Питер Хандке: Өнө мөнхийн амар амгалан орших боломжтой (Нобелийн шагнал гардаад хэлсэн үгнээс)
Арван зургаан жилийн өмнө 2004 онд Австрийн зохиолч Эльфрида Елинэк Нобелийн шагнал гардахдаа Австрийн зохиолчдоос энэ шагналыг хүртэх ёстой хүн бол Питэр Хандке гэж хэлсэн удаатай.
Тоглоомоо дуусга. Гол дүрд тоглох гэж бүү хичээ. Өөрийгөө эсрэг талын тоглогч хэмээн төсөөлөөд үз. Гэхдээ элдвийн юм битгий бод. Хар буруу юм бүү сана. Юу л байна түүнээ дэлгэн үзүүл. Зөөлөн атлаа хүчтэй бай. Овжин загнаж, урсгалд автан, ялж дийлэхээс зайлсхий. Аливааг бүү ажигла, бүү шалга. Дээд тэнгэрээс илгээсэн дохио тэмдгийг анзаарахын тулд сэргэлэн цовоо орш. Өөрчлөлт шинэчлэлд хэзээд бэлэн бай. Нүдээ битгий нуу, бусдыг сэтгэлийн гүндээ урин зал. Гэлээ ч өөрийн орон зайг бүү алд. Бүхнийг бодитоор үз. Аливааг шийдэхдээ өөдрөг сэтгэлээр хандаж, ялагдвал уужуу тайван бай. Хамгийн гол нь өөртөө цаг гарга, холуур тойруу замаас бүү эмээ. Элдвийг сонирхож сэтгэлээ сэргээ. Өөрийгөө амрааж сур. Ой мод, урсгал усыг анирдан сонс. Сэтгэлийг чинь татаж буй тэр л газар орон руу тэмүүл. Ойр тойрныхноо март, огт танихгүй хүмүүсийг дэмж. Аахар шаахар зүйлсийг анхаарч үзээд, ганцаараа орш. Хувь заяагаа үл ойшоож, зовлон зүдгүүрийг үл тэвч, бэрхшээл тулгарвал инээ. Эрхээ мэдэрч, өөрийн өнгөөр бүрэн дэлгэрэхэд цэцэг навчис хүртэл таатайхан сэрчигнэнэ. Тосгон суурингуудаар дураар аялан яв.
Дөчин жилийн өмнө миний бичсэн “Тосгон суурингуудаар” зохиолын эхэнд нэгэн эмэгтэй өөр нэгэн эрэгтэйд хандан ингэж хэлдэг.
Бага байхад ээж минь зав л гарвал Стара Вас буюу орчуулбал хуучин тосгоны тухай элдвийн хууч ярьж өгдөгсөн. Тэр болгон нь надад жигтэйхэн сонирхолтой санагдана. Энэ үлгэр түүхээ ээж эгч дүү нарт маань ярьдаг байсан л байх. Гэхдээ би л хувьдаа өөрийгөө ээжийн цор ганц сонсогч байсан болов уу гэж санадаг.
Энд ээжийнхээ ярьсан хоёр гурван түүхийг өгүүлье.
Уулын бэлд байх эдлэн газарт ухаан муутай нэгэн бүсгүй үнээ саадаг байжээ. Эдлэнгийн эзэн бүсгүйг хүчиндэж хөл хүнд болгож л дээ. Ингээд төрсөн хүүхдийг нь эзний эхнэр төрсөн хүү шигээ энхрийлэн өсгөжээ. Ухаан муутай бүсгүйг хүүд ер ойртуулсангүй. Хүү ч эзний эхнэрийг ээжээ хэмээн өсөж торнив. Нэгэнтээ хэлд орсон жаалхүү эдлэнгийн захад тоглож байгаад өргөстэй хашаанд ороолцолджээ. Гарах гэж оролдсон ч улам бүр орооцолдов. “Ээж ээ, ээж ээ! Туслаарай!” гэж аврал эрэн хашгирахад ухаан муутай өнөөх саальчин бүсгүй гүйж ирээд хүүг суллав. Эзний эхнэр гүйж ирэхэд саальчин бүсгүй үхрийн хашаа руу буцлаа. Тэгтэл жаалхүү “Ээж ээ, ухаан муутай хүний гар ийм зөөлөн байдаг юм гэж үү?” хэмээн асуусан гэдэг.
“Хагацлын өмнөх богинохон зурвас” туужид эл явдал дуу болон гардаг. Пенсильвани мужийн Филадельфийн бааранд дуулдаг дуучин “Тэр жаалхүү би юм шүү!” гэж ахин дахин дуулдаг шүү дээ.
Ээж маань үүнээс гадна ах дүү, амраг садангийнхаа тухай ярьдаг байлаа. Ингэхдээ ихэвчлэн Хоёрдугаар дайнд амь үрэгдсэн ах, дүү хоёрынхоо тухай өгүүлнэ. Энд би намайг зохиолч болоход хөтлөсөн хоёр явдлыг эргэн дурсахыг хүснэ.
