“Инвэст Монголиа” чуулга уулзалтанд Баабарын хэлсэн үгс голд ортол мэдрүүлснээрээ энэ 2017 оны шигтгээ эшлэл болж магадгүй.  Хөгжиж буй, хоцрогдонгүй орнуудын нийгмийн сэтгэлгээний нийтлэг зовлонг тоочвол гэж байгаад тэрээр жагсаасан ба тэдгээр дотор миний энэ нийтлэл бичих сэдэл төрүүлсэн мөрүүд байна.
 
-    Иргэдийн нийтлэг сэтгэлгээ нь дундад зууны ойлголттой.
-    Өөрийнхөө улсын сул дорой, хоцронгуй яваагаа мэддэг, үүндээ комплекстой.
-    Өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй.
-    Хоцрогдолынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог. Тэр нь голдуу хөрш орон, эсвэл хэзээ нэг цагт үзэл суртал дайн байлдаанаар зөрчилдөж байсан улс байдаг.
-    Дотроосоо дайсан эрэмтгий. Баялаг бүтээгчиддээ илүү дайсагнан ханддаг.
-    Худалдаа, зуучлал, банкны үйлчилгээг мөлжлөг гэж хардаг.

Энэ байдлаас болоод бодитоор буй болдог хүндрэл гэвэл гэж байгаад тэрээр цааш үргэлжлүүлжээ.

-    Хөгжил дэвшилд хандсан шийдвэр гаргаж чаддаггүй.
-    Хууль амьдралд хэрэгждэггүй. Хэрэгжих гэхээр маш олон янзын тайлбартай, яаж ч гуйвуулж болохуйц.
-    Нийгмийн баялагийн хуваарилалт дэндүү шударга бус. Иймээс баян хоосны ялгаа маш их.
-    Байгаль орчинд маш зэрлэг ханддаг. Энэ нь хамгийн хялбар аргаар олз олох гэсэн төрийн болон иргэдийн сонирхолоос үүдэлтэй гэжээ.

Монголчуудад оноосон дээрхи тодорхойлолтуудыг өөрөөр зөвтгөх түүхэн эшлэл бас байна. Бүр 70 жилийн өмнөх юм.

Эдүгээ гэрлэснийх нь 70 жилийн ой тохиож буй Ю.Цэдэнбал, А.И.Филатова нарын хайр сэтгэл, эрх мэдлийн тухай өгүүлсэн хоёр боть номд байгаа эшлэл. Би бүр онцлоод цээжилчихсэн эшлэлүүд. Чухамдаа бол Филатова хатагтайн гярхай нүдээр олж хараад адтай сэтгээд хурцаар тавьж байсан үнэлэлт дүгнэлт, тодорхойлолт, шаардлага 70 жилийн дараа (багагүй хугацаа шүү!) өнөө цагт монголчууд дээр нотлогдож байгаад хэргийн учир оршино. Тэрээр алсыг мөн айхтар зөв олж харжээ.

Филатова хатагтайн 70 жилийн өмнөх зовинолын үгс:

-    Засгийн газар яагаад монголчуудыг зэрлэг бүдүүлэг байдлаас нь соёлтой улс түмний зан заншилд шилжүүлэх тухай хууль батлахгүй удаад байгаа юм бэ?

Яг тийм, тэр 1940-1950-аад онд л тэр хуулийг нь гаргаад албадчихсан бол дээр Баабарын тоочсон шиг нийгмийн сэтгэлгээний зовлонг өдийд амсахгүй байсан ч юм бил үү хэмээн гэнэт бодов.

Филатова хатагтайн бүр ч хатуудуулсан, гэвч үнэн гэмээр анхааруулга байна:

-    Би тэдэнд Та нар залхуу, залхуу гэдгээ ч өөрсдөө мэдэж байгаа. Сэхээрэхгүй бол Та нар хэдэн жилийн дараа хятадуудын хүн-хүлэг болно, эсвэл тэрнээс ч дор юм болно гэж хэлдэг байлаа.

Сэхээрэхгүй явсаар бид XXI зууны эхний 20 жилийг алдаж өнгөрөөж байгаа нь худал биш гэж үү? “Хятадуудын хүн-хүлэг” гэж яасан муухайгаар дүрслэн хэлэв ээ? Гол нь үнэнийг яасан үнэнээр нь ёрлож байж вэ?

