УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой ярилцлаа.

-МИНИЙ БАЙГАА ЗАН ХАРАКТЕР НЬ Л ИЙМ-

-Таны хувьд хууль боловсруулах шатанд мэргэжилтнээс газрын болон Төрийн нарийн бичгийн дарга хүртэл албыг хашсан туршлагатай. Сүүлд нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Төсөл боловсруулах, хуулийг батлах хоёрын ялгаа нь мэдрэгдэж байна уу?

-Хашиж ирсэн албан тушаал бүрдээ тодорхой үр дүн гаргах, зөв зүйлийг хийх юмсан гэж зорьдог нь миний зарчим. Хууль зүй, дотоод хэргийн яаманд 10 гаруй жил ажиллаж, хууль боловсруулах шатанд ажиллалаа. Тэр бүрийн ард эерэг үр дүн гарахад сэтгэл өег байдаг юм. Монгол Улс цахимжилтаар олон байр урагшиллаа. Төрийн үйл ажиллагаа шилэн ил тод болж байна. Энэ бүхний суурь шалтгаан нь 2017 онд баталсан Бүртгэлийн багц хуультай холбоотой. Олон ч мэдээлэл ил болсон. Санаж байгаа бол ЖДҮ, ХААДС тэргүүтэй тендерийн худалдан авалтуудыг нээлттэй болгосон шүү дээ. Үргэлжлүүлээд хотын дарга Х.Нямбаатарыг сайд байх үед Цахим багц хуулийг батлуулсан. Төрийн үйлчилгээг цахимаар хүргэхэд хууль, эрх зүйн орчин ямар байх, ямар мэдээллийг ил тод байлгах, алийг нь хамгаалах зэргээр шинэтгэлийг хийсэн. 

Хоёроос гурван жилийн дараагаас үр дүн нь гарч эхэллээ. Н.Учрал сайд ч хэрэгжилтийг маш сайн хангалаа. Тэгэхээр хууль боловсруулах шатанд ажилласан замналаа эргээд харахад сайхан байдаг. Хувь хүн талаасаа шүү. Эцсийн дүгнэлтийг олон нийт хийж, хуульчид өөрсдийн өнцгөөс тайлбарлах байх аа. Хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийг ханган дээрдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд санаачлагатай ажиллах болно. 

-Хот руу очсон тухайд?

-Улаанбаатар хотын асуудлыг гал унтраах төдийхнөөр шийдвэрлэх боломжгүй болсон учраас суурь шинэчлэлүүдийг зоригтойгоор эхлүүлж, хийхээр зорьсон л доо. Түүнээс түр зуурын жижиг ажил хийх нь бидний зорилго байгаагүй. Нийслэлийн түгжрэл, утаа, төвлөрөл зэрэг тулгамдсан асуудлыг шийдэхэд дэд бүтцийн хүртээмжгүй байдал бий болсон байсан. Тиймээс эрчим хүчний төслөө явуулъя. Нэн тэргүүнд масс тээврийн асуудлыг шийдэх ёстой гэж үзээд олон жил ярьсан ч ажил хэрэг болгож чадаагүй метроны төслийг хөдөлгөхөөр шийдсэн. 

Мөн хог хаягдлын менежментийг сайжруулж, авто замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй явуулахаар болсон. Замыг чанарын хувьд дөрөв ангилдаг. Маш сайн, сайн чанарынх, дунд зэрэг, муу гэх зэргээр мэргэжлийн хүмүүс нь хэлдэг. Эдгээрийг заавал нүх гарахаар засна гэдэг гэдэг өрөөсгөл ойлголт байна, нүхтэй, эвдрэлтэй болсон үед нь засахаар өртөг нь их. Суурь бүтэц рүүгээ эргээд орчихдог. Уг нь дундаас дээш сайн чанартай байхад нь засаад явбал тэнд зарцуулах зардал нь багасдаг юм билээ. Хоёрдугаарт, авто замын сайжруулалт, шинэчлэлийг хийхгүй бол замын хөдөлгөөний эрчим буурч, түгжрэл үүсдэг. Замын их хэмжээний эвдрэлээс болж иргэдийн тээврийн хэрэгсэл эвдэрдэг. Өнгөрсөн найман сарын хугацаанд хотын дарга Х.Нямбаатарын удирдлагад ажиллах хугацаанд Улаанбаатарын суурь дэд бүтцийн томоохон асуудлыг шийдвэрлэсэн. 

