Сэтгүүлч Б.Цэнддоотой блогчин Гаампийн хийсэн хөгжөөнтэй блиц ярилцлагыг уншигч танд толилуулж байна.

-За тэхээр Д.Сосорбарам та нарын хамтын тоглолт болох гэж байгаа юм байна

-Тийм. Хаанаас дуулав?

-Сая та өөрөө хэлээ биз дээ.

-Аа тийн.

-Яагаад тоглолтоо “Хөх инээд ба..” гэж нэрлэсэн юм бэ?


-Инээд олон янз. Ардын цагаан инээд, зөвлөлт маягийн улаан инээд, экологийн чиг баримжаатай ногоон инээд гм гм.  Харин хөх толботой монголчуудын хувьд хөх нь зүгээр санагдаад.

-Хамтарсан тоглолтын хөтөлбөрт юу байна.

-Хамтарсан тоглолт. Гэхдээ их учиртай. Ухаандаа би өөрөө тоглохгүй. Үзэгчдийн танхимд сууна. Д.Сосорбарам өөрийн уран бүтээлийн сангаасаа шилдгийн шилдгүүдээ өргөн барина. Бас миний фельетоныг умшина. Дээр нь Равдан ах гэж өгүүлэхүйн урлагийн өөр нэг мастер хамтын уран бүтээлээс толилуулна. Яг юу юу гарахыг бол ирээд үзэх нь дээр.

-Равдан ах гэж гавъяат жүжигчин Г.Равдан гуайг хэлж байна уу?


-Тийм тийм. Жүжигчин Г.Равдан гэдэг нэр өөрөө гавъяатаас ч үнэ цэнэтэй болчихсон брэнд шүү дээ.

-Та үзэгчдийн танхимд суугаад яахав.


-Үзэгчдийн танхимд суухдаа, инээхгүй алга ташихгүй хүн рүү муухай хараад, “алаа хаясаан” “ураа, биис” гээл , шүгэлдээд байх юм бол байхгүй. Зүгээр л номхон томоотой суух юм. Номхон, томоотойдоо ч ингэх болсон юм биш. Дуулж, уран уншиж, жүжиглэх чадваргүй төрсөн учраас зохих байрандаа очиж байгаа нь тэр.

-Өөр олигтой хувилбар байгаагүй юм уу?


-Тайзны ард суугаад уран бүтээлчдээ хойноос нь чагнах боломж бол байсан. Би хүсээгүй юм.

-Ингэхэд та хоёрын хамтын бүтээлийн амин сүнс нь юундаа байна.

-Уншигдах бүтээлийг бичих зарим талаараа амархан. Яахав, цагаан толгойн 35 орчим үсгийг мэдэж байх гэхчлэнгийн шаардлага бол бий л дээ. Хэрэглэж сурна гэвэл цэг таслал, анхаарлын тэмдэг гээд бас бус юм бий.  Зөвхөн монголоор бичихэд шүү дээ. Англиар бол бүр амархан байх. Латин цагаан толгой ердөө 26-хан үсэгтэй шүү дээ.

Харин уншихад зориулж бичсэн бүтээлийг чагнах бүтээл болгох, харах бүтээл болгоход илүү их авъяас хэрэгтэй.  Бараг л  хоёр хэмжээстэй дүрсийг юмыг 3D болгож байна гэсэн үг. Миний фельетонуудыг ингэж амилуулан хүргэж байгаа хүн бол Д.Сосорбарам.

Анхандаа би фельетоныг өгүүлэхүйн урлагийн бүтээл болгох нь боломжгүй ч юм уу гэж бодогддог байсан. Ухаандаа 90 оноос эхлээд миний  бүтээлийг тайзны, дэлгэцийн болгох олон оролдлогыг жүжигчид хийдэг байсан. Гэхдээ болж өгдөггүй. Уншихаар хүний инээд хүрээд байдаг зүйл маань чагнахаар бараг л уур хүрмээр болчих нь энүүхэнд.  

-    Бас л өөр болдог байх нь


-    Уг нь хүмүүс уурлах билет авдагсан бол ч бизнес мөн шүү.

-    Тэгвэл Сособарам гуай... 


- Харин тийм ээ, Сособарам маань угаасаа л миний хоёр хэмжээст орчинд фельетонуудыг түрүүний хэлдгээр 3 D болгоод CD хийсэн. Эндээс шинэ боломж байгаа нь харагдсан. Тун сайхан бүтээл болсон. Тэгээд урам зориг ороод...

-Сосорбарам гуайг ашиглаад байя гэж бодоод...

