ПУТИНЫ САНАЛААС ХЯТАД ЯАГААД ТАТГАЛЗАВ?
"Сила Сибирь-2" төслийг хятадууд дэмжихгүй байгаа нь үнийн их багын тухай асуудал ер биш. Оросын хийг хямдруулж авснаар ийм том эдийн засагт гарах хожоо харьцуулахад тун өчүүхэн юм байгаа. Тэд огт хямдралын тухай маргалгүйгээр хий импортлох 30 жилийн гэрээ саяхан Катартай хийсэн. Памирыг давуулан төмөр зам татсанаар Туркмэнистанаас хангалттай хий нийлүүлэх бололцоотой боллоо. Оросууд үнийн талаарх шаардлага тавьсаныг нь зөвшөөрсөн ч хятадууд өөр нэг хүлээн авах бололцоогүй шаардлага нэмж олно. Угаасаа энэ хоолойгоор хий авахаас татгалзаж байгаа хэрэг. Энд үнэ хамаагүй. Энэ бол геополитикийн асуудал. Асуудал үнэ мөнгөнд биш, хоолой Монголоор дамжихад оршиж байгаа юм.
ПУТИНЫ САНАЛААС ХЯТАД ЯАГААД ТАТГАЛЗАВ?
Орос-Хятадын харилцааны нэг том үзүүлэлт нь Си, Путин нарын хувийн дотно хандлага юм. Бие биенээ “Эрхэм анд” гэж дуудацгаана. Тэр хоёр өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд дөч гаруй удаа биечлэн уулзжээ. Си өөр ямар ч орон руу Орост айлчилсан шиг олон удаа явж байгаагүй. Гэсэн ч энэ нөхөрсөг харилцаанд Путин үргэлж дуулгавартай дүү нь, Си дандаа том ах байсан нь нуухын аргагүй. Үнэндээ тэгш харилцаа гэж хэлэхэд эргэлзээтэй. “Бидний хамгийн дотно түнш Хятад улс таны удирдлагын дор улам ойртон нягтарч байгаад бид туйлын баяртай байна” гэж тэрээр хэлэх дуртай.
Путины Бээжин дэх сүүлчийн айлчлал нэлээд шуугиантай боллоо. Тэрээр Оросын эзэн болсон 25 дахь жилдээ дахин үнэмлэхүй царь болсноо энэ удаа баталгаажуулсны дараах анхны гадаад айлчлал нь. Үүнээ харуулахын тулд шинээр бий болгосон Засгийн газраа бүхлээр нь Бээжинд дагуулан иржээ. Үзүүлэн, бахархалаас гадна ахаасаа гуйх юм ихтэй хэрэг.
Оросыг эрчим хүчний их гүрэн болгох гэж Путин 20 жилийн турш чармайсан боловч Украинд халдсанаар хамгийн том зах зээл Европыг алджээ. Одоо ганц найдвар нь Хятад болсон. Орос нь Хятадтай харьцуулахад сул дорой байсан л даа, харин одоо өрнөдтэй холбоо тасарснаар Хятадаас бүрэн хамааралтай болжээ..
Калифорнийн профессор Миньсинь Пэй дүгнэхдээ: «Украин дахь дайн Орос, Хятадын аль алиных нь байдлыг муутгасан учир биенээ урьдахаасаа илүү чанга тэврэхээс өөр аргагүй болсон. Хятад, Оростой "ган бат" найрамдасны зардал нь ашиг тусаасаа давж байгаа ч Си Жиньпин Путиныг дэмжихээ зогсооход хараахан бэлэн биш байна. Хятадын шинэ стратеги бол Оросыг аль болох урт хугацаанд тоглоомдоо уях явдал юм. Орос сул дорой байх тусмаа Хятад улстай улам ойр наалдана. Хятад улс АНУ болон түүний холбоотнуудтай дангаараа тулгарах нь таатай зүйл биш учир үүнээс зайлсхийхийн тулд Си-д Путин хэрэгтэй.»
