Үндэстний сулрал
Гарчгаа их эвгүй авлаа. Хүлцээрэй.
- Тэсрэлтийн өмнөх Монгол
Манайхан яагаад өөдлөхгүй, унхиагүй, арчаагүй, ядуурахад ямагт бэлэн яваад байдагт хариулт хайгаадхамгийн том шалтгаан нь юу юм бол хэмээн би их бодлоо. Хариулт хайж хайж нэг тайлбар оллоо. Ерөөсөө төр засгийн толгойд суугаа хулгайч нараа устгаж дуусч байж л амьдрал ахуйгаа сайжруулна, ажиллаж хөдөлмөрлөнө гэх барьцсан сэтгэхгүйг л би олж харлаа. Төр засгийн толгойд шударга, эх оронч, хувиа боддоггүй, идэж уудаггүй, нэг ёсондоо алт шиг ариуссан нөхөд гарч иртэл нь ядуу гуйранчаараа яваад байя гээд зориг шулуудчихсан ч юм шиг. Тэгэхдээ ганц нэг хүн дээр яриагүй, нийгмийн бүхэл бүтэн давхарга, хүн амын ихээхэн хувь нь тийм юм болов уу гэх сэтгэгдэл төрлөө.
Гарчгаа их эвгүй авлаа. Хүлцээрэй. Дор нь ч их эвгүй гурван үг хэлхэн биччихлээ. “Тэсрэлтийн өмнөх Монгол” гэснийг маань хүлцээрэй. Яг л тийм байгаа юм чинь, аль ч талаас нь бодсон?Монголчууд Цагаан морин жилийн хувьсгалын шуурганы өмнөхөн яг ийм байсан даа. Социалист үзэл санаа, социализмын материал-техникийн баазад бүх итгэл алдарсан, эдийн засаг нь энерцээрээ явсаар гацаж зогссон, зөвлөлтийн тусламж л дөнгөж хөдөлгөдөг, энхрий хайрт нам нь шинэчлэлдээ бүдэрч унасан, монголчууд хавтгайдаа ядуу, өлөн нүдэлсэн, ивгээгч СССР нь пересторойка гэгчдээ бүдэрч унасан, тийм л Монгол 1980-1990-ээд оны зааг дээр байсан. Яг л тэр дүр зураг одоо харагдаж байна.
Улс төр ба дэглэм, дэглэмийн эд эс эрх баригчдыг үзэн ядах явдал чинээндээ тулсан, тиймдээ ч Улс төрийн Товчоо алга урвуулахын дайтай хөмөрч ойчсон, тэдний хойноос хэн ч харамсаагүй, одоо УИХ, ямар ч Засгийн газарт тийм л хувь заяа нүүрлэн буй. Эрх баригч гэлтгүй, эрхтэн дархтан, аливаа хурган дарга бүгдийг өнөөгийн улс төр харлуулчихлаар энэ улсад чинь ЭЗЭН гээч юм юу ч үлдэхгүй, тэсч тогтохгүй. Яг ийм тэсрэлтийн өмнө ирчихээд байна. Нийгмээр дүүрэн үзэн ядалт. Хэн нь ч хэнийгээ сүйдлэхэд бэлхэн, зөвхөн шалтаг хайж байна.
Хорин найман жил шувтан ардчилагдаад, зах зээлд шилжээ, шилжсээр, намууд нь шинэчлэгдсээр байтал ард түмэн ба үндэстэн нь сөхөрч туйлдлаа. Улс төрчид нь сөхрөх замын бэлчирт байна. Хэдэн жилийн дараа УИХ-д дэвших хүн олдохгүй болтлоо сөхрөх юм биш байгаа? Лав хувьдаа бизнестэй, эхнэр хүүхэд нь бизнес эрхэлдэг бол УИХ руу зүглээд хэрэггүй ээ, ял нь хүнд буух юм байна гээд цаанаас нь хэлээд хатгаад ч байх шиг. Буух ялны дотор ард түмэндээ үзэн ядагдах шиг хүнд ял байхгүй. Та нарын төлөө төчнөөн хууль тогтоомж батлуулсан гэдгийг чинь цаадуул чинь хүлээн авахгүй болсон байна!
Гарчигт өгүүлсэн, миний бичсэн шиг үзэгдэл яг байдаг юм байна. Улс үндэстэнд тун халтай үзэгдэл. Дархлааны сулрал, дархлаа алга болсны гайгаар монголчууд бид өөдлөхгүй явсаар, өвөр хоорондоо алалдсаар нэг мэдэхнээ Манжийн эзэнт гүрний эрхшээлд орж, шарын шашны хамгийн бурангуй үзэгдэлд нь мэхлүүлж хууртаж явсан түүх ердөө 100 гаруйхан жилийн тэртээ байснаа монголчууд мартчихсанд нь үнэхээр харамсаж яваа нэгэн бол би байна.