-За даа бараг тийм дээ. Гэхдээ юу ч гэмээр юм бэ дээ. Зарим хүнээс хол байх тусам сайхан, зарим хүнтэй ойр дөт байх тусам сайхан байдаг. Д.Сосорбарам бид хоёр олон сайхан юман дээр хамт байгаа. Тэгээд ноднин 4 сарын нэгэнд бид хамтын тоглолт хийсэн. “Хоржоонтой инээд”  гэж. Их сайхан бүтээл болсон. Өнгөрөгч намар бид Баянхонгорт хамтын уран бүтээлээсээ тоглолт хийсэн. Тэгсэн чинь 11 сард хамтдаа төрийн шагнал хүртсэн. Оноо тавилан юм биз дээ. Эндээсээ их урам орсоон. Гэхдээ ингээд байвал улам шагнуулаад явах юм байна гэж бол бодоогүй. Зүгээр л хамтдаа байхад, хамтраад байхад сайхан, урамтай  байгааг харсан. Өнөө “Энэ лав тэнгэрийн санаа буй заа” гэдэг шиг.

-Та өнгөрсөн 4 сарын нэгэндээ хамтарсан тоглолтоо хийнэ  гээ биз дээ. Төрийн шагнал аваад өгсөн ярилцлагадаа тэгж хэлсэн санагдана.

-Тийм явдал болох нь болсон. Нэгэнтээ л хошин шог инээд наргиантай үдшийг сэтгэсэн улс хойно, дөрвөн сарын нэгэндээ үнэнээсээ “дөрвөн сарын нэгээн, тоглолт хойшилсон” гээд сууж байвал бас л сюрприз бус уу гэж бол бодоогүй юм аа. Д.Сосорбарам маань Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” хэмээх  гүн ухааны жүжгийг яг найруулж таараад аа. Тэгээд ярьж байгаад “усны шувуу ирж гүйцэхийг хүлээх нь зохистой бус уу” гэсэн маш логиктой шийд гаргасан нь энэ ээ.

-Төрийн шагналаа яаж угаасан бэ?

-Энэ их учиртай. Г.Сосорбарам бидний  авсан 2011 оны төрийн шагнал бол цоо шинэ, гар дамжаагүй,  аль ч талаасаа цэвэрхэн шагнал байсан учраас угааж цэвэрлэх хэрэг бол үнэндээ гараагүй. Гэхдээ найз нөхөдтэйгээ баяр хөөрөө ямар нэг байдлаар хуваалцалгүй л яахав.

-Одоогийн энэ  хамтын уран бүтээлийн тоглолт чинь хамтдаа Төрийн шагнал авсантай  холбоотой биз.

- Холбоотой, холбоотой. Шагнал хүртсэнтэй ч холбоотой,  Бен Ладенийг устгасантай ч, саяны 5 сарын 21-нд дэлхий сөнөхөө больсонтой, ноолуурын компаниудад зориулсан бондтой ч холбоотой.  Ливи рүү НАТО орсонтой холбоотой. Хорвоогийн бүх юм хоорондоо ч холбоотой байдаг юм.

-Тоглолтынхоо орлогыг яахав?

-Тоглолтынхоо орлогыг бол зөвхөн хүний сайхны төлөө зориулна. Малын тэжээл мэжээл огт авахгүй. Үүнийгээ үзэгч, уншигчиддаа амласан ч болно.

-Ямар хүн..?

-Жишээлэхэд, би өөрөө хүн биш харагдаад байна уу?

-Та хоёрыг төрийн шагнал авсанд дургүйгээ илэрхийлсэн байхыг харсан.

-Эргэн тойрон нь сайхан байхын хэрээр сайхан явдаг хүн зөндөө. Бас хүнийг сайн явахын хэрээр муу явдаг хүн ч бишгүй. Зарим хүнд зөвхөн өөрөө ганцаараа сайхан байх нь гоё санагдаж, тэрнийхээ төлөө махрах нь бий. Өөрөөр хэлбэл хорвоо сайхан байх нь хүн болгонд сайхан байдаггүй гэсэн үг. Би тэрнийг засах гэж төрөөгүй. Би байтугаа Будда ч  “Би бусдын үйлийн үрийг засахгүй” гэж хэлсэн.

-Үзэгчид “Хөх инээд”-ээс юу хүлээх нь зүйтэй вэ?