Бидний анх зорьж байсан засаглал, хууль, эрх зүйн түгжээг нь ч гаргалаа. Альваа шинэчлэл, ялангуяа Улаанбаатар хотод эрх зүйн шинэтгэл хийе гэхээр хуулийг боловсруулах шатандаа очоод гацдаг байлаа. Манай багийнхан Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилласан туршлагатай учраас өнгөрсөн хугацаанд 60 гаруй хуулийг батлуулсан. Энэ хүрээнд нийслэлийн орон сууцжуулалт, газар чөлөөлөлтийн бодлого эрчимтэй явж байна. Иргэдтэйгээ ч сайн ойлголцдог боллоо. Метроны төсөл эхэллээ. Газрын асуудалд дүүргийн Засаг дарга нар дур зоргоороо ханддаг байсныг хумилаа. Төлөвлөлтийн дагуу олгодог боллоо. Гуравдугаарт, нийслэлийг бие даан хөгжихөд санхүүгийн эрх мэдэлтэй болгох нөхцөлийг бүрдүүлсэн. Төр, хувийн хэвшил болон бусад санхүүгийн түншлэлийг ашиглах бололцоог бүрдүүллээ. Анхдагч дотоодын бонд босгох ажлыг хариуцаж хийлээ. 

Бондын захиалга 10-хан минутад дүүрсэн нь Улаанбаатарын өнөөгийн удирдлагуудын хийж байгаа бүтээн байгуулалтыг дэмжиж, итгэлтэйгээр худалдаж авсны илрэл. Эргэн төлөгдөх бололцоотой гэдэгт иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид итгэж байна аа гэсэн үг. Хууль тогтоогчийн тухайд бизнес, хувийн хэвшлийг дэмжинэ, залуучуудад боломж олгоход чиглэсэн бодлого гаргана. Өмнө нь ажиллаж байсан хууль зүйн салбарт дутуу хийсэн зүйл байгаа, түүнийгээ гүйцээнэ. Эхний ээлжид бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль тогтоомжийг сайжруулна. 

-Өмнө нь Ажлын хэсэгт багтаж, боловсруулж, батлуулах бүх процесст оролцож явсан ч өнөөдөр хууль тогтоогчийн хувиар тэр бүгдэдээ “засвар” оруулах нь гэж ойлгож болох уу?

-Байнгын ажиллагаатай парламентын давуу тал нь энэ. Батлуулсан хууль нь тодорхой цаг хугацааны дараа сайжруулах шаардлага гарвал тэр дор нь засаад явах ёстой. Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллах байхдаа ч ийм зарчмыг баримталдаг байлаа. Жишээ нь, Төрийн үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагаа зөвхөн Багц хуулиар хэмжигдэхгүй. Монгол Улсын бүх виз цахимаар олгогддог болсон байна. Хилийн шалган нэвтрүүлэх бүсэд цахим гарч бий боллоо. Энэ бүхний цаана манай багийнхны хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг нь тавьж, төлөвлөж хийсэн ажил нь. Үүнийг хаана ч бардам хэлнэ.

Авлигын индексийг бууруулах чиглэлээр ажилласан. Х.Нямбаатар дарга сайд байхдаа Засгийн газрын 54 Ажлын хэсгийг ахалж байсан. Оюу Толгой төсөлд гэхэд бичилт хийсэн өрүүдийг тэглэсэн. “Орона”, хил холболтын бүтээн байгуулалттай холбоотой Ажлын хэсэгт багтаж ажилласан нь туршлага болж үлдсэн байна. Тэгэхээр дараагийн хууль тогтоомжийг сайжруулахад чиглэсэн бодлого гаргахын төлөө ажиллана. 

