Би гайхаад байгаа юм.


          Би гайхаад байсан юм. 

Яагаад, 1911 оны хувьсгалыг хийсэн улс арван жилийн дотор бүгдээрээ үхсэн юм бэ гэж. Тэрийг нь яагаад бидэнд “Богд хаан нь хор өгөөд алчихсан юм” гэж итгүүлсэн юм бол гэж гайхаад байсан юм. Богд хаан гэдэг хүн чинь “хамтдаа тусгаар тогтнолоо сэргээе” гэж бусдыгаа дагуулчихаад, дараа нь тэднийгээ яагаад алсан юм бол гэж хэзээ ч манайхан эргэлзэж яваагүйд бүр их гайхсаар ирсэн юм.

        Би гайхаад байдаг юм.

 Яагаад, 1921 оны хувьсгалын удирдагчид, яасан гэж цөмөөрөө хориод жилийн дотор алуулаад дууссан юм бэ гэж. Тэрийг нь яагаад бидэнд “Хувьсгалаасаа урвасан учраас цаазлуулсан” гэж итгүүлсэн юм бол гэж гайхаад байдаг юм. Манайхан “Ардын хувьсгалын анхны долоогийн тав нь, яагаад хамтдаа хувьсгал хийнэ гэж тангараглаад тэрнээсээ урвасан юм бол” гэж хэзээ ч эргэлзэж яваагүйд бүүр ч их гайхдаг юм.

   Хувьсгалчид бүгд урваад, ганц Сүхбаатар нь үнэнч байсан учраас тэдэндээ алагдаад, Чойбалсан азаар аврагдаж, хувьсгалаа үргэлжлүүлсэн гэж бидэнд хэлсэн. Үнэндээ, Чойбалсанг ч зөвлөлтүүд өршөөгөөгүй. Харин алах ялаа гүйцэтгэлгүй хүлээсээр 1952 оныг хүргэсэн юм билээ. 

Азаар үлдсэн гэх Чойбалсан суманд биш мэс зэслын хутганд “алагдаж”, азаар тодорсон гэх Цэдэнбал гуай шоронд биш гадаадад гэрийн хорионд эцэслэсэн гээд бодохоор “Монгол аз” ерөөсөө эз ч юм уу, гайхаад байгаа юм.

   Би одоо ч гайхаад байна.

 1990 оны ардчилсан хувьсгалыг удирдсан долоон хүнийг гучин жилийн дотор багтаагаад, бүгдийг урвагч гэж нэрлээд байгаад гайхаад байгаа юм. Урваагүй байж болох С.Зориг нь яг л Сүхбаатарын жишээгээр алагдаж. Одоо “хоёрдугаар Чойбалсан” нь л азаар үлдээд, Ардчилсан хувьсгалаа үргэлжлүүлэх маягтай болоод ирснийг гайхаад байгаа юм. Бат-үүл, Элбэгдорж, Энхсайхан... бүгд дайсан болсоон. Одоо цаазын ялыг сэргээе гэх болж. Тэр хэдийнхээ толгойг залгиад “азтай” ганц л амь үлдэхнээ дээ, янз нь. 

    С.Зориг гэснээс, Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэгнийг “хэн хороосон” болохыг мэдэх хүн байхгүй ч, “хэн алаагүй вэ” гэдгийг мэддэг улс байгаад байдагт мөн л гайхаад байдаг юм.

   Би гайхаад байдаг юм.

Манайд, яагаад урвагч, аврагч хоёрын байр солигдоод ирсэн юм бол гэж. 1911 оны тусгаар тогтнолын эцгүүдийн нэг, хамгийн сүүлчийн боломжоо хүртэл түүндээ үнэнч явсан, Ерөнхий сайд Бадамдоржийг яагаад урвагчаар нь дуудуулж, хоногшуулсан юм бол гэж гайхдаг. Хамгийн сүүлд хүрээг эзлэсэн гамин цэргийн жадан дор Автономио устгуулаад “Ингэсэнд орвол үхсэн минь дээр” гэж хэлээд, үнэхээр ч үхэхээр явсан түүнийг биднээр яах гэж хараалгасан юм бол гэж гайхдаг. 

