УИХ-ын гишүүдэд зориулав


Монголчууд жинхэнэ тусгаар тогтнолоо ойрын 4 жилд алдаж магадгүй болоод байна. Багадаа л бүрэн эрхээ алдахад хүрэхээр байна. Одоохондоо бидний өөрийн бүрэн мэдэлд байгаа “ориг” (жинхэнэ үндэсний) төрөө Бээжин, Москвад алдаж мэдэхээр байна!

Яагаад ингэж бодох болсноо сүүлд нь тайлбарлая. Эхлээд ориг төрийн эрх мэдлээ Бээжин, Москвад алдвал чухам юу болж болохыг тоочсу.

Нэг. Монголын уул уурхайн баялаг, тэр дотроо стратегийн ордуудыг хоёр хөрш шийддэг болно! Оюу толгой, Таван Толгой, Эрдэнэт гээд бүгдийг нь хэнд, хэрхэн ашиглуулах вэ, хэн хөрөнгө оруулах вэ, хааш нь борлуулах вэ, орлогыг нь хэрхэн хуваарилах вэ гэх зэргийг нарийндаа Москва, эсхүл Бээжинд, магадгүй хоёулаа нийлээд шийддэг эрхтэй болно.

Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын асуудлыг бид мэдэх тухайд ярилт ч байхгүй болно. Оюу Толгой төслийн хувь заяаг Улаанбаатарт Монголын улстөрчид попорч хэлэлцдэг явдал эцэс болж, хоёр хөршийн төр шийднэ. Москва, Бээжинд гаргасан шийдвэрийг үндэслэж хайгуулын болон ашиглалтын лиценз олгодог болно.

90 оны ардчилсан хувьсгалаас өмнө яг ийм байсан түүхтэй. Мардай, Эрдэнэт, Таван толгой ордуудаас авхуулаад бүх Монголын уул уурхайн баялгийг хэрхэхийг Москвад шийдэж байсан. Москвагаас өмнө Бээжинд шийдэж байлаа.

Хоёр. Монголын гадаад бодлого ямар байх, ямар улстай харьцах, ямар олон улсын байгууллагад элсэх, эс элсэх; мөн НҮБ болон бусад олон улсын байгууллагын индэр дээрээс ямар үг хэлэх вэ гэх зэргийг Москвад, эсхүл Бээжинд, аягүйдвэл ШХАБ дээр шийддэг болно! Манжид дагаар орсноос хойш тоолоод 90 оны ардчилсан хувьсгал хүртэлх 300 орчим жилийн турш яг ийм байсан түүхтэй.

Гурав. Монгол Улсыг чухам хэн гэдэг хүн удирдах вэ гэдгийг Москвад, эсхүл Бээжинд шийднэ! 

ХХI зуун учраас, өөрсдийн “тавиул ерөнхийлөгч, ерөнхий сайд” нарыг эрх биш аваачаад цаазлаад байхгүй байх. Гэхдээ л олон улсын байдал онцгой хурцадвал, юмыг яаж мэдэх вэ?! Яг одоо “ирээдүйн дарангуйлагчийн суудал”-ийг булаалдан өөр хоорондоо үзэлцэж байгаа манай төрийн гурван өндөрлөгийг Москвад цаазлагдсан Ерөнхий сайд А.Амар агсан тэргүүтэй ХХ зууны эх орончдын эмгэнэлт хувь заяа хүлээж ч байж мэдэх л юм! 

90 оны ардчилсан хувьсгалын ачаар л монголчууд улсаа хэнээр удирдуулах вэ гэдгийг өөрсдөө шийддэг болсон. Түүнээс өмнөх 300 орчим жилийн турш эл асуудлыг эхлээд хоёр зуун гаруй жил Бээжинд, дараагийн 70 жилд Москвад шийддэг байв.

Дөрөв. Монгол Улсыг хэн удирдах вэ гэдэг асуудлыг хоёр хөршид шийдээд зогсохгүй, Монгол Улсын иргэд ямар эрх, эрх чөлөө эдлэх вэ гэдэг асуудлыг Москвад, Бээжинд шийддэг болно! Ямар ч байсан хоёр хөршийн талаар таагүй үг хэлэхийг хориглоно, тийм шүүмжлэл хэлсэн хүнийг ажлаас нь халахаас авхуулаад бизнесийг нь хураах, эрүүгийн хариуцлагад татах гэх мэтээр дарамтална. Социализмын үед ингэдэг байсан. Зөвлөлтийн мэргэжилтнийг шүүмжилсэн хүмүүс ажилгүй болж, зөвлөлтийн колоничлох засгийг шүүмжилсэн Р.Чойном зэрэг сэхээтнүүд 4-5 жилийн чанга дэглэмтэй шоронд хоригдох ял авч байв.

Бас магадгүй; халимаг, татар, уйгар залуучуудыг тэгсэн шиг, монгол залуусыг бөөнөөр нь туун аваачиж хориод, засан хүмүүжүүлэх хөдөлмөр эрхлүүлэхийг ч үгүйсгэх аргагүй. Хүн ам цөөтэй жижиг үндэстнийг, өөрөөс нь хүн амаар хэдэн арав, зуу, мянга дахин их том үндэстнүүд хүчирхийлэхүйд хүчин мөхөстөж, маш амархан дарлуулдаг юм!

