Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны ногдол ашгаа иргэд яаж авах санал асуулга эхэлсэн гэдэг мэдээг сайтууд гурав хоногоор хоцорч, бас уван цуван оруулжээ. Мэдээг харвал асуулга 2025 оны дөрөвдүгээр сарын 4-9 хооронд явагдах гэнэ. Иргэн бүрт онц хамаатай энэ мэдээг 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр оруулсан нь ихэд сонирхол татав. Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учрал мэдээгээ оройтуулав уу? Бас бус асуудал ч байх шиг.

Цаг болоод агуулгын зөрүү

“Ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” гэдэг хатуу сануулгаар гарчигласан мэдээг өнөөдөр (2025.04.07) 24 tsag.mn мэдээллийн бусад сайтаас түрүүнд буюу даруй 5 цагийн өмнө байршуулжээ. Бүх сайтын мэдээлэл утга адил, боловч агуулгын зөрүү байна. МОНЦАМЭ агентлагийн мэдээгээр баримжаа аваад бусад сайтад орсон мэдээний зөрүүг харцгаая:

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард иргэдэд олгоно.

1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93 500 төгрөг авах юм. Тэгвэл ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгыг И-Монголиа платформ дээр авч эхэлсэн бөгөөд дуусахад хоёр хоногийн хугацаа үлдсэн байна.

Тодруулбал, иргэд ногдол ашгаа бэлнээр авах санал өгсөн тохиолдолд үлдэгдэл нь хувьцааны дансанд шууд орох юм. Харин хөгжлийн санд хуримтлуулахаар санал өгвөл таны хувьцааны мөнгө нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болох аж. Мөн хуримтлалын дансанд хадгалах сонголтод саналаа өгөх боломжтой юм байна.

Санал асуулгын дараа энэ сарын 10-16-нд өгсөн саналд үндэслэн баталгаажуулах аж. Иргэн та ямар нэгэн байдлаар санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжихийг албаныхан мэдээллээ.

Хувьцааны ногдол ашиг тараах өмнөх (2025.02.20) мэдээ мөн л “Ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” гэдэг гарчигтай байсан, гэхдээ “E-Mongolia аппликэйшин”-аар саналаа өгөөрэй гээд зурагт зааварчилгаа хавсаргаж байсан. Энэ удаа E-Mongolia веб порталаар дамжуулж саналаа өгөх ажээ. Энэ удаа яагаад платформ ашиглах болсон нь тодорхойгүй. Мөн зарим сайтын мэдээнд аппликейшин, платформ хоёрын алинаар нь санал өгөх талаар тодорхой бичээгүй ч “Ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” хэмээн дахин сануулсан байлаа.

Сайтууд дээрх мэдээллийг түгээхдээ хойрго хандав уу гэтэл үгүй ажээ. Мэдээ E-Mongolia веб порталын Мэдэгдэл цэсэнд өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 12:22 цагт тавигдсан байна. “Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зориулж төрийн үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээ” үзүүлэх ариунаас ариухан зорилготой Цахим үйлчилгээний нэгдсэн портал ийнхүү 72 цаг буюу бүтэн гуван өдрийн хойно мэдээ тавьсан нь ямар учиртай вэ? Үлдсэн (48 цаг хүрэхгүй) хугацаанд иргэд эс хүссэн байтал “ …саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” гэдгээр бэлэн мөнгө авч чадахгүй хоцорвол хэн хариуцлага хүлээх вэ? 

Жич: Саналаа E-Mongolia аппликейшинаар өгөхөөр хэдэнтээ оролдоод чадаагүй бөгөөд дээр тавьсан зураг нь E-Mongolia аппликейшинийх. Харин веб порталаар нь ороод Мэдэгдэл хэсгийг харахад доорх хариулт гарч ирсэн. Тэнд уул нь цаг агаараас аваад иргэнд хэрэг болохуйц нэг амьсгаагаар уншиж барамгүй мэдээ, мэдээлэл байсансан. Гэтэл гөрдүүлээд үлдлээ.