Монгол ялна гэж юу гэсэн үг вэ?
Монгол ялахын эсрэг утга нь Монгол ялагдана. Хэнд ялагдах билээ? “Хээрийн чонотой нийлсэн гэрийн ноход чоноос аюултай” гэж манай ард олон ярьдаг лугаа гаднынхны гар хөл болсон өөрсдийнхөө олигархуудад л ялагдана гэсэн үг.
Миний хүндэлж явдаг Д.Энхбат нүүр номонд ийм асуулт
тавьсан байсан учраас үүнийг
өөрийнхөө ойлгосноор тайлбарлах гэж бичив.
1. Монгол ялахын эсрэг утга нь Монгол ялагдах биз дээ. Хэнд ялагдах гэж?
Эхлээд одоо өрнөөд байгаа зүйлээс эхлэх зөв байх.
Оюу Толгойн гэрээ Монголд ашиггүй болсон тухай 2010 оноос эхлээд 10 жил хоорондоо талцаж шуугилдав. Зарим нэг нь энэ их ашигтай гэрээ шүү, татвар болон бусад хэлбэрээр асар их доллар орж ирж буй бөгөөд үндсэн утгаараа бид дийлэнх хувийг эзэмшиж байгаа, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөх гэлээ, Канад гарчихвал Хятад л орж ирнэ гэх мэт эцэс төгсгөлгүй “хорин мянган хувьсагчтай” дуусдаггүй яриа хөвөрсөөр л…
Яг одоо босоо Ганбаа талбайд өлсгөлөн зарлаж байгаа. Тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр бол бүр толгойгоо барьцаанд тавьж байлаа. За тэгтэл хэдхэн хоногийн өмнө “Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ!” хэмээн андгай өргөж байсан хурандаа (одоо хуурандаа болсон) ерөнхий сайд асан У.Хүрэлсүх гэнэтхэн нэг нимгэн хувцастай нярай тэвэрсэн хүүхэн машинд орох хооронд даарчихлаа хэмээн өрөвдөж яг өнөөх хүүхний туссан өвчинтэй тэмцэж байсан арми буюу засгийн газартайгаа огцорч гараа өргөн бууж өглөө.
Одоо тэгээд хэнд буугаад өгчих вөө?
Ингэхэд У.Хүрэлсүх анх өөрийг нь хэн зохион байгуулалттай ална гэж андгай өргөсөн юм бол?
2. Колоничлол гэж чухам юу вэ?
Бид 1990 оноос өмнө нь ЗХУ-ын бүрэн хараат буюу колони улс байсантай хэн ч маргахгүй байх. 1990 онд бид бүрэн тусгаар улс болсноо ардчилсан хувьсгал гэж нэрлэдэг биз дээ. Хувьсгал гэдгийн утга ердөө л энэ юм.
Оросууд бидэнрүү дайрч орж ирээгүй, нэг л мэдсэн колони буюу ЗХУлсаас бүрэн хараат улс болчихсон. Бидэнд маш их тус болсон зэрэг бол өөр асуудал юм. Бид тэдний ажилчид, малчид учир ажилчдынхаа нийгмийн асуудлыг л шийдэж буй хэрэг.
Ер нь колоничлол гэдэг цэрэг танк оруулаад хийдэг ажил биш юм. Жишээ нь Бүгд найрамдах Энэтхэг улс 18-р зууны эхнээс 20-р зууны дунд үе хүртэл алхам алхмаар Британийнколони орон болсоор л байсан. 1947 онд тусгаар тогтнолоо олсон.
Алхам алхмаар гэдэг нь “Ийст Индиа” компани гэх нэртэй английн худалдааны компани энэ бүгдийг алхам алхмаар хийсэн бөгөөд товчхондоо эрх баригчийг худалдаад л, хахуульдаад л авчихсан юм. Иранд мөн л ийм юм болж байж. Мэдээж бүр ардчилсан улс биш, хатуу гарт байсан орон ч гэлээ Иранд Английн газрын тосны хамтарсан компани байсан байна. Яг Оюутолгой шиг хамтарсан компани. Энэ компани авилгаар төрийнхнийг нь бариад үгэнд орохгүй бол авилгыг чинь дэлгэнэ шүү гэж айлгаад, айхгүй бол төрийн эргэлт хийлгэчихдэг байжээ.
