(Aжилтай монгол)

МҮОНТВ-ийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрт ордог "Ажилтай Монгол" сурвалжлагад нэмэрлэх, санаа сэдэл өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг бичлээ.

Болсон явдал. Металистын ТМС гэж байв даа. Нэр хаягаа солиод одоо ч гэсэн Улаанбаатарын 19-р хороололд байж байгаа. Социализмын үед дунд сургуулийн гологдлуудыг тэр ТМС руу долоо төгсөхөд нь шууд илгээдэг, нэг ёсны шийтгэлийн газар байсан даа. Тэр үед юм болов уу, тэр алдарт ТМС-ийг төгсгөсөн автын механик залуу хожим ардчиллын буянаар гадаад паспорт шийтгүүлж аваад эрх чөлөөний эх орон Америк руу харлаад явчихав аа.

Мань хүн таньж мэдэхгүй харийн тэр оронд хууль бус цагаачийн зовлонг номоор нь туулав. Юу эсийг хийсэн гэхэв. Хог шүүрдэх, гудамж цэвэрлэхээс эхлээд л гарч өгнө биз дээ. Хямд хоол гээд мууранд зориулсан мах хүртэл идэж үзсэн гэв. Мань эр тэнэж яваад авто засварын нэг жижигхэн цех оллоо. Металистын ТМС төгссөнийх, бас Монголдоо ажлын дадал гайгүй эзэмшсэнийх ойр зуурын засвар үйлчилгээ хийгээд эзэндээ таалагдах нь тэр. Мөнгөтэй ч болж. Түрээсийн ганц өрөө олоод гадаа хонохоо болив.

Гэтэл нэг удаа мотор нь айхтар сүрхий цохичихсон бух бенз ирэв гэнэ. Эзэн нь сэтгэлээр уначихаж. Герман руу, Штутгарт хот руу, Бензийн үйлдвэр рүү явуул гэсэн лүндэн цехийн эзэн шууд л буулгав гэнэ. Орос 69, Зил 130 бишгүй задалж гэмтэлийг нь засч байсан нөгөө монгол залууд бол Герман руу илгээж байдаг хайран мөнгө байна даа гэж бодогдоо биз. Мань хүний дотор өөр бодол байв. Тэр Герман руу ачлуулж авчруулах мөнгөний бараг 100-ны 10 хувийг өгчихөд л тэр бух бензийн моторыг гаргаж ирээд монголчлоод хаячих ухаан байлгүй яахав. Тэр санаагаа эзэндээ хэлтэл бөөн асуудал дэгдэв.

Юу хэмээвээс авто машины механик гэж хосгүй ховор мэргэжил Америкт байдаг болж таарав. Олон зуун сая хүн амтай дэлхийн тэргүүлэх гүрэнд хоёр мянгахан механик ажилладаг ба тийм эрх авахын тулд конкурсдээд тусгай дээд комиссоор орж баталгааждаг болж таарав. Машин засварын цех, үйлчилгээний цэг ажиллуулахын тулд арай Цагаан ордны зөвшөөрөл авахын наагуур юм болдог хэмээн эзэн нь мань эрийг сэнхрүүлэв. Гэхдээ бенз мэтийн лут машины моторыг гаргаж бөөрийг нь ухах эрх тэдэнд байдаггүй л гэнэ. Шууд л Бензийн үйлдвэр рүү явуулах ёстой л гэнэ. Машины мотор задалбал бараг гэмт хэрэг болно л гэнэ.

