Приходов гэж ийм эр
1949 оны 8 дугаар сарын 19-нд Улаанбаатарт суугаа бүрэн эрхт төлөөлөгч Ю.К.Приходов Москва руу маш нууц захидал игээжээ. БХК(б)Н-ын дотоод бодлогын комиссын дарга В.Грегорянаас эл захидлын тухай тайлбарт мэдээлэл Сталинд бичээд хувийг Молотов, Берия зэрэг Улс төрийн товчооныхонд тараажээ.
1949 оны 8 дугаар сарын 19-нд Улаанбаатарт суугаа бүрэн эрхт төлөөлөгч Ю.К.Приходов Москва руу маш нууц захидал игээжээ. БХК(б)Н-ын дотоод бодлогын комиссын дарга В.Грегорянаас эл захидлын тухай тайлбарт мэдээлэл Сталинд бичээд хувийг Молотов, Берия зэрэг Улс төрийн товчооныхонд тараажээ. “Нөхөр Сталинд… Чойбалсан Өвөр Монголыг удахгүй БНМАУ-д нэгтгэнэ гэсэн сэтгэгдэлтэй явдаг гэж нөхөр Приходов захидалдаа өгүүлжээ. Гэтэл Цэдэнбал болохоор Монголыг СССР-ийн бүрэлдэхүүнд орох зайлшгүй шаардлагатай болсон гэж үздэг юм байна. Үүнийг нь Чойбалсан эсэргүүцэж дургүйлхэдэг аж… Нөхөр Приходов мөн Цэдэнбалын БХК(б)Н-ын гишүүн болох хүслийг дамжуулжээ…” гэхчлэн бичээд тайлбар гурван хуудаст өгүүлэхдээ ... гэсэн мөрүүд Баабарын “Монголчууд: Нүүдэл суудал”, Шинкаревын “Цэдэнбал, түүний цаг үе: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” номуудад буй. “БНМАУ Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд орсон нөхцөлд л БНМАУ урагш хөдлөх боломжтой болно” хэмээн Чойбалсанг Цэдэнбал ятгаад зогсож байхыг Приходов гэрчилсэн тухай Грегоряны захидалд бас нэг мөр байна. Цэдэнбалын сэтгэлийн үгийг хэлүүлж, монголын удирдагчдын өвөр хоорондын харилцааны эмзэг асуудлыг тэгж Москвад мэдээлж алтан хошуу өргөгч Приходов гэгч ингэхэд хэн бэ?
Юрий Кондратьевич Приходов энд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд Н.Лхамсүрэнтэй зэрэгцээд зогсож байна. Цэргийн жанжны ёслолын дүрэмт хувцас гэж эндүүрэх хэрэггүй. Тухайн цагтаа Зөвлөлт, Монголын дипломатын алба ийм формтой байсан хэрэг. ОХУ-д одоо ч дипломат дээд цолтонгууд ийм формоо өмссөөр буй. Приходов нь хамгийн эгзэгтэй цаг үед 1940-1946 онд Улаанбаатарт ЗСБНХУ-ын Элчин яаманд (Элчин сайдын яамнаас нэг дэс доогуур) зөвлөхөөр ажиллахдаа МАХН-ын Төв Хорооны зөвлөгчийг давхар гүйцэтгэж чухамдаа тэр үеийн Монголын төр-засгийг далдаас удирдан залж чиглүүлэгч байлаа.
Нутагтаа буцаж очоод ГЯЯ-ндаа Зүүн өмнөд Азийн хэлтсийг нэг жил толгойлоод 1948 онд Улаанбаатар буцаж ирэхдээ БНМАУ-д суугаа ЗСБНХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрх Элчин болж тушаал дэвшжээ. 1950 онд СССР нь Улаанбаатар дахь Элчин яамаа Элчин сайдын яам болгон зиндаа ахиулан энэхүү Приходовыг Элчин сайд болгож шат ахиулжээ. Энэ зураг дээр тухайн үеийн Монголын хоёр дээд удирдагч Х.Чойбалсан, Г.Бумцэнд нарыг өмнөө зогсоогоод үүрэг чиглэл өгч байгаа аятай үйл явдал харагдаж байна. Зурагчин ингэж авав уу, эсвэл үнэхээр тийм явдал болж байв уу?
Бунхант индэр дээр нам-засгийн удирдагчидтай зэрэгцэн зогсоод ёслож байхыг үзэхүл Баабар, Шинкарев нарын эшлэсэн тэр захидал эргээд санагдах шиг. Монголын удирдагчдын өвөр хоорондын харилцааны эмзэг асуудлыг чухам Приходов л мэдэж шийдэж, хагалж байсан юм шиг. Тэрээр 1951 онд нутагтаа буцаж очоод ГЯЯ-ндаа Боловсон хүчний газрыг гурван жил толгойлоод 1954-1960 онд Болгарт Элчин сайдаар суужээ. Чухам тэр үед Болгарт Червенков, Югов, Живков, Ганев нарын өвөр хоорондын харилцааны эмзэг асуудал, зөрчил тэмцлийг тэрээр чиглүүлж шийдэж байсан ба өнөөгийн болгарчууд мань Приходовыг хар бараанаар төсөөлдөг гэсэн.
Энд бүр өвөрмөц, ховор, торгон агшныг илтгэх зураг байна. Сүхбаатарын хөшөөний нээлт. Олон генералын дээрээс өнгийсөн Приходов харагдаж байна. Өрлөг жанжны цэрэг шинелийн дээрээ одон медалиа ярайлгасан Чойбалсан, тэр цаанаа хамраа арчин буй Цэдэнбал, эрэгтэй пальто өмссөн Янжмаа гээд бүгд сонин агшин.