WeChat хэмээх Хятадад түгээмэл хэрэглэдэг интернэт сүлжээнд монголчуудыг төдөн мянган юанийн цалинтай хар бор ажилд авч ажиллуулна, өдрийн төдөн юанийн цалинтай ногоо хураах ажилд авна гэхчлэн элдэв зар тасрахгүй. Голдуу Өвөр Монголоос тийм зар түгнэ. Манай монголчууд ч олноороо очиж ажиллаж байна. Өвөр Монголд төмс хураах ажилд очсон 30 монгол залууд Монголд саяхан хятад барилгачдын эдэлж байсан зовлонг амсуулж байгаа сурагтай. Хүнд хүчир ажил хийлгэнэ, нөхцөл муу, мөнгө хөлсөн дээрээ гар татна, наадуул нь хэрүүл хийгээд нэмэргүй.

Солонгос руу визийн шалгуур давж, онгоцоор нисч очоод хууль бусаар харлаад боолын хөдөлмөр эрхлэхийн оронд өмнөшөө хил даваад хэдэн юань хийгээд ирье гэх нийгмийн сэтгэхүй төлөвшсөн ба тэр нь хүрээгээ тэлж байгаад сэтгэл гонсоймоор. Цалингаа голсон багш, эмч нар удахгүй Өвөр Монголд боолын хөдөлмөр эрхлэх вий гэхээс яс хавтайх юм. Нөгөө муулаад үзэж чаддаггүй хятадуудынхаа боол болохыг 1947 онд Филатова ёрлож, 70 жилийн дараа өнөөгийн монголчууд амьдрал дээр нотлох нь дутлаа гэж үү?

Мөдхөн манайд барилга барих, зам тавихаар хятад ажилчид бараг ирэхгүй болох нь байна. Хятадад хөдөлмөрийн хөлс нь байнга өсч байдаг, өсгөснийхөө пянг эдийн засаг нь ч дааж байдаг учраас тэр л дээ. Барилга, замынхаа ажлыг яажшүүхэн аялуулахаа одооноос бодохгүй бол болохгүй боллоо. Монголчуудаа хөдөлмөрт, хөдөлмөрийн сахилга батад сургах талаар бид дэндүү хоцорч яваа!

Эдүгээ нийслэлийн маань өнгө зүс хотын төвөөрөө, ил харагдах хэсгээрээ сайжраад гял цал болоод байх боловч дотогшоо сайтар орж ухаж үзвээс Эрээн, Манжуурын зах зээлийн томсгосон хувилбар, зээл-лангууны хот болж хувирч байгаа нь худал биш гэж үү?  Лангуу сахисан охид хөвгүүд, бүсгүйчүүл, харчуул Эрээн, Манжуурт ярайтлаа сууж байна, энд  Улаанбаатар ба аймгийн төвүүдэд мөн ярайтлаа сууж байна. Юуны ялгаа байна?

Сэхээрэхгүй явсаар бид дахиад 10 ба 15 жилийг алдана, тэр үед Хятад нь “мөрөөдлийнхөө” эхний лут зорилтыг биелүүлээд тэрбум гурван зуугуулаа чинээлэг дундаж нийгмийг байгуулчихсан, тэдэнд монголчууд очиж зарагдаж, хар бор ажлыг нь хөлсөөр хийж өгдөгтөө тулбал яанаа гэдгийг сэтгээч, монголчууд минь? Сэхээрэгтүн!

Социалист Монголын Тэргүүн хатагтай маань нам-засгийн удирдагч нөхрөө дагалдаад Хятадад айлчилсан анхны сэтгэгдэл нь бүр ч ноцтой:

-    Гэвч Бээжин, бас бидний очсон бусад хоёр хот нь гунигтай сэтгэгдэл үлдээсэн. Гудамжинд нь ав адилхан хөх хувцастай хүмүүс, тэгээд тэдний үүрэндээ овооролдсон шоргоолж шиг олныг нь яана аа. Тэд бүгд зүг зүг рүү тарж явдал бид юу болохыг төсөөлөхөд ч аймшигтай байв.