Дэлхий нийт, технологийн хурдацтай хөгжлийн эринд гадаадын хөрөнгө оруулалт татах тал дээр алдах эрх бидэнд байхгүй. Бүх зүйлийг Төр дангаараа хийж чадахгүй учраас гадаад түнш, хөрөнгө оруулагчидтай зөв харьцаж, зөв гэрээ байгуулах хэрэгтэй. Орж ирж байгаа хөрөнгө оруулалтын итгэлийг алдахгүй байх ёстой. Монголчууд худалч гэдэг нэрнээс бид гарах ёстой. Худалч гэдэг нэртэй болсон нь улстөрчидтэй шууд холбоотой. Улстөрчдийн хувийн амбийц, эрх ашгаас болж эрчим хүч, төмөр замын томоохон мега төслүүд гацаж, зогсонги байдалд орсон. Сүүлдээ монголчууд худалч гэдэг нэр томъёо гадаад орчинд бий боллоо. 

Одоогийн Засгийн газрын тэргүүн томоохон төслүүдээ явуулна гээд байгаа. Монголын эдийн засгийг үнэхээр тэлж, хөгжүүлэхэд томоохон төслүүдээ хөдөлгөж, урагшлуулах өөр сонголт үгүй гэж Ерөнхий сайд нь хэлж байгааг дэмжинэ. 

-Магадгүй хэдэн жилийн дараа Та өөрөө тэдгээр “худалч”-ийн эгнээнд орохгүй гэсэн баталгаа өнөөдөртөө байхгүй шүү дээ... Улс төр гэдэг өөрөө үргэлж тохуутай бас хоржоонтой байдаг болохоор ингэж асууж байгаа юм?

-Би бол байгаагаараа л байгаа хүн. Залуу хүн ажил хийхэд алдаа, оноо гарна. Гэхдээ өмнөө байгаа том зарчмаас хэзээ ч ухрахгүй. Монгол Улсын хөгжлийг гацааж, боломжийг нь алдагдуулчихаад ард түмэн гэж уянгалж, мөнгө тараана гээд явж байгаа хүмүүс шиг хэзээ ч болохгүй ээ. Үүнийг баталгаатай хэлье. Зарим үед үнэхээр болохгүй бол больчихдог байх ухамсартай, соёлтой байх ёстой. Яагаад насаараа энэ албан тушаалтай зууралдах ёстой юм. Бодоод үз дээ, зарим нь хэдэн удаа сайд хийсэн байна гэдгийг. Хэдэн ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдов. Тийм атлаа Монгол Улсын хөгжлийг гацаасан нь хэн билээ? 

Одоо дахиад монголчуудыг хорлохоор бэлэн мөнгө тараана гээд явж байна. Ийм байж болохгүй ээ. Том зарчмаараа улс орны нийтлэг эрх ашгийг төлөө явах ёстой болохоос ойрын зайны улс төр хийж болохгүй. Тийм зүйл гаргаад эхэлбэл болих шиг сайхан юм байхгүй. 

-Уучлаарай, гэхдээ Таны илэрхийлдэг байр сууриас хотын дарга Х.Нямбаатарын ярьж, шүүмжилдэг агуулга үе үехэн цухалзах гээд байдаг талтай?

-Үнэнийг хэлэхэд би чинь Х.Нямбаатар даргаас өмнө Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын даргын албыг хашиж байсан хүн. Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байхад нь олон хуулийн төсөл дээр хамтарч ажилласан. Мэдээж төстэй зан чанар бий, бий. Тэрийг нь хүмүүс ч хэлдэг, бас харьцуулдаг. Гэхдээ миний байгаа зан характер нь л ийм юм аа. Аливаа юмыг түс тас хэлчихдэг тийм л хүн. Түүнээс хэн нэгний араар ордог, нуугддаг хүн би биш. Яах вэ, надад баруун монгол зан байдаг байж магадгүй. Манай удамд, аав, ээж талаасаа ч шударга хүмүүс байсан.

-БИДНЭЭС ХАМААРАХГҮЙ АСУУДАЛ БИЙ-

-2025 оны улсын төсвийг удахгүй хэлэлцэх гэж байна. Өмнөхөөсөө ялгаатай нь нийслэл Улаанбаатар хотод анх удаагаа 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг гурван жилийн хугацаатай хийхээр хуульчлах нь. Жилдээ 10 орчим их наяд төгрөг гэсэн үг. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг нийслэлд гэнэт “цутгах” нь хэр оновчтой шийдэл вэ? Эргээд инфляцаа хөөрөгдөхгүй юу?

