Монгол Улс байгалийн баялаг, түүний дотор уул уурхайн ашигт малтмалаар онцгой баян орны нэг гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч эхэллээ. Нөгөө талаас бид уул уурхайн орлогоос хамаардаг болчихвол эдийн засаг нь “Голланд өвчин” тусаж магадгүй гэдгийг ярьсаар өнөөг хүргэлээ.

Төр засгийн байдлыг харахад ямар ч үнэ, хэлбэрээр хамаагүй бэлэн мөнгө олж тараан, дахин сонгогдохын төлөө улангасан дайрахаас цаашхыг бодохгүй янзтай. Гэтэл амьдрал, аз жаргалаа сонгуулийн дөрвөн жилээр биш, өөрийн болон үр хүүхдийнхээ амьдрал, тэдний удам угсааны олон үеэр хэмждэг жирийн иргэд бидэнд эх орноо 20 жилийн дараа ямар байхыг ганц хором ч гэсэн төсөөлөн бодох шаардлага гардаг.

Бидэнд хөгжлийнхөө хаахна нь яваа, ер нь хаашаа явж байгаа талаар тодорхой дүр зураг байхгүй бол бүх зам зөв мэт санагддаг.  Дарга нарын улсынхаа хөгжлийг мянган жилээр хэмжин гаргасан зорилтоос бидэнд яг юу нь тархинд хадгалагдан үлдсэн билээ? Та хувь хүний хувьд өөрийн амьдралын юуг нь ямар зорилттой нь холбон төсөөлж байна?


Төрж, гэрлэж, олон хүүхэд гаргаж, тэгсэн хэрнээ ядуу байвал бэлэн мөнгө авч, хоногийн хоолоо аргацаах боломж бүрдэнэ, ажил төрөл хайх хэрэггүй, олдох ч үгүй, тиймээс архиар сэтгэлээ хуураад явж болно гэсээр хэчнээн үеэрээ өлөн зэлмүүн амьдрах гэж. Монголчууд бидний тэн хагас нь ийм байдлаар амьдарч байгаа ч, бидний ирээдүй өөр байх ёстой.

Хүн ард нь элбэг сайхан амьдарч байгаа, визийг нь олж авахад хэцүү байдаг өндөр хөгжсөн улс орон бүр тэртээ нэгэн цагт өөрсдийн зорилгоо тодорхойлон гаргаж байжээ. Түүгээр ч барахгүй иргэн бүр нь өөрийн зорилгоо олон жилийн өмнө тодорхойлж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, төр засаг нь иргэд, бизнесийн үйл ажиллагааны суурь зарчмыг нь баталгаажуулж, эрх чөлөө, хөрөнгийг нь хамгаалж, үндэснийхээ хөрөнгө, бололцоогоо өгөөжтэй ашиглаж ирсний дүнд тэд хөгжлийнхөө өнөөгийн төвшинд хүрсэн.


Тэгвэл Монгол Улс 2030 он гэхэд ямар дүр төрхтэй байх бол?

Хорин жилийн дараа бид олон улсын дээд боловсрол, эрүүл мэнд, банк санхүүгийн үйлчилгээний төв, агаарын тээврийн гол зангилаа болж чадна. Энэ бүхэн та бидний хүсэл эрмэлзэл аль зэрэг тодорхой, хөдөлмөрийн бүтээмж ямар төвшинд, төр засаглал хэр тунгалаг байхаас л хамаарна.

Тодорхой зорилготой бол бид уул уурхайн салбараас олох асар их орлогоо төвлөрүүлэн, өгөөжтэй, ухаантай зарцуулах түүхэн боломж ирж байна. Дээрх үйлчилгээний салбаруудыг дэлхийн тэргүүний стандартын төвшинд хөгжүүлж чадвал зах зээлийн хэрэгцээ дэлхийгээр дүүрэн байна

.

Хэрэв манайд дэлхийн хамгийн сайн их, дээд сургуулиудын салбарыг байгуулчихвал Ази тив, Оросын дорнод нутгийн залуу үе зорин ирж, мөнгөө төлөөд сурах болно. Америк, Европоос ч ирж сурахад хямдхан байна. Эмнэлэг, банкны үйлчилгээ бас адилхан. Агаарын зорчигч болон ачаа тээврийн боломж бүр илүү бодитой. (www.djargal.bblog.mn-д орж “Агаарын тээвэр” нийтлэлийг үзнэ үү)


Салбарыг нь байгуулахын тулд шаардлагатай “хатуу” дэд бүтцийг хамгийн сүүлийн үеийн зураг төсөл, стандартаар барьж байгуулаад “зөөлөн” дэд бүтцийг нь буюу  know-how-г тэр алдартай сургуулиудын багш, менежмэнт ээлжлэн ирж ажиллах бүх нөхцөл боломжийг бүрдүүлэх замаар шийдэж болно.

  Тэдний үйл ажиллагааны стандартыг зөвшөөрөх, хүний нөөцийн бүтэц бүрэлдэхүүний тухай хатуу хязгаар шахалт тавихгүйгээр, бүх талаараа тухайн улсад нь очсоноос ялгаагүй байхаар бодож хууль зүйн болон эдийн засгийн орчныг бүрдүүлэх замаар үйлчилгээг төлөвшүүлэх тухай энд ярьж байгаа юм. 

 Богд уулын аль нэг аманд жишээ нь “Yale Ulaanbaatar College Campus” байж болохгүй гэж үү. Хятадад барууны хэд хэдэн сургууль салбараа нээсэн боловч үзэл суртлын зөрчилдөөн, түүний дотор хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалтын улмаас бэрхшээл учирч байгаа. 

Эмнэлэг, банкны үйлчилгээний хувьд ч сургуультай төстэй аргаар хэрэгжүүлж болно.


Монголчууд бид том зорилго тавьж, томоор бодож ажиллахын оронд, өнөө маргаашаа аргацаах байдлаар амьдарч, зарим тохиолдолд бүр ямар ч зорилгогүй байгаад л манай хөгжлийн бэрхшээлийн бас нэг гол асуудал байгаа юм. Бидэнд энэ бүхнийг бүтээн байгуулах бүх боломж, даяаршсан хавтгай ертөнцийн хязгааргүй бололцоо, эрх чөлөө, ухаантай залуу үе байгаа шүү дээ.

Бид мэдлэгт тулгуурласан эдийн засгийг бий болгож байж л хүчирхэг Монголыг сэргээн мандуулж, 800 жилийн өмнөх шигээ ухаалаг, чадвартай гэдгээ дэлхийд дахин нэг харуулан, гайхуулж чадна.

2009-10-14