-Ер нь бол инээх гэж, сэтгэлээ сайхан болгох... Зарим хүн ярьдаг юм билээ. Ёстой сайхан юм үзлээ, зөндөө уйллаа гэж.  Харин би уйлахын оронд инээж байвал зүгээр юм уу гэж үздэг. Гэхдээ уйлах эсэх нь хүний эрх шүү дээ. Нөгөөтэйгүүр манай урлаг, утга зохиолын салбарт нулимсны менежмэнт давгүй л яваа. Манай тоглолтод бол уйлах гэж ирэх хэрэггүй. Гэвч энэ нь нулимсыг хориглоно гэсэн үг биш. Яахав, уйлмаар байвал тэр л биз. Ухаандаа “Үлэмжийн чанар”-ыг сонсоод уяран мэлмэрээд байгаа хүнийг ер буруушаахгүй.

-Бас бодож ухаарах гэж...

-Үгүй дээ. Зүгээр л сайхан байх гэж. Толгой тархи эзэмдсэн олон бодол санаагаа түр орхиод нэгэн үдшийг хамтдаа цэнгэлтэй өнгөрөөх гэж хийж байна. Юмыг хаа ч бодож болно. Заавал ямар нэг газарт очиж юм бодохоор сайхан юм бол жишээлэхэд, номын санд очиж яагаад болохгүй гэж.  Гэхдээ театрт л биш. Энд сэтгэлийн таашаал, оюуны цэнгэл эдлэх гэж ирдэг. Тоглолт үзчихээд гарахад зүгээр л нэг сэтгэл сайхан болчихсон, эргэн тойрны юмс хөгжүүн сэргэлэн санагдаад,  амьдрал ч бас давгүй болох нь  мэдрэгдээд ирвэл л болно. Би ба бид  үргэлж л үүнийг хүсдэг.    Үдшийг гоё өнгөрөөх олон зам байгаа. Хоюулахнаагаас эхлээд олуулаа хүртэл. Тэрний нэгийг л найз нөхөд, бидний уран бүтээлийг дэмждэг үзэгч, уншигч нартаа санал болгож байна.

-Найз нөхөд чинь ирж үзнэ биз дээ.

-Үнэхээр бидний уран бүтээлийг дэмждэг, зүс үзсэн үзээгүй, таних танихгүй олон найз нараа хамт цуглуулах гэж энэ тоглолтыг хийж байгаа. Ихэнх хүн найз нараа таньдаг, нэрлэдэг, уулзаж учирч, гэр орноор нь орж гарч байдаг.  Тэднийхээ тоо хэмжээг барагцаагаар ч болов  хэлж чадна. Харин уран бүтээлчид бол найз нарынхаа 90-ээс доошгүй хувийг таньдаггүй. Бас тоолох, хэмжих боломжгүй. Харин шинэ уран бүтээлийнхээ хүртэцээр тэднийхээ хэмжээг барагцаалж болдог. Ингэхээр нэр усыг нь мэдэж амжаагүй олон олон найз нөхдөө бас цуглуулж, хамтдаа байх гэсэн санаа юм.

-Ингэхэд та ямар хүнтэй нөхөрлөдөг вэ?

-Шалгуур нь юу вэ гэж үү? Ямар ч шалгуур байхгүй ээ.  Ердөө өөртөө сайн байгаа хүнтэй л нөхөрлөдөг. Өөртөө муу байгаа хүнд л муу байдаг. Шударга хүн болж харагдах, үнэлэгдэх гэж сайн нөхдөө муулаад хэрэггүй. Бас юм санадаггүй лут амьтан болох гэж өөртөө муу улсыг зөрүүлж магтан  маанагтаад яана гэж боддог. Яг нарийндаа нөхөрлөл гэдэг бол нэгнийхээ бурууг нь хүртэл зөвтгөх ууч өгөөмөр зан дээр тогтдог юм шүү дээ.

-За баярлалаа. Ярилцлага өгсөнд баярлалаа.

-Хөөе. Өнөө энэ завшааныг ашиглаад Завхан аймагт байгаа ахдаа... гэдэг шиг рекламны пауз хийх боломж олгооч.

-За тэг. 20 секундын реклам хийнэ үү.


-Манай тоглолт энэ сарын 27, 28, 29-нд Р.Чойномын нэрэмжит ОД театрт болно. Хуучнаар бол Ард шүү дээ. Билетийг кассаар худалдана. Билетийн тоо хязгаартай тул та яараарай. За за, 10-хан секундэд багтчихлаа. Үлдсэн 10 секундээ ашиглая тэх үү?

-Тэг ээ.

- Манай тоглолт энэ сарын 27, 28, 29-нд Р.Чойномын нэрэмжит ОД театрт болно. Хуучнаар бол Ард шүү дээ. Билетийг кассаар худалдана. Билетийн тоо хязгаартай тул та яараарай.

-Билетийг бартераар авч болох уу?


-Болно.

-Юугаар?

-Монгол төгрөгөөр.

-Заа за.