Путины айлчлалын гол зорилго нь ахаасаа гурван зүйл аминчлан гуйх ёстой байлаа. Нэгдүгээрт удахгүй Швейцарьт болох Украины талаарх олон улсын конференцид Хятад оролцохгүй байх. Энэ асуудал амархан шийдэгдэж, тийш төлөөлөгчөө Хятад илгээхгүй гэж дор нь зарлав. Хоёрдугаарт, Хятадын банкууд Орост үйл ажиллагаа явуулах. Үүнийг Хятадууд “халуунаар” дэмжсэн боловч Оросын банкуудтай доллароор худалдаа хийхийг зөвшөөрсөнгүй.
Хамгийн гол асуудал, Хятадын зах зээлд Оросын байгалийн хийг нэмэлт хоолойгоор нийлүүлэх асуудал нь Путины Бээжинд айлчилсан гол зорилго байлаа. Үүнийг Си Жиньпин урьдын адил зөвшөөрсөнгүй. Бээжин байгалийн хийг хямд, Оросын дотоодын зах зээлийн үнээр худалдаж авахыг хүсч байна. Түүнчлэн Хятадын тал 50 тэрбум шоо метр дамжуулах хоолойн жилийн хүчин чадлын багахан хэсгийг л худалдаж авахад бэлэн байна. Энэ хоёр шаардлагыг Москва зөвшөөрөөгүй боловч Орост байгалийн хий хуурай газраар экспортлох өөр зам үгүй тул Газпром Хятадын шаардлагыг аяндаа зөвшөөрөх ёстой гэж шинжээчид үзэж байна
Ямалагийн ордоос татсан хийн хоолойг Монголоор дайруулан Хятадад гаргах төлөвлөгөө бүхий энэхүү “Сила Сибири-2” гэж нэрлэгдсэн аварга төслийн талаар Путин сүүлийн 3 жилд Си Жэньпигээс гурав дахь удаагаа гуйж байгаа нь энэ. Эхний уулзалтуудад Си огт хариу хэлэхгүй байснаа энэ удаа Хятадын тал ийм хатуу нөхцөл урдаас нь тавьжээ.
СИЛА СИБИРИ
Якутын Чаянда хэмээх газарт 1983 онд асар том хийн орд олж нээжээ. 1997 онд Орос, Хятад хоёр мөн Эрхүү орчмын Ковыкта хэмээх хийн ордыг хамтарч ашиглах ойлголцолд гарын үсэг зурсан байна. Энэ ордыг Хятадтай хамтрах эрхийг Оросын ЮКОС компани авсан юм. Ковыкта ордоос хийн хоолойг Манжуур руу татах нь өртөг асар өндөр байсан тул үүнийг Монголоор дайруулж татвал хоёр дахин хямд гэх үндэслэлээр ЮКОС компаний эзэн Ходорковский Монголд ирж ойлголцлолын санамж бичиг байгуулахаар болов. Гэвч тэрээр Оросын шинэ Ерөнхийлөгч Путинтай муудалцсан учир олон жилээр шоронд одсон ба Ковыкта ордыг ашиглах төлөвлөгөө тасалдсан юм.
2002 онд Ковыкта ордыг ашиглах зөвшөөрлийг Газпром компанийн мэдэлд өгөв. 2012 онд Ерөнхийлөгч Путинээс Якут-Хабаровск-Владивосток гэсэн маршрутыг баталж хий дамжуулах энэ хоолойд Сила Сибири (Сибирийн хүч) гэсэн нэр өгчээ. 2016 онд Хятадтай 400 тэрбум долларын багтаамжтай 30 жилийн контракт байгуулав. Шанхай хүртэл туулах төлөвлгөөтэй хий дамжуулах хоолойн Оросын нутаг дахь 4000 км хоолойг Хятад санхүүжүүлэхээс татгалзсан учир энэ ажил 2019 онд хил хүртэл баригдаж дуусчээ.
2021 онд Сила Сибири хоолойгоор 4 тэрбум шоо метр хий Хятад руу гаргажээ. Энэ хоолой руу Эрхүүгийн Ковыкта ордын хийг нэмж өргөтгөхөөр төлөвлөж буй.
