Шалгалт
Сургуульд хаврын шалгалт эхэлж байлаа. Анхны шалгалт авахын өмнө ангийн багш Дорж гуай жил бүрийн адил сурагчдадаа “энэ удаа та нарын бодит мэдлэгийг чинь шалгана шүү” гэж сүржин мэдэгдээд ширээнийхээ ард суув.
Сургуульд хаврын шалгалт эхэлж байлаа. Анхны шалгалт авахын өмнө ангийн багш Дорж гуай жил бүрийн адил сурагчдадаа “энэ удаа та нарын бодит мэдлэгийг чинь шалгана шүү” гэж сүржин мэдэгдээд ширээнийхээ ард суув.
Гэвч түүний ангид нэг онцгой сурагч байсан нь Саруул. Хичээл сурлагатаа айхтаргүй ч, утсаа шүүрээд авах юм бол “од”. Сургуульд юу ч болсон бай, түүний пост, лайваар дамжиж хэдхэн цагийн дотор “сенсац” болж орхино. “Багшийн хэцүү даалгавар”, “Сурагчдын эрх зөрчигдөж байна” гэх мэт гарчигтай контентууд нь хормын дотор л хэдэн мянган лайк, шэйр цуглуулдаг байлаа.
Ийнхүү шалгалт эхлэх боллоо.
- За хүүхдүүд ээ, эхний асуулт бол Монголын түүхэнд… гээд багш асуултаа эхлэв үү, үгүй юу Саруул шууд гараа өргөөд,
- Багш аа, энэ чинь жаахан хэцүү юм биш үү? Бидэнд стресстэй сэдэв байна шүү дээ гэх нь тэр.
Яагаад ч юм, зөнгөөрөө Дорж багшийн хөлс нь цувж эхлэв. Өнгөрсөн удаа “Сурагчдыг дарамталдаг багш” гэсэн толгойтой бичлэг нь бараг л сургуулийн захирлыг суудлаас нь ховхлохоо шахсан хүүхэд шүү дээ. Дорж багш биеэ нэг сэгсрэх янзтай хөдөлгөөд,
- Аан… тэгвэл арай хялбарчилъя. Монголын… за, Монгол гэж ямар улс вэ? гэхэд, өнөөх “од” сурагч их л урам нь хугарсан янзтай толгойгоо сэгсрээд,
- Таны энэ асуулт чинь ер нь их философи тал руугаа болоод явчихлаа хэмээв.
Дорж багш дотроо “Философи ий?” гэж арай ядан бодож амжаад,
- За тэгвэл бүр энгийн болгоод үзье. Монгол Улс хаана байдаг вэ? гэж асуухад, мань сурагч гараа сурмаг гэгч нь хөдөлгөөд утсаа гаргаад бичлэг хийгээд эхлэв. Тэгснээ шууд л
- Найзууд аа, манай багш одоо биднээс иймэрхүү төвөгтэй асуулт асууж байна… гээд ярьж гарав.
Үүнийг харсан шалгагч багш бүр их сандарч,
- За за, энэ асуултыг больё. Дараагийнх нь… Монгол Улсын нийслэл? гэтэл,
- Дорж багш аа, энэ чинь хотуудыг ялгаварлан гадуурхсан асуулт байна хэмээн Саруул няцаав.
Багш, шавь хоёрын эл ном хаялцааныг ангийнхан нь хараад инээдээ барьж ядаж байгаа нь илт. Зарим нь бүр утсаараа нууцхан бичлэг хийгээд эхэлжээ.
Дорж багш гүнзгий амьсгаа авч, зангиагаа суллаж байхдаа хамаг хөлс нь асгарч гүйцээ юу гэлтэй шалба норсон харагдана. Тэгээд сандчин,
- За тэгвэл… зүгээр дэвтэр дээрээ “А” гээд биччих гэж шивнэх аядахад, Саруул
- Яагаад заавал “А” гэж вэ? “Б” гэж бичих эрх бидэнд байхгүй хэрэг үү? хэмээн их л залхсан байдалтай харан хариулах аж.
Аргаа барсан Дорж багш ширээн дээрээ сууж, хэсэг чимээгүй болов. Тэгээд
- Тийм бол та нар өөрийнхөө хүссэн зүйлийг биччих дээ гэхэд, Саруул
- Дорж гуай, энэ чинь хэтэрхий чөлөөт сэдэв байна. Бидэнд ямар ч чиглэл алга. Та биднийг албаар төөрөгдүүлж, шалгалтад унагаах гэсэндээ ингэж байна гэдэг юм байна.
Үүнийг сонссон Дорж багш хөлөө зөөж ядан сажилсаар хамгийн урд суух хоёр сурагчийн хажууд суугаад толгойгоо барин шалгалтынхаа цаас руу чимээгүй гөлөрч байтал нэг юм хонх дуугарлаа.
Орой нь Саруулын пост сошиалд нийтлэгдлээ. Тэндээ “Манай багш шалгалтаа бүр утгагүй болгочихлоо. Боловсролын систем сүйрч байна!!!” гэсэн байв. Тэр даруй Дорж багшийн утас амар заяагаа үзсэнгүй. Сурагчдын эцэг, эхчүүд, эмээ өвөө нь, сургалтын менежер, сургуулийн захирал гээд бүгд түүнийг зад донгодов. Боловсролын сайд хүртэл дугаарыг нь мэддэг байсан бол залгахаар байлаа.
Маргааш өглөө нь Дорж багшийг ажилдаа ирэх үед ширээн дээр нь нэг цаас тавьсан байв. Ажлаас халсан тухай тушаал. Шалтгаан нь сурагчдаас хичээлийн агуулгад нийцээгүй, хэт хүнд шалгалт авсан тул гэсэн байх нь тэр. Мань багш ийнхүү өөрийнхөө авсан шалгалтад өөрөө унав аа, хөөрхий...

