П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв
П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв
Боловсролын салбар бол төрийн байгууллагууд дундаас хамгийн өнөр ам бүлтэй, нүсэр бүтэцтэй, тэр хэрээрээ өөрчлөлтөд удаан дасдаг консерватив систем л дээ. Энэ салбарт Пүрэвсүрэнгийн Наранбаяр сайдаар томилогдон ирсэн. Салбарын хүн ирсэн учраас хүлээлт өндөр байлаа. Гэвч тэр "өөрийн хүсэлтээр" албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдөл өгчихлөө. Халааг нь авах сайдын нэр ч тодорчихлоо. Үүний цаана улс төрийн шахалт, тохиролцоо байсан нь тодорхой. Нэг өдөр хоёр сайд гэнэт өргөдлөө өгөх нь тохиолдол биш. Юутай ч П.Наранбаяр боловсролын салбарт өөрчлөлт авчирч чадсан уу, жаахан ч болтугай гэгээ нэмсэн эсэхэд хариулт хайлаа. Гар хумхиад суусан гэж хэлэх нь хаашаа юм. Хөгжлийн манлайд хүргэсэн гэж хоосон магтах ч шаардлагагүй. Салбар толгойлохдоо юу хийсэн юм гэдийг дүгнэе.
Тэрээр сургалтын агуулгыг "Монголын үнэртэй" болгож, дэлхийд үнэлэгдэх монгол иргэдийг бэлтгэх; хоёрдугаарт, боловсролын үйлчилгээг олон төрөлт загвар бүхий сонголттойгоор хүргэх; гуравдугаарт, багшийн үнэлэмжийг дээшлүүлж, цалингийн бүтцийг шинэчлэх; дөрөвдүгээрт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. 2026 оныг "Боловсролын жил" болгох лобби хийж, зарлуулж чаджээ. Ингэснээр салбарын хөрөнгө оруулалтыг 1.1 их наяд төгрөгт хүргэж, өмнөх оноос хоёр дахин өсгөжээ. Боловсролын салбарт зарцуулж байгаа нэг төгрөг ирээдүйд 10 төгрөгийн үр ашиг авчирна гэдэг. Тэр тусмаа манайх шиг жилээс жилд сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа улсад хөрөнгө оруулалт маш чухал. Хүртээмж хангалтгүй учраас л өнөөдөр нэг ангид 40, 50, 60-уулаа суралцаж, багшийн ачааллыг ч нэмэгдүүлж байгаа шүү дээ.
Дэлхийн хүн бэлтгэх агуулгын шинэчлэл
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хамгийн эхэнд шинэчлэв. Өв соёлоо танин мэдэх, хүндэтгэн дээдлэх агуулгыг түлхүү тусгасан нь ирээдүйн монгол иргэдийг бэлтгэхэд анхаарсан хэрэг. Үүний дээр өдөр тутмын хичээлийн конспектыг нэг загварт оруулсан нь багшийн ачааллыг бууруулж, хүүхдүүдтэйгээ тулж ажиллах цагийг түлхүү гаргах боломжтой болов. Залгуулаад бага боловсролын хөтөлбөрийг шинэчлэв. Энэ нь зүгээр нэг "косметик хагалгаа" биш сууриар нь өөрчилж, академик мэдлэгээс гадна анхаарал төвлөрлийг дэмжих дасгалууд, эрүүл зөв амьдрах дадлууд бүх судлагдахуунд тусгагдаж байгааг экспертүүд онцолж байна. Жишээлбэл, хүүхдэд нэгдүгээр ангиас нь эхлэн эрүүл мэндийн боловсрол олгохдоо амьдралд хэрхэн ашиглахыг багш нь биечлэн үлгэрлэнэ гэсэн үг. Тухайлбал, үдийн хоолны өмнө гараа угаах, хоолны дараа шүдээ угаах дадлыг багш нь сурагчидтайгаа хамт өдөр бүр хийх гэх мэтчилэн онолоос илүү "практик" байдлаар хүүхдийг зөв дадал хэвшилд сургахаж. Түүнчлэн гуравдугаар ангиас англи хэл болон компьютерийн хичээл зааж эхэлснээр монгол хүүхдүүдийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болоход дэм болно гэж үзсэнийх гэнэ. Унших чадварыг дээшлүүлэх зорилгоор “Унших бичиг”-ийг сэргээж байгаагаа ч мөн зарласан.
