В.Ганзориг: Сүүлийн үед хурал, форум зохион байгуулах нь мода болчихлоо. Төр, хувийн хэвшлийн мөнгө, цаг үрж олон асуудал хэлэлцдэг боловч үр дүн гардаггүй гэх зэргээр янз бүрийн шүүмжлэл ч хүчтэй гарах болжээ. Форум гэдэг үгийн тодорхойлолтоос яриагаа эхэлье. Д.Энхбат захирлын хувьд олон жилийн өмнө “Форум” нэвтрүүлэг хөтөлж эхлээд бараг форумын загалмайлсан эцэг гэж хэлэгдэхээр болчихлоо. Тиймээс та форум гэдэг үгийг хэрхэн томъёолж байна вэ? Таны хөтөлж байсан нэвтрүүлэг хүссэн үр дүндээ хүрсэн үү?

Д.Энхбат: “Форум” нэвтрүүлэг тухайн үедээ хүссэн үр дүндээ хүрсэн. Түүнээс хойш би энэ ажлыг хийлгүй удаан завсарласан. Форум гэдэг нь эртний Грекээс гаралтай үг бөгөөд олон хүн тойрч суугаад хэлэлцэх утгыг заадаг. Манайд форум үр дүнгүй болоод байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, форумаар төрөлжсөн хүн байж болдоггүй. Яг тухайн ажлыг хийж буй хүн форумд оролцохоос биш нэг хэсэг форум хийдэг, нөгөө хэсэг нь ажил хийдэг байж болдоггүй. Тиймээс форумыг зөвхөн улстөрчид эсвэл бизнесийнхний хүрээнд зохион байгуулах нь үр ашиггүй болохоос гадна төр, хувийн хэвшил, судлаачдын дунд жинхэнэ утгаараа диалоги болж чаддаггүй. 

Хоёрдугаарт, жилд нэг удаа болдог форум бол жилийн турш болсон арга хэмжээнүүдийг базан дүгнэсэн төгсгөлийн шат байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр хугацаанд судалгаа хийх, салбарын дэд форумуудыг зохион байгуулах, ажлын хэсэг чиглэл бүрээр бэлтгэл ажлаа хангах, илтгэл танилцуулга бичих, дотоод, гадаадын оролцогчдыг урих ажлууд хийгддэг. Харин форум зохион байгуулах өдөр тухайн асуудлуудаар эцсийн шийдвэр гаргах хүмүүс, засаг ба төрийн тэргүүнүүд оролцдог. Тэдний ярьж шийдэх асуудлууд нь аль хэдийнэ доод төвшиндөө яригдчихсан, юу хэлэлцэх, юун дээр маргалдах нь хүртэл тодорхой болчихсон орж ирдэг. Тиймээс нэг удаагийн хурал бол форум биш.

В.Ганзориг: Манайд яг ийм зөв жишгээр зохион байгуулсан форумын түүх бий юу?

Д.Энхбат: Миний бодлоор байхгүй. Шалтгаан нь бид чадахгүйдээ биш. Манайд салбарын ашиг сонирхлыг агрегаци хийж нэгтгэн төлөвлөдөг мэргэжлийн байгууллага байдаггүй. Тухайлбал, мэргэжлийн холбоод манайд байхгүй. Улс төрийн байгууллагууд ихэнхдээ зөвхөн намын удирдлагуудад зориулсан зөвлөлгөөн хийдэг ч гишүүдийн форум байдаггүй. Тэгэхээр доод шатны хэлэлцүүлэг буюу нэгтгэдэг институци байхгүй учраас том дарга нар хэчнээн хуралдаад үр дүн багатай болдог. Форумын эцсийн зорилго бол нийгэмд нөлөөлөх шүү дээ. Засгийн газрын ордонд өдөр бүр уулзаж буй хүмүүс форум эсвэл ажил дээрээ уулзах нь ямар ч ялгаагүй.

В.Ганзориг: Бид сонгодог утгаар нь форум зохион байгуулж чадахгүй байгаа юм бол Монголд өнөөдөр яагаад ийм олон хурал, форум болж, хэн санхүүжүүлээд байна вэ? Тодорхой хэмжээний “өөр” эрэлт хэрэгцээ байна гэж ойлгож болох уу?

Ч.Ганхуяг: Форум бол ардчиллын үнэ цэнэ болж, шийдвэр гаргах төвшний хүмүүс хоорондоо нээлттэй байдлаар тодорхой асуудлыг нээлттэй хэлэлцэж, бодитой үр дүн гаргах боломжийг олгодог. Хүмүүс ажиллаж, амьдарч байгаа нийгэмд янз бүрийн асуудал байдаг. Асуудал байгаа бол бид ярилцах хэрэгтэй. Ерөнхий сэдвээр нээлттэй ярих уу, тодорхой салбараар хаалттай форум хийх үү гээд олон сонголт байдаг. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэгчлэн асуудал үүссэн бол хав дарах ёсгүй, олноос нуух шаардлагагүй. Хувь хүний нууц гэж бараг үгүй болсон орчин үеийн мэдээллийн технологийн эрин зуунд тодорхой давтамжтайгаар төр засаг, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн багш нар, судлаачид, гаднын хөрөнгө оруулагч нар уулзаж асуудлуудаа нээлттэй, зоригтой ярьж чаддаг байх ёстой. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Тиймээс форум бол сонгогчдод үнэн, зөвийг ялгаж салгахад тусалдаг, хэдий туйлын үнэн гэж байхгүй ч асуудлын хүрээнд холбоотой талууд мэтгэлцэж бүгд өөрийн гэсэн үнэнтэй болж гарах боломжийг олгодог соёлтой хэлбэр юм.

