ТАЛИЙГААЧИЙГ ДИВААЖИНД ХҮРГЭСЭН ТЭМДЭГЛЭЛ

Ойр дотных нь хүн “өнгөрчихлөө” гэдгийг мэдсэн гэж ярих хүнийг хэзээ нэгтээ сонссон байх. Тийм явдал болчихлоо гэдгийг хар аяндаа мэдсэн, зовхи нь татсан, совин төрсөн ч гэдэг юм уу ямар нэг шинж тэмдэг үзэгдсэн байдаг. Ялангуяа сар жилээр хэвтэрт байсан хүний ар гэрийнхэнд ёр үзэгдэх нь олонтоо. Номын зохиогч Виллиам Ж.Пэтэрс 2000 оноос хоспис буюу хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд ажиллахдаа олон өвчтнийг насан эцэслэх нь гэдгийг совингоороо мэдэрч, бүр хамт үхэж үзсэн ажээ. Хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлэхийг 20 жил хажуугаас нь харахдаа үхлийн ёр чухам хаанаас төрдгийг сонирхож, өөртэй нь ижил ёр мэдэрсэн хүмүүсийн яриа хуучийг цуглуулдаг болсон байна. 

Ж.Пэтэрс өөрийн үүсгэсэн Shared Crossing байгууллагадаа түшиглэн ойр дотны хүнээ алдсан хүмүүст төрсөн хамт үхэх мэдрэмжийг судалжээ. Тэд нарын ихэнхэд талийгаач нь амьдралаас нэгэнт явчихлаа гэдэг мэдрэмж төрсөн байна. Түүгээр зогсохгүй талийгаач хаа хүрсэнийг харж, зарим нь бүр замын хагасыг нь хамт туулсан тохиолдол ч гарчээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64 хувь нь талийгаачаасаа хэдий хол байсан ч үхлийг хамт амссан аж. Хамгийн хачирхалтай нь залуугаараа нас барсан хүний үхлийг мэдрэгсдийн 88 хувь нь хурц гэрэл үзэж, цаг хугацаа болоод орон зай өөрчлөгдөхийг анзаарсанаас гадна бусад талийгаач нарыгаа харсан гэжээ. Ж.Пэтэрсийн судалгаанд 800 гаруй хүн оролцсоныг сануулах зүй.

Талийгаачтай хамт үхэл мэдэрсэн хүмүүсийн сэтгэл ихэд догдолж, ихэнхдээ талийгаач нь зовлон нажидаас ангижрахыг үзээд дотор нь уужирсан байна. Ж.Пэтэрсийн номдоо дурдсан тохиол бүхэн хойд насны итгэл найдвар төрүүлж, үдэгсэдийн сэтгэлийг өчүүхэн ч болов амирлуулах биз ээ. Хамт үхэл мэдэрсэн хүмүүс ойр дотныхоо хүнийг үхлийн босго зовлонгүй давахад нь туслах ёстой, бүр зүй ёсны үүрэг гэж бодсон гэнэ. Эмэгтэйчүүд талийгаачтай хамт үхэл мэдрэх нь түгээмэл бөгөөд өөрт тохиолдсон явдлыг хуваалцсан хүмүүсийн 85 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Судалгаанд оролцогсодын дийлэнх нь “галзуу солиотойгоороо дуудуулна” эсвэл “ухаан санаа нь орж гарч байна” гэж хэлүүлэхээсээ айгаад төрсөн мэдрэмжээ хүнд яриагүй байна. Мэдэрч туулснаа ойр тойрныхонтойгоо хуваалцсан хүмүүс харин хийх ёстойгоо хийсэн гавьяаны эзэн болжээ. 

Энэ номд хэзээ нэгтээ танд тохиолдсон шиг явдал ч багтсан. Санаанд багтамгүй нь ч бичигдсэн буй. Хоёр ихэр хүүхэд тээсэн Лизийн ярьсан түүх итгэхүйяа бэрх. Ургийн нэг нь хэвлийдээ эндсэнийг эмч нараас сонссон Лиз хоёр талын эмээ өвөө дөрвийгөө харжээ. Аль аль эмээ өвөө нь Лизийг багад хошуу дэвсэж эрхлүүлээгүй ч хэвлийдээ эндсэн ихрийн өрөөснийг нь хайрандаа өлгийдөн авна гэж амалсан гэнэ. Мэс заслаар нэг хүүгээ төрүүлж, нөгөө хүүгээсээ хагацсан Лиз таалийгаачийг Диваажинд хүргэж өгчихөөд ирсэн бололтой. 

Номд өгүүлэх талийгаачтайгаа хамт үхэл амссан тохиол бүр бидний хамгийн дотно хүмүүс нөгөө амьдралдаа нэг их зовохгүй юм байна гэдэг уужрал авчирна. Хэрвээ талийгаачийнхаа хойноос гашуудан шаналж яваа бол, хамтдаа үхлийг мэдэрч чадаагүй бол энэ ном танд тайтгарал тайвшрал өгнө. Харин Амьд ахуйдаа үхэлд бэлдэх хэмээх XI бүлгийг танд тухайлан зориулжээ. 

Виллиам Ж.Пэтэрс Shared Crossing төслийг санаачлагч бөгөөд түүний дэргэдэх судалгааны санаачлагийн захирал юм. Хамтын үхлийн судалгааны дэлхийн манлай энэ эр амьдралын сүүлчийн мөчийг хэдэн арван жилээр судалсан. Ж.Пэтэрс өмнө нь Сан Францискогийн Zen Hospice Project хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээнд сайн дураар ажилласан, Төв болон Өмнө Америкт нийгмийн ажилтан хийхийн сацуу багшилжээ. Өдгөө харуусал гашуудлын сэтгэл засалчаар ажилладаг бөгөөд Харвард болон Калифорнийн Беркли их сургуулийн Боловсрол судлалын зэрэгтэй. Амьдралын эцсийн замыг өгүүлэх энэ бүтээл нь янз бүрийн соёлтой хүмүүс нас барахад талийгаачтайгаа хамт үхэл мэдэрсэн хүнд сэтгэл засал хийхдээ цуглуулсан туршлага дээр нь үндэслэсэн байна. Диваажингийн үүдэнд: Амьдралын дараах ертөнц рүү хийсэн хамтын аялал номыг уншаад Үхлийг хуваалцсан туршлагыг яаж судалдаг юм бол гэдэг бодол төрвөл SharedCrossing.com/research линкээр орж танилцахыг санал болгожээ.