Гэрт ойрхон сургууль
Хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль гэсэн үг зүгээр ч нэг гараагүй. Нийслэлийн иргэд хүүхдээ гэрээс хол сургуульд сургавал цаг хугацаа гэдэг үнэ цэнтэй зүйлийг алдана. Хөдөөгийн малчид болон хилийн цэргийн алба хаагчид бага насны хүүхдээ гэрээс нь хол сум, аймгийн төвд сургах нь хүүхдийн сэтгэл зүй болон гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдгийг олон судалгаа харуулдаг. Харин П.Наранбаяр ААН-үүд татварын нэг хувийг боловсролд зарцуулах хуулийн зохицуулалтыг ашиглан, хувийн хэвшлийнхний дэмжлэгтэйгээр Багийн бага сургууль байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор дөрвөн аймгийн таван багт Бага сургууль байгуулаад байна. Бага төсвөөр богино хугацаанд орчин үеийн стандартад нийцсэн тохилог сургуулийн байр байгуулж байгаа нь цаашид жишиг загвар болох биз. Мэдээж бүх багт сургууль байгуулах боломж хязгаарлагдмал болохоор хүн амын нягтрал өндөр агаад алслагдсан хилийн анги бүхий багуудыг сонгож байгаагаа тэр хэлж байсан. Харин Хотхоны бага сургуулийн тухайд нийслэлд эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаад тэр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн удаатай. Өөрөөр хэлбэл, орон сууцны хотхонд байр түрээслэн сургууль ажиллуулахыг элдэв стандарт, журмуудаар хориглосон байдаг ажээ. Гэтэл цэцэрлэгийг зөвшөөрсөн байдаг нь хачирхалтай. Энэ мэтчилэн П.Наранбаяр сайдын үед боловсролын үйлчилгээг хосмог сургалт, цахим сургууль, багийн бага сургууль зэрэг олон сонголттой болгосон нь яах аргагүй дэвшилтэт санаа гэж хэлж болох юм.
"Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөр
Нэрийг нь сонсоод техник талын ойлголт л санаанд бууж байлаа. Гэтэл сүүлийн үед шуугиулаад байгаа сэдэв болох Үе тэнгийнхний дээрэлхэлтийн эсрэг цогц арга хэмжээ буюу "Аюулгүй сүлжээ" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хүүхэд хамгааллын чиглэлээр өнгөрсөн хугацаанд 30 гаруй хууль, дүрэм, чиглэл гаргасан ч хэрэгжилт нь туйлын хангалтгүй хэвээр байв. Иймд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажиллагаа, нэгэнт дээрэлхэлт үйлдэгдсэн бол түүнийг таних, бүртгэх, мэдээллийг нэгтгэх платформ, түүнчлэн итгэлцэл бүхий аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлэх загвар гаргаж, үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр ажлын хэсэг байгуулснаа зарласан. Боловсролын яам хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудалд олон нийт шуугихаас өмнө анхаарч, хөтөлбөр боловсруулсан нь сайшааж болохоор юм. Харин үр дүн ямар байхыг цаг хугацааны дараа л дүгнэх байх. Дээрэлхэлт нь цахим орчинд илүүтэй гарч, хүүхдийн сэтгэл зүйд маш хүнд гэмтэл учруулж байгаа тул “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, бусад яамдаас санал авснаар өргөн барихад бэлэн болгожээ. Уг төслөөр бол 16 нас хүртэлх хүүхдийг нийгмийн сүлжээнд оролцуулахыг хориглон хязгаарлах ажээ. Үүний зэрэгцээ Япон, Солонгос зэрэг улсын туршлагаас санаа авч, Дээрэлхэлтийн эсрэг хуулийн төсөл боловсруулж эхэлснээ салбарын сайд мэдэгдсэн. Дараагийн сайдболох Л.Энх-Амгалан энэ ажлыг нь үргэлжлүүлнэ гэж хэлэхийг хэвлэлээс харсан.