    Харин яагаад, Хятад улсын суурин төлөөлөгч дээр байн байн очиж “Одоо гамин оруулах болсон, одоо л автономийг устгах болсон” гэж ятгаж явсан нөгөөхийг нь эх оронч хэмээн тахисан юм бол? Гайхаад байдаг юм. Тэрнээс хойш их гүрний тулгалтад орж, газар нутгаа тасалсан удирдагч нараа бид  яагаад, зүгээр л ойлгож уучилдаг юм бол гэж өөрснийгээ бас л гайхдаг. Биднийг зүгээр нэг хуурахын оронд, яагаад заавал урвагч, эх оронч хоёрынх нь байрыг солиулан тохуурхсан юм бол гэж бүүр ч их гайхдаг.

   Би гайхаад байдаг юм. 

Монголыг эдийн засгийн талаар тусгаар тогтнуулах гэсэн, гадаад улсаас хараат биш болгох гэсэн болгон “Улсын дайсан” болоод байгааг гайхдаг. Шинэ үеийн хамгийн том бүтээн байгуулалт, Оюутолгойг ашиглалтад оруулж, Монголын эдийн засгийг Орос-Хятадын хараат байдлаас гаргах алхам хийсэн С.Баяр, С.Баярцогт нар яагаад “Үндэсний дайсан” болоод байгааг гайхдаг юм.

    Оюутолгойгоос өмнө Монголыг тэжээж ирсэн БНМАУ-ЗСБНХУ-ын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг нэмж 51 болгоод Монголын талыг илүү хөрөнгөтэй болгосон Ш.Отгонбилиг онгоцны ослоор үхчихснийг. Харин Зөвлөлт-Монголын хамтарсан Төмөр замыг улсдаа бүгдийг нь авах боломжийг “айгаад” алдсан хүн Хөдөлмөрийн баатар болчихсныг. Сүүлд нь Оросын талын 49 хувийн худалдаж аваад ирсэн хүмүүсийг “луйварчин” хэмээн нэрлэж түрүүчээс нь шоронд хийснийг. Энэ бүгдийг ухаарч хүчрэхгүй гайхаад байгаа юм. 

Яагаад Оросыг "хохироогоод"  хөрөнгийг нь аваад ирж байхад "Монголын эрх ашгийг хохироолоо" гээд байгааг бүүр ч ойлгохгүй байгаа юм. Монголын эрх ашиг гэж яг монголд байгаа бидний эрх ашгийг хэлээд байна уу, үгүй юу бүр ч ойлгохоо байгаад байгаа юм. Жишээлэхэд, Оюутолгойн үлдсэн 60 хувийг Рио Тинто-гоос монгол руу аваад ирвэл гарцаагүй л шоронд орох болчоод байгаад гайхаад байгаа юм.

    Монголын эрх ашиг гэснээс, Монгол-Оросын их өрийг цайруулсан, зөвхөн монгол хүн л монголдоо газар эзэмших хууль батлуулсан Н.Энхбаяр одоо болтол яаж үйлээ үзэж байна. Монголын эрх ашиг гэж монголчуудын эрх ашгийг хэлээд байна уу, монголруу чиглэсэн өөр эрх ашгийг энэ нэрээр хучаад явна уу, ойлгохоо байсаан.

    Эх орондоо тус хийсэн хүнийг "эх орондоо тус хийсэн" гэж улаан цайм яллаж болохгүй л дээ. Иймээс, "офшор бүст мөнгөө хадгалуулсан", "олон байшинтай болсон" гэж яллаж байгааг гайхаж байна. Офшор гэдэг нэрийг дуулаад бөөлжих хүн олон ч, яг юу болохыг мэдэх хүн хэтэрхий цөөн. Олны бодлоор бол “Зөвхөн хулгайн мөнгө хүлээн авна. Өдөр бүр 09-21 цаг хүртэл ажиллана” гэсэн бичигтэй нэг үл бүтэх газар байх шиг байгаа юм. Үнэндээ энэ бол хүний хөрөнгийг татахын тулд татвар бараг авдаггүй бүсийг л Офшор гэж хэлдэг юм. Үнэхээр хулгайн мөнгийг албан ёсоор нуудаг газар байлаа гэж бодоход “Нээрээ би хулгайч” гэх шиг тийм, тэмээнээс тэмдэгтэй газарт хулгайлсан мөнгөө аваачих тэнэг гарах уу? Ер нь юмыг “Хэрвээ би байсан бол ингэж тэнэгтэх үү, үгүй юу” гээд бодчихож байх хэрэгтэй.

