больж, харин бүр хуучны маягийн үндсэрхэг үзэл, улстөржсөн лалын давлагаа гэх мэт илүү өргөн хүрээтэй үзэгдэл рүү хүрээгээ тэлжээ. Эдгээр үзэгдлийн ихэнх нь үнэндээ эдийн засгийн сэдлээс даван гарч, хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээнд суурилсан тул үүнийг зүгээр л эдийн засгийн аргаар хангах боломжгүй гэж би үздэг юм. Энэ нь орчин үеийн популизмд бид хэрхэн хандах вэ гэдэгтэй шууд холбоотой юм.