Үндэстний сулралын илэрхий шинж тэмдэг гэж байдаг юм байна. Ямар сулралын тухай вэ?
- Улс үндэстнээрээ уруудан доройтохын хамгийн аюултай шинж тэмдэг бол оюуны дархлаа алга болох, оюуны хомсдолд орох, нэг үгээрээ оюуны сулрал. Эрдэм ном, боловсрол нь хэлбэрт автах, агуулгаа гээх, бүтээлч сэтгэхээ болих, өнгөнд хууртагдах, ертөнцийн боловсролоос гээгдэх гэх мэт олон үзэгдэл зэрэгцдэг ба эдгээр нь нийгэмдээ түгээмэл харагдаж байвал тэр улс үндэстэн оюуны хөмрөггүй болж байгаа нь тэр гэнээ. Ерөөсөө нийгмийнхээ бүтцээс хувь процентоор гаргаад ирэх хэрэгтэй. Монголчуудын хэдэн хувь нь оюун санааны хөтөч, тархи нь юм бэ, тэд юу бүтээж, юу номлодог юм бэ гэдэгт их том тоо гарахгүй байх. Энд би шашин, уран зохиол, урлаг уран сайхан, үндэсний спортыг оруулж тооцохгүй ярьж байна.
- Улс үндэстнээрээ уруудан доройтохын хамгийн аюултай бас нэг шинж тэмдэг бол хийж бүтээхээс хойш суух, залхуурах, бэлэнчлэх, юүхэн хээхнээр амиа аргацаах, цаг нөгцөөсөн жижиг сажиг ажил нь нийгэмдээ хавтгайрах, бүтээдэггүй хэрэглээ хэт давамгайлах, хийсэн нь нэмүү өртөггүй, хийсэн нь мөнгө болдоггүй, мөнгө босгодоггүй болохыг хэлнэ. Хариулт нь манай нийгмийн бүтэц дотор бэлээхэн байна. Харин хувь процентоор гаргах хэрэгтэй. Энэ нийгэмд чинь хэн хэн байдаг юм бэ, тэдний хэд нь баялаг бүтээгч, мөнгө босгогч, эдийн засгаа чирэгч юм бэ, тэдний хэд нь нийгмийн ажил үйлийг аялуулагч юм бэ, миний айж түгшдэгээр бол хэд нь идэгчид ба хэрэглэгчид юм бэ гэдэг дээр нягт судалгаа гаргаж өлхөн болно.
- Улс үндэстнээрээ уруудан доройтохын хамгийн аюултайд тооцогдох шинж тэмдэг бол эрүүл мэндийн доройтол. Өвчлөл, эмнэлгүүдийн ачаалал, байгаль орчны бохирдол нь хүн ардынхаа эрүүл мэндийг сүйтгэх хэмжээнд очих, стресс бухимдал нь байнгын бүр хэвийн үзэгдэл болох, нийтээрээ эмэнд донтох, эмийг хоол хүнс шигээ хэрэглэдэг болохыг хэлнэ. Дагалдаад эмч, эмнэлэг, аптек олшрох, анагаах ухааны их дээд сургууль олшрох, эмнэлгийн мэргэжил үнэд орохыг энд бас хэлж болно. Бүгдийг нь хувь процентоор гаргаад ирж болно. Ерөөсөө гуравхан сая хүн ардын маань хэдэн хувь нь өвчтэй, харшилтай, өвчлөх магадлалтай, эм хэрэглэдэг гэчихэд л эрүүл хүн үлдэхгүй болтлоо жагсчих юм биш байгаа?
- Улс үндэстнээрээ уруудан доройтохын аюултай шинж тэмдгийн дотор экологийн терроризм гарцаагүй орно. Монголчууд өөрсдөө санаатайгаар биш ч, аль хэдийнээ тийм “террористууд” болж хувирсан. Улсаараа, бүх ард түмнээрээ гэж би хэлээгүй байна. Ахуйн шалтгаанаар экологийн терроризм үйлдэж байна. Улаанбаатарын эцэс төгсгөлгүй их гэр хороолол, энэ их утаа, утааг таригчид, хөрс усаа бохирлогсод, уул уурхайн бизнесээр байгалиа сүйтгэгчид бол тэр чигээрээ экологийн терроризм үйлдэцгээж байгаа хэрэг юм.