     Хулгайн мөнгийг баргийн луйварчин дансанд хийдэггүй, гараашиндаа, эсвэл нүхэнд булдаг гэдэг юм. (Хулгай хийе гэж бодож байгаа хүн бол мэдээд авчихад илүүдэхгүй). Харин “Офшор” бүсэд хадгалвал дэлхий даяараа олоод, мөрөөр нь хөөгөөд шиншилж гарна шүү. 

    Би гайхаад байгаа юм. 

Төрийн албан хаагчийн цалингаараа тэрбум, тэрбумын хадгаламж нээсэн улс төрчдийнхийг огт сэжиглэхгүй. Бизнесээс олсон мөнгө “офшорт” хийсэн гэхээр “хулгай мөөн” гээд байгаа юм. Гадаадад байгаа мөнгийг л ингэж хардаад байгаа юм уу, гэхээр үгүй. Хятадад, Орост хадгалуулсан, нуусан мөнгийг бол ариун гээд, харалтгүй, эргэлзэлтгүй итгэдэг явдлыг бас гайхаад байгаа юм.  Бас С.Баярыг олон байшинтай юм байна, яг л хулгайнх л гэж итгээд явдаг эх орон нэгтнүүдээ гайхаад байгаа юм. Цаад нэр дэвшигчдийнхээ ХОМ-ыг хар. Захын нэг нь л хэдэн тэрбумын, хичнээн харштай байгааг гүйлгээд нэг харчих. Оюутолгойг ашиглалтад оруулсан хүний байшин бол хулгайнх, харин Оюутолгойг хөөсөн хүний харш бол цэвэр орлогынх болоод байгааг гайхаад байгаа юм.

   Би гайхаад байгаа юм. 

Өмчийг нь хурааж авч байгуулсан нэгдэлжих хөдөлгөөнийг магтсан хэвээр мөртлөө, өмчийг нь эргүүлж өгсөн Да.Ганболдыг хараагаад байгааг гайхаад байгаа юм. Богын толгойд шилжүүлсэн 75 малаас илүүг өмчлөх эрхгүй явсан малчид, мянга мянган хонио бэлчээнгээ Да.Ганболд руу нулимахыг хараад гайхаад байгаа юм. Найзаасаа тамхины мөнгө, хуушуурын үнэ, хөршөөсөө чимх давс, атга элсэн чихэр зээлсээр амьдрал залгуулж явсан үеийнхэн “Ланд 200”-гийнхаа жолооны араас түүнийг зүхээд явааг гайхаад байгаа юм.

   Би гайхсаар байгаа юм.

 Яагаад, монголын төр зүтгэсэн хүнээ хөнөөгөөд, самарсан хүнээ ивээгээд яваа юм бол гэж. “Монголын төр гэж монгол улсын төр яг мөн” гэж, “монголын эрх ашиг гэж монголчуудын өөрсдийн эрх ашгийг хэлнэ” гэж ойлгоод байгаа маань зөв үү гэдгийг бүүр ойлгохоо байчихаад гайхаад байгаа юм.

   Би Монгол хүнээ бас гайхаад байгаа юм.

 “Эхлээд эргэлз, Бурхан өөрөө хэлсэн ч байг, Бурханы сударт гарсан ч байг. Эхлээд эргэлз” гэсэн удиртгалтай Буддын шашныг дөрвөн зуунаар шүтсэн атлаа эргэлзэх, тунгаах чадвараа эгнэгт гээсэн мэт болсныг гайхаад байгаа юм.

  Би Монголчуудын нэгэн болох өөрийгээ ч гайхаад байгаа юм.

“Хаан шалдан байгаа нь яах вэ, Харин чи бид хоёр өөрснөө шалдан байна” хэлж амьтны уурыг бардагыгаа бас гайхаад байгаа юм.

   Би Монгол хүнийг байтугаа Монгол малыг гайхаад байгаа юм. 

Дорнодын Мардайд Зөвлөлтүүд урааны үйлдвэр бариад, олзворлоод байхад энх тунх гялалзаж явсан монгол мал, одоо Францын Арева компани зүгээр л “ураан байна уу, үгүй юу” гээд хайгуул хийхэд нас бараад, хурга нь хоёр гурван толгойтой төрөөд байгаад гайхаад байгаа юм. 

   Би гайхаад байгаа юм...

2020.06.11