Монгол кино студи дээр түүний зохиолоор Халхын голд баатар болсон домогт Дандарын тухай кино авалтын үеэр уран зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Балжирын Догмид хэмээх эрхэмтэй цөөн хором хуучилсан юм. Түүнтэй ярилцах сэдэв өргөн боловч бидний ярилцах цаг бага байсныг энд онцолъё.

Б.Догмидын зохиол бүтээл:

“Хүлэг” /1970/
“Цэнхэрлэн харагдана” /1974/
“Гал шарга” /1986/
“Хулангийн шанд” /1989/
“Ус уухын заяа” /1991/
“Догшин хутагтын сахиус” /1990/
“Цөвүүн цагийн Богд” /1992/
“Учрах тавилан” /1993/
“Хайрын нулимс хатдаггүй” /1993/
“Үхэл ирвээс үл эмээтүгэй” /2004/


-Сайн байна уу, та. Сайхан наадаж, сайхан зусч байна уу?

-Сайн. Сайхан зусч байна. Сайхан зусч байна уу?

-Сайхан. За, уран бүтээл арвин уу. Сүүлийн үед хаагуур аялаад байна даа, та. Ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Кино зохиолууд бичиж, урьд нь И.Нямгаваа, одоо  Ж.Солонго найруулагчтай ажиллаж байна даа...

-Анхны номоо хэвлүүлээд ямар сэтгэгдэл төрж байв. Номоо хэвлүүлээд гонорар  /шагнал/ хэдэг төгрөг авч байв. Тэр мөнгөөрөө юу хийж байв?

-Нутагтаа “Хүлэг” гэх есөн өгүүллэгтэй ном хэвлүүлж байв. Тэр номноос мөнгө авч байснаа мэдэхгүй байна. Сүүлд сайн, сайхан номын уралдаан зарлаж, хэд хэдэн зохиолчийн ном шалгарахад миний ном бас шалгарч байв. Хөдөөнөөс ирээд анх удаа “Цэнхэрлэн харагдана” гэх ном маань шилдэг номоор шалгарч, анх удаа 2400 төгрөгөөр шагнуулж байв. “Цэнхэрлэн харагдана” номын зургийг зураач Содном зургийг нь зурж байсан юм. Жагдалын Лхагва бид хоёр 2400 төгрөгөө цохуулж аваад л явж байхад 5,6 хүн дагаад л алхсаар 4-р дэлгүүр дээр ирээд 1 авдар архи 520 төгрөгөөр, хэдэн шопрот аваад хойшоо Ногоон нуурын хөндий рүү алхаж очоод л хүн бүр нэг шил архи, нэг шопроттой найралж эхэлсэн дээ. Тэгээд л өөрсдийн үүх түүхээ ярьж, шүлэг хаялцаад л. Намайг л магтаад, сайхан байжээ. Би ч сэтгэл хөөрөөд л ууж. Маргааш нь сайд нарын 10-р дэлгүүр орж хувцас, ойр зуурын юм аваад өвөртөө мөнгөтэй, гурван ээлжийн костьюмтэй, эхнэр хүүхдэдээ бэлэгтэй харьж байж билээ. Галт тэрэг удаан, явахгүй байх шиг л санагдаж байлаа. 

-Хоёр, гурав дахь бүтээл, ном гараад ирэхээр ямар сэтгэгдэл төрж байх юм?

-Би чинь “Цэнхэрлэн харагдах” номоор л ер нь “од” болсон шүү дээ. Сонин, сэтгүүлүүдэд ярилцлага өгөх, миний бүтээлийг нийтэлнэ гэдэг том зүйл байлаа. Нэг өдөр Зохиолчдын хорооноос цэмцгэр хувцастай ирээрэй гэж дуудуулав. Ирлээ. За тэгээд хорооны нарийн бичиг нарын хурлаар орсон 11 хүн сууж байсан.