Ч.Хашчулуун: Форум тэр бүр ярилцах боломж гардаггүй, хэлэлцэхэд хүнд асуудлуудыг “амьдаараа” нүүр нүүрээ харан хэлэлцэх нөхцөлийг нийт оролцогчдод бүрдүүлж өгдөг. Зөв бурууг нь хэлж мэдэхгүй ч манай улсын шийдвэр гаргалтын үйл явц өөрийн гэсэн онцлогтой. Эрт дээр үед хийдэг байсан хаадын чуулганд оролцогчид хэлэлцэх асуудлаасаа болоод амиа хүртэл алддаг байсан. Тэгсэн атлаа олон удаагийн чуулган хийдэг л байсан. Монголчууд бүгд өөрийн гэсэн үзэл бодол, хэлэх саналтай байдаг ч түүнийг нь бусад нь хүлээн зөвшөөрөх магадлал бага байдаг. Тиймээс яаж ийж байгаад хамтдаа сууж гарц хайх, эцсийн шийдвэр гаргах нь маш чухал. Үүний орчин үеийн хэлбэр нь форум гэж ойлгож болно. 

Б.Эрдэнэсанаа: Зөвлөлгөөн, хурал бол төрийн байгууллагын ажлаа явуулах үндсэн хэлбэр юм. Төр нь хувийн хэвшил болон нийгмийн бусад салбараа сонсдог институцийн асуудал энд хөндөгдөж байх шиг байна. Засгийн газар нийгмийн бүх салбарын шийдвэрийг гаргахдаа тухайн салбарт ажиллаж буй иргэдийн саналыг сонсож, хэлэлцэх ёстой. Форумд зориулсан Засгийн газрын тодорхой бүтэц байдаг. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл ажилладаг. Уг зөвлөл нь хөрөнгө оруулагчдын санал, гомдлыг хүлээн авч, хуулийн маргаан үүсэхээс өмнө талуудтай хэлэлцэж, асуудлыгшийдэх, төрийн олон байгууллага хооронд координаци хийж хувийн хэвшилд туслах зорилготой ажилладаг. Энэхүү зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог өнгөрсөн онд байгуулсан. Энэ хороонд Засгийн газрын сайд нараас гадна хувийн хэвшлийн төлөөлөл болон мэргэжлийн холбоод ордог. Өнөөг хүртэл гурван удаа хуралдаж, тодорхой асуудлыг шийдээд байна. Засгийн газар ийм бүтцээр бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын саналыг авч, шийдвэр гаргалтад тусгаж байх хэрэгтэй.

Хэлэлцүүлэг хийхийн ач холбогдол нь асуудал хүндэрч гудамжинд гарах, эсвэл шүүх дээр очихоос өмнө талууд асуудлаа шийдэхийн тулд нээлттэй хэлэлцэн, рационал байдлаар хамтын шийдвэр гаргах юм. Энэ бүтэц нь Энхбат захирлын хэлснээр салбарын дэд форумын үүргийг тодорхой хэмжээнд гүйцэтгэж байгаа гэж хэлж болно. Монголд форумд оролцож буй хүмүүс нь ерөнхийдөө нийгэм, эдийн засгийн шийдвэр гаргадаг гол тоглогчид байдаг. Тэд нарын хэлэлцсэн асуудал нь ирэх жилүүдийнхээ шийдвэр гаргалтад тодорхой хэмжээгээр нөлөөлөх бүрэн боломжтой.

В.Ганзориг: Давосын чуулганд оролцсон нэг залуу “Давост оролцож буй хүмүүс дэлхийн хүн амын нэг хүрэхгүй хувийг эзэлж байгаа ч үлдсэн 99 хувь нь тэдний гаргасан тоглоомын дүрмээр тоглодог” гэж хэлсэн байсан. Давосыг олон зүйлд жишээ болгон ярьдаг. Түүнийг нутагшуулах гэсэн нэг хэлбэр бол найман жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн Монголын эдийн засгийн форум гэж ойлгосон. Уг форумын түүх хэрхэн эхэлсэн бэ? Одоо хэрхэн ажиллаж байна?

Ч.Ганхуяг: Энхбат захирал, Хашчулуун доктор бид гурав бол Монголын эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагчид болох 10 гаруй хүний төлөөлөл. Форум байх хэрэгтэй юу гэж асууж байгаа бол форум биш юм бол юу байх юм бэ, бид хоорондоо хэрхэн харилцах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Огт форум хийдэггүй газар бол Хойд Солонгос байх шүү. Тэнд олуулаа цугладаг ч бүгд адилхан хувцастай ирж нийтээрээ жигд алга ташиж, нэг л хүн ярьж бүх шийдвэрийг гаргадаг. Энэ нөхцөл байдлыг анзаараад Энхбат захирал нэвтрүүлгээ анх эхэлж байсан болов уу. 

В.Ганзориг: Тэгэхээр Энхбат захирлын “Форум” нэвтрүүлгийн үргэлжлэл нь Монголын эдийн засгийн форум болж хэлбэржсэн гэсэн үг юм үү?

Д.Энхбат: Үгүй! Цаг хугацааны хувьд л тэгж таарсан хэрэг.

Ч.Ганхуяг: Тухайн үед Монголд дөнгөж ирээд байсан Дэлхийн банкны төлөөлөгч Аршаад Саяадтай бид уулзаж форум зохион байгуулах талаар ярилцаж таарсан юм. Мань эрийг ирэхэд талбай дээр жагсаал болж байсан. Жагсаал цуглаан ч гэсэн нэг төрлийн форум мөн. 

В.Ганзориг: Оюу толгойн үүдэнд санал хурааж, эсэргүүцэл илэрхийлж байгаа хэлбэр бол бас нэг төрлийн форум байх нь ээ?

Ч.Ганхуяг: Тэнд нэг нөхөр бас нэг форум зохион байгуулаад байгаа шүү. Үндсэн асуулт руу ороход тэгээд тэр үед нээлттэй тойрч сууж байгаа асуудлаа ярьдаг дэд бүтэц хийх ёстой гээд Дэлхийн банктай ярилцсан. Тухайн үед шийдвэр гаргадаг хүмүүс хоорондоо л асуудлаа ярьдаг, тэр орчин нь бүр вакуумжсан байсан. Энэ орчинд гаднаас салхи оруулж, төрийн шийдвэр гаргадаг хүмүүс татвар төлөгчдөө сонсдог, эрдэмтэн судлаачдын үгийг авдаг, гудамжинд жагсаад байгаа иргэний нийгэм, тэмцэгчдийн шаардлагыг ойлгох, баялаг бүтээгчдийн саналыг хэрэгжүүлдэг орчинг бий болгохыг зорьсон. Хувийн хэвшил ч тэр өмнө нь асуудлыг албан бичгээр тодруулж, цөөн хэдэн УИХ-ын гишүүдийг лоббидох аргаар шийдвэрлэхийг оролддог байсан бол өнөөдөр нээлттэйгээр нэг дор цуглан, нийтлэг эрх ашгаа ярилцдаг болж чадсан. 