-Засгийн газраас 2025 оны төсвийг боловсруулахдаа нэлээд бодож байж оруулж ирсэн байна лээ. Монгол Улсын хүн амын талаас дээш хувь нь нийслэлд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, эндэхийн суурь асуудал нь Монгол Улсынх болчихоод байгаа юм. 1.7 сая хүн амын 700 гаруй мянга нь хүүхдүүд. Эдгээр хүүхдийн ирээдүй, түгжрэл, утааг шийдэхийн тулд ийм шийдэлд хүрэхээс өөр аргагүй. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Үүнийг гурав дахин нэмэгдүүлэх боломжтойг Ерөнхий сайд хэлсэн. Гол нь улс төрийн нөхцөлд ойлголцож, хамтарч ажиллаж чадах баг хамт сонгогдсон тохиолдолд гэж байгаа юм. Доороо улстөржөөд байвал энэхүү хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй гэсэн үг. 

Хоёрдугаарт, эдгээр хөрөнгө оруулалтын асуудал цэвэр гадаад худалдааны тэнцэлд нөлөөлөхгүй төслийг явуулахаар төлөвлөсөн юм билээ. Эрчим хүч дээр гэхэд гадаад валютаа аль нэг хөршдөө өгч байгаа. Тэгэхээр эрчим хүчний төслөө урагшуулна гэдэг нь ОХУ-д өгдөг 70 сая ам.долларыг тодорхой хувийг дотооддоо авч үлдэнэ гэсэн үг. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт хэрэгжүүлэх гэж байгаа мега төслүүд эдийн засгийн үр өгөөжийн хувьд ашигтай. Зам харилцааг ч бодолцох ёстой. Түгжрэлийн улмаас маш их хэмжээний эдийн засгийн боломжоо алдаж байна. Ямар ч бүтээмжгүй байна. Өдрийн дийлэнх цагийг зам дээр өнгөрүүлж байна. Тэр хэрээрээ бухимдаж, стрессдэж байна. Нийгмийн эрүүл мэндийн асуудал болж байна. 

Энэ бүхнийг шийдэхэд томоохон хөрөнгө оруулалт хийгээд явах нь алсдаа Улаанбаатар хот монгол хүний бүтээмж, эрүүл мэндийн асуудалд чухал нөлөө үзүүлнэ. Энэ хэрээрээ эдийн засгийн өгөөж нь өндөр гарна. Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд олон тооны ажлын байрыг бий болгох гэж байна. Эдийн засгийн эерэг үзүүлэлтийг дэмжээд өгвөл байнгын ажлын байр бий болж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч нэмэгдэнэ. Нөгөө талдаа энэ хэмжээний уул уурхайн экспортыг дэмжсэн бодлого тасралтгүй явуулах ёстой. Монгол Улсын эдийн засгийн суурь бүтэц нь нэгэнт уул уурхай болсон нь үнэн учраас. Тэгж байж томоохон бүтээн байгуулалтын ард гарна, эдийн засаг өснө. Үндэсний баялгийн сан дээр гэхэд 560 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. Ирэх жил 13 мянган айл өрхийн ипотекийн зээл гарна гэсэн төлөвлөгөөтэй байна. Үүнийх нь 50 орчим хувийг нийслэлд зарцуулна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийхэд тодорхой хэмжээний бэлтгэл ажил, дэс дараатай явахад нэг талдаа ажлын байрыг нэмэгдүүлнэ, нөгөө талдаа эдийн засгаа тэлнэ, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана. Энэ бүгдийг хослуулаад явахад эдийн засагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байх. 

Мэдээж биднээс хамаарахгүй асуудал бий. Урд, хойд хөршийн нөхцөл байдлаас шалтгаалдаггүй л юм бол өөрсдөдөө байгаа боломжийг ашиглаад явах нь зүйн хэрэг. 

-Томоохон бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн 30 их наядыг захиран зарцуулах эрх нь хэнд хамаарахаар байгаа вэ? Нийслэлийн Засаг даргад уу, эсвэл Засгийн газар нь гүйцэтгэлээ санхүүжүүлээд явахаар байна уу?