Иранд маш олон төрийн эргэлт ар араасаа гараад сүүлдээ хувьсгал болсон нь авилгачдын эсрэг хувьсгал байжээ.
Энэ бүгдийг яагаад дурдав гэхээр манайд яг ийм технологи яваад байгаа хэрэг юм.
У.Хүрэлсүх анхандаа “Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол…” гэж тэднийг хэлж байсан болж таараад байгаад хэргийн учир оршино. Яагаад гэвэл эхэндээ хөл нүцгэн нялх биетэй эхийг өрөвдөж хайрлахдаа засгаараа огцорч байгаа гэж байснаа сүүлдээ ерөнхийлөгч Х.Баттулгааас айж байна, долоон сарын нэгэн дахин давтагдах ёсгүй… гэх маягтай юм яриад бараг тэр хурлаараа цөмөөрөө Баттулгын эсрэг дайнд мордоцгооё! хэмээн уриалж байсныг бүгд харлаа. Олон хүн түүнийг дэмжиж орилолдсон ч ихэнх нь дуугүй сууж өнгөрсөн. Тэдэн дунд эх орончид ч байгаа л байх, сайд горилогчид ч байгаа л байх л даа. Гэвч бүгд дэмжээд байгаагүй нь илт байлаа.
Гэтэл ерөнхийлөгч Х.Баттулга хуралдаан дээр орж ирээд “…Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна…Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов… Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй…Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ…”хэмээн хэлсэн учир тэгсгээд гал намдсан ч гэлээ одоо МАН түүний эсрэг маш хүчтэй хөдлөх нь гарцаагүй юм.
Ард нийт МАН-ыг тэр дундаа У.Хүрэлсүхийг “Түгжил” хэмээн нэрлэж буй болохоор ард нийтээс сонгогдсон төрийн тэргүүнрүү бүх хүчээрээ дайрах байх. Ард түмний тавиас дээш хувиар сонгогдсон ерөнхийлөгчийг УИХ-ын 75 гүшүүд импичмэнт хийнэ гэх. Ер нь Баттулга одоо шүүх ч үгүй, АТГ ч гүй буюу зэвсгийг нь тэд хураачихсан болохоор МАН ялах нигууртай гэвч энэ тухай дүгнэхэд эрт байна. Монгол ялагдах гэж буй нь энэ юм.
3. Монголд колоничлолын технологи хэрхэн өрнөсөн бэ?
Эхлээд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй болов уу? Оюу Толгойн зэсийг хэн худалдаж авдаг вэ? Мэдээж Хятадууд!
Алтыг нь бол тэд Англи руу зөөдөг бололтой юм билээ. Оюу Толгой бол зөвхөн зэсийн үйлдвэр биш алтны маш их нөөцтэй уурхай юм. Хятадууд Рио Тинтогоос зэсийг нь авдаг болохоор тэд нэг тал л гэсэн үг. Бараагаа олж бэлдэх яахав нэг хэрэг. Худалдан авах хүн л үгүй гэвэл бараагаа яах билээ. Тэхээр ОТ бол Хятадад манай зэсийг ханган нийлүүлэгч компани бөгөөд Хятадыг царайчлах нь хэнд ч ойлгомжтой.
Асуудлын гол нь манайд дээр өгүүлсэн колоничлолын бодлого яваад байгааг тоймлох гээд үзье.
2008 ны 7 сарын 1 ны үймээнийг хэн яг чиглүүлж удирдаж хийснийг одоо болтол ч хэн ч мэддэггүй. УИХ-ын сонгууль луйвартай боллоо гээд АН-ын удирдлага дор хүмүүс жагсаж МАХН-ын байрны гадаа цуглаад С.Баярыг гараад ир! гээд тэр үймээн эхэлсэн. Тэгээд тэд С.Баяр гарч ирээгүй учир дайрч эхлээд дюти фрий дэлгүүрийг тоноод архи ууж согтоод МАХН-ын байрыг шатааж эцэстээ тэр шөнө хэн ч юм бүү мэд нөхөд учир битүүлгээр таван хүн буудаад алчихсан. Товчхондоо ийм л юм болсон.
