Лу.Болдоос азтай 300 айл
Лу.Болд Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноор энэ үйл явдал эхэлжээ. Хугацааны хувьд 2008-2012 оны хамтарсан засгийн үед. Батлан хамгаалах яамны 100 жилийн ой энэ жилүүдэд таарах байв. Ямарч байгууллага ойгоо угтаж, ойтойгоо тэнцэх тооны ажил өрнүүлдэг. Лу.Болд уламжлалт энэ сэтгэхүй дээр суурилж, өөрөө олон жил бизнес хийсэн болохоор арай өөрийг, илүүг сэтгэв.
Ер нь Лу.Болдыг тойрсон үйл явдал нь хэрээс хэтэрсэн улстөржилт, хэмээс хэтэрсэн хувь хүмүүсийн зөрчил гэж байдгийг харуулав. Нийгэмд үлгэрлэх зиндаатай, том талбарт тоглодог их мөнгөтэй хүмүүс ч хэрүүл хийхээрээ бусадтай л адил жижиг сэтгэдэг болохыг олон нийтэд мэдэрүүлсэн дээ. Тэгэхдээ тэр бүхэн энэ нийтлэлийн сэдэв биш. Харин эхэлж өгүүлсэн 10 тэрбумын төсөвтэй, 300 айлын байр.
Үйл явдлыг товч сийрүүлбэл, Монгол цэргийн музейн байрлалд барих 300 айлын орон сууцыг 2011 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхэлжээ. Барилгын ерөнхий гүйцэтгэгч ХӨМОТЭ компани 2014 оны дөрөвдүгээр улиралд бүрэн ашиглалт өгөхөөр гэрээний үүрэг хүлээж. Гэтэл хугацаа нь болоогүй байхад яагаад асуудал босов, Лу.Болд юуны учир буруутан болов…?
Нэгд, сонгуулиар хотод АН ялж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй зарим барилгын ажлыг зогсоохыг 2012 оны наймдугаар сард захирамжлав. Үүнд нь Батлан хамгаалах яамны 300 айлын орон сууц багтжээ. Тус барилгыг барилгын ажил эхлүүлэх болон дулаанд холбох техникийн нөхцөлгүйгээр эхлүүлсэн байж. Орон сууц бариулах мөнгийг төсөвт суулгуулах үүрэгтэй сайд цүнх сугавчлаад зөвшөөрөл хөөцөлдөж явах шууд үүрэггүй ч, холбогдох хүмүүсээ шахаж ажиллаагүйгээрээ буруудав. Гэхдээ хожуу явж явсны эцэст барилга эхлүүлэх зөвшөөрлөө 2013 онд нөхөж авчээ. Одоо бол дулаанд холбох техникийн нөхцөлөө эцэслэн шийдээгүй учраас барилгын ажил эрчимжихгүй байгаа. Хэрвээ эрчимжүүлбэл, барилгын ажлыг үргэлжлүүлбэл барилга барьж байгаа компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хотын даргын захирамжтай. Тийм учраас одоогоор дулааны шийдлээ хүлээж байгаа юм билээ. Гэхдээ барилгын ажил таг зогсоогүй. Хэрвээ зөвшөөрөл хүлээсэн бол барилгын ажил 2011 онд биш, 2013 онд эхлэх байлаа. Ингэж цаг хожсоны эдийн засгийн тооцоог эцэст нь өгүүлнэ.
Хоёрт, УИХ-аар 2014 оны төсвийг хэлэлцэх үеэр авлигажсан барилгын жагсаалтыг Ерөнхий сайд гаргаж, аудит дүгнэлт хийв. Энэ нь Лу.Болдыг, албан тушаалыг нь илүү онилогчдод олон нийтийн “тархийг угаах” таатай боломж олгож 300 айлын байрыг багтаав. Байр нь ашиглалтад ороогүй, тэгсэн хэрнээ 10 тэрбумын төсвөө гүйцэтгэгч тал бүрэн авчихсаныг олз болгов. Хэрэг дээрээ аудит, УИХ-ын дүгнэлт, Ерөнхий сайдын хэлсэнээр бол ашиглалтад оруулах хугацаа нь хэтэрсэн, хойшоо сунасан, дээр нь анхны төсөвт өртөг нь хэд хэдэн удаа нэмэгдсэн барилгыг авлигажсан гэж тодорхойлжээ. Гэтэл Батлан хамгаалах яамны 300 айлын барилгыг ашиглалтад өгөх хугацаа нь болоогүй. Хамгийн гол нь анхны төсөвт өртөг нь ганц ч төгрөгөөр нэмэгдээгүй учраас яаж ч зүтгүүлээд улстөржүүлээд “авлигажсан барилга”-ын жагсаалтад багтаагүй юм. Багтаах сиймхий, шалтаг л олдсонгүй. Харин гүйцэтгэгч компани нь төсвийн 10 тэрбум төгрөгөө бүрэн авсан нь үнэн бөгөөд барилгын ажлын явцад гурван удаагийн санхүүжилтээр төлбөрөө бүрэн авах гэрээ хийжээ. БХЯ гэрээний энэ үүргээ биелүүлж, компани гэрээний эрхээ л эдэлжээ. Барилгын ажил одоогоор 90 хувьтай байгаа, анхны өртгөөрөө гэрээний үүргээ бүрэн биелүүлнэ, харин дулааны техникийн нөхцөлөө бэлэн болгоод өгмөөр байна гэж ХӨМОТЭ компанийнхан хотын даргад хэлж байсныг олон хүн хэвлэлээс харсан байх. Засаг дарга Э.Бат-Үүл өөрийн биеэр тус барилгын ажилтай танилцаж “ашиглалтад ороход бэлэн болчихсон ийм барилгын зөвшөөрлийг бид өгнөө, дулааныг яаж л бол яаж шийдэж болно. Жишээ нь, удахгүй ашиглалтад орох Амгалан-21 станцтай холбож болж байна. Захиалагч тал шийдлээ л гаргаад ир” гэж хэлээд явжээ. Ингэснээр БХЯ-ын 300 айлын барилга ашиглалтад ороход ямарч асуудалгүй, бүх талаар “ногоон гэрэл” аслаа л гэсэн үг. Ерэн хувийн гүйцэтгэлтэй барилгын ажил нь явж байгаа, гүйцэтгэгч компани гэрээний дагуу ажлаа дуусгахад бэлэн байна, хотын удирдлага дулааны техникийн нөхцөлийг нь шийдэж өгнө гэлээ. Гагцхүү одоо сэтгэл, 300 айлыг байртай болгох хүсэл л хэрэгтэй. Улстөрчийнх нь хувьд энд Лу.Болдыг балбаж болох ч, санаачлагч нь гэдгээр тэнд босгож байгаа бүтээн байгуулалтыг нурааж болохгүй билээ. Өөрөөр хэлбэл, Лу.Болдыг баалах улстөрийн сонирхол нь 300 айлыг байртай болгохоос илүү байж л болохгүй. Яаж ч бодсон хэдхэн хүний улстөрийн эрх ашиг, албан тушаалын сонирхол хэдэн зуун айлын хувь заяатай тэнцэх учиргүй.
