ЦУСТ ДАРАНГУЙЛАГЧ ЛУКА ХҮҮХДИЙН БАЯР ТЭМДЭГЛЭХЭЭР ГЭРТ МААНЬ ОРЖ ИРЛЭЭ
Энэ удаагийн Путины Монгол дахь айлчлал үнэндээ Халх гол биш. Ромын гэрээг тохуурхаж, гэрээнд нэгдсэн оронд зориуд айлчлан, яаж ч чадахгүй байгааг нь харуулах зорилготой. Түүнд Монголоос өөр ингэж дээрэлхэж чадах орон цаана нь байхгүй л дээ. Тэрээр мөн л Халх гол гэсээр 5 жилийн өмнө ирэхдээ 10 сая доллар цацаад л Монголын нийгмийг тэр чигээр нь хуйлруулж байлаа. Бид ч зүгээр олдож байгаа олзонд их бага гэлгүй нугасгүй, нүдээ ухаад өгөхөд бэлэн ард түмэн дээ.
ЦУСТ ДАРАНГУЙЛАГЧ ЛУКА ХҮҮХДИЙН БАЯР
ТЭМДЭГЛЭХЭЭР ГЭРТ МААНЬ ОРЖ ИРЛЭЭ
Оросын ЕӨК Путин сар хагасын дараа Монголд дахин айлчлахаар ирнэ. Ромын гэрээгээр байгуулагдсан Гааг дахь олон улсын эрүүгийн шүүхэд нэгдсэн Монгол улс нь хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэгт холбогдсон энэ этгээдийг баривчлах үүрэг хүлээсэн 124 улсын нэг. Гэвч тэр манайд ирнэ. Толгойн сэргийлэх анги болгож хам хэрэгтэн Лукашенког эхлээд нааш нь илгээлээ.
Беларусийн анхны бөгөөд зургаан удаагийн ЕӨК Александр Лукашенко энэ жил 70 насныхаа ойг тэмдэглэж байгаа. Түүнийг улсынх нь төрийн ажилтнууд болон цэрэг цагдаа, КГБ, шүүх прокурорын албан хаагчид нь “батька” гэж дууддаг. Яг л Гитлерийг фюрэр, Муссолониг дүчэ, Маог тэргүүлэгч гэдэг байсантай адил. Харин түүнд дургүй нутаг нэгтнүүд нь “төмсний фюрэр” гэж шивэгнэлдэнэ. Гадаадад болохоор “Европын сүүлчийн дарангуйлагч” хочтой.
Тэрээр Беларусийн хөдөө тосгонд төрж өссөн бутач нэгэн. Тэндээ сургууль номоор явж, Зөвлөлтөд перестройка эхлэх хүртэл тэндээ л хамтралдаа ажиллаж явсан хэнд ч үл ажиглагдах нэгэн байжээ. Дөнгөж 1979 онд намд элссэнээр 3 жилийн дараа хамтралын дарга болж хожим 1987 онд нутгийнхаа сангийн аж ахуй толгойлох албанд дэвшсэн. 1990 онд нутгаа төлөөлөн ардын депутатаар сонгогджээ. Энэ бол ЗХУ задарсан үетэй давхцаж байна. Таг хөдөөний хархүүд өөрийгөө танилцуулах гайхамшигт бололцоо нээгдсэн хэрэг. Тусгаар тогтносон Беларусь улсыг хүлээн зөвшөөрч зарлан тунхаглах Дээд зөвлөлийн хуралд тогтоолыг эсэргүүцсэн ердөө ганц хүн байсан нь мань эр. Улс орныхоо тусгаар тогтнолыг үгүйсгэсэн ийм марзан этгээдийг Беларусь даяар байтугай дэлхий нийтээр хачирхан, юутай ч нэрийг нь тогтоогоод авлаа.
Дараа нь “Беларусийн коммунистууд ардчилалын төлөө” гэсэн депутатуудын фракц байгуулж даргалав. За ингээд Беларусийн Сайд нарын зөвлөлийн дарга Кебич, Дээд зөвлөлийн дарга Шушкевич гэсэн хамгийн том хоёр даргаа амалж аваад дайснаараа зарлав. Энэ хооронд тэрээр албан ёсоор “Городец” гэсэн алс бөглүү сангийн аж ахуйн дарга хэвээрээ л байгаа хэрэг шүү дээ. Беларусийн анхны ЕӨК-өөр сонгогдох хүртлээ ийм л ажилтай байсан.