Ингээд ерөнхийлөгч онц байдал тогтоож намжаагаад МАХН илт давуу ялсан ч танхимдаа АН-ыг урьж, стандарт бус хамтарсан засгийн газар буй болж дараа жил нь 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж Н.Энхбаярыг унагааж түүний дараа сүр дуулиантай баривчилж шоронд хийгээд ОТ гэрээ хийх нөхцөл бүрдсэн байдаг.
Анхандаа Таван Толгой тэргүүтэй газрын баялгийг MCS компани гардан хийж байсан бөгөөд гаднынхан “Монголын засагтай яриад юу ч бүтэхгүй MCS тэй яриад л дараа нь бүгд бүтдэг” гэж ярьдаг тухай олон хүн бичиж байлаа.
Гэхдээ ганц Монголын компаниар ОТ шиг том төслийг хийлгэх буруу бөгөөд тэднийг манай эрх баригчид бариад хорьчихвол тэд шууд гар хөлгүй болох учир өөрсдөө орж ирсэн байдаг. Рио Тинтог бид шоронд хийж чадахгүй нь ойлгомжтой юм.
За ингээд С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр нийлж хамтарсан засаг байгуулаад Рио Тинтотой гэрээ хийснээр ОТ гэх хамтарсан компанийг байгуулсан. Тэд гадаадынхан тэгээд манай нутагт олборлолт хийж Хятадад зарж буй учир тэдэнд зүтгэдэг үнэнч хүмүүс хэрэгтэй болно. Эд бол С.Баяр, Ц.Элбэгдорж, Сү.Батболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг … хамгийн сүүлчийнх нь Сүгийн цэрэг У.Хүрэлсүх бололтой.
Гэхдээ С.Баяр тэднээс шангаа авчхаад Риог гол гаргаад Сү.Батболдод бүх зүйлээ даатгаад “бие өвдлөө” гээд амар сайхандаа жаргахаар явчихсаныг бүгд санаж байгаа. Мөн тэр үед гишүүн бүрийн данснуудруу нэг, нэг сая доллар орсон гэсэн ч яриа явж байсныг ч уншигч та санаж л байгаа.
За ингээд С.Баярын ажлыг Сү. Батболд гардан хийгээд бас ч гэж бага сага өөрчлөлт хийж татвар энэ тэрийг нэмлүү яалаа эвийг нь олж ажил жигдрээд явж байтал гай болоод АН сонгуульд ялчихсан.
Ингээд Н.Алтанхуяг ерөнхий сайд болчихсон шүү дээ. Одоо бодоход яагаад Н.Алтанхуяг ерөнхий сайд болсон бэ гэвэл С.Баярын шадар сайд, бас Сүгийн ч шадар сайд байсан хүн таарсан нь тохиолдол биш бололтой.
Гэтэл Н. Алтанхуяг ОТ-д зүтгэх байтугай ОТ гэрээг сайжруулж өөрчлөх тухай яриад засах гэж оролдсон.
Тэр үед С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр бас зүгээр ч нэг боолууд биш тус тусдаа амбицтай улс болохоор Риог тоохгүй үгэнд нь орохгүй Н.Алтанхуягийг талдаа татаагүй гэдийсэн учир “Офшор линкс” сайт С.Баярцогтын нэг дансыг дэлгэж орхисон.
Гэхдээ Оюу Толгойгоос хахууль аваагүй инсайд трэйдинг хийгээд сэргэлэнтээд мөнгө авчихсан болж хувирсныг харахад зүгээр л С.Баяр, Ц.Элбэгдорж, Сү.Батболд нарыг айлгасан тэдний шантаж болж харагдана. Арван сая доллар гэдэг зүгээр л нэг хэсэг нь байх.