Харин ч амьдрал дээр харвал Лу.Болд энэхүү 300 айлын өмнө хоёр зүйлээр гавьяа байгуулжээ. Эхнийх нь зөвшөөрөл хүлээлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн. Хэрвээ барилга эхлүүлэх зөвшөөрөл хүлээсэн бол барилгын ажил 2011 онд биш, 2013 онд эхлэх байв. Дулааны техникийн нөхцөлөө авч байж эхэлнээ гэсэн бол өнөөдөр 90 хувийн гүйцэтгэл бус газрын 0 \нойл\ цэгт тавьсан шав төдийнхөн байх байлаа. Ер нь зөвшөөрлийг араас нь хөөцөлдөж авдаг нь манай өнөөгийн амьдрал шүү дээ. Зөвшөөрлөө эхэлж аваад кадастрын зурагныхаа координатыг хэмжиж тулгаж байгаад барилгаа эхэлдэг барилгын захиалагч, гүйцэтгэгч компани гэж Монголд цөөхөн дөө.
Хоёр дахь гавьяа нь зөвшөөрөлгүй эхлүүлж цаг хожсоноор үргэлжилнэ. Барилга эхэлж байх 2011 онд зах зээл дээр нэг ам.метр орон сууцны худалдах үнэ 1.4 сая төгрөг байжээ. Харин төсвийн мөнгөөр, тусгай захиалгаар барьж байгаа гэдэг утгаараа БХЯ-ны 300 айлын орн сууцны нэг ам.метрийг нь 600 мянган төгрөгөөр үнэлж тендер зарлажээ. Тэнд ХӨМОТЭ компани ялж 300 айлын байрыг яг тендерийнх нь үнээр барихаар болсон байна. Тэгвэл одоо зах зээлийн ханшаар нэг ам.метр байрын худалдах үнэ 1.9 сая төгрөгөөс дээш байгаа. Засгийн газрын захиалгаар барьж байгаа Буянт-Ухаа хорооллын байрны нэг ам.метр нь 1 сая 250 мянган төгрөг бөгөөд үүнийг хамгийн хямд гэж нийтээрээ хүлээн зөвшөөрч буй. Хямд учраас Буян-Ухаа хорооллын 1760 байрны төлөө 9000 хүн бүртгүүлж сугалаанд, сохор азандаа найдаж сууна. БХЯ-ны офицеруудын байр Засгийн газрын захиалгат байраас хоёр дахин хямд үнэтэй байнаа л гэсэн үг. Хэрвээ Буянт-Ухаа хорооллын ханшаар бодвол БХЯ-ны 10 тэрбум төгрөгөөр өнөөдөр 300 биш, 150 айлын л байр барих бололцоотой. Хэрвээ өнөөдрийн ханшаар БХЯ-ны 300 айлын байрыг барихад хүрвэл бас л Буянт-Ухаа хорооллын ханшаар бодоход 10 бус, хамгийн багадаа 18 тэрбум төгрөг хэрэгтэй болно. Улсын төсөвт ч, өрхийн хэтэвчинд ч ийм хэмнэлт гаргасан нь зөвшөөрөл хүлээж цаг алдалгүйгээр барилыг ажлыг эхлүүлсний л гавьяа. Эдийн засгийн энэ тооцоог харвал, төрийн зөвшөөрөл хүлээж цаг алдах байсныг нь тооцвол халааснаасаа багыг гаргаж хямд байртай болж буйгаараа энэхүү 300 айл нь буруутан болж буй Лу.Болдоос хамаагүй азтай.
Эх орон дуудсан цагт хамгийн түрүүнд бэлэн байдаг эр цэргүүдээ хямд орон сууцтай болгох гэсний төлөө бухимдах хэрэггүй, хэн ч муухай харагдана. Лу.Болдын улстөр нь тэндээ, 300 айлын орон сууцны бүтээн байгуулалт нь энд тусдаа яваг.