За ингээд 1994 онд Беларусьд болсон анхны ЕӨК сонгуульд давхиад орлоо. Бүдүүлэг, тэнэгээрээ нэгэнт алдаршсан түүнийг одоо бүгд танина. Задарлын дараах нийт СССР-т байгаад салж бие даасан улс орон болгон өлсгөлөн ядуурал, эх захгүй замбаарагүйдэлд живсэн энэ үе Лукад нэн тааламжтай уур амьсгал авчирсан юм. Харсан болгон руугаа шүлсдэн довтолж, улс орны удирдлагыг гүтгэн харлуулж, сүйрэл сөнөлын харанхуйг шөнө өдөргүй ёрлоно. Мэдээж энэ гүн харанхуй нүхнээс авран гаргах ганц боломжтой хүн нь өөрийгөө гэж ойлгуулах аж. Сонгуулийн өмнөхөн түүний сууж явсан машин руу бууджээ. Хамт сууж явсан туслахынх нь нотолсноор сум Лукагийн хамрын шүргээд гарсан гэнэ. Хожим мэдэгдсэнээр хэн ч буудаж барьсан юм байхгүй, зүгээр л зохиож. Хэд хоногийн дараа Засгийн газрын ордон руу орох гэхэд нь харуул түүнийг хүндээр зоджээ. Үнэндээ харуул үүргийнхээ дагуу үнэмлэхээ үзүүл гэсэн чинь урдаас нь ардаглан дайрахад цамцнаас нь нь татсан чинь нэг товч нь тасарч унасан юм байна. Юутай ч ганц аврагчийг нь алах гэсэн дайснууд Беларусиар нэг байна гэдгийг ойлгосон ард түмэн нь түүнийг 80% дэмжиж Бүгд найрамдах Беларусь улсын анхны ЕӨК-өөр сонголоо.
Тар нь дороо танигдав. Шинэ ЕӨК-ийг тойрсон авилга шамшигдуулал илэрхий болсон тул депутатууд энэ туйхай илчилсэн тайлан бичсэн боловч тэрийг нь шууд хааж дөнгөсөн байна. Лукашенко зүйл бүрээр Үндсэн хууль зөрчих болсон тул 1996 онд 70 депутат түүнд импичмэнт тавих шаардлага тавин гарын үсэг зуржээ. Хариуд нь тэрээр Үндсэн хуулийг өөрчилж орхив. Далимд нь ЕӨК-ын бүрэн эрхийг 5 жил болгон уртасгалаа. Өөрийг нь эсэргүүцсэн хэд хэдэн депутат ор сураггүй алга болсон, одоо болтол олдоогүй. Энэ хооронд хийсэн тойвтой ажил нь Улсын далбаа сүлдийг сольж, хуучин Зөвлөлт Беларусийн төрийн далбаа, сүлдийг сэргээсэн.
Хоёр дахь сонгуулиар тэрээр 75%-ийн саналаар дахин ЕӨК-өөр улирсан. Гэхдээ сонгууль илэрхий луйвар болсныг бүгдээрээ мэдэж байв. ЕХ сонгуулийг хүлээн зөвшөөрсөнгүй. Хариуд нь тэрээр өрнийн орнуудтай илт дайсагнах болов. Ялангуяа хөрш орнууд болох Польш, Латви, Литваг бараг л өөрийнх нь улсын дайснаар зарлажээ. Дотоодод гарсан эсэргүүцлийг харин мань хүн нам дарж чадсан. Хуучин СССР-ын улсуудтай эдийн засгийн хамтын нөхөрлөл байгуулах гэж тэмцсэний эцэст Оросын дэмжлэгтэйгээр Орос, Украин, Казахстаны хамтаар Евроазийн эдийн засгийн хамтын бүс гэгчийг байгуулж дөнгөжээ. Улс даяар санал асуулга зохиож ЕӨК хоёр удаа сонгогдох ҮХ-ийн заалтыг авч хаялаа. Ингэж тэрээр насан турш үндэсний удирдагч байх эрхээ дээрэмдэн олж авав.