Үүний эхлэл нь 2008, 2009 онд зохион байгуулсан “Mongolian economic policy forum” байсан. 2010 оноос Ерөнхий сайд асан С.Батболд бид хэдийг, төр, хувийн хэвшил ба иргэний нийгмийн төлөөллийг дуудан цуглуулж “Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, тухайн үеийн Ерөнхий сайдууд нь форумаа шууд удирдаж байх дүрэм гарган намайг ерөнхий нарийн бичгийн даргаар томилон форумыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Асуудлыг заавал гудамжинд жагсаал хийж, эсвэл ТВ-ээр хоорондоо маргалдах биш нүүр нүүрээ харж байгаад ярилцан хэлэлцдэг дэд бүтцийг бий болгохыг эхнээсээ зорьсон. Эхнээсээ л Дэлхийн эдийн засгийн форум шиг хийнэ гэсэн амбицтай үзсэн. Ерөнхий сайд тайзан дээр даргын байр сууринаас үг хэлэх биш заалнаас оролцогчийн байр сууринаас асуулт асууж форумд оролцох хэлбэртэй эхэлж байсан. 

В.Ганзориг: Монголын эдийн засгийн форумаас гарсан бодит үр дүн, та нарын бахархаж явдаг ажлууд юу вэ?

Ч.Хашчулуун: Би Монголын эдийн засгийн форум байгуулагдах үед Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байсан учраас төрийн байгууллагын төлөөлөл болж оролцож байсан. Өмнө нь ялгаатай олон талууд хамтдаа суугаад нээлттэй хэлэлцүүлэг хийдэг талбар бараг байгаагүй гэж хэлж болно. Эхний жилүүдэд ярилцсан гол асуудлуудын шийдэл нь өнөөдрийн хууль, бодлого болон хувирсан байгаа. Тухайлбал, концесс, төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдаж, муу сайн ч хэд хэдэн том төслийг хэрэгжүүлэн эдийн засагт хувь нэмэр оруулсан. Тухайн үед дөнгөж яригдаж байсан Хөгжлийн банк өнөөдөр бий болчихсон ажиллаж байна. Мөн Хөгжлийн бодлого, эдийн засгийн яам байгуулах асуудлыг хөндөж Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж байсан. 

Гэхдээ өнөөг хүртэл шийдэгдээгүй асуудал бий л дээ. Ний нуугүй хэлэхэд Монголын эдийн засгийг солонгоруулах асуудлыг олон жил ярьсан ч өнөөг хүртэл биелэгдээгүй л байна. Өнөөдөр яригдаад байгаа татварын шинэчлэлийн асуудлыг ч тухай үед бид форумаар хэлэлцэж байсныг энд хэлэх хэрэгтэй болов уу. Тэгэхээр форум бол шийдвэр гаргах механизм гэхээс илүү олон байгууллагын санал хүсэлт, ялгаатай байр суурийг албан шийдвэр гаргахаас өмнө сонсон нэгтгэдэг, энэ процесс нь олон нийтэд нээлттэй ажилладаг дэд бүтэц юм. Хүн болгон шийдэл дээр санал нийлэх албагүй. Гэхдээ талууд юун дээр санал зөрөлдөж байгаагаа ядаж мэдэж авдаг. Харин алсдаа асуудлыг шийдэх шийдлүүд нь хуулийн төсөл, төрийн бодлого болон хэрэгждэг юм. Энэ бол форумын ач холбогдол, давуу тал юм шүү. 

Ч.Ганхуяг: Нийгэмд тодорхой асуудлыг дэвшүүлж, олон нийтийн анхаарлыг татаж, “үр” тарих нь чухал байдаг. Баялгийн сан, тэтгэврийн шинэчлэл зэрэг олон асуудлыг форумаар сөхөж тавьсан. Өнөөдөр бидэнд эрсдэлийн удирдлагын концепц, төлөвлөгөө гэж байдаггүй. Дэлхийн эдийн засгийн форум улс бүрээр эрсдлийн газрын зураг гаргаж хэлэлцүүлдэг. Монгол Улс форум зохион байгуулснаар гадаад ертөнцөд нээлттэй, зах зээлийн тогтолцоотой, ардчилсан улс гэдгээ баталгаажуулахаас гадна хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа тэлэх боломжтой болдог. Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч К.Шваб өөрийн багтайгаа 2013 онд Монголд ирээд Монголын хөгжлийн гурван хувилбарыг гаргаж өгсөн. Харамсалтай нь үүнийг хэрэгжүүлж, үр дүнг нь гаргаж чадаагүй. Тэр үед гаргаж өгсөн хамгийн гутранги хувилбараас хамаагүй муу хувилбарыг бид сонгоод явчихсан нь өнөөдөр харагддаг. Бид асуудал хэлэлцэхдээ хэдий дарга, цэрэг байж болох ч амбицаа дараад биесээ сонсч сурах ёстой. Тэгэхээр бид өмнөх алдаанаасаа суралцаж, дахин дахин унасан нүх рүүгээ үсэрч орохоо больж, тойрж гарах замыг ярилцдаг байх хэрэгтэй. 