Зохиолчдын хорооны хаалгаар гараас минь анх хөтөлж оруулж зохиолч болгосон С.Эрдэнэ багш “Миний шавь, утга зохиолын маргаашийн ачааны хүндийг үүрэх хөдөө орон нутагт ажиллаж буй боловсон хүчин. Энэ хүнийг одоо л Горькийн утга зохиолын сургуульд явуулна, та бүхэн дэмжээрэй” гэсэн таван хүн л гар өргөж, нэг хүний саналаар уналаа. Тэгсэн С.Эрдэнэ багш уурлаад, залуу хүмүүсийг дэмжихгүй, залгамжгүй яаж явах юм гэж уурлаад өнгөрч билээ. Сүүлд Горькийн утга зохиолын сургуульд хоёр удаа өргөдөл бичсэн ч архинаас гарч байж ир гээд л явж чадаагүй юм даа. Манай найзууд Горькийн утга зохиолын дээд сургуульд яваагүй нь ч болсон юм гэж намайг тайвшруулдаг л юм. Гэхдээ яах вэ, уран зохиолын тоосонд цээжний арван мөртэй өнөөдрийг хүртэл явж л байна.

Тэр жил Н.Нямдорж, Ц.Хасбаатар нартай Байгаль далайгаар явлаа. Байгаль далайд орох гэтэл Ц.Хасбаатар намайг хориглоод, "Чи байтугай Эрхүүгийн усч А. Вампилов ороод живсэн шүү дээ. Чи орж болохгүй" гээд оруулсангүй.  Монголдоо бол би усч хүн байхгүй юү. Зүүнбаянд усанд сэлэлтийн улсын аварга болдог. Би чинь сэлдэг, улсын аваргад ордог байлаа. 16 настай Санхүүгийн техникумд элсч, сурч байв. Тэр жил биднийг Сэлэнгэ рүү авч явав. Сэлэнгийн хөвөөн дээр машинуудыг гармаар гарсан юм. Зүүнбаянгаас хамт ирсэн Болд бид хоёр Сэлэнгэ мөрөн рүү үсэрч, ширүүн урсгалтай усанд живж үхэх дөхөв. Тэгсэн багш маань бид хоёрыг бургасаар ороолгож, говийн хүүхдүүд байж ийм ширүүн урсгалтай ус руу үсэрлээ гэж бангадав. Багш маань их хүчтэй, бяртай. Орой болохоор л бидний барилдуулж, өөрөө түрүүлээд л. Тэгсэн тэр хүн нь Ж.Мөнхбат аварга байж таарсан. Аварга хавар нь 20 настай Санхүүгийн техникумыг төгсч, бүх ард түмний наадамд түрүүлж, улсын заан цолоор шагнуулаад, намар нь биднийг Сэлэнгэ рүү тариа хурааж, мод бэлтгэхээр авч явсан нь тэр байсан юм билээ. Сүүлд би бас номондоо бичиж байсан юм. 

-Ж.Мөнхбат аваргыг та мэддэггүй байсан уу?

-Тэр үед радио, телевиз үздэггүй, бөх сонирхдоггүй байж. Тэгсэн дараа жилээс нь л Ж.Мөнхбат аварга улсын наадамд түрүүлээд эхэлсэн. Би чинь Ж.Мөнхбат аваргатай хамт нэг майханд хонож, бургасаар ороолгуулж байсан түүхтэй. Горькийн сургуульд яваагүй ч Санхүүгийн техникумд сурч олон сайхан хүмүүсээс их зүйл сурсан даа. Манай Санхүүгийн техникум чинь их алдартай. Манай сургуулиас Төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав, Б.Явуухулан, Д.Гармаа, И.Цэрэнжамц, З.Ядамаа зэрэг 30 гаруй зохиолч төрсөн байдаг. За тэгээд жүжигчин, улстөрч, Ерөнхий сайд, Сангийн сайд байсан гээд маш олон агуу хүмүүс төгссөн байдаг. 

-Та мэргэжлийн зохиолчид шиг цалин, мөнгөөр бүтээл хийж байв уу, эсвэл ажлын хажуугаар зохиол бичиж байв уу?

-Надад ямар юмны цалинтай ажил байх вэ. Би чинь хөдөө санхүүгийн ажил хийж байгаад Улаанбаатар хотод ирээд “Үнэн” сонины “Шинэ хөдөө”-д анх ажилд орсон. Сүүлд “Монголын мэдээ” зэрэг 10 гаруй жил сониноор дамжиж, ард түмэнтэйгээ харилцаж байлаа. Мэдээ бичиж, уран сайхны нийтлэл бичиж, миний шилдэг бүтээлүүд сониноор дамжиж ард түмэнд хүрдэг байсан. Тухайн үед яам, тамгын газрын 1000, 2000 төгрөгийн мөнгөн шагналтай улсын уралдаанууд их зарлагдаж байж. Би улсын уралдаанд 1989-1994 оны хооронд нийтдээ 24 удаа түрүүлж байлаа. 1993 онд төрийн шагнал хүртэж байлаа. Хөдөөнөөс орж ирээд л гурван жилийн дараа төрийн шагнал хүртэж. Л.Түдэв гуай л намайг хотод авчирсан хүн шүү дээ.

