Шаазан эдлэл болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, залуучуудтай уулзалт хийх АртАялалынхаа ажлаар Оюу толгой яваад Улаанбаатартаа иртэл Оюу толгойн тухай ээлжит шуугиан дахин өрнөжээ. 

Тэнд их бүтээн байгуулалт өрнөж 14 мянган монгол залуус цаг нартай уралдан ажиллаж бүтээж байхад харин энд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр эх толгой нь үл мэдэгдэх бөөн хэрүүл уруул болж байна.

Би арван таван жилийн өмнө Өмнөговийн Ханбогд, Оюу толгойд очиж зураг авч байсан билээ.

Энэ 2003 онд авсан зураг. “Айвэнхоу майнз” компанийн Оюу толгой төслийн монгол ажилчид сумогийн барилдаан үзэж байна. 


Харин энэ долоо хоногийн өмнө дарсан зураг. Нөгөө зурагт үздэг байр. Үүдэнд нь өөриймсгөөр хөлөө жийн суусан хоёр эрхэм бол Оюу толгойн богино боловч баялаг түүхтэй салшгүй холбоотой хүмүүс С.Санждорж, Т.Мөнхбат хоёр.

Төслийн хаяг өнөөдөр Оюу толгойн музейд аль хэдийн залагджээ. Харин модон байшинг хамгаалалтад авч анх байсан газраас нь /ил уурхайн газарт орсон учир/ өөр газар авчирч хадгалжээ. Удахгүй том музейтэй болохоороо хүндэт байраа олно гэнэ. 


Бяцхан түүх нэхэн өгүүлэхэд, 1997 онд хайгуулын ажлын үр дүнд Д.Гарамжав, С.Санждорж, Деннис Кокс, Т.Мөнхбат болон геологич Г.Оюун нар Өмнөд Оюугаас кварцын судлууд илрүүлжээ. Тэд кварцын судлууд олдсон талбайд гурван овоо босгож тэмдэглээд орхисон нь хожим “Алтан гурвалжин” хэмээгдэх болсон билээ. 


Эрлийн багийнхан зургаан өрөм тавьсны нэг нь “Алтан гурвалжин” дотор байв. Сүүлд яг тэнд тавьсан гүний өрөмдлөгөөр Өмнөд Оюугийн орд газрын эрдэсжсэн хэсэгт анх хүрч, Оюу толгойн их ордыг дэлхий нийтэд ил болгосон юм.


Оюу Толгойн ордыг анхлан нээлцсэн нэрт геологич, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дондогийн Гарамжав 1967 онд МУИС-ийн геологийн ангийг дүүргэж, зэсийн хайгуулаар мэргэшжээ. Д.Гарамжав 1983 оны 4 дүгээр сард анх Оюу Толгойд ирж, Ханбогд суманд том хуйлрал илрүүлэн судалж байв. Тэр бол Оюу Толгойн зэсийн эрдэсжилтийг анх илрүүлж, тэмдэглэсэн хүн юм.

Өнөөгийн Оюу толгойн цар хүрээгээр бол жижигхэн харагдах энэ хашаанд Д.Гарамжав, С.Санждорж Т.Мөнхбат нар олон газар газрын геологичид мэргэжилтнүүдтэй хамт амьдарч, судалгаа шинжилгээ хийн төслөө тайлбарлан ярьж олон гийчин зочдыг угтан үдэж байсан./зураг 08/ Оюу толгойд бүтээн байгуулалт эхлэхээс өмнө гэрээ байгуулж ажил эхлэх нь эргэлзээтэй байсан он жилүүд нэгэнт ард хоцоржээ. Яг энэ газар одоо ил уурхайгаас хүдэр олборлож байна.


Санждорж одоо ч зочдыг угтан авч уурхайгаа тайлбарлан ойлгуулдаг гол хүн хэвээр байна.Аяга цай уух зуур хайгуул шинжилгээ хийхээр майхнаа дэврүүлж халуунд халж хүйтэнд хөрч байсан тухайгаа ,өрөмдлөгөөс гарсан дээжээ цувуулан тавих юм бол Эрдэнэт ороод буцахын дайтай болох тухай бахархан ярьдаг байснаа хуучилав.


Харин өнөөдөр дээжээ судалж шинжилж дуусаад газар дороос ухаж гаргаж ,гурил шиг нунтаглан бутлаад цэвэрлэж баяжуулан экспортолж байна.

Ил уурхайгаас хүдрийг 290 тонны даацтай аварга том “Комацу” машинд ачдаг. Ийм 30 орчим машин ээлжээр ажиллаж, ил уурхайн гүнээс хүдэр зөөдөг.Биднийг очиход ээлж солигдож байв.Сумьяасүхийн Нандиачулуу гэх энэ бүсгүй Ханбогд сумаас ирж үйлчлэгчээр Оюутолгойд ажилд ороод дараа нь сургалтад хамрагдан энэ аварга машины Оператор буюу жолооч болжээ. Эмэгтэй хүн том машин жолоодох эрх хязгаарласан байсан дүрэм зааврыг өөрчилөх гэж олон сар хөөцөлдсөн тухай, эмэгтэйчүүд зарим залуусаас илүү эвлэг уран жолооддог тухай үлгэр домог мэт яриа сонсохын хамтхөдөлмөрч нямбай хичээнгүй монгол бүсгүйгээр бахархан бахдах сэтгэл өвөрлөн ил уурхайгаас баяжуулах үйлдвэрийг зорив.


Оюу толгой”-н баяжуулах үйлдвэр нь Монголд барьж байгуулсан хамгийн том үйлдвэр гэж байна. Сонирхуулахад энэ үйлдвэрийг бүтээн босгоход Эйфелийн цамхаг гурвыг барих хэмжээний ган төмөр орж, 15.7 сая хүн/цагийн хөдөлмөр зарцуулсантооцоо гарчээ. Анхдагч бутлуураас газар дээрх туузан дамжуулагчаар хүдэр баяжуулах үйлдвэрт хүрч, тэндээ хэд хэдэн механик, химийн иж бүрэн дамжлагаар боловсруулагдаж, экспортод гаргахад бэлэн эцсийн бүтээгдэхүүн болно. Баяжмал хэмээх уг нарийн ширхэгтэй нунтаг бүтээгдэхүүн нь 25-30 хувийн зэсийн, бусад металлын агуулгатай юм байна. 


Баяжуулах үйлдвэр хоногт 100,000 тонн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадалтай. Энд монгол залуус ажиллаж байна.Баяжуулагч инженер Ц.Төмөртогоо /эмэгтэй/,металлург Г.Мөнхөлзий нар 


Оюу толгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. энэ тухай дараа үзүүлье.