Хятадын жишээг харахад төрийн удирдах албаны хүмүүс барагтаа л бол форумд суугаад үг хэлдэггүй. Харин оронд нь дандаа судлаачид, эрдэмтэд, хувийн хэвшлийн төлөөллүүд сууж улсынхаа бодлогыг хэлэлцэн сурталчилж байдаг. Шийдвэр гаргах ажлыг тинк танк буюу бодлого судалгааны хүрээлэнгүүд, мэргэжлийн холбоод, эрдэмтэн мэргэд нь бэлтгэж төр засагтаа өгдөг. Бидэнд энэ л дутаж байна. Төр хэн нэгэнд таалагдахын тулд тооцоо судалгаагүй, үндэслэлгүй бодлого гаргаж байна. Энэ хүрээнд ажилладаг төрийн дэргэдэх мэргэжлийн институци алга.

Ч.Энхбат: Улс орнуудын форумын санаа төстэй байдаг. Форум дээр онол буюу бодлого нь практиктай хосолж байх ёстой. Бодлогоо дагаж практик нь өөрчлөгддөг, практикаа дагаж бодлого нь өөрчлөгддөг. Практик мэддэг талууд нь хувийн хэвшил, судлаач эрдэмтэд байдаг. Бодлого гэдэг нь төрийн институци байдаг. Энэ хоёр салбал нийгэмд тун аюултай. Тиймээс форумын үндсэн зорилго бол бодлого ба практикийг тохируулах юм. Биднийг анх 2006 онд тинк танкийн санааг ярьж байхад Гочоогийн дөрвөн амьдрал гэдэг дүржүүлсэн судалгаа хийж байсан. Бодлогыг жирийн хүнд ойлгуулахын тулд бараг уран зохиол шиг болгох шаардлагатай байсан. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр тухайн үед гаргаж байсан Гочоогийн дөрвөн амьдралын нэг амьдрал нь Монголд яг байна. 

“Форум” нэвтрүүлэг яагаад тэгж олны анхаарлыг татаж чадсан бэ гэж олон сэтгүүлч надаас асуудаг. Хоёр л зүйл байдаг юм. Нэг дэх нь бэлтгэл. Нэвтрүүлгээ хийхийн тулд маш өргөн судалгаа хийж, олон хүмүүстэй уулзаж материал цуглуулж, хамгийн чухал байр суурь илэрхийлсэн хүнийг нэвтрүүлэгтээ урьдаг байсан. Тэгэхээр хэн юу ярихыг нь урьдчилж мэдээд уулзуулдаг байсан гэсэн үг. Хоёр дахь нь Нарантуул зах дээр наймаа эрхэлж буй хүний практик амьдрал УИХ-ын гишүүний байр суурь, бодлоготой хэрхэн холбогдож байна вэ гэдгийг харуулахыг зорьдог байсан. Өөрөөр хэлбэл хүмүүс төрийн бодлого хэрхэн үүсээд, яаж хэрэгждэг гэдгийг ойлгодог. 

Хэрвээ гурван сая гаруй ард түмэн нэг улс юм бол бид улсаараа салж тал тал тийшээ явахгүй. Бултаараа нэг зүг рүү л явна. Тэгвэл аль зүг рүү явах ёстой вэ гэдэг асуулт гарна. Тэгэхээр нэг дүрэм, нэг үзэл санаа, нэг бодлого гэдэг нь маш олон хүний оролцоотойгоор бүрэлддэг юм аа. Тэрний нэг шалгарсан арга бол эртний Грекээс хойш 2000 гаруй жил явж ирсэн форумын схем юм. 

Форум бол 100 хувь хэрэгтэй. Харин форумыг үр дүнтэй болгохын тулд төрөлжсөн тинк танк бий болгох ёстой, эдгээр тинк танкуудад ажилладаг судлаачид байх ёстой, форум хийж чаддаг мэргэжлийн хүмүүс байх ёстой, үүнийг ойлгодог улстөрчид байх ёстой, дараа жилийн форумаар ийм сэдэвийг оруулна гэдэг бизнесийн ашиг сонирхол бүхий бүлгүүд ч байх ёстой. Ингэж ойлголцож байж гэмээнэ нийгэм урагшаа явдаг. Форум бол эцсийн үр дүндээ хурал биш юм. Хурал гэж ойлговол харин ч нурж унана. Тиймээс форумыг шийдвэр гаргагчид болон уг шийдвэрийг дагаж ажиллаж амьдардаг хүмүүс хоорондын тохиролцоо гэж ойлгож болно.

В.Ганзориг: Хүмүүс форум болсны дараа бодитой шийдвэр гарахыг хүлээгээд байдаг. Гэвч форум бол шийдвэр гаргадаг талбар биш байх нь. Харин зөв шийдвэрт хүргэх зам гэж ойлгож болох нь ээ?

Ч.Хашчулуун: Дэлхийн эдийн засгийн форумд дэлхийн нийт хүн амын нэг хүрэхгүй хувь нь оролцдог хэдий ч үлдсэн 99 гаруй хүмүүсийн тоглох тоглоомын дүрмийг зохиодог гээд та дээр хэлсэн. Монголд ч гэсэн адилхан. Монголын эдийн засгийн форумд панельд сууж буй, спонсороор оролцож буй, төр төлөөлөн оролцож буй хүмүүс Монголын эдийн засгийн голлох тоглогчид нь үнэхээр байдаг юм. Тэнд оролцож буй хүмүүс хэлэлцэж буй бүх асуудлыг мэдэх албагүй ч дараа жилийн төрийн бодлогын шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой байдаг. Форумын дараа шууд шийдвэр гардаггүй ч шийдвэр гаргагчдын толгойд нэг зүйл суулгаж чаддаг. 

Зарим нэг хурлаа тасалдаг гишүүдийг эс тооцвол бидний янз бүрээр муухайгаар хэлдэг УИХ-ын гишүүд төрийн бодлогын зөв шийдвэр гаргах асар хүнд ажилтай хүмүүс. УИХ-ын гишүүдийн дундаж ачааллыг харвал өдөрт хэдэн арваараа хуулийн төсөл, бодлогын баримт бичгүүд орж ирдэг. Эдгээрийг бүгдийг нь уншаад, ойлгоод, шийдвэр гаргана гэдэг бол асар хүнд ачаа. Иймээс форумын талбарыг зөв ашиглан хэрэгтэй хүмүүсийн санал бодлыг нь сонсон, харилцан ярилцаж үзэл бодлоо хуваалцаж чадвал эдгээр шийдвэр гаргагчдын ачаа бага ч гэсэн хөнгөрөх боломжтой байдаг.