-Хөдөө санхүүгийн ажилтан байсан хүн яагаад гэнэт Улаанбаатар руу татагдах болсон юм бэ?

-Л.Түдэв гуай л намайг хотод “Үнэн” сонинд татаж авчирсан хүн юм. Аймагт санхүүгийн хэлтсийн байцаагчаар ажиллаж байхад нэг өдөр аймгийн дарга намайг дуудаж байна. Би ч бодлоо юу болсон юм бол, архи дарсны хэрэг гарав уу гээд л олон юм бодож очив. Тэгсэн “Үнэн” сонины бланктэй “Б.Догмидыг 1989 оны нэгдүгээр сарын 1-нээр тасалбар болгон сурвалжлагчаар ажиллуулах болсон тул яаралтай чөлөөлнө үү” гэсэн Л.Түдэв багшийн гарын үсэгтэй бичиг ирэв. Тэгээд л зурагт, хөргөгч, ороо аваад л Улаанбаатарт орж ирсэн дээ. Хотод ирсний дараа Лхагваа “Үнэн” сонины коллеги хуралдах гэж байна, яаралтай ир гэж утсаар дуудуулав. Тэгээд л өмссөн хувцастайгаа коллегийн хуралд орсон доо. Тэгсэн нэг дарга “Би энэ Б.Догмид гэдэг хүнийг танихгүй, бүтээлийг нь уншиж байгаагүй. Энэ хүн төрийн төв хэвлэл Үнэн сонины коллегийн хурал дээр өмссөн хувцсыг нь хар. Ямар шалгуураар орж ирж байгаа юм. Энэ хүн бэлтгэл хангаагүй орж ирлээ. Үнэн сонины коридорт орж ирэх болзол хангаагүй хүн байна” гээд л ширүүлхэв. Тэгсэн Ц.Мөнхбаатар, Бажуудайн Ганбат нараас “Үнэн” сонинд Б.Догмидын хүн уншихад эгэл бүр хүмүүсийн бодол санааг нээсэн нийтлэл, нэвтрүүлэг, таталбар, Монголын шинэ хөдөө сонинд яг таарна. Амьдралд их хэрэгтэй хүн” гэлээ. 

Коллеги тарсны дараа Л.Түдэв багш “За, энэ хүмүүс чамайг ойлгохгүй, хүлээж авахгүй, чамаас хол хөндий хүмүүс. Тиймээс чи архи амсч болохгүй. Чамд нэг жилдээ унтах эрх байхгүй, сонины сигнал уншиж, нэг үсэг алдаатай бичиж болохгүй, сайн ажиллаарай” гэж хэлж билээ. Тэгээд л “Шинэ хөдөө” сонинд ажлаа эхлүүлсэн дээ. “Үнэн” сонинтой нэг коридорт байрлах ч “Шинэ хөдөө” сонин тусдаа гардаг байсан. Л.Түдэв багш хөрөг, асуудал дэвшүүлсэн нийтлэл, мэдээ бичиж бай гэж захиж байсан юм. Нэг удаа Байгаль орчны сайд зээр агнахаар Мэнэнгийн тал дээр байлдааны гэрэл асаагаад маш олон зээрийн нүд сохорч, нохой шувууны хоол болсон талаар нийтлэл бичив. Олон улсад хориглосон ийм зүйл ашигласан учраас энэ хүнийг хурдан зайлуулж, нутаг заах хэрэгтэй гэсэн утгатай нийтлэл бичсэн юм. Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд”, А.Даваасамбуугийн “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” зэрэг нийтлэл гарсны дараа миний “Цагаан зээр цагаан мөртэй” гээд нийтлэл гарсан юм. Сүүлд Геологи, уул уурхайн яамны ой болж, уралдаан зарлаж, “Цамхагийн цагаан салхи” нэртэй бүтэн нүүр нийтлэл бичиж, уралдаанд шалгарсан. Түүний дараа “Адууны тэнгэр” гэж нийтлэл бичээд улс даяар нэг юм болсон юм. “Тэрэгтийн талд”, “Үхэх хүнд хань хэрэггүй” гэх мэт хэд хэдэн нийтлэлүүд бичиж, “Үнэн” сонинд орж гарах эрхтэй болсон доо. “Үнэн”, “Шинэ хөдөө” сонин намайг өдий зэрэгтэй, юм бичиж сургасан даа. Нэг жилийн хугацаанд 100 гаруй бүтээл бичиж, дөрвөн цаг л унтаж байсан юм даа. Нэг өдөр Л.Түдэв дарга дуудаад миний байр хүссэн өргөдөлтэй хамт өөрөө бичиг хавсаргаад Хотын намын хороо руу намайг явуулав. Тэнд Лантуу гэдэг хүнтэй уулз, гэхдээ хоосон очиж болохгүй гэж дуулгав. Гар хоосон очиж болохгүй гэдэг нь өөрийн бичсэн бүтээл, номоо аваад очихыг хэлж байгаам. Тэгээд Лантуу даргатай уулзаж, байр хэрэгтэй байгаагаа дуулгав. Гэтэл ямар ч арга байхгүй, өргөдөл хүлээж авахгүй гэлээ. Тэгснээ “Чи хөдөө, төмөр замтай газар ажиллаж, амьдарч байсан хүн. Төмөр замын талаар юм бичиж байсан уу” гэхээр нь Төмөр замын 50 жилийн ойгоор бичиж, түрүүлсэн нийтлэлээ харуулаад л байрны өргөдлөө өгч, шийдүүлж байсан юм. Тэгээд Хотын захиргаанд очиж Л.Энэбиш даргаас хоёр талдаа уудам балконтой сайхан байр авч анх хотын иргэн болсон түүхтэй.