СИЛА СИБИРИ-2
Анх энэ төслийг “Алтай төсөл” гэж нэрлэж байсан. Баруун Сибириэс эх аваад Алтайн нурууг давуулан Шиньжаанаар дамжин Шанхай хүргэхээр төлөвлөгдөж байсан энэ төслийн урт нь 6 мянга 700 км, үүнээс Оросын нутгаар 2700 км туулах ёстой байж. Энэ төсөл Хятад-Оросын хооронд 15 жил яригдаад бүтэлгүй болж дууссан.
2018 оны зургадугаар сард Путин Циндаод ШХАБ-ын хурлын үеэр Хятадын удирдлагатай уулзахдаа “Газрын тос болон байгалийн хийг Хятад руу татах хоолойг монгол түншүүд маань өөрийнхөө нутгаар дайруулах санал тавьжээ. Энэ сайхан санааг бид баяртайгаар дэмжиж байна. Ийм тохиолдолд юун түрүүн Техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах хэрэгтэй”. Энэ гэнэтийн санаачилгад Хятадын тал ямар хариу өгсөн нь тодорхойгүй. Магадгүй чимээгүй өнгөрсөн байх.
2020 оны хоёрдугаар сард Орос-Казахстаны хамтарсан хурлаар нэгэнт түгжигдсэн Алтай төслийг цааш хэрхэн аврах талаар ярилцжээ. Хоолойг Монголоор дайруулан татах монголчуудын өөрсдийнх нь санал гэж Путин Хятадуудад тайлбарлан, төслийн нэрийг Сила Сибирь-2 гэж нэрлэхээр шийдэв. Ингээд 2021 оны арванхоёр дугаар сард Хятад, Оросын удирдагчид ярилцахдаа Сила Сибири-2 төслөөр оросууд Хятадад асар их хий нийлүүлэх тохиролцоонд хүрчээ. Хятад ийм их хэмжээний хий худалдан авахад бэлэн, гэхдээ хоолойг гурав дахь орноор дайруулах саналыг таашаасангүй. Үүнийг Европ руу чиглэсэн Оросын хийн хоолой Украин, Беларусиар дайрснаар өнөөдөр олон бэрхшээл учруулж байгаагаар тайлбарласан аж.
Баруун Сибириэс Монголоор дайрч Хятадын хил хүрэхээр төлөвлөгдсөн төсөл нь нийт 960 км байх ба жилдээ 50 тэрбум шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. 2021 оны дөрөвдүгээр сард Техник эдийн засгийн үндэслэлийг гаргасныг Путин Газпромын дарга Миллерт зөвшөөрөөд, “Хятад түнш нар маань энэ шинэ хувилбарт татагдах байх” гэжээ. 2022 оны хоёрдугаар сард Газпромын захирал Алексей Миллер, Монголын шадар сайд Амарсайхан нар “Союз Восток” нэртэй хийн хоолойн ТЭЗҮ дуусгах протоколд гарын үсэг зурав. Монгол нутгаар дайрах хийн хоолойг 2024 онд дуусгахаар төлөвлөжээ. Оросууд юутай ч Монголоор дайрах байгууламжид яарч, ямар ч байсан геодиз, геологи, цаг уур, усны судалгаагаа юун түрүүн хийчихье гэж шийдсэн бололтой. Энэ нь Хятадыг шахамдуулан ятгахад хэрэгтэй гэж бодсон хэрэг. Мөн Хятадыг ятгахад Монголын хувь нэмэр хэрэгтэй ч гэж бодож буй.
Мэдээж энэ саналд Монголын төр маш баяртай байгаа. Оросын хувьд 3 сая хүн амтай Монгол бол зах зээл биш нь хэнд ч ойлгомжтой. Харин Сила Сибирь-2 төсөл дөнгөж санаачлагдаж эхэлж байхад монголчууд маш баяртайгаар Газпромтой харилцан ойлголцлолын бичигт гарын үсэг зурсан билээ. Тун удалгүй Европын холбооны зүгээс анхааруулга ирж гэрээнд гарын үсэг зурсан шадар сайдыг Европын орнууудад албаны болон ажлын айлчлал хийхийг зөвшөөрөхгүйгээ мэдэгдэв.
