Нобелийн шагналт бүтээлийн монгол хэл дээрх хэвлэлтэд зориулсан өмнөх үг
Өгүүлэн буй номын анхны хэвлэлт нэгэнтээ борлогдож дуусаад байтал зохиогчид нь 2024 оны Нобелийн шагналыг Эдийн засгийн сэтгэлгээнд хувьсгал хийсэн бүтээлээрээ хүртсэн нь баярт үйл явдал болов.
Өмнөх үг
Улс төр, эдийн засгийн шинжлэх ухааны шилдэг бүтээлүүдийг Монгол уншигчдад хүргэх нь НЭПКОхэвлэлийн газрын чин эрмэлзэл байдаг. Дэлхийн шилдэг бүтээл туурвилд нэгэнтээ орж, орчин үеийн улстөрчдийн ширээний ном болоод удаагүй “Дарон Ажэмоглу, Жэймс А.Робинсоны “Улс үндэстний уналт, доройтлын шалтгаан” бүтээлийн зохиогчийн эрхийг авч хэвлэсэн нь саяхан. Ядуурал, сүйрлийн шалтгаан эд баялагт гэхээсээ илүү хүний тархи толгой, хандлагад байдаг аж. Үгээгүй ядуу байх, сагасан баялаг дээр буух хоёр ав адилхан унал доройтлын шалтгаан болох нь бий гэдгийг шинэ цагийн философичид барим тавим жишээ дэлгэн байж сургаж байна. Өгүүлэн буй номын анхны хэвлэлт нэгэнтээ борлогдож дуусаад байтал зохиогчид нь 2024 оны Нобелийн шагналыг Эдийн засгийн сэтгэлгээнд хувьсгал хийсэн бүтээлээрээ хүртсэн нь баярт үйл явдал болов.
Номтой нэгэнт танилцсан уншигчид баяр хүргэхтэй зэрэгцээд танилцаж амжаагүйчүүд нь эрэл сурал болон нэхэмжилж эхэлсэн тул дахин хэвлэв.Нобелийн шагнал нь алдар хүнд бус, харин алдар хүндэд нэгэнт хүрснийг батлах жуух гэж хэлдэг. НЭПКО хэвлэлийн газраас алдар хүндийн жуухаа хүлээж буй оюуны бүтээлүүд, нийгэм улс төрийн сэтгэлгээний шилээврүүдийг түүвэрлэн түгээдгийн учир ч энд буй.
Зарим бүтээлийг анх гарснааснь хагас жилийн дотор багтаан Монгол уншигчдадаа хүргэж амжаад байтал, жилийн дараа дэлхийг шуугиулж эхэлсэн баримт Катрин Бэлтоны Путиний гар, хөл-өөс эхлээд нэг бус аа. Монголын хөгжил дэлхийд тэргүүлэгч орнуудынхаас арав, хорь, магадгүй зуунаар хоцорсон гэх гаргалгаа байдаг ч дэлхийг гайхуулсан ном бүтээлийг унших, танин мэдэх боломжоор бол бараг л зэрэгцэж яваа. Зэрэгцээд уншиж болж байгаа юм чинь зэрэгцээд хөгжих нь ердөө цаг хугацааны л асуудал билээ.
НЭПКО хэвлэлийн газар