-Та Л.Түдэв гуайн талаар нэг сайхан дурдатгал яриач?

-Л.Түдэв гуай 1935 онд төрсөн хүн. Л.Түдэв гуай 35 насандаа төрийн шагнал хүртэж байсан үнэхээр сод хүн. Л.Түдэв гуай сурагч байхдаа сурагчдад, оюутан болоод оюутнууддаа, эрдэмтэн болоод эрдэмтдэд хичээл зааж байсан оройгүй оргил том сэхээтэн юм. Түүний тууж, өгүүллэг, эссэ, таталбар, нийтлэл гээд бүх төрлийн жанраар бичсэн мундаг хүн. Түүний эрхлэн гаргасан “Дал” сонинд авах, гээхийн ухаанаар ханддаг хүнд бол хэрэгтэй, санаа авч, баяжуулах маш их зүйл бий. Л.Түдэв гэдэг хүн зохиолч гэхээс илүү дэлхийн жишигт хүрсэн том сэхээтэн хүн юм. Түүний бүтээлийг судалж, эрдмийн зэрэг цол авсан олон ч хүн бий. Би Нобелийн шагнал авсан олон хүмүүсийн бүтээлийг уншиж байсны хувьд Нобелийн шагналтан хүмүүсийг би Л.Түдэвээс том гэж хэлж чадахгүй. Бичсэн бүтээлийнх нь хүнд өгөх гэсэн санаа, уран найруулга, өгөөж, наалдац зэрэг нь түүнийг дэлхийн хэмжээний хүн гэж тодотгоход болно. Хамгийн харамсалтай нь амьд сэрүүн байхад нь Нобелийн шагналд явуулсангүй, Ерөнхийлөгч болгосонгүй, үнэлсэнгүй, бие даасан уран бүтээлч, их эрдэмтэй хүн чинь насны эцэст хань ижилгүй нэлээн ганцаардсан байх. Бидэн шиг хүнтэй Л.Түдэв гуай одоо юу ярих вэ дээ. 

-Би нэг удаа Чечений (Цэцэнчууд) дайчин чанарын тухай Л.Түдэв гуайтай ярилцаж байсан санагдаж байна. Ганцаардал гэснээс сэхээтэн хүмүүс их ганцаарддаг юм шиг...