Дараа нь мэдээж 2006 онд гурав дахиа, 2011 онд дөрөв дахиа, 2015 онд тав дахиа, 2020 онд зургаа дахиа дахин дахин ЕӨК-өөр сонгогдлоо. Дандаа 80%-ас дээш санал авна. Өрсөлдөгч нар нь сонгуулийн дүн гарахаас өмнө ялагдсанаа хүлээн зөвшөөрч, түүнд амжилт хүсэн, сайн дураараа тайзнаас холдоно. Тухай болгонд нь эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглаан болж байсан боловч нам дарж чадна. 2017 онд болсон “Ууралсан беларусьчуудын марш” хөдөлгөөнийг төрийн эсрэг зэвсэгт бослогод бэлдэж байсан хэмээн гүтгээд шоронгоо дүүргэсэн. Тэрээр Үндсэн хууль өөрчлөхдөө парламентийг ЕӨК дуртай цагтаа тараах эрх авсан тул Беларусийн хууль тогтоох төдийгүй шүүн таслах байгууллагууд 100 хувь өөрийнх нь хүмүүсээр бүрдэх болсон юм.
Өөрийг нь долоогчдоосоо заримыг харж үзэх шаардлагын үүднээс Беларусийн нийт өмчийн ерөө 2 %-ийг хувьчилжээ, бусад нь тэр чигээрээ улсынх. Ингэхээр эдийн засаг нь баларч эхлэлгүй яахав. Оросоос хамаг нефтэн бүтээгдэхүүнээ авдаг, яаж ч гуйгаад Путин хөнгөлөлт үзүүлдэггүй. Лука бяцхан хүүгээ дагуулан Венесүэль орж дэглэмийг нь үхтэл дэмжсэн учир тэр хол газраас жаахан бензин олж ирэв. Путинтэй муудалцаж элдэвээр өдөөн хатган, өрнөдийнхөнтэй сайдах гэж оролдох боллоо. Мэддэг ганц юм болох төмсний тухай тэрээр “Соиализмын үеийн төмсний аж ахуйгаа сэргээж Европыг төмсөөр хангана” гэж ярьснаас болж “төмсөн фюрэр” хоч авчээ.
2020 оны сонгууль бөөн эмгэнэл болов. Уг нь тэрээр өөрөөс нь өөр нэр дэвших гэсэн болгоныг урьдчилаад шоронд хийчихсэн. Гэтэл гэнэт шоронд орсон дэвшигч Тихоновскийн эхнэр гэрийн ажилтай авгай нөхрийнхөө орноос нэрээ дэвшүүлэв. “Тэнэг авгай чи хүүхдээ хар, шалаа угаа, гэрээ янзал” гэж баахан басамжлахдаа нэр дэвшихийг нь зөвшөөрчихжээ. Гэтэл гэрийн авгай сонгуульд ялчихсан. Харин дүн нь Лукад 80% гаруйгаар ялалт авчирлаа. Тэснэ тэснэ гэхэд ард түмэн энэ удаа тэссэнгүй. Хэдэн сар үргэлжилсэн эсэргүүцэлд бараг нийт ард түмэн босон оролцов. Гэхдээ ийм нөхцөлд хэн мөнгөтэй, зэвсэгтэй нь ялдаг хойно доо. Тэгээд ч өөрөө бардаггүй, Путинээс тусламж гуйлаа. Путин түүнд бараг газар дээр нь бэлнээр шахам тэрбум доллар өгчээ. Бослого дарах ажиллагааг ч ил далдаар удирдан тусалсан. Үнэгүй юм гэж үгүй, хариуд нь Украины эсрэг дайнд туслан гүйцэтгэгчээр оролцож, газар нутгаа оросуудад тавьж өглөө, нутаг дээрээ Оросын цөмийн зэвсгийг байрлууллаа, сар болгон Москва орж Путины хошногыг баяртайгаар тогтмол долоож байх үүрэг авлаа. Нэгэнт дарагдсан босогчдыг тэртэй тэргүй дүүрчихсон шоронгууддаа нэмж чихэв. Олон хүн сураггүй алга болсон. Тусгаар тогтносон Беларусь улс үүссэнээс хойш тэндэхийн цаазаар авах ялын тухай мэдээ огт гардаггүй нууцлагдсаар ирсэн. Зарим мэдээгээр Лукашенкогийн дор маш олон хүн цаазлагдсан боловч энэ тухай мэдээ огт мэдэгддэггүй. Иймээс түүнийг ердийн “дарангуйлагч” гэхээсээ “цуст дарангуйлагч” гэлцэх болжээ.