Тав. Өнөөдөр монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг интернэтийн платформ бол Facebook, Google, YouTube, Twitter гэх мэт Америкийн голдуу платформууд билээ. Хэрэв зээ, манай хэрэг явдлыг Москва, Бээжинд шийддэг болоодохвол; Яндекс, Контакт, Телеграм зэрэг Оросын; эсхүл WeChat, Weibo, Baidu зэрэг Хятадын платформуудаас өөр платформуудыг монголчууд бид хэрэглэх эрхгүй болно! 

Иргэд маань Москва, Бээжингээс зөвшөөрсөн интернэт ертөнцөд л амьдарна гэсэн үг. Нэн ноцтой нь юу гэвэл, монгол хүн бүрийг гэрт нь хүртэл цахим дурангаар хянаж, тэгээд зогсохгүй монгол хүн бүрийн биологийн үзүүлэлтээс авхуулаад сэтгэл санааны мэдээлэл нь Бээжин, Москвад агшин дутам бүртгэгдэж байх болно. “Уул усны ойр нь, ураг садны хол нь дээр” хэмээх монгол зүйр үг тун бодууштай үг шүү!

Энэ мэтээр миний тоочсоныг уншигч та бүхэн цааш нь өөрсдөө баяжуулан бодож үзээрэй. Тэгвэл, сэтгэл сэрдхийлгэм аюултай, болзошгүй олон үр дагавар тодорч харагдах болно. Үр хүүхдүүдийг тань хөдөлмөрийн колонид ачиж мэднэ гэх мэтчилэн, бусдын эрхэнд амьдрахад ирдэг эмгэнэлт хувь заяа ч хүлээж буйгухаарах болно. 

Одоо, яагаад ойрын 4 жилд монголчууд бид төр засгаа өөрсдөө мэдэх бүрэн эрхээ алдахдаа тулах вэ гэдэг тухайд бодлоо тодруулья.

Хоёр хөрш маань сүүлийн үед ардчиллыг улам бүр тэвчихээ больж байна. Ардчилал, үгүй ядахдаа нээлттэй эдийн засаг улс орных нь хөгжил дэвшилд зайлшгүй шаардлагатай гэдгийг уг нь Хятад, Оросын удирдагч нар мэддэг. Гэхдээ, өөрсдийнх нь эрх мэдэл, ашиг сонирхлыг хөндөөд ирэхээр “улсын хөгжил мөгжил ч ёстой яамай!” хэмээгээд ард түмнээ багалзуурдах гараа чангалж байна.

Дотооддоо ардчиллын илрэл бүрийг хүчирхийлэн дарж эхэлсэн. Харин, гадаад талдаа Мадуро, Лукашенко мэтийн эх орноо сүйрүүлж байгаа хаа газрын дарангуйлагч нарыг өөгшүүлэн дэмжиж байна. Чухам энэ гадаад бодлого нь Монголын ардчилалд аюул учруулах гол хүчин зүйл болжээ.

Сүүлийн таван жилд, хоёр хөршөөс ардчиллын эсрэг явуулж байгаа үйл хэрэг, үзэл санааг дэмжигчид манай нийгэмд цар хүрээгээ үлэмж тэлсэн. “Чанга гар” хэрэгтэй хэмээн ятган ухуулах хүмүүс хаанаас ч юм гарч ирэн нэмэгдсээр төд удалгүй хүчийг авсан. Тэдний төлөөлөл төрийн түвшинд ч олуулаа гараад ирсэн. Тэгээд “чанга гар”-т зориулан Үндсэн хуулийг ч өөрчилсөн билээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН дахин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаатай байна. Тэр нэмэлт өөрчлөлт нь “Монгол Улсын Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн зарлигаар томилно” гэсэн байх болов уу. Ингэж Монголд путинч дэглэм тогтоох санаархал хэрэгжих вий!

Монголд хэн ч дарангуйлагч боллоо гэхэд хоёр хөршийн дэмжлэггүйгээр оршин тогтнож чадахгүй. Монголчууд бид өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэхдээ гаргуун хүмүүс бөгөөд хэн нэгэнд монополь эрх мэдэл өгчхөөд удаан харж суухааргүй амбицтай. Чанга гар хэрэгтэй гэж байгаа улстөрч бүхэн цаанаа өөрийгөө л чанга гар хэмээн бодно. Чанга гар хэрэгтэй хэмээх олон түмэн ч цагаа болоход чанга гар доороо удаан сууж чадахгүй. Тийм учраас, дарангуйлагч болох “манай путин” зайлшгүй дэмжлэг хүсэн хоёр хөршийн удирдагчийн “хөнжилд орж” таарна.

Ингэснээр монголчууд бид өөрсдийн мэдэлд байх учиртай ориг төрөө хоёр хөршдөө алдана! Өөрийнх нь хөнжилд орсон дарангуйлагчаараа дамжуулан Москва, Бээжингээс Монголыг удирдах ёс эргэн ирнэ! Тэр үед үр хүүхдүүдийг маань “дахин хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони руу битгий хүчээр ачаасай” хэмээн залбирч суух эрх л монголчууд бидэнд үлдэнэ дээ!