-Ер нь том элитүүд үр хүүхэд, хань ижилтэй байлаа ч насны эцэст ганцаарддаг. Ертөнцийн татах хүчнээс тасарсан хүн илүү их ганцаарддаг юм билээ. Энэ бол элитүүдийн өвчин, оношгүй өвчин гэж үздэг. Л.Түдэвт ямар ч их алт мөнгө, эрх мэдэл өгөөд ч нэмэргүй, өөрийн агуу их оюун ухааны таталцлаар дэлхийн татах хүчнээс тасраад явчиж байгаа юм.  Энэ бол өөрт нь маш түвэгтэй бөгөөд гунигтай байгааг би мэдэж байна. Энэ бол элит хүмүүсийн түүх. Эрнест Хэмингуэй яагаад өөрийгөө буудсан, Лев Толстой яагаад гэрээсээ зугтаж хөлдөж үхсэн гээд том хүмүүсийн ганцаардал. Д.Нацагдорж яаж нас барсныг чи мэдэх үү. Түүний талаар нэг сонин дурдатгал ярьж өгье. 

Би чинь С.Эрдэнэ багшийгаа их дагаж, томчуудын архийг их зөөдөг байж. С.Эрдэнэ багш маань Ч.Чимид, Ч.Лодойдамба, Ц.Хасбаатар нартай найзууд. Одоогийн 50 дугаар дэлгүүрийн тэнд 7-р дэлгүүрээс зээлээр архи авна, мөнгөтэй үедээ Туул ресторан орно. Туул ресторан бол элитүүдийн суудаг газар байлаа. Хамгийн сүүлд С.Эрдэнэ багш, Ц.Хасбаатар нар намаасаа болж, тангараг тасраад эвлэрч амжаагүй, нас барсан даа. Тэр үед С.Эрдэнэ багш нартай байнга хамт явдаг, “Улаанбаатар” сонинд ажилладаг Ц.Цэрэнчимэд /Дуучин чамдаа гэдэг дууны үг бичдэг/ нартай хамт нэг өдөр зохиолч Н.Надмидынд очсон юм. Тэднийх олон хүүхэдтэй, ядруухан. Тэднийг ер нь олон зохиолчид, дотоод яамны чекистүүд хүртэл ирдэг, олон хүн орж гардаг байж. Тэд согтоохоороо нарийн, ширийн зүйл их ярьдаг юм. Тэр үед л Д.Нацагдорж согтож үхээгүй, хүн зодож алсан гэж томчууд ярьж байсан юм. Сүүлд би Зохиолчдын хорооны хүмүүсээс асуухад оршуулгад нь явсан хүмүүсээс сурагласаар Д.Нацагдоржийн шарилыг олж, Алтан-Өлгийд оршуулсан гэж хэлж байсан. Энэ мэт архи уухын хажуугаар томчуудын ярианаас их л юм сонсч, мэдэж л өнгөрлөө. Би чинь хоёр тонн архи  уусан хүн шүү дээ /инээв/. 20 гаран настай байхдаа Шархадны эмнэлэгт архинаас гарах гэж хэвтэж байсан юм. Шархадны 10 дугаар тасагт архины хамааралтай хүмүүс хэвтдэг “алдартай” байлаа. Намайг хэвтэхэд Ч.Чимид гуай хордлого тайлуулах гээд сууж байсан юм. Тэр үед би үг сольчих санаатай сууж байтал юу хийж явааг маань асуусан юм. Би архинаас гарах гэж байна гэтэл Ч.Чимид гуай “Чи ороогүй байж гараад байхдаа” яадаг юм гэж инээмсэглээд хэлж байж билээ. 

-Хэчнээн техник, технологи хөгжсөн ч хүн чанар, хайр сэтгэл байхгүй бол тансаг амьдраад яах вэ?

-Бид хөгжил, дэвшил гэж яриад байгаа ч хүн төрөлхтний хүрэх гээд байгаа тэр цэг нь сайн сайхан амьдрах. Сайн, сайхан амьдрлын оргил нь хүн чанар, хайр хоёр юм. Хүн чанар, хайр хоёр бол хүн төрөлхтний оршин тогтнохын үндсийн үндэс юм. Зүйрлэж хэлбэл, өндөр уулын орой дээрх Бодисадва юм. Бид өнөөдөр хөгжил, нам, улс төр, албан тушаал, эрх мэдлийн төлөө өөрт байгаа сүншиг, шүтээнээ гээж, албан тушаал, мөнгө хоёрт хүрэх гэж хайр, хүн чанараа гээж байна. Уулын оройд авираад гарахад алдар нэр, мөнгө хоёр байгаад байдаг гэтэл хүн чанар, хайр хоёр нь байхгүй болсон байх жишээний. 


(Үргэлжлэл бий)