Лукагийн хамгийн их биширдэг түүхэн баатар нь Адольф Гитлер! Тэрийгээ нуух байтугай ил тод дурьдах дуртай. “Гитлер хүчтэй чанга гарынхаа тусламжаар үнс нурманд дарагдсан байсан 30-аад оны Германыг босгож ирсэн. Хүчтэй төр, хүчтэй удирдагч гэдэг үндэстнээ өлгийдөн өргөн босгодог. Тийм учраас Германы ард түмэн түүнийг хүрээлэн нягтарсан юм. Хүнийг ганцхан хар талаас нь гүтгэн гутааж болохгүй.”. Нацизмын түрэмгийлэлд хамгийн ихээр хохирсон ард түмний шинэ үеийн удирдагчийн үг шүү дээ!
“Батька” буюу эцэг, аав гэсэн өргөмжлөлийг тэрээр ЕӨК болохоосоо өмнө дөнгөж гучин хэдтэй улс төрд орж ирэхдээ өөрөө өөртөө өгсөн цол. ЕӨК болоод өөрийг нь ингэж дуудаж байхыг цэрэг арми, төрийн ажилтнуудаас шаардах болжээ.
Хокэй тоглох хорхойтой тэрээр ЕӨК болонгуутаа Беларусийн олимпын хороон дарга болсон. Түүний зүтгэлээр Беларусийн тамирчид олимпод оролцох эрхгүй болсон доо. Гурван хүүтэй, бага банди нь өөрийг нь залгамжлана гэдгийг нуух байтугай сурталчилдаг. Юутай ч ойрмогхон өөрөө долоо дахь удаагаа ЕӨК-ийн сонгуульд “үзэлцэнэ” гэдгээ заралчихаад байгаа. Одон медаль харин зөндөөтэй шүү. Беларусийн, Оросын олон одон медалиас гадна Палестин, Ливи, Куба, Венесүэл, Гүрж, Серби, Азербаджан, Казахстан, Гвинэйн маш олон зүүдэг төмрөн шагналтай. Эсрэг Нобелийн шагнал буюу тохуутай Нобелиар хоёр удаа шагнагдсан шүү. 2013 оны тохуутай Нобелийн Энх тайвны салбарт “Олон нийтийн өмнө алга ташихыг хориглосон” зарлигаараа, 2020 онд Анагаан ухааны салбарт “КОВИД-19 цар тахлын үед олон нийтийн үхэл амьдралын асуудалд эрдэмтэд болон эмч нарыг бодвол улс төрчид илүү нөлөө үзүүлнэ” гэсэн нээлтээрээ шагнуулжээ.
За ингээд юутай ч Путины гал хамгаалагчаар улаан яргачин Лука хүрээд ирлээ. Халх голын баатарлаг ялалтын 85 жилийн ойг тэмдэглэхээр Путин Монголд ирэх аж. Зөвлөлтийн колони байх үед босгосон ч эдүгээ харж тордох эзэнгүй олон жил өнгөрөн хуучирсан цөөнгүй хөшөө дурсгалыг өдгөө “зөвлөлтийн мэргэжилтнүүд” Монголд ирчихсэн өөрсдийнхөө хөрөнгөөр засаж сэлбэж байгаа нь ЕӨК нь ирэх учир бэлдэж байгаа нь тэр гэнэ. Үнэндээ Монголд 1937 онд зөвшөөрөлгүй орж ирсэн Зөвлөлтийн 57-р армийнхан Монголын газар нутгийг байлдааны полигон болгон ашиглаж Японтой байлдсан. Үүнийг нь эсэргүүцсэн Монголын удирдагчдыг байлдааны өмнө толгой дараалан устгасан.
Энэ удаагийн Путины Монгол дахь айлчлал үнэндээ Халх гол биш. Ромын гэрээг тохуурхаж, гэрээнд нэгдсэн оронд зориуд айлчлан, яаж ч чадахгүй байгааг нь харуулах зорилготой. Түүнд Монголоос өөр ингэж дээрэлхэж чадах орон цаана нь байхгүй л дээ. Тэрээр мөн л Халх гол гэсээр 5 жилийн өмнө ирэхдээ 10 сая доллар цацаад л Монголын нийгмийг тэр чигээр нь хуйлруулж байлаа. Бид ч зүгээр олдож байгаа олзонд их бага гэлгүй нугасгүй, нүдээ ухаад өгөхөд бэлэн ард түмэн дээ.
2024.6.1