Энэ бас л ховор зураг. Нэгдүгээр эмнэлгийн (одоо хотын түргэний хойно бий) барилгын ажилтай Чойбалсан, Приходов нар танилцаж байна. Монголын удирдагчийг байнга дагалдан Зөвлөлтийн Элчин сайд явдаг энэ уламжлал лав Ж.Батмөнхийг хүртэл үргэлжилсэн дээ.
Майн баярын нээлт хийж байгаа сонирхолтой агшныг гэрэл зурагт ийнхүү буулгажээ. Маршал өөрийн хүү Нэргүйг цэрэг маягаар хувцаслан дэргэдээ зогсоожээ. Тэрээр цэрэг маягаар ёсолсон байна. Бодвол энэ үед цэргийн парад явж өнгөрч байгаа бололтой.
Приходов гэлтгүй ер нь 1930-1940-өөд онд СССР улсаас Монголд томилон суулгаж байсан Элчин төлөөлөгч нарын хувь заяа ихээхэн анхаарал татдаг юм. Приходовын өмнө Николай Петрович Важнов гэж лут эрх мэдэлтэн 1946-1947 онд Элчин яамандаа зөвлөх, 1947-1948 онд Элчин байхдаа МАХН-ын Төв Хорооны зөвлөгчийг давхар гүйцэтгэж байсан аж.
Түүний өмнөх Иван Алексеевич Иванов гэж бүр их эрх мэдэлтэн 1939-1941 онд СССР улсын Бүрэн эрхт төлөөлөгч, 1941-1947 онд Онц бөгөөд Бүрэн эрх Элчин байхдаа дэлхийн II дайны үеийн Монголын бүх хувь заяаг шийдэж байсан болж таардаг. Дипломат албан тушаалтандаа Москвагаас 1943.02.04-нд онд хошууч генерал цол, 1943.06.14-нд хоёрдугаар зэргийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол шагнаж байсныг бодохул цэрэг-иргэний албыг хослуулж байсан мэт. Тэрээр Улаанбаатар дахь чухал албаа өндөрлөөд Афганистанд СССР-ийн Элчин сайдаар ажиллажээ.
Энд Х.Чойбалсан, Г.Бумцэнд нарыг өмнөө зогсоогоод үүрэг өгч байгаа аятай үйл явдлын (2 дахь зураг) үргэлжлэл зураг байна. Цаас уншиж буй одон тэмдэгт нөхөр бол Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд, хожим сэхэлтгүй хэлмэгддэг Н.Лхамсүрэн.
Энэ зураг дээр Чойбалсан, Дамба, Сүрэнжав, Приходов нарын хамт захад нь бүр хожим намын нэг удирдагч болсон С.Жалан-Аажав зогсож байгаа нь анхаарал татна.
И.А.Ивановын өмнөх гурван элчин сайд гурвуулаа толгой дараалан буудуулсан байгаа юм. Энэ бол харамсалтай түүх. Михаил Иосифович Голубчик гэж чекист 1937-1938 онд До яаманд сургагчаар ирж нэг жил гялалзтал ажиллаад 1938 онд Бүрэн эрхт төлөөлөгч (Элчин гэсэн үг) болж дэвшээд 1939 онд баривчлагдан Москвад хүргэгдэн Цэргийн дээд шүүхээс ял сонсож буудуулжээ. Түүний өмнө Сергей Наумович Миронов гэж алдарт чекист Баруун Сибирийн Дотоодыг хамгаалахын дарга хийж байгаад 1937-1938 онд Монголд Бүрэн эрхт төлөөлөгчөөр ганц жил ажилласан ба Москвад буцаж очоод ГЯЯ-ндаа хэлтсийн дарга хийж байгаад 1939 мөн буудуулжээ. Гэрч ба гүйцэтгэгчийг үлдээхгүй гэдэг зарчмаар Голубчик, Миронов нарт хандсан бололтой.
Энэ бол онц сонирхолтой ховор зураг байж магадгүй. Төв номын сангийн барилгын ажилтай танилцаад манай нам-засгийн удирдагчид, Зөвлөлтийн Элчин төлөөлөгчид барилгын дээврийн хэсэг дээр гарч ирээд байна. Барилгын цэргээр бариулж байсан уу, олзны японуудаар бариулж байсан уу, ямар ч гэсэн цэргийн хүмүүс олон харагдаж байна.
Нөгөөх түүх рүүгээ эргэж оръё. Чекист Мироновын өмнөх Владимир Христофорович Таиров хэмээн кавказ эр Монголын түүхэн ном сударт нэг бус бичигдсэн байдаг. Цэргийн жанжин байсан бололтой юм. 1932-1935 онд Улаан тугийн одонт Алс Дорнодын армийн Улс төрийн газрын дарга байснаа 1935 онд Улаанбаатарт СССР улсын Бүрэн эрхт төлөөлөгчөөр иржээ. 1937.08.05-ны өдөр Монголоос баривчлагдаад явжээ. Жил гаруй Зөвлөлтийн До яамны шоронд тарчилж байгаад 1938 оныхоо тэр 8 дугаар сард буудуулжээ.
Тэтгэвэртээ суусан Приходов энд харагдаж байна. Приходов ба түүний халааг Улаанбаатарт ирж авсан Георгий Иванович Иванников нарыг Голубчик, Миронов, Таиров нарын гашуун хувь тавилан дайраагүй нь аз биз ээ. Сталин амьд сэрүүн дахиад 10 жил насалсан бол ч толгой байхгүй л дээ.