Орос УАЗ 469, Зил 130-ын  мотор байтугай эд ангийг нь задлаад сурчихсан нөгөө монгол залуугийн аазгай ёстой хөдлөх шиг болно биз дээ. Хорих тусам монгол хүний араншин өөр болдог доо. Тэр л болоо биз. Мань хүн нөгөө хориотой лут бензийг эзнээс нь гарын үсэг авч байж шөнө задлав аа. Хажуудаа туслуулахаар мексик, негр хоёр цагаачийг авчихав. Хөөрхий задлаад үзтэл мотор нь ялимгүй гэмтчихсэн, гэмтэлийг нь засахын тулд Германаас ганцхан эд анги авчруулах онош тавив. Тэрийг нь буухиа шуудангаар ганц шөнийн дотор авчруулаад нөгөө бензээ маргааш өглөө нь асаагаад тавьчихав. Машины эзэн, засварын цехийн эзэн хоёр мэл гайхаад л. Хэлэх үг байдаггүй. Онц бүрэн эрхт комиссоос зовон байж эрх авдаг, АНУ даяар ховордсон 2000 механикийг монголын ТМС-ийн механик залуу ийнхүү ялах нь  тэр ээ!

Бух бензийнхээ моторыг задлуулсан нөгөө машины эзэн тэр дор нь цуурхал тараагаад мань хүнийг алдаршуулав. Нөгөө цехийн гадна мотор задлуулах машины оочер учир тоймоо алдлаа.  Мань монгол үнэд оров. Цехийн эзэн атаархав. Цалин цавуу ч нэмэгдээд мань эр өөрөө цоо шинэ бух бенз худалдан авав. Албан ажлаар очсон монголын төрийн түшээдэд машинаараа үйлчлээд л сүйд майд. Нутгийн ах нартаа туршлагаа сурталчлаад л. Гэм нь манайхан нэг их тоосонгүй. Машин засварын захын нэг цэг дээр л залуус мотор задлаад зогсож байдаг биз дээ, хот хөдөөгүй. Гэтэл Америкт машины мотор задлахыг хосгүй мэргэжил болгоод үнэ хүргэчихэж. Яг энэ нюанс дээр нөгөө залуу тоглоод тодорчихож. Ийм л юм болжээ.

Атаархуу эзнээсээ салж, өөрөө мотор задалж засдаг жижиг цех нээx гэв ээ. Ингэхийн тулд конкурсдээд ялав. Хэл ус муутай тул цээжилсээр байгаад ялсан гэж байгаа. Барагцаагаар 50 асуулт бөглөх бичгийн шалгалт дээр ганцхан алдсан аж. Хоёр алдвал дараа жил хүртэл хойшилдог тийм лут шалгалтыг давжээ. Нэгэнтээ алдаршсан механик, хувийн хөрөнгөтэй тэр монгол эр байнга оршин суух эрх авлаа. Бизнесээ гялалзуулав. Орлого гэж алж өглөө. Саятан боллоо, ам.доллараар шүү дээ. Олон албадтай болов. Эхнэр хүүхэд нь очив. Хаус худалдан авав. Америкийн баячуудыг зэрэгт хүрэв. Нөгөө анхны цехийн эзэн дампуурав. Орлого үйлчилгээ байхгүй, бүгдийг нь нөгөө тэжээсэн монгол нь авчихсан. Нөгөө монгол механик руу хүмүүс хуйлраад байх нь тэр. Анх ажилд авч байсан эзэн нь бизнесээ зогсоогоод мань хүний албат болохоор өргөдөл бариад ирэв ээ, нэг өдөр. Монголын механикийн дор ажиллах америк механик. Гэхдээ мотор задлаад сүйд болсон юм байхгүй. Дагаж суралцая гэв ээ...

Улаанбаатараар дүүрэн, хувь хувьсгалын их дээд сургуулиуд ярайж байна. Дэлхийд толгой цохидог мянга байтугай, 5000 их сургуулийн дотор ганц нь ч байхгүй шүү. Нэг хүн амд ногдох дээд сургуулийн тоон үзүүлэлтээр Гиннесийн номд баараггүй орж яваа Монголын их дээд сургууль төгсөгчдөд уриалая. Та нар их сургуулийн дипломтой, ромботой бааранд зөөгч хийгээд айж ичиж явахаар, Металистын ТМС-д элсээд хосгүй механикч болоод америкийн саятан болчихсон энэ эрийн туршлагаас суралцаач!