Цалингийн бүтцийн шинэчлэл
Хэл ам, маргаан дагуулсан ч багшийн үнэлэмжийг бодитоор нэмэв. Багш нарын цалин үндсэн болон нэмэгдэл хөлс, нэмэгдлээс бүрддэг. Манайд үндсэн болон нэмэгдэл цалингийн харьцаа 50:50 хувьтай байсан. Иймд үндсэн цалингийн эзлэх жинг нэмэгдүүлж, 70 хувьд хүргэх зорилт тавьснаа зарласан. Учир нь хүн бүрийн баталгаатай авдаг үндсэн цалинг аль болох ахиу нэмж байж, амьдралын баталгааг хангах боломжтой гэж тэр үзсэн байна. П.Наранбаяр ч ганцаараа тэгэж үзэж байгаа хэрэг биш л дээ, дэлхий даяар ийм зарчим барьж байна. Нэмэгдэл гэдэг бол хүн бүрд харилцан адилгүйн дээр байнга баталгаатай авах хөлс биш учраас Дэлхийн банкнаас үндсэн цалинг нэмэгдүүлж, элдэв нэмэгдлийг цөөлөх зөвлөмжийг манайд өгч байв. Ямартай ч салбар толгойлоод хоёр жил хүрэхгүй ажлаа өгөхдөө 93000 багш, ажилтны үндсэн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж, ЕБС-ийн багш нарын үндсэн цалинг 1.4 саяас 2 сая 226 мянган төгрөгт, СӨББ-ын багшийн үндсэн цалинг 1 сая 471 мянгаас хоёр сая 335 мянга 500 төгрөг хүртэл өсгөжээ. Энэхүү нэмэгдэл нь үндсэн цалингаас өөр нэмэгдэлгүй, тав хүртэлх жилдээ ажиллаж байгаа 10 мянга гаруй залуу багш болон цэвэрлэгч, харуул хамгаалалт зэрэг 35 мянган үйлчилгээний ажилтны цалинд илүү бодит өөрчлөлт авчирсан. Харин олон төрлийн нэмэгдэл авдаг ахмад багш нарын тухайд нийт цалин 50 хувь нэмэгдэнэ гэсэн хүлээлтэд нь хүрээгүй тул эсэргүүцсэн. Эсэргүүцэх бас нэгэн шалтгаан нь төсвийн дутагдал. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгүүдэд олговол зохих төсвийг нь дутуу олгосноос сургуулийн удирдлагууд багш, ажилчдын 1-2 өдрийн цалин эсвэл нэмэгдлийг нь дараа сард нөхөн олгох байдлаар дотооддоо зохицуулалт хийсэн. Энэ нь"гал дээр тос нэмж", багш нарын бухимдлыг улам дэвэргэсэн гэхэд болно. Гэхдээ санхүүжилт дутуу хийгдсэн нь салбарын сайдын бус Сангийн яамны асуудал л даа. Оны эхээр төсвийн орлого тасалдсан уу, эсвэл ХҮН-ын сайд хэмээн алаг үзсэн үү, шаардлагатай санхүүжилтийг бүрэн хийгээгүйгээс нөхцөл байдлыг улам хүндрүүлж, хамаг цохилтыг П.Наранбаяр үүрсэн. Яг л махны машинд хяргуулж дуусахыг нь отож байгаа мэт гомдлын үгс, дайралтаар булуулж байхад нь танхимаас нь бол ганц үг ган хийж өмгөөлөөгүй. Салбарын сайд шидэт дохиур атгаад суудаг биш болохоор хүслээрээ бүхнийг шийддэггүйн жишээ эндээс харагдаж байсан. П.Наранбаяр салбарынхныхаа үндсэн цалинг 50 хувь нэмэхэд шаардлагатай төсвийг батлуулж чадсан уу гэдэг эргэлзээг дээрх ойлгомжгүй байдал дагуулж байгаа юм. Эргэн саная. Энэ оны төсвийг хэлэлцэх үед салбарын сайдын хувьд багш нарын цалинг 50 хувиар нэмэхэд 960 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байна хэмээн тооцооллоо оруулж ирсэн. УИХ үүнийг 618 тэрбум болтол бууруулж баталсан. Оруулж ирсэн төсвийг нь танаж баталчихаад, дараа ньУИХ-ын даргаасаа эхлээд ЗГ-ын гишүүд нь хүртэл орон нутагт иргэдтэй уулзахдаа "П.Наранбаяр багш нарын цалинг бодитоор нэмсэнгүй" хэмээн ярьж явсан. За тэгээд улстөрчид олон нүүртэй төдийгүй ичих булчирхайгүй байдаг даа.
