ТАМХИ

“Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор

Сүүлийн үед янжуур тамхи, электрон тамхи гэсэн хоёр талд хуваагдсан маргаан өрнөж байгаа ч “Янжуур” болон “Вэйп” гэсэн хоёр өөр салбар бодит байдалд байхгүй болж. Дэлхийн тамхины зах зээлийг хэдхэн том компани хянадаг бөгөөд тэд янжуур, вэйп, халдаг тамхи, никотин бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийг зэрэг үйлдвэрлэж, борлуулдаг. Товчхондоо янжуур ба вэйпийн маргаан нь ихэнхдээ хэрэглэгчдийн түвшний, хиймэл пиар маргаан болохоос биш бизнесийн түвшинд бол нэг л салбарын хоёр бүтэц юм. Хоорондоо маргалдаж буй мэт лобби, пиар идэвхтэй хийснээр тамхины хяналтын хууль, зохицуулалтыг сарниулна, манайд ч энэ үзэгдэл бий. 

Зах зээл хэн удирддаг вэ?

Дэлхийн янжуур тамхины зах зээлийн ихэнхийг Philip Morris International, British American Tobacco, Japan Tobacco, Imperial Brands зэрэг томоохон компаниуд бүрдүүлдэг. Үндсэндээ дэлхийн тамхины зах зээлд 900 тэрбум – 1 их наяд доллар эргэлддэг бол зэсийн зах зээлд 300-350 тэрбум доллар эргэлддэг буюу тамхины зах зээл зэсийн зах зээлээс 3 дахин том гэж хүмүүс тэр бүр мэдэхгүй. Philip Morris -ийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум $ байхад Рио Тинтогийн үнэлгээ 130 тэрбум $ байх жишээний. Дээрээс нь тамхи бол ашгийн маржин 40-50 хувь хүрдэг маш “гоё” бизнэс, ийм ашигтай бизнэс эзэмшдэг аваргууд улс төрийн элдэв лобби, пиарын компанит ажлууд хийж зах зээлээ үхэн хатан хамгаалах нь мэдээж. Манай улсын хувьд янжуурын импортын 90 хувийг “Алтангадас”, “Вольтам” гэсэн хоёр компани эзэмшдэг. Монголын нийт тамхины зах зээл нийт архины /пиво дарс оролцохгүй/ зах зээлээс хоёр дахин том /тамхи 1.2 их наяд, архи 600 тэрбум орчим/! Гэтэл АПУ-г бүгд мэддэг атал Алтангадас, Вольтам хоёрыг ихэнх нь сонсож ч байгаагүй шүү дээ. Ийм их мөнгө эргэлдүүлдэг аваргууд Улс төрийн лобби, пиарын компанит ажлууд хийхгүй байна гэж байх болов уу? Мэдээж электрон тамхины зах зээлд ч цөөн тооны компани зонхилж байна. Электрон тамхи болон шингэн тамхины импортын томоохон хэсгийг “Electron Gadget”, “MN Innovation Global smart tech” зэрэг компаниуд нийлүүлж байгаа статистик бий, сонсоход технологийн компаниуд шиг гоё нэрс. Манайд ч бас янжуур ба электрон тамхины бизнэс нэг эзэдтэй байж мэднэ. Хуулийн зохицуулалтгүй тул вэйп тамхины импортын тал хувийг дангаараа хийдэг “Electron Gadget” компанийн үйл ажиллагааны чиглэл нь “электрон барааны худалдаа, борлуулалт” гэх. Одооны хуулиар бол вэйп, цахилгаан тамхи нь электрон бараа ажээ.

 

Стратеги өөрчлөгдөв

Сүүлийн арваад жилд тамхины компаниудын бизнес стратеги мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Өмнө нь тэд зөвхөн уламжлалт янжуур тамхи үйлдвэрлэдэг байсан бол одоо цахилгаан тамхи (vape), халдаг тамхи (heated tobacco), никотин “pouch”, утаагүй никотин бүтээгдэхүүнд мөнгө хаяж байна. Янжуурын ашгаасаа шинэ бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэлийг дэмжиж, шинэ бүтээгдэхүүнээрээ дараагийн зах зээлийг бэлдэж байгаа гэсэн үг. Иймээс “янжуурын лобби”, “вэйпийн лобби” гэж тусдаа ойлголт байхгүй, нэг байгууллагын хоёр хэлтэс л гэсэн үг. Зохицуулалт сул, шинэ зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүнээ түрүүлж нэвтрүүлэхдээ “хор багатай бүтээгдэхүүн”, “harm reduction” гэх мэт мээсэжийг идэвхтэй ашиглах, бүтээгдэхүүний төрлийг олшруулж бизнесийн ”diversification” /солонгоруулалт/ хийж байна. Тамхины салбараас өөрсдөө санхүүжүүлсэн судалгааг бодлогын хэлэлцүүлэгт ашиглах, татвар нэмэх нь хар захыг өсгөнө гэсэн улигт аргумент тогтмол гаргах, шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхины ангиллаас хасах, янжуур болон вэйпийн маргаанаар массыг сарниулж талцуулах гэх мэт стратэгээр ажиллаж буй. Тамхины хяналт, зохицуулалтыг сайжруулах, чангаруулах тухай ярьсан, санаа дэвшүүлсэн улстөрчдийг ямар ч хамаагүй байдлаар харлуулах, сөрөг PR хийх үзэгдлүүд олон улсад ч манайд ч түгээмэл ажиглагдах аж. Зарим нэг нь санаатай ч ордог байх, зарим нь өөрөө мэдэхгүй л санаандгүйгээр тамхи үйлдвэрлэгч, борлуулагчдын лоббинд орчихсон явах.