Нийтдээ Монголын нутгаар 962.9 километр үргэлжлэх хоолойгоор дамжуулах хийн хоолойн барилгын ажилд ОХУ-д үйлдвэрлэсэн ган хоолойг ашиглахаар төлөвлөсөн. Мөн 5 компрессорын станц, ашиглалтын дэд бүтцийн объектууд баригдана. Уг төсөл хэрэгжсэнээр Монгол улсын төсөв газрын түрээсийн төлбөр, татвар төлөх гэх мэтчилэн эдийн засгийн үр өгөөжтэй гэж гэрээнд тусгажээ. Газпромын зүгээс нэг тэрбум долларын тухай аман яриа гарсанд Монголын удирдлага ихэд олзуурхан хэдэн жил хүүрнэлдэж байгаа боловч ийм мөнгөн дүн гэрээний хаана ч тусгагдаагүй байна. Харин гэрээнд хоолойг дагуулан нэг км өргөн хамгаалалтын зурвас татна гэснийг олон нийт нэлээд сэжиглэнгүй харж байна. Зурвасаар Монгол улс байтугай засаг захиргааны нэгжүүд хүртэл дундуураа хуваагдана, энэ бол хамгаалах нэрийдлээр орос цэрэг чөлөөтэй нэвтрэх зурвас болно гэх мэтчилэн шүүмж хэлж байна. Оросын Монгол дахь Элчин сайд Монголын телевизээр ярихдаа Хийн хоолойг хамгаалах ажлыг оросын цэрэг дангаар хариуцана гэсэн нь олон түмний дунд бас нэг шүүмж үүсгэлээ.
ОРОС, ХЯТАДЫН ЗАВСРАХ ЖИЙРГЭВЧ БҮС
Дэлхийн II дайны дараа Хятад – Орос хоёр завсраа жийргэвч бүс болгохоор харилцан тохиролцсоны дагуу тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн орон бол Монгол юм. Энэ жийргэвч бүс нь тус хоёр орноос хэзээ нэг цагт биенийхээ эсрэг ямар нэг санаархал буй болохоос хамгаалсан нутаг. Гэвч 1915 оноос хүйтэн дайн дуусан дуустал Монгол нь Орос ба Зөвлөлтийн бүрэн мэдэлд байлаа. Ялангуяа 1960-аад оноос жийргэвч бүс гэгдэх БНМАУ нь Зөвлөлтийн зүгээс Хятадын эсрэг цэрэг-зэвсгийн маш том стратегийн плацдарм, хэрэв шууд мөргөлдөөнд тулбал байлдааны ашигтай полигон болохоор ашиглагдаж байсан. Ер нь Зөвлөлтийн үед тэдний цэрэг Монголд гурван удаа орж байрласан (1921-1924), (1936-1945), (1967-1992) нь Хятадын эсрэг хандлагатай байв. Энэ явдал дахин давтагдахыг хүчирхэг болсон өнөөгийн Хятад яав ч зөвшөөрөхгүй, үүнээс үргэлж сэргийлж байдаг.