УИХ нэгэнт шаардлагатай төсвийнх нь 30 гаруй хувийг хасаж баталсан болохоор салбарын сайд нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй болоо биз. Гэхдээ сайд цалин бодож, хуваарилдаг хүн биш. Тус яамны харьяа агентлаг болох Боловсролын ерөнхий газар аль, сургууль, цэцэрлэгт хэдэн төгрөгийн төсөв хуваарилах вэ гэдгийг батлагдсан журмын дагуу тооцоолон хуваарилдаг.
Ил тод, өрсөлдөөнийг дэмжиж чадсан болов уу
Боловсролын салбарт олон жил бугшсан ЭШ болон олимпиадын булхайг халсан шийдвэрүүд нь цаг үеэ олчихов уу гэсэн дүгнэлтэд хүргэв. Тестүүдийг нээлттэй болгож, шалгалтыг жилд хоёр удаа авах боломж бүрдүүлсэн нь сурагчдын сэтгэл зүйн дарамтыг багасгаж, амжилтаа ахиулах бодит боломжийг олгосон гэж боловсрол судлаачид хэлцгээх юм. Түүнчлэн багш бэлтгэх эрчимжүүлсэн сургалтууд, дээд боловсролын босго онооны реформ нь ирэх жилүүдэд Монголын боловсролын чанарыг илтгэх гол үзүүлэлт болж мэдэх юм. Боловсролын үйлчилгээг хос хэлээр явуулах шийдвэрийг нь мөн энд дурдах хэрэгтэй. Аж ахуй нэгжүүд татварынхаа нэг хувийг боловсролын салбарт зарцуулах боломжтой журам батлав. Боловсролын ерөнхий газрын нүсэр бүтцийг 60 гаруй орон тоогоор цөөлж, төрийн албаны данхар бүтцийг цомхон, үрашигтай болгосон нь П.Наранбаяр сайд албан тушаалаасаа бууж байгаа ч төрийн залгамж болгон авч явах шийдвэр, бодлогын шинжтэй реформ нь үргэлжлээд явна гэж найдаж байна. Энд бүгдийг дурдаагүй ч салбарын хүн гэсэндээ шинэчлэл хийхээр зүтгэсэн нь харагдаж байна.
Улс төрийн томилгоогоор ирсэн сайд явж л байдаг. Гэвч монгол төрд, салбарын бодлогод залгамж чанар гэж байх ёстой. Ирсэн болгон сайн дураараа нэг юм сэтгээд өмнөхөө бүр үгүйсгээд явчихдаг. Үүнээс л бид ангижирч, аль нэг нам, хэн нэг хүнээс хамааралтай биш залгамж чанараа гээлгүй, бодлогоо үргэлжлүүлэх нь аль ч салбарт хамааралтай. Төрд өндөр алба хашихаар юухнаас ч хумсалж байдаг гэх нийтлэг ойлголт бий болоод хийсэн ажил, санаачлага нь юу байв, гай болов уу, гавьяа байгуулав уу гэдгийг өнгийж харах нь ховор болж дээ. П.Наранбаяр сайдын салбартаа хийсэн ажлыг хачиргүйгээр хүргэх гэж хичээв.