Д.Энхбат: Форумын бас нэг чухал зүйл бол бие биенээ ойлгох юм. Талууд заавал нэгдсэн шийдвэрт хүрэхгүй байж болно. Гэхдээ дараа нь бие биедээ саад болохгүй байж болдог. Мэдээлэлгүй хүмүүс л бие биедээ саад болдог. Үүнээс болж буруу ойлголцож, улмаар дайсагналцдаг. Тэгэхээр тухайн форумын эцэст нэгдсэн шийдвэрт хүрээгүй ч бусад хүмүүс яагаад, юуны төлөө юу хийж яваад буйг ойлгож авдаг. Өөрөөр хэлбэл учиргүй нийлээд хамтдаа давхидаггүй юмаа гэхэд бие биедээ саад болохгүй байх орчныг форум бүрдүүлдэг юм. 

Ч.Хашчулуун: Харилцааны асуудал учраас форум хоёр өдөр хийгддэг. Эхний өдөр Ерөнхий сайд нээж, хоёр дахь өдрийг Ерөнхийлөгч дааж авдаг заншил хүртэл тогтсон. Миний мэдэхийн сүүлийн тав, зургаан засгийн газар, хоёр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд ийм горим, соёл бий болсон. Зөвлөмж гаргадаг хэдий ч форумыг үр өгөөжийг улам нэмэгдүүлэхийн тулд төрийн гурван өндөрлөг зөвлөмж дээр гарын үсэг зурдаг болбол зүгээр гэж би боддог.

Д.Энхбат: Ажил хэрэгч байх үүднээс зөвлөмжид бүх зүйлсийг тусгах албагүй. Тэр байтугай зөвлөмжид талууд ийм асуудлууд дээр санал зөрөлдлөө гэдгээ хэлж баталгаажуулж болно шүү дээ. Энэ нь тухайн форумыг мэдээллийг яг тэр өдөр үзээгүй, магадгүй гурван жилийн дараа эргэж мэдээлэл авах хүнд албан баримт болно. Бүх ажил албан ёсоор явдаггүй. Хүн гэдэг бол бурхны нарийн бүтээл. Форумаас хүмүүс мэдрэмж авч, шинэ танилтай болж, ойлгохгүй асуудлаа ойлголцдог. Тийм учраас форум заавал амьдаар болдог. Интернэт ашиглаж зайнаас хүмүүс харилцаж болох хэдий ч амьд харилцааг орлож хэзээ ч чадахгүй. Тиймээс форум бол хүмүүс хоорондын харилцааны асуудал гэж ойлгож болно. Форумын үеэр Ерөнхий сайд маань Ерөнхий сайд гэдэг албан тушаалаа түр орхиод, зангиагаа тайлаад, босгоо бууруулаад оролцох ёстой. Нөгөө талаас оролцогчид ч гэсэн мөн босгоо бууруулж, хувийн амбицаа дарах ёстой байдаг. 

Ч.Ганхуяг: Төр засгаас гарч буй шийдвэрүүдийг тайлбарлаж, нийгэмд асуудал болж халаад дэлбэрэхэд бэлэн болчихсон зүйлсийн хийг нь гаргаж өгдөг сэтгүүлчдийг оруулахгүйгээр хаалттай хэлэлцдэг форум ч бий. Энэ төрлийн уулзалтад шийдвэр гаргагчид албан ёсны байр сууринаас биш хувь хүнийхээ өнцгөөс үзэл бодлоо хуваалцдаг ба тухайн танхимд байсан хүмүүс хэнд ч цаашаа нэр устай нь мэдээлэл түгээх хориотой чатам хаусын дүрэмтэй байдаг. Ийм форматаар яагаад төр засаг заавал ийм хүнд шийдвэрийг ард түмний эсэргүүцлийг огоорон гаргаж байгаагаа тайлбарладаг. 

В.Ганзориг: Магадгүй зарим асуудлууд нь нийтэд хэлж болдоггүй, нөгөө төрийн хар хайрцагны бодлого гэдэг шиг хаалттай хүрээнд ярилцаж шийддэг асуудлууд байдаг уу?

Ч.Ганхуяг: Товчхондоо санал нийлдэггүй юмаа гэхэд хооронд нь байлдуулахгүйгээр нийгмийн зөвшилцлийг бий болгох боломжийг форум олгодог.

В.Ганзориг: Форумын утгыг би одоо л ойлгох гээд байна. Тэгэхээр форумыг албажуулж болохгүй юм байна. Албажуулах юм бол хэлсэн санаа нь хариуцлага болоод оролцогчид биеэ барих нөхцөл бүрдэх нь ээ?


Д.Энхбат: Форумын тодорхой хэсэг албан ёсоор явна. Тухайлбал Ерөнхий сайд зарим санааг Засгийнгазраа төлөөлж хэлдэг. Засгийн газар бол багийн тоглоом учраас хувь хүн 100 хувь санал нийлэхгүй байж болно. Гэхдээ дүрэм нь багийн тоглолт учраас хэдий би санал зөрж зад хэрэлдсэн ч гэсэн шийдвэр гарсны дараа олонхийг шийдвэрийг хүндэтгэн дагах болдог. Дэлхийн олон форумын жишээн дээр төр засгийн удирдлагууд бодлого судалгааны хүрээлэнгийнхэнтэйгээ зангиагаа тайлж сууж байгаад ямар асуудал, зөрчил байгаагаа ярилцдаг. Нөхцөл байдлын талаар бүрэн мэдээлэл авсны дараа эрдэмтэн судлаачид ч гэсэн төрийн бодлогын талд орох тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл талууд бие биедээ буулт хийдэг, хийж чаддаг байх ёстой. Энэ албан бус харилцааны зарчим нь зөвшилцөл дээр тулгуурладаг. Тиймээс форумын гол зорилго бол асуудлыг хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрнэ, шаардлагатай бол бие биедээ буулт хийнэ, цаашаа алхахын тулд тохиролцоогүй зүйлсээ ярьж тохиролцоно, ядахдаа гараад бие биенийхээ хөл дээр гишгэхгүй байх тухайгаа ярьж авах юм.