-2025 оны төсвийг хараахан хэлэлцэж эхлээгүй байна. Богд уулыг нүхлэх, ган татлагат гүүр барих, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын түвшинд байгуулсан Үндэсний хороо ажиллаад явах байх. Зарим нь нийслэл рүү ирэх болов уу. Эрчим хүч, тойрог зам, Туул голын хурдны зам, метроны төслийг нийслэл өөрөө хариуцаад явъя аа л гэж байгаа. Нийслэлийн төсөвт хуримтлуулдаг татвар төлөгчдийн мөнгийг цаашид олон жижиг ажилд хуваарилах биш суурь асуудлыг шийдэх, дэд бүцтийг шийдэхэд зарцуулна, бусдыг нь хувийн хэвшил хийнэ гэсэн ойлголттой байна. 

30 их наядыг зөвхөн улсын төсвөөс гаргах гээд байгаа юм биш. Боломжийг нь хувийн хэвшилд гаргаж өгнө. Тэр дагуу өөрсдийн зах зээл, боломжийг хөгжүүлнэ. Хувийн хэвшил нь өөрсдөө ашигтай ажиллах, ажлын байрыг бий болгоход чиглэнэ.

-Төр, хувийн хэвшлийн түншлэл гол шугамаа болгох юм байна?

-Тийм ээ. Бүх зүйлийг Төр өөрөө хийх бус заримаас нь татгалзах чиглэлийг баримтлах юм. Жишээ нь, Улаанбаатарын аль нэг хэсэгт төлөвлөлт хийгээд тэнд нь тэдэн мянган айлын орон сууц, үйлдвэр байгуулах бололцоог бүрдүүлнэ. Түүнд нь сонирхолтой байгаа хувийн хэвшлийг оруулна. Ер нь газрыг эзэмших байдлаар биш төсөл хэлбэрээр өгөөд явах нь зөв. Тэгэхгүйгээр хэдэн мянган га газар хувьдаа авчихаад компани дээрээ бирж ажиллуулаад суудаг захирлууд байна. Нэг булангаас нь тасдаад барилгын компанид өгдөг. Сургууль, цэцэрлэг, авто зогсоол ч байхгүй барилга бариулдаг. Харин энэ удаад тийм алдаа гаргахгүй. Төлөвлөлтийн дагуу барьж чадах компанитай нь хамтарна. Хууль, эрх зүйн орчин ч бүрдсэн.

May be an image of 1 person

-“БАЙ”-ГАА ОНОСОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ НЬ ЧУХАЛ-

-Нийслэлийн хэмжээнд жилдээ ойролцоогоор 10 гаруй их наядын хөрөнгө оруулна гэдэг мэдээж том тоо. Тэр хэрээрээ нийслэлийн Засаг даргын сангийн авдар томорч таарна. Нөгөө талд Засгийн газар, Сангийн сайдтайгаа дүйх хэмжээний төсвийг захиран зарцуулах эрхийг хотын мэйрт олгож буй засаглал талаасаа зөрчил үүсгэх шалтгаан болохгүй юу? 2012-2014 оны үед Эдийн засгийн хөгжлийн яам нь Бондын мөнгийг хуваарилах статустай байснаас Монгол Улс хоёр, гурван төсөвтэй юм шиг явсан гашуун сургамж бидэнд бий?

-Монгол Улсад Төрийн байгууллагууд нь нэгдмэл байх зарчимтай. Төсвийн болон Өрийн удирдлагын хууль нь ч тийм. Дан ганц нийслэл гэлтгүй бусад аймгууд ч улсын төсвөөс татаас авахгүйгээр бие дааж хөгжих боломжийг эрэлхийлэх ёстой юм, уг нь. Түүнээс энэ аймаг, Улаанбаатар хөгжих вий гэсэн болгоомжлол байж болохгүй. Өнөөдөр нийслэл хот маань 1.7 сая байнгын оршин суугчтай, ирж, гардгийг тооцвол бараг хоёр сая гарчихсан хүн амтай. Эдийн засгийн эрчимжилт, таталцлын хувьд том гэсэн үг. Үүнийг зөв зохицуулж чадахгүй, анхаарал хандуулахгүй бол асуудал улам томорно. 