- Улс үндэстнээрээ уруудан доройтохын бас нэг аюултай шинж тэмдэг бол нийгэм дэх уур уцаар, хараал, үзэн ядалт, тэр нь гэмт хэргийн зөвтгөл болохыг хэлнэ. Гэм хэрэг өсөхгүй ч буурахгүй байх нь нэн аюултай. Ахуйн хулгай, залилан, биеэ үнэлэх, архидалт, мансуурал, донтолт, гаж явдал хэтрэхийг энд хэлнэ. Тооны харьцаа ч гаргаад ирж болно. Монголын хүн амын хэдэн хувь нь гэмт хэрэгтэн, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гарч буй гэмт хэргийн хэдэн хувийг хулгай (маш өндөр!), хэдэн хувийг залилан эзэлдэг гэх мэт.Эсвэл гэмт хэрэгтний хэдэн хувь нь төлбөрийн чадвартай, биеэр ял эдлүүлэхээс гадна хохирлыг хэрхэн барагдуулах гэх мэт нарийвчилсан судалгаа ч байж болно. Гэмт хэрэг буурахгүй байгааг дагалдаад цагдаа томрох, цагдаа олшрох, цагдаа үнэд орох, цагдааг шүтэхийг энэ төрлийн шинж тэмдэг дотор оруулж тооцож болно. Цагдааг зовоох асуудал их байгаа учраас л цагдаа үнэд ороод буй хэрэг. Зовоох асуудал их байгаа учраас л нийгэм тогтворгүй, хөгжил нь жигдрэхгүй, хүн нь хөгжихгүй, ерөөсөө олон улсын стандартаар бол гэмт хэргийн улс. Яг л дайрлага дайрсан Сомали, Йемен, Төв Африк ... шиг.
Энэ 5 шинж тэмдэг нийгэмд оршиж байх аваас нийгмийн тогтворгүй байдал байнга зэхээстэй, дотоодын аюулгүй байдал байнгын дайсантай, эрх баригчид байнга булаастай тэсрэх бөмбөгөн дээр байна гэсэн үг болно. Ерөөсөө мина булсан талбайд тэмтчин алхаж яваагаас өөрцгүй. УИХ тардаг дээрээ тулчихсан, Засгийн газраа ойр ойрхон солиод байдаг чинь булаатай минан дээр дэнжигнэж хэзээ мөдгүй дэлбэчих аюулын өмнө явж байдгийнх нь илрэл шүү дээ.
Улс үндэстний нийгмийн бүтэц гэж нэг үзүүлэлт байна. Нийгмийн бүлгүүдээс бүтэц бүрдэнэ. Бүлгүүд нь индивид-хувь хүмүүсээс бүрдэнэ. Индивид-хувь хүмүүс нийгэмд ямар үүрэгтэй талаар аль Аристотелиэс эхлээд хожуу үед Хоббс хүртэл эрдэмтэд тархиа гашилгасан, хүн судлал-сэтгэл судлал гэх шинжлэх ухаан түүхэн үеийнхээ туршид хүн ба нийгмээ судалсаар буй.
Тэгвэлмонгол индивид-хувь хүмүүсийн бүтцийн судалгаа нэн чухал, бас их сонирхолтой. Чухал ч байсаар ирсэн, хойшдоо ч чухал байсаар байх болно. Дэлхий монголчуудыг таньж чаддаггүй, таних гэж одоо ч зовсоор яваа, дэлхий байтугай хоёр хөрш маань биднийгээ гүйцэт таньж чадаагүй явна. Яагаад? Монголын нийгмийн доторхи “МОНГОЛ ХҮН” гэх бодгаль- индивидтэй харилцах учраа хэзээ ч олж байгаагүй. Бид дотроо олдоггүй юм чинь тэд олно гэж бүр ч байхгүй.
Яагаад? Шалтаг шалтгааныг нь нийгмийн бүтэц дотроос хайхаас аргагүй. Тэр дотор хэт жижигрээд салчихсан яваа нийгмийн бүлгүүдэд анализ хийж тийшээ ажиллахгүй бол нийгэм ямагт тогтворгүй байсаар байна. Манайхан зорилтот бүлэг хэмээн ядуурлаар нь шалгуур тавьж байдаг нь хангалтгүй. Түүнийгээ салбарлуулах хэрэгтэй.