Ч.Хашчулуун: Монгол эдийн засгийн форум нь манай хоёр хөршийн форумаас жинхэнэ утгаар их ялгаатай. Бид анхнаасаа форумаа хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулж эхэлсэн. Үүнийгээ одоо сэргээх нь маш чухал. Учир нь ОХУ-ын хамгийн том компаниудын 99 хувь улсын мэдэлд байдаг. БНХАУ-ын хувьд хувийн үйлдвэр олон байдаг ч 150 улсын компаниуд эдийн засгийг нь тодорхойлж явдаг. Тэгэхээр манай хөршүүдийн эдийн засгийн форум нь хүссэн хүсээгүй төр хоорондын харилцаа болчихдог. Харин манай улсын хувьд төрийн өмчит үйлдвэрүүдийн захирлууд бодлого боловсруулдаггүй. Тэд улс төрийн томилгоогоор томилогдсон гүйцэтгэгч хүмүүс байдаг. Тиймээс Монголын эдийн засгийг гол хөдөлгөж буй хүмүүс нь хувийн хэвшил буюу бизнесийн төлөөллүүд болж байна. Тэд л эдийн засгийг хөдөлгөөнд оруулж байгаа учраас төр тэдэнтэй уулзах боломж нь форум байдаг. Хэрэв асуудал болон шийдлийг зөвхөн төр яриад эхэлбэл ямар ч ач холбогдол байхгүй болдог. 

Сүүлийн жилүүдийн форум дээр томоохон компаниудын захирлууд оролцох нь багассанд харамсдаг. Тэдний хувьд нэг зүйл болохоо байгаад л ийм шийдвэр гаргасан байж таарна. Тиймээс эргээд хувийн хэвшлийн оролцоог сэргээх хэрэгтэй байна. Ийм уулзалтууд аль болох их зохион байгуулагдах ёстой. Ерөнхий сайд гол шийдвэр гаргагч мөн боловч гаргаж буй бодлого нь амьдралд бодитой хэрэгжих үгүйг хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцэж ойлголцож чаддаг байх ёстой. Манай улсын хувийн хэвшлийн бүтэц БНСУ-ын бүтэцтэй төстэй болж байна. Өмнөд Солонгост дөрвөн том групп байдаг бол манайд ч гэсэн бизнесийн нэгдэл явагдаад төдий тооны том группуудтэй болж байна. Аливаа Засгийн газар, Ерөнхийлөгч ч мөн ялгаагүй гаргасан бодлогоо хэрэгжүүлэхийн тулд бизнесийн томоохон групп компаниудтай ярилцаж тохиролцон, ойлголцох зайлшгүй шаардлагатай. 

В.Ганзориг: Гадна, дотнын форум, хурал болохоор та хэд л ээлжлээд панелист, модератороор очиж харагддаг. Ярьдаг юмаа ярьдаг. Хувь хүн талаасаа уйдах, залхах мэдрэмж төрж байна уу?

Д.Энхбат: Ний нуугүй хэлэхэд би сүүлийн тав, зургаан жилд оролцохоо больсон. Хувь хүн талаасаа сонирхол буурсан байж магадгүй. Сонирхол буурах үндсэн шалтгаан бол үр дүн. Бэлтгэлгүй форумаас үр дүн гардаггүй. Том компаниудын захирлууд форумд орохоо больсон нь тэдэнд бэлтгэл хийх боломж гарахгүй, хоорондоо урьдчилж ярилцаж амждаггүйтэй холбоотой болов уу. Форумд ороход тэр хүнд 15-20 минут л оногдох учраас хамгийн гол асуудлыг товч, тодорхой ярих ёстой. Тэрнээс биш панелист, модераторууд хоорондоо танилцах ёсгүй. 

Тиймээс Монголд форум хийхийн тулд сэдвүүдээ доод төвшиндөө олон задалж, бэлтгэл хийх хэрэгтэй. Мөн эрдэмтэн судлаачдыг сайн оролцуулах хэрэгтэй. Бизнес эрхлэгчид бол өөрсдийнхөө ашиг, сонирхлыг л бодно. Тэд асуудлаа чонын нүд шиг хурц, тодорхой харахаас бус дэлхийн асуудал тэдэнд нэг их сонин биш байдаг. Харин эрдэмтэд бол асуудлыг сканнер шиг хавтгайгаар нь харж, өөр арга барилаар ажилладаг. Тиймээс эрдэмтэн, судлаач, бизнесменүүд, улс төрчдийг оролцуулан бэлтгэлээ сайн хийгээд форум хийвэл маш өндөр үр дүнтэй болох бүрэн боломжтой.

Монголчууд эрт дээр үеэс эхлэн Чингис хаанаа сонгохоос эхлүүлээд хуралдай хийх зарчмыг ойлгодог байсан. Одоо үүнийг зөв ажиллуулах хэрэгтэй. Монголчуудын хувьд форум бол амьдралаа авч явах уламжлалт хэлбэрийнх нь нэг юм. Үүнийг орчин үеийн технологийн хэлбэрт оруулах хэрэгтэй. Тиймээс форумд оролцогчдын сонирхол буурч буйн шалтгаан бол бэлтгэлгүй байдлаас үүдэлтэй. 

Ч.Ганхуяг: Миний хувьд ч форумд оролцох нь багассан. Өдөр тутмын сониноос уншчихаж болох даргын үгийг заавал зааланд очиж сонсох нь утгагүй зүйл. Харилцан ярилцлага хийх нь чухал. Өнөөдрийн нэвтрүүлэг ч гэсэн форумын нэг төрөл. Форумд 20 минут гэдэг урт хугацаанд тооцогдоно. Форумын индэр дээр гарахын тулд тухайн хүнд олон шалгуурыг давж гараад таван минут л ярих эрх олддог. Элдэв чимэггүйгээр асуудлаа яриад дараагийн хүндээ микрофоноо шилжүүлж, аль болох олон хүний санаа бодлыг сонсох боломжийг форум олгох ёстой болдог. Өөрөөр хэлбэл форум гэдэг бол монологи, лекц биш учраас олон хүний дуу хоолойг сонсож, нэгтгэх ажил юм.