Хүүхэд, залуучууд ба шинэ төрлийн тамхи

“Smoke” буюу утаа гэдэг үгийн үйл үг нь “Smoking” буюу тамхилах. Харин “Vapor” буюу ууршуулах гэдэг үгээс “vaping” буюу “vape татах” үйл үг шинээр болжээ. Сүүлийн жилүүдэд электрон тамхи, вэйпийн хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь олон улсад төдийгүй манайд ч ихээхэн сэтгэл өвтгөсөн асуудал болов. Вэйп хэрэглэсэн хүүхэд залуус цаашлаад янжуур тамхи хэрэглэх магадлал хэд дахин нэмэгдэнэ. Энэ үзэгдлийг судлаачид “gateway effect” буюу илүү хүчтэй никотин хэрэглээ рүү шилжих эхний шат гэж тайлбарладаг. Аль нэг нь хор багатай гэж ярих нь өөрөө нэлээд өрөөсгөл, жишээ нь янжуурыг хүн өдөрт 10 ширхэг татдаг байлаа гэхэд түүнд агуулагдах никотин нь өдрийн сордог вэйп тамхинд хэр байгааг тооцоход хэцүү. Никотин байгаа л бол хэрэглэгчид нь бүгдээрээ донтогч. Асуудлын гол нь вэйп хүүхэд, залуучуудын хэрэглээг огцом нэмэгдүүлж байгаа явдал учир хуулийн зөв, оновчтой зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Зарим гол шийдэл байдаг нь электрон тамхины үнэр, амтыг хориглох. Амт, үнэр нь ердийн тамхи шиг онцгүй байхаар хүүхэд, залуусын хэрэглээ эрс буурсан туршлагууд олон орнуудад бий аж. Дэлхийн тамхины зах зээлийг хэдхэн том компани хянаж, янжуур, вэйп, халдаг тамхи зэрэг бүх төрлийн никотин бүтээгдэхүүнийг зэрэг үйлдвэрлэж байгаа ийм нөхцөлд бодлогын хэлэлцүүлгийг зөвхөн янжуур ба вэйпийн талцсан маргаанд төвлөрүүлэхээс илүү никотин бүтээгдэхүүний нийт зах зээл, түүний зохицуулалтын бодлогыг бүхэлд нь авч үзэх шаардлагатай. Эцсийн дүндээ никотин л бол никотин шүү дээ. Никотин бол хэройн, кокайны араас гуравдугаарт ордог донтуулагч, архи хүртэл нэлээд араас нь явдаг.

Тамхины татвар огцом нэмэгдэх үү?

Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх үед зарим улс төрч болон бизнесийн төлөөллүүд тамхины үнэ огцом өснө, далд зах зээл нэмэгдэнэ гэсэн тайлбар хийж байна. Мөнөөх л чөлөөт зах зээл, далд эдийн засаг гэсэн улигт үгсээ давтацгаана. Угтаа хуулийн төсөлд татварыг үе шаттайгаар нэмэхээр төлөвлөжээ. Янжуур тамхины онцгой татвар 2025 онд 20 ширхэг тутамд 836! төгрөг байсан бол 2026 онд 2000 төгрөг, 2027 онд 4000 төгрөг, 2029 онд 8000 төгрөг, 2030 онд 10,000 төгрөг болж үе шаттай нэмэгдэхээр төлөвлөсөн. Тамхи бол шууд хорьчихож ч болдоггүй, сул хаячихаж ч болдоггүй онцгой бүтээгдэхүүн. Дэлхий даяар тамхины эсрэг зарласан элдэв “аян дайн”-ууд үргэлж бүтэлгүйтлээр төгсдөг бөгөөд татварын зохицуулалтаар голчлон асуудлыг шийддэг аж, манайх ч энэ жамыг дагаж таарна байх.