Өнгөрсөн 30 жилд явж ирсэн энэ зарчмуудыг өөрчлөх, зоригтой шинэчлэх зорилт Засаг дарга Х.Нямбаатар багт байна. Яагаад шийдэж болохгүй юм, тэгэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тууштай хэрэгжүүлээд явъя аа л гэж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зарцуулалтыг шат шатандаа бүрэн хянаад явах бүрэн боломжтой. Олон нийт ч тавина. Төрийн аудитаасаа эхлээд бүх зүйл нь байж байна. Том төсөвтэй болох вий гэхээсээ бидний орлогыг зөв зарцуулах, “бай”-гаа оносон бүтээн байгуулалт хийх нь чухал. Хувийн хэвшилд орон зайг нь гаргаж өгөх тухай асуудал юм. Түүнээс Х.Нямбаатар ганцаараа дур мэдэж зарцуулах гээд байгаа зүйл огт байхгүй. Хувийн хэвшлийнхэн бизнес хийхэд Х.Нямбаатар гэж хүн орон зайг нь л гаргаж өгнө. Тэдэн мянган айлын орон сууцтай хамт дулааны цахилгаан станцын тархмал эх үүсвэрийг барьж чадах уу? Барьсныхаа дараа хэрэглэгчээс үнэ тарифаар хөрөнгө оруулалтаа нөхөх болзлыг тавина. 

Зарим хүн андуураад байх шиг байна. Бидний батлуулсан хуулийн агуулга нь бизнесийнхэн хийнэ, тэдэнд орон зайг нь гаргаж өгөх тухай л байгаа. Ингэж байж олон хөрөнгө оруулалтыг шийднэ. 

-Хотын даргын орлогчоор ажиллаж байсны хувьд асуухад нийслэлд хөрөнгө оруулах сонирхол хувийн хэвшлийнхэнд үнэхээр байна уу?

 -Үнэ тарифын бодлогыг зөв болгож өгөхгүйгээр сонирхол төрөхгүй. Тиймээс эрчим хүчний салбарын үнэ тарифыг анхаарах шаардлагатай. Ер нь аливаа зүйлийг зах зээлийн зарчим руу нь ойртуулаад өгвөл хувийн хэвшлийнхэнд хөрөнгө оруулах сонирхол байна уу, гэвэл байна. Байнгын ажлын байрыг бий болгоод урт хугацаандаа авч явах, илүү бүтээмжтэй байдлаар ажиллах бололцоотой. Хот, нийтийн аж ахуйн тариф өсөөгүй учраас хувийн хэвшил сонирхохгүй байгаа юм. Тогтвортой байдал, татварын уян хатан нөхцөл, тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн тохиолдолд тэд хөрөнгө оруулах сонирхолтой байна. Тиймээс ажиллах хүчнээс нь эхлээд дэмжих ёстой. Ажиллах хүчний квотыг дандаа томоохон аж ахуйн нэгж авдаг байсныг өөрчилнө. 10-20 хүнтэй нь тоног төхөөрөмжөө суурилуулсан ч мэргэжилтэн байхгүйгээр 4-5 хүнээ гадагшаа явуулж сургадаг. Энэ хэрээр цаг хугацаа алдаж, нэмэлт зардал гаргадаг. 

Өөрөөр хэлбэл, томуудад нь боломж байдаг, жижгүүдэд нь байхгүй байж болохгүй учраас эрх тэгш өрсөлдөх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Тэгж байж жижиг нь дунд руу, дунд нь том руу шилжих, том нь улс орон, нийслэлийн ачааг үүрэлцэх боломжийг бүрдүүлэх ёстой. Х.Нямбаатар даргатай Хууль зүй, дотоод хэргийн яаманд хамт ажиллаж байхад Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын асуудлыг зохицуулсан хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Харамсалтай нь, хэлэлцэхгүй явсаар хууль санаачлагчид буцсан. Харин Засгийн газраас тун удахгүй өргөн барих юм билээ. Энэ хуулийг баталж байж ашигтай, ажилладаггүй олон компанийг цэгцэлнэ. Ямар ч байсан хувийн хэвшилд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ. Үнэ тарифын бодлогыг зах зээлийн зарчим руу шилжүүлнэ. Газар олголтыг ил тод болгоно. 

-Уг нь Танд хууль санаачлах эрх нь байгаа?