Ч.Хашчулуун: Миний хувьд ялгаагүй олон форум, хуралд орох нь багассан. Хааяа нэг орвол судлаачийн нейтрал байр сууринаас ярьдаг. Тийм учраас аль болох олон судлаач, эрдэмтдийг форумд оролцуулна гэдэг маш зөв санаа юм. Хоёр экстрим тал мэтгэлцэжбайхад яах аргагүй судлаач хүн голыг нь олоод дундын байр сууринаас асуудалд зөв хандаад байдаг нь анзаарагддаг. Өөрийн гэсэн арга, аргачлалтай мэргэжлийн сайн судлаачид манай бий. 

Ч.Ганхуяг: Бид бодлого гаргахдаа заавал жагсаал цуглаан хийж, олон хүмүүсийн гарын үсэг цуглуулах албагүй. Рациональ шийдвэр гаргахын тулд бүтэн жилийн турш асуудлыг шийдэх олон хувилбар боловсруулан, тооцоо хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, онгоцонд суугаад үсрэхийн өмнө баахан тооцоо хийж байгаад үсэрнэ гэсэн үг. Харин бид уранхай шүхэртэй, жин хэтэрчихсэн онгоцонд суудаг. Нөгөө онгоц нь асах үгүй нь ч тодорхойгүй байдаг шүү дээ. Тэгэхээр бид цээжний пангаар асуудалд хандахаа болимоор байна. Мэргэжлийн судлаачдыг төрийн бодлоготой холбодог гүүр зайлшгүй хэрэгтэй байгаа. 

Д.Энхбат: Иргэний нийгмийн байгууллагууд хэчнээн сайн байлаа гээд манай нийгмийн нэг л тал буюу нийгмийг бүхлээр нь төлөөлж чадахгүй. Ихэнх иргэний нийгэмд судалгааны аналитик хүчин чадал байдаггүй. Гудамжинд жагссан иргэний нийгмийн байгууллагуудын нэг дутагдал бол асуудлыг хүчээр шийдэх гэж оролдох явдал. Тэд хүссэндээ хүч хэрэглэх гэсэн юм биш. Өөр аргагүй болоод л тэгж байгаа хэрэг. Тиймээс хэрэв юм болгоныг аргагүй болтол нь явуулбал ийм л болно. Аргагүй болтол явуулахгүйн тулд л форум байгаа юм.

В.Ганзориг: Форум үр дүнтэй болох нэг хүчин зүйл нь мэргэжлийн бодлого судалгааны хүрээлэн гэж та бүгд хэллээ. Бидний хүсээд буй хүчтэй, нөлөөтэй тинк танк яагаад өнөөг хүртэл байгуулагдахгүй байна вэ? Монголын эдийн засгийн форум хэлбэрээ өөрчлөөд тинк танк руу хөрвөх боломжтой юу?

Ч.Хашчулуун: Бид зах зээлийн эдийн засагт шилжээд дөнгөж 20 жил болж байна. Дээр нь эдийн засаг, бизнесийн хөгжил хурдацтай өөрчлөгдөж байгаа учраас ирээдүй руу хандсан бодлогын шийдвэр гаргах чадвар одоохондоо алга. Одоо суралцах байгаа шатан дээрээ явж байгаад учраас яваандаа чадалтай бодлого судалгааны хүрээлэн байгуулагдах болов уу.

Д.Энхбат: Би олон орны Бодлого судлалын хүрээлэнтэй танилцаж, ажиллаж ч үзэж байсан. Төрийн бодлогыг сэтгэл хөдлөлөөр, нэг даргын хүслээр явуулдаггүй. Төрийн бодлого бол тогтмол механизм, хуулиар явдаг. Тэгэхээр Бодлого судлалын хүрээлэнгийн шийдвэрийг УИХ, Ерөнхийлөгчийн шийдвэргаргах үйл явц дотор хуулиар суулгаж өгөх ёстой. Тухайлбал, Өмнөд Солонгосын парламент эдийн засагтай холбоотой ямар ч асуудлыг БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнгийн саналгүй хэлэлцдэггүй. Тэр эрдэмтдийн үгийг улстөрчид нь заавал дагах албагүй ч хуулийн хүрээнд заавал сонсох үүрэгтэй байдаг.

АНУ-ын Конгрессын номын санг судлаад явж байхад тэр үед Билл Клинтон төсвөө батлуулахаар оруулж ирж байсан юм. АНУ-ын Сангийн яам төсвөө хэлэлцүүлэхээр оруулж ирэхэд түүний өмнөх 10 Засгийн газрын төсвийг хянаж шалгасан эрдэмтэд тэнд сууж байсан. Энэ ажлыг 40 жил хийж байгаа нэг өвгөн байсан. Тиймээс Конгрессийн гишүүд тэднийг сонсох маш дуртай байдаг. Ер нь улс орны томоохон асуудлууд наад зах нь 10-30 жил үргэлжлэн яригдах тохиолдол байдаг. Тэр хооронд улстөрчид солигдож л байдаг. Харин эрдэмтэд тэр бүх асуудлыг мэддэг, бүх улстөрчтэй уулзчихсан туршлагатай байдаг. Тэгэхээр тинк танкууд албан ёсны биш ч төрийн бодлогыг авч явж буй хүмүүс юм. Нэг онцлог нь тэд улс төрийн сонирхлоор биш цэвэр мэргэжлийн үүднээс ханддаг. Тиймээс бодлого судалгааны хүрээлэнг төрөл бүрийн төрийн байгууллагууд бүхий л төвшинд төрийн бодлого гаргах ажилд оролцуулж төрийн өөрийнх нь бодлого гаргах чадварыг дээшлүүлдэг. 

