Г.Маркесийн тухай бичсэн хэд хэдэн нийтлэл, ярилцлагыг нь уншаад бичлээ. 


Маркес нэгэнтээ “Би өөрт тохиолдсон сонирхолтой учрал бүхнээ цаасан дээр буулгах дуртай ч харамсалтай нь миний амьдрал нэгэн хэмийн бүүдгэр бараан” гэж өгүүлжээ. Гэхдээ ингэж хэлсэн нь бодит байдлаас хол зөрүүтэй. Энд зохиолч эхнэртэйгээ яаж танилцаж дурлаад, хувь заяагаа хэрхэн холбосон тухай сонирхуулан дэлгэе.

Үндэсний лицейг төгссөн тэр жилийн зун арван зургаатай Габриэль аав, ээжийндээ амарч байхдаа эхнэртэйгээ танилцжээ. Аав ээждээ тал засах гэсэндээ их сургуулийн хуулийн ангид элсэхээр бэлдэж байсан Габриэль хар багын уран зохиолд шимтэн дурладаг, хайрын тухай мөр холбодог, бичээд л сурчихвал өөрийгөө бараг зохиолч болчихсон гэж санана. Ингэж яваад мөрөөдлийн бүсгүйтэйгээ гудамжинд таарчээ. Египет цусны хольцтой Мерседес Барча гэх тэр бүсгүй нь дөнгөж арван гуравтай байсан ч Габриэль нүд рүү нь эгцлэн ширтээд:

  • Чи надад таалагдлаа. Надтай гэрлээч гэж өгүүлэхэд бүсгүй ч барьц алджээ.

Бүсгүйн эцэг эх охиноо сургууль төгстөл сүй тавихаа хойшлуулахыг гуйхад Габриэль дурлалт бүсгүйгээсээ арван гурван жилийн турш холдоно гэж санасангүй. 

Энэ зуур түүний амьдрал орвонгоороо эргэж, нийслэлийн Эспектадор сонинд өгүүллэгээ нийтлүүлснээс эхлээд олон үйл явдал өрнөжээ. Өгүүллэгээ нийтлүүлээд хуулийн ангиасаа гарч, юм бичих болов. Гэлээ ч өөрийнх нь хэлснээр анх “Зуун жилийн ганцаардал”-аараа л уран бүтээлийн урамшуулал авч байжээ. Үүнээс өмнө дөрвөн ном гаргасан ч шан харамж авч байгаагүй гэдэг. Сэтгүүлчээр ажиллахаар эхлээд Колумбийн хойд нутгийн Барранкильяд, дараа нь Карибын тэнгисийн эрэг дээрх Картахену боомтод шилжин суув. Орон нутгийн сонины сэтгүүлч цалин багатайн учир 1953 онд найзтайгаа хамт төрөл бүрийн лавлах зарахаар Ла-Гуайра орлоо. Ингээд танилцсанаасаа хойш есөн жилийн дараа Мерседесийг албан ёсоор гуйжээ.

Маркес 1954 онд 25-тайдаа нийслэл Боготад эргэн ирж олигтойхон ажил хайвал найз нь мөнөөх Эспектадор сонинд ажилд орооч гэж ятгажээ. Азаар сонины редакцид редактор хэрэгтэй байсан учраас Габриэль арван нэг хоног туршилтаар ажиллаад тэнцлээ. Тэгээд удсан ч үгүй өгүүллэгийн үндэсний хэмжээний уралдаанд “Бямба гаригийн дараах өдөр” өгүүллэгээ илгээж (энэ өгүүллэгт анх удаа Макондо гардаг), тэргүүн байрыг нь эзэлснээр уран бүтээлдээ шамдах аятай таатай боломж нээгдсэн боловч живсэн хөлөг онгоцноос амьд гарсан усан цэргийн тухай арван дөрвөн цуврал ярилцлага сурвалжлага нийтэлсэн нь гай болжээ. Хориотой бараа тээвэрлэдэг живсэн хөлөг онгоцны үнэн бодитой төрхийг илчилсэн залуу сэтгүүлчид эрх баригчид таатай хандаагүй нь мэдээж. Эспектадор сонины редакц арга буюу авъяаслаг редактораа эхлээд Ром, дараа нь Парист суух тусгай сурвалжлагчаар томилон явууллаа. Тэгтэл Боготад төрийн эргэлт гарч, засгийн эрхэнд гарсан цэргийнхэн Эспектадорыг хааж, Габриэль ч ажилгүй болов. Эх орондоо буцах гэтэл эрсдэл ихтэй тул хэсэгтээ Парисын зочид буудалд зээлээр байрлаж байхдаа “Цөвүүн цаг” нэртэй романаа буулгажээ.

1957 онд Боготагаас гурван жилийн өмнө бичсэн “Хагдарсан навчис” романыг нь хэвлэсэн тухай мэдээ ирж, уг романыг уран зохиолын шүүмжлэгчид дуу нэгтэй сайшаан хүлээж авсанд хөөрсөн зохиолч өрөө төлж барагдуулаад эх орноо зорив.

Европт хоёр жил суугаад “Цөвүүн цаг” романынхаа хуйлсан эх бичвэрээс гадна багашаархан хогшилтой Венесуэлд буусан зохиолч чухам тэр л үед нутгаа санагалзан “Хурандаад хэн ч бичихгүй” туужаа буулгажээ. Энэ зуур Колумбид цэргийн дэглэмийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн дэгдэж, байдал эвгүйтсэн ч Габриэль 1958 онд ямартаа ч Мерседестэй гэрлэхээр эх орондоо эргэн иржээ. Ингээд өөрийг нь 4 жил Барранкильяд хүлээж суусан Мерседестэй гэрлээд Венесуэлийн Каракас руу эргэв. 

