Л.Эрдэнэчулууны “эфирийн агсамнал” эх оронд минь гай тарих вий!
-Тэрбээр “ ШХАБ-д Монгол Улс элсэх ёстой. Би бүр “ёстой” гээд хэлчихье” гэж хэлсэн удаатай-
Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан, Монгол Улсаас НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан ахмад дипломатч Л.Эрдэнэчулуун телевизийн эфирээр дамжуулан “хуурай агсам” тавих боллоо. Түүний яриан дахь оросууд Монгол Улсын төвийг сахих үзлийг “Сайхан мэдээрэй” гэсэн тухай, “Яагаад өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хэлсэн үгийг хүлээж авахгүй тэнэгтээд суугаад байгаа юм бэ” гэхийг нь чихэндээ итгэж ядан ахиин дахин сонслоо.
Маш их харамслаа. Гэхдээ тэр гэнэ алдаж хэлдээгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь үүнээс бүр жил гаруйн өмнө, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр baabar.mn болон “Үндэсний шуудан” сонины хуудаснаа ярилцлага хийсэн удаатай.
Энэ үеэр тэрбээр “ОХУ-ын Ерөнхийлөгч 2019 онд Монгол Улсад айлчлахдаа олон чухал баримтад гарын үсэг зурсан. Энэ айлчлалаас өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтай Будапештэд, Владивостокт гэхчлэн удаа дараа уулзаж байсан. Өнгөрсөн хугацаанд энэ хоёр хүний хувийн харилцаанд сайхан түүх үлдсэн байдаг. Энэ нь Монгол, Оросын харилцааг хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс Стратегийн түншлэлийн тухай анх удаа манай улс ОХУ-тай хугацаагүй гэрээ байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол, Оросын харилцаа улс төрийн хувьд дээд цэгтээ хүрчихлээ гэж хэлж болно” гэсэн билээ.
Нийтлэлчийн хувиар хожмын өдөр тэрхүү хугацаагүй гэрээг архиваас олж харсан. Үүнээс өнөөгийн нөхцөл байдалд тодорхой хэмжээгээр хамаарахуйц зарим заалтыг онцолъё. Стратегийн түншлэлийн гэрээний “Тавдугаар зүйл”-д “Аль нэг Талын үзэж байгаагаар олон улсын энх тайванд заналхийлж, тухайн Талын аюулгүй байдлыг хөндөх эсхүл олон улсын хэмжээнд хүндрэл учруулах нөхцөл байдал үүсэх тохиолдолд түүнийг шийдвэрлэх боломжтой apгa замын талаар Талууд бие биедээ мэдээлж байна. Аль нэг Тал нь аюулгүй байдлынх нь эрх ашигт заналхийлэл учирч болзошгүй гэж үзвэл түүний хүсэлтээр нэн даруй зөвлөлдөнө” гэхчлэн заажээ.
Эндээс Тусгаар Монгол Улсын хувьд өөрийн байр сууриндаа эзэн болох, улсынхаа эрх ашгийн үүднээс байр сууриа илэрхийлэх “агаар” тун бага, бачимдмаар сэтгэгдэл төрснийг нуух юун. Монгол Улс ОХУ-ын “мэдээлэгч” болох юм уу, “Танайхыг яаж аврах вэ” гэж зөвлөлдөх юм уу, сонин л санагдсан. Мөн “Арван хоёрдугаар зүйл”-д заасан “УБТЗ-ын хүрээнд царигийн нэгдсэн стандарт 1520 мм өргөнд тулгуурласан төмөр замыг бий болгох хамтарсан ажлыг Талууд
үргэлжлүүлнэ” гэсэн нь Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ УИХ-аараа баталсан орны хувьд тулгасан асуудал байсан ч бид ярьсаар, мэдсээр чимээгүйхэн өнөөдрийг хүрсэн. Энэ гэрээг 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотод байгуулсан бөгөөд гэрээний “Арван есдүгээр зүйл”-д зааснаар “Энэхүү гэрээний заалтыг тайлбарлах, эсхүл хэрэглэхтэй холбоотой маргааныг Талууд хоорондын сайн санааны дагуу зөвлөлдөх болон хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ. Маргаантай асуудлыг энд заасан apгa замаар зохицуулах боломжгүй бол НҮБ-ын дүрмийн дагуу маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулах бусад аргыг сонгож болно”, “Хорьдугаар зүйл”-д зааснаар
Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулсан бөгөөд хэлэлцэн тохиролцогч Талуудын тохиролцсоноор нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэсэн байгаа юм. Ингээд “тохирчихож”. Энэ талаар тус гэрээнээс дэлгэрэнгүй уншиж танилцана биз ээ.