Энэ нь Монголд байдаггүй учраас бодлогын захиалга явагддаггүй. Манайд УИХ-ын гишүүд хууль санаачиллаа гэж ярьдаг нь маш буруу үзэгдэл. УИХ-ын гишүүд улс төрийн хувьд хууль санаачилж болох ч нэг хүний санаачилсан хууль гэдэг мэргэжлийн байгууллагууд, олны дунд хэлэлцэгдээгүй л гэсэн үг. УИХ-д нэг хүний санаачилсан хууль орж ирнэ гэдэг түүхий хууль л батлагдана гэсэн үг шүү дээ. Хэчнээн сайн хуулийн төсөл байлаа ч оруулж ирж байгаа технологи, хэлэлцэж байгаа арга барил нь нийгэмд баталгаа үүсгэхгүй гэсэн үг. Дахин хэлэхэд бодлого судалгааны хүрээлэн Монголд явахгүй байгаагийн гол шалтгаан нь төр бодлого захиалахгүй байгаатай л холбоотой.

Б.Эрдэнэсанаа: Тинк танкууд олон улсад маш идэвхтэй ажилладаг. АНУ-д тинк танкууд голцуу хувийн хэвшлээсээ санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д тинк танкууд олноор байгуулагдаж байна. Тэдний хувьд төрөөс маш их санхүүжилт авч, яамдын дэргэд байгуулагдсан байдаг юм билээ. Бодлого судалгааны хүрээлэн чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд өндөр зардал гаргадаг төрийн бус хэлбэрээр байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Гаргаж байгаа бүтээгдэхүүн нь мэдээлэл ба бодлого шүү дээ. Үүнийг чанартай хийхийн тулд санхүүжилтийн асуудал хөндөгддөг. Манайд зөвлөгөө өгөх мэргэжлийн консалтинг компаниуд хөгжихгүй байгаагийн шалтгаан нь бас л том компаниуд захиалга өгөх чадвар, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр байхгүйтэй холбоотой. Тэгэхээр төрөөс захиалга өгч Бодлого судалгааны хүрээлэнг дэмжих нь зүйтэй. Ингэснээр тинк танкууд институци чанартай болж, төр, хувийн хэвшлийн холбоос болох нөхцөл бүрдэнэ.

Ч.Ганхуяг: Нэг зүйл нэмж хэлэхэд тавдугаар сарын 21, 22-нд “Хүчээ нэгтгэе” гэдэг уриан дор Монголын эдийн засгийн форум болно. Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдыг оролцуулан асуудлуудаа ярилцах санаачилгыг гаргаад байна. “СEO клуб”-ийн гишүүд болон “ТОП 100” аж ахуйн нэгжүүд тэргүүтэй хувийн хэвшлийнхэн нэгдэнарга хэмжээгээ санхүүжүүлэн, төр засагтайгаа харилцах цонхыг нээх боломжийг ханган ажиллахаар шийдсэн.

В.Ганзориг: Үнэтэй цаг заваа зарцуулж, маш хэрэгтэй мэдээллийг өгсөн та бүхэнд баярлалаа. Тинк танкийг хэрхэн байгуулах, үр дүнтэй ажиллах талаар ярилцлаа. Энэ хүрээнд олон улсын төвшинд ажиллахуйц тинк танк байгуулъя гэвэл та хэд хамтран ажиллахад бэлэн байна уу?

Д.Энхбат: Би шууд хариулъя. Социализмын үед төрийн яам болгон хажуудаа эрдэм шинжилгээний хүрээлэнтэй байсан. Тэр үед төрийн систем өөр байсан ч шинжлэх ухаан хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгодог байжээ. Би Ерөнхийлөгч нартай уулзах болгондоо нэг санал хэлдэг юм. Тинк танк биш ч гэсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн албан бус зөвлөлийг байгуулах санал тавьдаг. Тэд өмнөх бодлогын шийдвэрүүдийг сайн мэдэж буй төрийн санах ой юм. Монголд төр байгуулах үйл явц зогсчихсон. Бид улс төрийн хямралаасаа болоод салбарын бүрийн мэргэжлийн холбоодоо шинэчлэгдээгүй яг хуучнаараа байгаа. 

Өөрөөр хэлбэл бид нийгмийн институциудаа байгуулаагүй. Судалгаа хийдэг академиа ч сайн шинэчилж чадаагүй л сууж байна. Тиймээс Монголын ардчилал 1990 онд эхлээд улс төрийн реформ хийсэн ч тэрнээсээ үүдсэн хямралд орчихсон. Хашчулуун докторын хэлснээр түймэр унтрааж буй улсууд яаж ирээдүй ярих билээ. Тэгэхээр Монгол улсыг хөгжүүлэх ажилд хүн болгоныг оролцуулах хэрэгтэй байна. Тэгж байж л бид энэ шавраас гарна.

Ч.Ганхуяг: Хүмүүсийн оролцоо сул байгаагаас манайд популизм гаарч байна. Юун шинжлэх ухаан, англи хэл байтугай боловсрол хэрэггүй, дан ганц сайхан сэтгэл байхад болно гэж ярьдаг хүмүүс олширч байна шүү дээ. 

В.Ганзориг: Нөгөө талаас манай сэхээтнүүд мэдээлэл, мэдлэгтэй болохоор бүх эрсдлээ тооцож үзээд элдэв долоон юмтай хутгалцаж байснаас өмнөх ажлаа л хийгээд хал балгүй явж байя гэж боддог юм биш үү?

Б.Эрдэнэсанаа: Миний хувьд Бодлого судалгааны хүрээлэнг байгуулахад оролцоход бэлэн. Бид 2016 онд “Хархорин” бодлого судалгааны хүрээлэнг байгуулж байсан. Энд удирдах зөвлөлийн хоёр гишүүн нь байна. Энэ бол бүс нутгийн интеграцид Монгол Улс хэрхэн оролцох, эдийн засгийн корридор, Нэг бүс-Нэг зам төслүүдийг судлах зорилготой байгууллага юм.

В.Ганзориг: Нэвтрүүлэгт оролцсон та бүхэнд баярлалаа!