1959 онд хүү Родриго нь төрмөгц гэр бүлээрээ Нью-Йорк руу шилжиж, Кубын “Пренса Латина” агентлагийн Хойд Америкийг хариуцсан хэлтсийн даргаар томилогдлоо. 

Дараа нь Мехикод шилжиж, кино зохиол бичиж эхэлснээр багагүй мөнгө олох болов. Жараад оны эхээр Габриэлийг эргэж очсон найз нь Колумбийн үндэсний уран зохиолын уралдаанд азаа үзээч гэж зөвлөсөнд “Цөвүүн цаг” романаа нэргүй роман гэж тэмдэглээд илгээжээ. Роман тэргүүн байранд шалгарч, зохиолч 1962 онд шагнал болгон авсан 3000 доллараасаа амаржих эмнэлгийн төлбөрийг барагдуулж, үлдсэн мөнгөөр нь машин авчээ. Тэр үест түүний бага хүү Гонсало дөнгөж мэндлээд байлаа. 

Тэднийхэн 1965 онд энэ машинаа хөлөглөөд Номхон далайн эргийн Акапулько хот руу гарчээ. Гэтэл зам зуур Габриэль эртнээс нааш бодсон ч эв нь олдохгүй явсан романаа яаж эхлүүлэхээ гэнэтхэн ухаараад амарсан ч юмгүй, замын дундаас огцом эргэж Мехико руу буцжээ. Арван найман сарын турш, өдөрт гурван хайрцаг тамхи татсаар тасралтгүй бичсэн энэ романаа зохиолч анхандаа “Гэр” гэж нэрлэхээр төлөвлөж байсан ч найз зохиолч Альваро Самудиогийн “Том гэр” романтай эндүүрэгдэх вий гэсэндээ “Зуун жилийн ганцаардал” гэж нэрлэжээ. 

Гэр бүлийн хоёр машинаа зарж, барьцаалах боломжтой бүхнээ барьцаалан өдөр хоногийг өнгөрөөж байсан ч нөхрийнхөө ажилд саад болсонгүй. Эмэгтэй хожмоо “Габо бага байхын Аракатака дахь өвөө эмээгийнхээ гэрт байх цаг үеэ дурсан, энэ бүхнээ “Зуун жилийн ганцаардал”-даа тусган харуулсан. Эмээ, өвөө хоёр нь үеэлүүд байсан юм” гэж ярьсан бол зохиолч өөрөө “Хоёр хүүтэй пиар-менежерээр ажиллаж, кино зохиол засдаг миний хувьд зохиол бичихийн тулд ажлаасаа гарах шаардлагатай байлаа. Машинаа барьцаалж олсон мөнгөө Мерседест өгөхөд эхнэр маань өдөр бүр надад тамхи, цаас авч өгдөг байсан. Номоо бичээд дуусахад махны мухлагт 5000 песогийн өртэй болсноо мэдээд золтой л унаагүй. 5000 песо гэдэг тэр үедээ их мөнгө. Хөршүүд маань намайг ихээ чухал, тун ч сүрхий ном бичиж байгаа гэж дуулаад чадах ядахаараа л тусалсан. Бичвэрээ хэвлэлийн газар илгээх гэтэл 80 песо дутчихдаг юм байна. Мерседесийн үсний сэнсийг барьцаанд тавьж мөнгөтэй болоход эхнэр маань “Наад зохиол чинь битгий л муу зохиол байгаасай, бурхан минь!” гэж дуу алдсансан” гэжээ.

Энэ роман сая саяар зарагдаж, зохиолчоо алдаршуулсан хойно тэднийхэн мөнгө санхүүгээр дутахаа больж, гэр бүлээрээ өвөг дээдсийнхээ нутаг болсон Испанид шилжин суурьшив. Маркес чинээлэг болоод Төв Америкт өрнөж байсан ноёрхлын эсрэг бослого тэмцлийг санхүүжүүлэн дэмждэг байсан нь нууц биш. Никарагуа дахь Сандинийн хувьсгал түүний ачаар эрчээ авч ялсан гэдэг.

Зохиолч хэсэгтээ төрөлх Колумбидаа суусан ч 1997 онд “зохиол бичихэд айвуу тайван орчин хэрэгтэй” гэснээр төр засаг, партизанууд, хар тамхины наймаачдын гурван хүчний тэмцэл өрнөсөн төрсөн нутгаасаа гарч Мексикт суурьшжээ. 

2004 оны арван сард “Гунигт янхнуудаа дурсах нь” сүүлийн романых нь эрхийг Random House хэвлэлийн газар авсан ч номын нээлтээс сарын өмнө хулгайн хэвлэл нь хаа сайгүй түгсэнд зохиолч романыхаа төгсгөлийг өөрчлөн бичжээ. Номын хорхойтнууд өдгөө цагдаагийнхны хурааж авсан тэдгээр хулгайн хэвлэлийг багагүй үнээр худалдаж авдаг байна.

Маркес “Хайр дундрахад амьдрал төгсдөг” гэж бичсэнээрээ оносон ч юм бил үү, хэн мэдэх вэ.