Ингээд Н.Алтанхуягийг унагаах ажиллагаа эхэлж түүнд одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга ч оролцож унагаасныг бүгд мэдэж байгаа. Гэхдээ тэр цагт Х.Баттулга ОТ-гоос шан хүртчих хэмжээнд байгаагүй. Хэрвээ хүртсэн бол яг одоогийн ийм юм огт болохгүй байх байсан. Хэрвээ Оюу Толгойг ҮАБЗөвлөл дээр татаж ирээгүй бол У.Хүрэлсүх тэр хоёрын хамтрал цаашдаа явах л байсан байх. Гэтэл ерөнхийлөгч офшорыг ухаж эхлээд эцэстээ ОТ дээр тулаад Сү.Батболд хэргийн эзнээр илрээд ирсэн учир энэ бүх үймээн эхэлсэн болж таарч байгаа биз?
Одоо ОТ д байгаа ганцхан багана бол Сү.Батболд юм шиг харагдана. Нэгэнт хахуулиар гэрээ хийгдсэн бол тэр гэрээ тэр чигтэй хүчингүй болж ОТ-ын гэрээг цоо шинээр хийх ажил үүсэх нь гарцаагүй юм.
Арбитрын шүүх дээр явж буй 155 сая долларын татвар гэдэг тэдний авчихсан юмны хажууд ширхэг чүдэнз гэсэн үг. Саяхан гарсан нэгэн мэдээлэлд “Рио Тинто компани 2019 онд хувь нийлүүлэгчдэдээ 7 тэрбум 200 сая долларын ногдол ашиг өгсөн” гэсэн тоо явж байгааг л харахад ойлгомжтой.
Ч.Сайханбилэг бууснаас хойш ОТ той шууд тулж ажиллаж байсан хүн бол Сү. Батболд байх бүрэн үндэстэй билээ. Тэгээд ч 2009 оноос хойш үргэлжилсэн гинжин хэлхээ одоо бүрэн дүүрэн ялаад буй МАН-ын гарт ирсэн бөгөөд У.Хүрэлсүх одоо томилогдох гэж буй Л.Оюун-Эрдэнэ ч зүгээр царай төдий бөгөөд ард нь байх гол хүч бол Сү түүний ард Рио гэдэг ойлгомжтой бөгөөд Ч.Хүрэлбаатар эртнээсээ л Сүгийн фракц учир тэр л түрийвчээ барьсаар ирсэн байдаг. Хэн мөнгөтэй нь дуугаа захиалдаг хорвоо биз дээ.
Учир нь Сү.Батболд боловсролтой нэгэн бөгөөд Англид эдийн засгаар дээд сургууль төгссөн бүр Н.Энхбаярын үеэс л МАХН-ыг санхүүжүүлдэг одоо бараг бүгд мартсан Бороо Гоулдын өчнөөн тонн алтыг татваргүй гадагшаа зарчихсан гээд мөнгөний гол эзэн төдийгүй МАНын гол хүн одоо ч хэвээр буй.
Яг одоо УИХ-ийн гишүүн “босоо” Ганбаа ОТ гэрээг цоо шинээр шинэчлэх боломж гарч ирлээ. Шинэ ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм хөдөлгөөн хийх хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гээд гадаа талбайд хэвтэж өчигдөр тэр талбайгаар “короногийн нэгдүгээр хавьтал” зэрэгцэн явж байна.
Энэ бол аргагүй л дээ Риогийн эхний хохирогч Н.Энхбаяр гэдгийг дээр өгүүлсэн. Н.Алтанхуягаас гадна өнөөх муу нэртэй М.Энхболд бас ОТд хамааралгүй томчуудын нэг харагддаг.
Мэдээж энэ дайн шууд ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг чиглэж эхэлсэн нь бүр ч ойлгомжтой бөгөөд С.Баяр, С.Баярцогт нар шоронд Ц.Элбэгдорж орохын өмнө байгаагийн дээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дээр Оюу Толгойн асуудлыг татаж авч ирсэн гол эзэн Х.Баттулга учир энэ дайн эхлэв!
Монгол ялахын эсрэг утга нь Монгол ялагдана.
Хэнд ялагдах билээ? “Хээрийн чонотой нийлсэн гэрийн ноход чоноос аюултай” гэж манай ард олон ярьдаг лугаа гаднынхны гар хөл болсон өөрсдийнхөө олигархуудад л ялагдана гэсэн үг.