Орос улс түүхийн туршид Европын орнууд, тэр дундаа Герман, Франц, Австритай олон удаа муудалцан дайн тулалдаан өдөөж байсан ч эргээд амархан сайддаг, цэрэг улс төрийн холбоотон, сайн андын найз нөхөр болсоор иржээ. Гэтэл Орос, Хятад хоёр олон удаа муудалцаж, сайдаж байсан боловч хятадууд Оросыг хэзээ ч сайн анд нөхөр гэж үзэж байгаагүй нь түүхийн учир шалтгаантай. Харилцааны бүхий л түүхэнд Хятад үргэлж хохирогч тал болон дуусч байсныг хятадууд мартдаггүй. Тиймээс Хятад, Орос хоёр хичнээн анд нөхөр болж найрсаг дотно харилцаатай болсон ч Монголын асуудлаар хоорондоо тохирохгүй. Монгол улсын тусгаар тогтнол, тэр байтугай бие даасан байдлыг Гоминданы ч, коммунист ч Хятад ч албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, үүндээ ч тууштай байдаг. Гэхдээ жийргэвч бүс гэгдэх Монголыг Орос дахин өөрийн мэдэлд авах гэж оролдохыг үргэлж тууштай эсэргүүцнэ. Монгол улсыг (бас Казахстаныг) тохиромжтой цаг үед Хятадын мэдэлд хүлээлгэн өгч наймаалцах санаархлыг Оросын геополитикч хариуцлагатай ажилтнууд сүүлийн үед нэг бус удаа цухалзуулж байна. Үүнийг нь хятадууд хүлээн авахгүй. Шиньжаан, Төвдөд бөөн асуудалтай байгаа тэд нэмээд номхон даруу Өвөр Монголыг бас нэг төвөг болгон босгож ирэхийг хүсэхгүй нь лавтай. Тэгээд ч тэд Оросыг бодвол нэр төрөө хичээдэг. Тусгаар тогтносон бие даасан Монгол улс хөршлөн орших нь Хятадын хувьд хамгийн ашигтай хувилбар. Тэгээд ч энэ нь хожим яаж хөрвөж, задарч магадгүй Оросоос тусгаарласан жийргэвч бүс шүү дээ.
ОРОСЫН МОНГОЛД ХАНДАХ ШИНЭ ХАНДЛАГА
Оросын үндэсний үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг байгалийн түүхий эдийн экспорт хангадаг, өөрөөр хэлбэл тэд дэлхийн хамгийн том түүхий эдийн экспортлогч, чухам үүн дээр амьдарлаа залгуулдаг, түүхий эдийн маш баялагтай орон. Европ руу гаргадаг түүхий эдээ Хятадын зах зээлээр орлуулах, хятадууд зөвшөөрөхгүй байгаа Алтай төслийг Монголоор дайруулан Сила Сибири-2 төслөөр орлуулах нь тэдэнд хоолойд тулсан маш яаралтай бүтээх ёстой санаачилга юм.
Гэтэл дөнгөж 1990 оноос Оросын эзэмшлээс гарсан Монгол улс өөрийн хөрсөн доороос асар их баялаг илрүүлэх боллоо. Ялангуяа зэс, коксжих нүүрс зэрэг олзворлох гэхээсээ тээвэрлэлт нь илүү ач холбогдолтой баялаг нь Хятадын зах зээлд гаргах бололцоо нээснээр энэ төрөлд Оросын өрсөлдөгч болон хувирчээ. Монгол улс нь ложистик, нефть бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч гэсэн гурван гол стратегийн бүтээгдэхүүнээр одоо ч Оросоос бараг бүрэн хамааралтай. Орос энэ давуу байдал дээрээ түшиглэн жийргэвч бүсээ дарамтлах тоглолтыг байнга, улам эрчимтэй ашиглах боллоо. Хятадын хөрөнгө оруулалтаар монголчууд өөрийн гэх усан цахилгаан станцтай болох гэсэн санаачлагыг оросууд эсэргүүцэж, Байгал нуурын экологийг бусинуулах гэлээ гэж олон улсын байгууллагуудад гомдол гаргасан. Монголд байдаг ердөө ганцхан уртааш төмөр замын 50 хувийг Орос эзэмшдэг. Монголчууд шинээр төмөр зам тавих болгонд зөвхөн Орост байдаг, Олон улсын стандарттай таардаггүй өөрийн царигийн стандартыг албаддаг. Нефтийн бүтээгдэхүүн бүхэлдээ Оросоос хамааралтай учир олон улсын үнэлэмжээс илүү үнээр шахан худалддаг төдийгүй, үүнээ эдийн засаг болон улс төрийн шахалтандаа ашигладаг. Үр дүнд нь Монголын Оростой хийж буй худалдааны балансын алдагдал 20:1!