Эхний явдал ээжийн бага дүүтэй холбоотой. Тэр бол 1936 оны хэрэг. Тэгэхэд Ханс ах гэрээсээ сар гаран холдож, дөчөөд бээрийн тэртээх Каринтийн төв Клагенфуртын шашны сургуулийн дотуур байранд суух болжээ. Найман сарын дундуур нэгэн шөнө. Шөнө дүл болсон хойно гэрт, гадаа нам гүм байлаа. Гэтэл гэнэтхэн хашаанд хог шүүрдэх нь дуулдав. Хэн хог шүүрдэв ээ гэвэл ээжийн бага дүү Ханс. Гэрээ санаад дөчин бээрийн алсаас шөнө дүлээр алхаад ирсэн нь энэ. Нагац ах сурах дуртай, сайн ч сурдаг байж. Гэлээ ч гэрээ санасандаа дотуур байрны нэг давхрын өрөөнийхөө цонхоор гараад гүйчихжээ. Харьж ирээд хаалга нь хэзээд цоожгүй байдаг гэртээ орохын оронд шүүр аваад хашаагаа шүүрджээ. Тэр өдөр ээжийн хэлснээр хагас сайн байж. Хагас сайнд тэднийх хашаа хороогоо цэмбийтэл нь шүүрддэг уламжлалтай юмсанж. Тэгээд л дүү нь ирэв үү, үгүй юу хашаагаа шүүрджээ. Ингээд үүр цайхад миний төсөөлснөөр ээж дүүгээ олж хараад дотогш оруулсан гэдэг. Ханс ах тэр явдлаас хойш сургуульдаа эргэж очсонгүй. Хажуу тосгоны мужаанд дагалдангаар орж суралцсан гэдэг. Гэрээ бэтгэрэн санаад гүйж ирсэн ч гэрэвшсэн аятай гэртээ оролгүй хогоо шүүрдэж эхэлсэн шиг ийм явдал миний зохиолд олон янзаар гардаг.
Хоёр дахь явдал нь харин төөрөг заяа гэж байдгийг ухааруулж сэнхрүүлсэн тохиол юм. Надад “Давталт” гэсэн нэртэй зохиол бий. Энэ явдлыг харин “Хоёр дахь давталт” гэж нэрлэх боломжтой мэт санагдана.
1943 оны найман сарын сүүлч, есөн сарын эхээр ээжийн ах Крымийн Дорнод фронтоос хэдэн долоо хоногийн чөлөөгөөр гэртээ иржээ. Автобуснаас буутал дайнд үрэгдсэн хүмүүсийн тухай мэдээ дамжуулдаг хүнтэй халз таарчихав. Тэр хүн яг манай тосгон руу, бага нагац ахыг тундрын ширэнгэд үрэгдсэн тухай дуулгахаар манайд очихоор явж байжээ. Ахтай тааралдсан болохоор муу мэдээгээ ахад хэлчихээд буцжээ. Грэгор ахыг ирэхэд манайхан мэдээж хөл алдан угтсан байж таарна. Ах яван явтлаа дүүгээ, өөрийнх нь хэлдгээр тундрын жаалыг үрэгдсэн тухай хэнд ч хэлээгүй гэдэг. Ээжийн ярих нь энх цагт Грэгор ах гэр амьтай байсан ч чөлөөгөөр ирээд гэртээ тогтож суусангүй. Аав ээж, ах дүүсээсээ дөлсөөр, Стара Вас тосгоноос холуур, хөрш зэргэлдээх Энцэльна Вас, Липа, Руда, Глобасниц, Диекше, Ринкола, Крчанье тосгодоор хэрэн явж, найз нөхөдтэйгөө уулзаж цурхиртал уйлж байсан гэдэг. Уйлаагүй өдөр гэж үгүй. Ингээд буцах өдрөө автобусанд суухдаа л гаргаж өгсөн ээжид дүү нь үрэгдсэн тухай дуулгажээ. Грэгор ах хэдэн долоо хоногийн дараа дүү шигээ хүний нутагт ясаа тавьсан юм.
Энэ мэтчилэн ээжийн ярьсан олон түүх намайг үзэг цаас нийлүүлэн суухад хөтөлж, өдий хүртэл онгодыг минь сэрээж байна. Үүнтэй зэрэгцээд Жон Фордын вэстэрнүүд, Японы Ясузиро Озүгийн истернүүд, урлагийн бүтээл, уран зураг, Жони Кэш, Леонард Коэн нарын хөгжмийн аялгуунаас эрч хүч авдаг билээ, би. Гэлээ ч анх түрүүнд намайг хөглөсөн зүйл гэвэл урлагийн бүтээл огт биш. Харин бага балчирт сонорыг минь мялааж байсан Стара Вас тосгоны хуучны словен, славян сүмийн мөргөл, дуулал юм. Жигдхэн хэмнэлтэй ч уянга яруу, утга гүн, тэнгэр бурхдыг магтсан эдгээр дуулал өдгөө ч далан долоон настай миний сэтгэлийг гэгэлзүүлж догдлуулнам. Бурханы хутаг оршсон сүмийн ая эгшиг уран бүтээлийн замналыг минь хөглөн гийгүүлж байна.
2019 оны арванхоёр сарын 7