-Өмнө нь энэ асуудлаар явж байсны хувьд цаашдаа ч явна. Жишээ нь, барилга байгууламжийг Улсын комисс хүлээж авахаас эхэлж шинэчлэх асуудлыг хөндөнө. Хувийн хэвшил, зургийн автор нь хийдэг болъё. Зургийн авторт нь тэр эрх хэмжээг олгоё. Тэрийгээ даатгалын системтэй хослуулъя гэж байгаа юм. Чанартай, чанаргүй барилгыг Улсын комисс буюу Төрийн албан хаагчид очоод хүлээж авдаг. Хоёроос гурван жилийн дараа сантехник нь эвдэрдэг, пасад нь салаад унадаг. Насаараа төлөх хөрөнгө оруулчихаад тийм зүйлтэй учирна гэдэг хэцүү. Зөвхөн нийтийн орон сууц дээр ч биш томоохон худалдааны төвүүдэд ч ийм асуудал үүсдэг. 

Их хэмжээний үнэ өртөг төлж, талбай худалдаад авчихдаг. Гэнэт ус алдах төдийд ямар ч стандартгүй. Миний сонссоноор доороо уран зургийн галерэйтэй үйлчилгээний төвд дээд давхраас нь ус алдсан байгаа юм. Улмаар ус алдсан ресторан нь том мөнгөн дүнтэй төлбөрт унасан. Энэ бол зөвхөн худалдааны төв. Ийм асуудалд Төр хяналт тавихаас илүүтэй зургийн автор, мэргэжлийн хүн нь хяналтаа тавих эрх хэмжээг л олгож, бүрдүүлэхийн төлөө хууль санаачилж явна. Эцсийн дүндээ Монгол Улс бизнес эрхлэхэд гарсан маргааныг шийдвэрлэхэд зардал, цаг хугацааны бага байх, түүнд нь Төрийн байгууллага хутгалдаад байдаггүй эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө явна. 

Уг нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд байхдаа төслөө бичсэн, явахдаа үлдээсэн. Одоо өөрөө түүнийгээ манлайлаад явах бодолтой байна.

-ТЭР ХҮНИЙ ЯРЬЖ, ХЭЛЖ БАЙГАА БҮХ ЗҮЙЛ НЬ ХУУРАМЧ ЮМ БИШ ҮҮ-

-Нийслэлд бүтээн байгуулалт эрчимтэй өрнүүлж байгааг сонгуультай холбож шүүмжлэх хэсэг олон байна. Ялангуяа бродюр тойрсон хардлага нийгмийн ярианы гол сэдэв болсоор удлаа шүү дээ?

-Нягтлаад явах л хэрэгтэй. Нэг залуу хуурамч падаан бичиж ирээд шуугиуллаа. Ерөөсөө л тэр хүний ярьж, хэлж байгаа бүх зүйл нь хуурамч юм биш үү. Эхлээд Эрээн явлаа л гэсэн, дараа нь үгүй л гэж байна лээ. Ингэж олон нийтийг төөрөгдүүлж, бүтээн байгуулалтын ажлыг гацааж болохгүй. Үнэхээр асуудал байгаа бол хянаж шалгах нь чөлөөтэй. Хуулийн байгууллагад өгөөд шалгуулж болно. Харин огт хийх ёсгүй ажил гэж улстөржүүлж байгаад эмзэглэж л байна.

Автозамын чанарыг хадгалж үлдэе гэвэл бродюрыг шинэчлэх ёстой. Хоёрдугаарт, өмнөх нь хуучирч, хамуурснаас болж байнгын зам завсарын ажил хийх шаардлага үүсдэг. 207 дугаар байранд гал гарч, газ урсахад бродюр дээрээ тогтсон байдаг. Стандартын дагуу байгаагүй бол байр руугаа урсч ороод маш их хэмжээний гал дэгдэх эрсдэлтэй байсан. Хотод байгаа бүх зүйлд стандарт байдаг юм. Түүнээс бүх зүйлийг үгүйсгэж, харлуулж, улстөржүүлж болохгүй. Уг нь Улаанбаатарын асуудлыг яаж шийдэх вэ? гэдэг рүү явах ёстой. Улс төрийн намууд үүнийг бодолцох учиртай. Зөвхөн мөнгө тараана гээд улс орны эдийн засгийг хорлож болохгүй. Хүүхдийн нэрээр түрий барьж болохгүй. Улаанбаатарт хийж байгаа бүх зүйл ерөөсөө л хүүхдийн төлөө байдаг юм. Х.Нямбаатар дарга ажлаа авахдаа “Ухаалаг хот”-ын гол шалгуур хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангасан байдлаар явна гэдэг концефцийг дэвшүүлсэн. Миний хувьд ч сонгуульд нэр дэвших үедээ “20 минут”-ын хотын ард хүүхдийн эрхийг хангахыг хэлнэ гэдгийг илэрхийлж байсан. Нэг хүн гэнэт гарч ирээд дэвшүүлсэн зүйл огт биш. Бусдаас будаа иднэ гэдэг шиг л явж байна.