Ийм л гарах гарцгүй, яг өнөөдрийн байдлаар гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой ямар нэг гарц хайхад амаргүй “шаантаг” болчихсон мэт санагдаад байна. Гэтэл үүнийг туршлагатай дипломатч Л.Эрдэнэчулуун “Монгол, Оросын харилцаа улс төрийн хувьд дээд цэгтээ хүрчихлээ” гэж дүгнэсэн нь цаанаа нарийн учиртай биз ээ.
Ямартай ч Л.Эрдэнэчулуун сайд асан Монгол, Оросын харилцааг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга авчирсан гэдэгт итгэдэг бөгөөд “Энэ харилцааг бид эдийн засгийн агуулгаар баяжуулах хэрэгтэй. Жишээ нь байгалийн хийн мега төслийг нэрлэж болно. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол, Орос, Хятад гурван улсыг тодорхой хэмжээнд уяж хамтад нь хөгжих боломжийг бий болгоно” гэсэн юм. Тэрбээр “Сүүлийн 30 жил ярьж байгаа энэ сэдвийг сүүлийн хоёр гуравхан жилийн дотор боломж болгож нээлээ. Энэ тал дээр би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг их хувь нэмэр орууллаа гэж үздэг. Үүнд түүний хувийн харилцаа ч эергээр нөлөөлсөн байх гэж бодож байна” гэсэн билээ.
Түүний хувьд “Байнгын төвийг сахьсан үзэл баримтлал”-ыг эсэргүүцсээр ирсэн. Энэ тухайгаа “Байнгын төвийг сахьсан үзэл баримтлалын талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хамгийн хатуу шүүмжилсэн хүн нь би байна. Жишээ нь Швейцарь улс Байнгын төвийг сахьсан үзэл баримтлалын тухай хууль гаргаагүй. Хуульгүй улс. Гэтэл Ц.Элбэгдорж хууль батлуулах гээд гүйж явсан. Ийм мангар юм байж болохгүй шүү дээ. Тухайн үед Байнгын хорооны хурлаар орох гэж байхад нь би утасдаж хэлж байсан. Хэрвээ энэ асуудал хэлэлцэгдэх юм бол заавал намайг уриарай, би очиж үгээ хэлнэ гэж хэлж байлаа. Гэхдээ тэр хурал нь болоогүй. Би МАН-ын гишүүн боловч намчирхдаг хүн биш. АН илүү буруу юм хийж байгаа учраас би АН-ыг илүү шүүмжилдэг. ШХАБ-ын талаар би олон удаа ярьсан. ШХАБ-д Монгол Улс элсэх ёстой. Би бүр “ёстой” гээд хэлчихье. Энэ талаар би бичиж гаргана. Яагаад гэвэл сүүлийн үед дахиад буруу яриад эхэллээ. Зарим хүнийг шүүмжлэх гээд би “шүдээ билүүдээд” сууж байгаа“ гэсэн юм. Тэрбээр “Төвийг сахьсан үзэл баримтлал яагаад буруу вэ гэдгийн тухайд нэг зүйлийг чамд нэмж хэлье. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Монголд ирэхдээ “Монгол Улс Байнгын төвийг сахьсан үзэл баримтлалтай боллоо гэж яриад байх юм. Энэ зөв үү” гэсэн асуултад хариулахдаа “Юм болгон дээр туйлширч болохгүй шүү дээ” гэж шулуухан хэлсэн. Л.Эрдэнэчулууныг сонсдоггүй юм аа гэхэд Жон Керриг сонсож болно оо доо. Ер нь төвийг сахина гэдэг чинь яг нарийн яривал өнөөгийн ертөнцөд хамгийн зохимжгүй үзэл баримтлал шүү” гэж “захьсан” юм.
Гэтэл одоо “Хүйтэн дайн”-ы өмнөх нөхцөл байдал үүсчихээд байгаа биш гэж үү? Өнөөдөр энэ хүн Төвийг сахих үзэл баримтлалыг дахин үгүйсгэж, өнөөх хугацаагүй гэрээнд ач холбогдол өгч, “Путины үгийг авсангүй” гэж ярьж байна. Энэ нь Монгол Улсын эрх ашиг, олон улс дахь нэр хүнд, гадаад харилцаанд ямар ач холбогдолтой болон одоо мөрдөж буй ямар хууль, тогтоомжуудыг зөрчиж байгаа талаар судлаачид байр сууриа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Эцэст нь хэлэхэд Л.Эрдэнэчулууны эфирээр дамжуулсан “хуурай агсам тавилт” Эх орны минь эрх ашигт гай тарих вий гэсэн болгоомжлол төрж байна.