Оросын Монгол руу хандах өөр нэг дайсагнал нь Монгол-Хятадын харилцааг муутгах, гутаах явдал юм. Өдгөө Хятад-АНУ-ын харилцаа урьд өмнө байгаагүйгээр хүйтэрсэн. Иймээс монголчууд АНУ-тай хэт ойртож үүнээ Хятадын эсрэг ашиглахад бэлэн байгаа мэтээр Оросын зүгээс өдөөн хатгалга, цуурхал, хов, гүтгэлэг удаа дараа дэгдээх боллоо. 1990 оноос ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээлийн зам сонгож, хоёр хөршөөсөө гадна дэлхийн бусад бүх орныг өөрийн хөрш гэж үзнэ гэсэн “Гурав дахь хөрш” гадаад бодлого баримтлах болсон. Бие даасан Монгол улсын энэ гадаад бодлого ялангуяа Путины үеэс Оросын шүднийх нь өвчин болсон юм. Санаа нь Монголын даварсан алхамыг Орос Хятад хамтарсан хүчээр дарж авах сэдэл өгөөд буй бололтой. “Монголчууд ардчилал нэрээр АНУ-тай хэт ойртож байгаа энэ таагүй явдлыг бид Хятадтай хамтран зогсоох болно” гэж Оросын Гадаад яамны сайд Лавров Монголд ирэхдээ мэдэгдэж байв. Монголчууд АНУ, Германтай нийлж нутаг дээрээ биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа ч юм шиг, зарим мэдээгээр Украинд байсан биологийн лаброторийг Монголд зөөн авчирсан ч юм шиг хүн итгэхэд бэрх мэдээг Оросийн мэдээллийн хэрэгслэлээр улиглах болов. Оросын төрийн Думын удирдлагын зүгээс ч энэ гүтгэлэгийг албажуулан мэдэгдэл болгож, анхааруулгыг Хятадад руу хандуулах болж.
Монгол-Хятадын харилцаанд хамгийн эмзэг сэдэв нь Төвдийн асуудал юм. Магадгүй өдгөө цор ганц асуудал байх. 90 нас хүрч байгаа Далай лам бол уламжлалаараа монголчуудын шүтээн. Хүйтэн дайны үед 1978 онд чухамдаа зөвлөлтүүдийн хатгалга шахаасаар Далай лам Монголд айлчилж Хятадын эсрэг үг хэлж байсан. Үүнээс хойш тэрээр олон удаа Монголд ирсэн. Монголд төвдийн шарын шашин маш их нөлөөтэй. Үүнд хятадууд таатай ханддаггүй, олон ч удаа хоёр орны зөрчлийн сэдэв болж байлаа. Өдгөө энэ байдлыг ашиглаж оросууд өөрийн явуулгаар бий болгосон монголчуудаар Хятадын эсрэг ухуулга зохион байгуулж байна. Тэр байтугай энэ явуулгыг АНУ-ын нутгаас монгол хүмүүсээр хийлгэх ажлыг далдаас зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр Монгол улс нь Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэл, Номхон далайгаас Хар тэнгис хүртлэх өргөн уудам нутагт байгаа ардчилсан тогтолцоотой цорын ганц чөлөөт орон юм. Гэвч хоёрхон хөрштэй, тэр нь дэлхийн хамгийн хүчирхэг цэрэгжсэн орнууд учир Олон улсын байгууллагууд, түүний дотор НҮБ-д санал хураахад хөршийнхөө эсрэг санал өгч чаддаггүй учир үргэлж төвийг сахин түдгэлзсэн санал өгдөг. Өөрийг нь дэмжсэнгүй гэж уурлаж байгаагаа Оросын тал тухай бүрд нь гомдол гаргадаг. Иймээс Монголын гурав дахь хөршийн бодлого буюу дэлхийн бүх оронтой найрамдалт харилцааг таслан зогсоох талаар маш их чармайлт гаргаж байна. Монгол улсыг Шанхайн хамтын нийгэмлэгт элс хэмээн лавтай 25 жилийн турш шахаж байгаа. Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлал, Ромын папын Монголд хийсэн айлчлалыг таслан зогсоох гэж их дарамт учруулсан. Тэдний шахалтаар саяхан Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко Монголд айлчиллаа. Харин мөнөөх дарангуйлагч “Монгол улс хүчирхэг удирдагчтай, хатуу төртэй байхдаа дэлхийг эзлэн мандаж байсан. Түүхийн энэ мундаг үеэ мартаад ардчилсан болж доройтсон нь нэн харамсалтай” гэж мэдэгдсэн нь олны дургүйг хүргэжээ. Улаанбаатар дахь Оросын Соёлын төвөөс захион байгуулж бага дунд сургуулийн монгол хүүхдүүдэд Украин дахь Оросын түрэмгийллийг зөвтгөн сурталчилсан урлагийн тоглолт, кино сурталчилгаа үзүүлэх, энэ талаар хичээл заах нь ердийн үзэгдэл боллоо. Азийн 12 орон дахь орос үндэстний диаспорын чуулга уулзалт, фестивалийг саяхан Москвад ч биш, Владивостокт ч биш, чухам Улаанбаатарт ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Халх голын "баатарлаг" ялалтын 85 жилийн ойг тэмдэглэхээр Путин энэ наймдугаар сарын сүүлчээр Монголд ирэх аж. Зөвлөлтийн колони байх үед босгосон ч эдүгээ харж тордох эзэнгүй олон жил өнгөрч хуучирсан цөөнгүй хөшөө дурсгалыг өдгөө “зөвлөлтийн мэргэжилтнүүд” Монголд ирчихсэн өөрсдийнхөө хөрөнгөөр засаж сэлбэж байгаа нь Ерөнхийлөгч нь ирэх учир бэлдэж байгаа нь тэр гэнэ. Үнэн факт гэвэл, Монголд 1937 онд зөвшөөрөлгүй орж ирсэн Зөвлөлтийн 57-р армийнхан Монголын газар нутгийг дайны полигон болгон ашиглаж Японтой байлдсан. Үүнийг нь эсэргүүцсэн Монголын удирдагчдыг байлдааны өмнө толгой дараалан устгасан.
Энэ удаагийн Путины Монгол дахь айлчлал үнэндээ Халх гол биш. Ромын гэрээг тохуурхаж, гэрээнд нэгдсэн оронд зориуд айлчлан, яаж ч чадахгүй байгааг нь харуулах зорилготой. Түүнд Монголоос өөр ингэж дээрэлхэж чадах орон цаана нь байхгүй л дээ.
СИЛА СИБИР-2 ТӨСЛИЙГ ДАМЖУУЛАХ МОНГОЛ БИШ, ХЭРЭГЛЭГЧ ХЯТАД ШИЙДНЭ.
Сила Сибирь-2 төслийг хятадууд дэмжихгүй байгаа нь үнийн их багын тухай асуудал ер биш. Оросын хийг хямдруулж авснаар ийм том эдийн засагт гарах хожоо харьцуулахад тун өчүүхэн,. Тэд огт хямдралын тухай маргалгүйгээр хий импортлох 30 жилийн гэрээ саяхан Катартай хийсэн. Памирыг давуулан төмөр зам татсанаар Туркмэнистанаас хангалттай хий нийлүүлэх бололцоотой боллоо. Оросууд үнийн талаарх шаардлага тавьсаныг нь зөвшөөрсөн ч, хятадууд өөр нэг хүлээн авах бололцоогүй шаардлага нэмж олно. Угаасаа энэ хоолойгоор хий авахаас татгалзаж байгаа хэрэг. Энд үнэ хамаагүй. Энэ бол геополитикийн асуудал. Асуудал үнэ мөнгөнд биш, хоолой Монголоор дамжихад оршиж байгаа юм.
Оросын мэдээллийн хэрэгслэлээр “Нутаг дээгүүрээ хийн хоолой дайруулах монголчуудын үндэсний мөрөөдөл нь удахгүй биелэх болсонд тэд туйлын баяртай байна” гэж бичих болжээ. Монголчууд баяртай байгаа ч, энэ нь Хятадын геополитикийн бодлогод огт хамаагүй. Геополитикт мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг гэж л бий. Оростой харилцсан 400 жилийн туршлагаасаа үүнийг хятадууд маш сайн мэднэ.
2024.6.10.