Өөрийн толгойгоор ч ажилладаг хүн алга. Улс төрийн сонгууль болж байгаа энэ цаг үед иргэд өөрсдөө дүнгээ тавих байх. Үүнээс үл хамаарч бүтээн байгуулалтын ажлуудыг явуулах ёстой. Бид сайн замаар зорчих хэрэгтэй байна. 

-Дотоодын үйлдвэрлэгчдээс бродюр авах боломж нь байсан л байх?

-Яг энэ асуудлаар нийслэлээс тодруулах нь зөв байх аа. Хотын даргын орлогчоор ажиллаж байхад дотоодын чулуу үйлдвэрлэгчдэд хэлээгүй биш хэлж байсан. Гэтэл манайхан дотооддоо хангаж чадахгүй л байна. Татварын бодлого нь ойлгомжгүй, хөрөнгө оруулалт байхгүй учраас аж ахуйн нэгжүүд ачааллаа дийлэхгүй. Дээрээс нь бүтээн байгуулалт гэдэг улирлын чанартай. Гурваас дөрвөн сарын хугацаанд хийдэг. Цаана нь хэн хохирох юм, иргэд л хохирно. 

Уг нь явган хүний болон зарим замыг байгалийн чулуугаар хийх санаачилга гарч байсан. Яагаад гэхээр насжилт өндөр. Европын хотуудад гэхэд зарим хэсэгтээ чулуун хийцлэлтэй байдаг. Тэр нь хэдэн зуун жилийн настай. Энэ рүү бид явах ёстой. 32-ын тойргоос “Хүнсний 4”-ийн “Өлзий” төв хүртэл байгалийн чулуугаар тохижилт хийсэн. Ерөөсөө жишиг болгож тавьсан юм. Байгалийн чулуу бага зэрэг үнэтэй. Гэхдээ эргээд хэмнэлтийн горимд ажиллах бололцоог бүрдүүлнэ. Харамч хүн хоёр төлдөг гэгчээр цементен юм авдаг, тэр нь дараа жил бутраад унадаг байж болохгүй.

-АНХ УДААГАА Л СОНСОЖ БАЙНА-

-Хууль тогтоогчийн хувиар асуухад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар одоогийн Ерөнхийлөгчид улиран сонгогдох боломжийг нээж өгөх нь гэсэн яриа нэг бус удаа гарлаа шүү дээ?

-Наад асуудлаар чинь ямар ч мэдээлэл алга.

-Хэрвээ тийм санал орж ирсэн тохиолдолд яах вэ? Ер нь Үндсэн хуульдаа ингэж ойр ойрхон “гар хүрэх” нь зөв юм уу?

-Мэдээж ойр, ойрхон гэдгийг бид бодолцох ёстой. Тэгээд ч Үндсэн хууль бол гар хүрч болдоггүй бичиг баримт биш. 

-Нийгмийн гэрээ...

-Ард түмэн буюу иргэд хооронд байгуулсан нийгмийн гэрээ. Тэгэхээр цаг үеийн шаардлагаар сайжруулах шаардлага үүсвэл тэрийгээ хийгээд явах нь зөв. Тэр нь хууль ёсны, үндэслэлтэй, алсыг харсан, маш болгоомжтой хандах ёстой. 

-Гол асуудал нь хэн нэгний эрх мэдлийг хадгалах гэж өөрчлөлт оруулах ёстой юу гэдэгт л хариулт авах гээд байгаа юм?

-Тийм зүйл одоогоор яригдаагүй. Анх удаагаа л сонсож байна аа. 

Ярилцсанд баярлалаа.

UZEG.INFO