Тэрээр 1959 онд БНХАУ-ын 10 жилийн ойн баярт оролцоод ирэхдээ тийм бодолтой байжээ. Айхтар холыг харсан геополитикийн төсөөлөл байна. Ердөө хэдхэн жилийн дараа эр нөхөр нь харгис маоизмын тухай онол дэвшүүлж, түүнтэйгээ 20 жил цөхрөлтгүй тэмцэл явуулахад гэргий ханийнх нь энэхүү үзэл баримтлал (үүрэндээ овооролдсон шоргоолж шиг) ихээхэн нөлөөлсөн ч байж болохоор  юм.  

Филатова хатагтайн бас нэг зовинолын үгс:
 
-    Дэлхий яасан ч том, Монгол яасан ч жижигхэн юм.

Цээжээ дэлдэгчид, мөнгөгүй хэрнээ бие тоосон, хоцрогдолынхоо шалтгааныг юун түрүүн гаднаас хайдаг, маш амархан олдог, өнөөдрөөр амьдардаг, өчигдрөөр бахархдаг, маргаашаа боддоггүй, хамгийн хялбар аргаар олз олох гэсэн сонирхолтой нөхдөд Филатова хатагтай энэ үгс нэгийг бодогдуулаасай билээ.

Хэрэв завхруулж гуйвуулж ойлгохгүй бол бас л хэрэгтэй үгсийг Тэргүүн хатагтай маань хэлж байсан байх юм. Дараахи мөрүүд номд бий:

-    Та яагаад монгол хэл сурдаггүй юм бэ? Эх хэлээр нь ярьж байгаа аль ч орос хүнд монголчууд хичнээн хүндэтгэлтэй хандаж байгааг Та хараач. Та чинь улсын нэгдүгээр хүний гэргий шүү дээ хэмээн Майдар түүнд хэлдэг байжээ.

Гэтэл Филатова хатагтай хариуд нь тэсгэлгүй уурлаж:

-    Тэгснээс монголчууд орос хэл сурсан нь дээр. Арай илүү соёлтой болно.

Энд ухаж ойлговол бас л холыг харсан, сэрэмжлүүлсэн, хоцрогдлыг нь арилгах гэсэн чин бодол харагдаж байх шиг. Сэхээрээч гэх ятгалга тулгалт нь л явж байх шиг. Юу нь буруу байна вэ?

Эзэн Богд Чингис хаан руу орж яриа өрнөхөд Тэргүүн хатагтай орос гэргийн үзэл бодол бүр туйлшраад явчихна.

Анастасия Ивановна Чингис хаанд жигшингүй ханддаг өөрийнхөө төсөөллийг өөрчлөх бодолгүй байв гэсэн мөрүүд явж байснаа:

-    Дэлхийн талыг эзэлсэн мөртлөө ард түмэндээ юу ч үлдээгээгүй, нэг ч хот шиг хот, ядаж ордон үлдээгээгүй. Хүний урманд монголчуудыг хувцсаа угааж сургаагүй шүү дээ.
-    Чингис хааны монголчуудад үлдээсэн зүйлийг тэдний төлөө Цэдэнбалын хийсэн зүйлтэй харьцуулж болно гэж үү?

Дэндүү примитив харьцуулалт байна. Нүүдэлчин өв соёл, аж төрлийг тэрээр үзэж чаддаггүй, хөгжил дэвшил рүү монголчуудыг хүчээр үтэр түргэн хөөж оруулахын чин хүслээр өвчилсөн хатагтайгаас цаашаа эшлэбэл мөн ч олон хуудас болохоор буй.

Ерөнхийдөө энд юу гэж хэлэх гээд байнав гэхлээр хөгжил дэвшлээрээ XXI зуунд ядаж дундаж улс орны хэмжээнд очихгүй бол болохгүй ээ л гэх гэсэн юм. “Хятадуудын хүн-хүлэг” болохгүйн тулд улс үндэстнээрээ хичээе! Яг одоо сэхээрэе, оройтлоо!


Эвлүүлж эшлэсэн дээрхи олон эшлэлийг ой тойндоо түр ч болов хадгалагтун!