Нийгмийн жижиг бүлгүүд Монголд дэндүү их байна. Жижиг дотроо ч салбарлаад уламжижгэрсээр төр-засгийн бодлого хүрч үйлчлэхгүй болтлоо хүнийссэн байна. Жижиг бүлэг гэж хэн юм бэ? Энд би төдөөс төдөн хүн багтана хэмээн тодорхой тоо хэлэх гээгүй. Хамтарсан үйл ажиллагаа, хамтын аж төрөл, ахан дүүс, нутаг усныхан (нийслэлд бол өнгөтэй өөдтэй яваа нь цуглардаг Нутгийн зөвлөлүүд), мэргэжлээрээ явцуурагсад, урлаг уран сайхан тойрч бясагчид, шашны фанаатууд, сексийн цөөнхи, архины найзууд гэхчлэн салбарлуулж болно. Насны бүтэц нь ч бас маапаантай. Манайд бол бүхэлдээ холилдчихсон.
Төр-засагтаа тавьдаг шаардлага, олж хүртэх сонирхол, олдог арга хэрэгсэлээр нь нийгмийн бүлгүүдийг олон салбарлуулах гэхгүй. Монголд бол товч тодорхой. Энэ тал дээр нэгтгэж нягтруулъя гэвэл маш хялбар ч юм шиг. Хөтөч буюу лидер байхад л хангалттай. Учир нь өмч ба мөнгө, эрх мэдэлтэн ба эгэл борчууд гээд зааглачихад л Монголын нийгэм сүхээр цавчсан юм шиг хоёр хуваагдчихна. Симпат ба антипат гэдэг нь эндээс тодроод ирнэ.
Нийгмийн жижиг бүлгүүд Монголд дэндүү их болсны гайгаар Ерөнхий сайдынх нь НҮБ-ын индрээс хүлээн зөвшөөрснөөр “Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд шууд тусгалаа олохгүй байгаа нь манай Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэг сорилт юм”. Тэгж олон бүлэгтэй болсны гайгаар 84 саяар тоологдож буй мал сүрэг, мал аж ахуй маань иргэддээ очиж огтхон ч нялзахгүй байна. Арав хүрэхгүй жилийн тэртээ манай эдийн засаг +17 хувиар өсч дэлхийг дэлдийлгэж байх үед тэр зорилтот ба нийгмийн хэт жижиг бүлгүүдээ өөд татаад алга болгочихгүй яасан юм бэ? Нийгмийн халамжийг хавтгайруулан тараагаад нэмэргүй гэдэг нь маш тодорхой харагдлаа.
Монголын нийгмийн “хөдөлгөгч хүч” гээчийг гадаадын монгол судлаач эрдэмтэд олоод харчихсан байдаг даа. Тун ядмаг хэсэг нь. Зөвлөлтийн дипломатч, түүхч, зохиогчИван Майский 1921 онд Эрхүүд хэвлүүлсэн “Орчин үеийн Монгол: Монголын шинжилгээний ангийн тайлан” номдоо монголчуудын зан төлөв, араншингийн талаар сургамжтай атлаа гашуун үнэн, уг нь бид тусгаж аваад арилгачихмаар олон зан чанарыг бичиж үлдээснийг би дэлгэрэнгүй эшлэсэн. Одоо ганцыг нь дахин эшлэе: - Төрийн жолоо атгадаг дээд лам ноёдыг нь эс тооцвол монголчууд бүгдээрээ дэндүү арчаагүй байдалтай байна гэжээ. Эдүгээ энэ гамшиг яг хэвээрээ Төрийн ордонд залардаг хэд, олигархи гэдэг хэдхэн хүнээс бусад нь нийтээрээ тэднийгээ жигших атлаа өөртөө, амьдралдаа туйлын арчаагүй олхиогүй хэвээрээ явна. Тиймдээ ч Монголын нийгэмд ядуурал ямагт 30 хувьтай, тэр нь нэмэгдээд 50 хувь хүрчих магадлалтай явж иржээ.
Монголч эрдэмтэн, МУИС-д олон жил урилгаар багшилсан герман профессор Удо Баркманн гэх найз маань “Монголын түүх, улс төрийн асуудлын тухай өгүүллүүд” хэмээх эрдэм шинжилгээний эмхэтгэл номдоо: - Эгэл жирийн монгол эр хүнийг хэрхэн тодорхойлж болох вэ? Миний л мэдэхийн эгэл монгол эрчүүд өр нимгэн, тусархаг, илэн далангүй, хонзон санах нь бага, харин ч буулт хийж зохицохыг боддог, хийж бүтээхийг нэг их эрхэмлэдэггүй, тодорхой зорилго, үр дүнд хүрэх гэж ажилдаа уйгагүй махран зүтгэж, санаачилгатай хандах нь бага, харин ч тавьсан зорилгоосоо даруй няцах хандлагатай. Эмэгтэйчүүдийг бодвол нийгмийн хэт их дарамт ачааллыг давж гарах, бууруулах чадвар тун муутай. Тиймээс тэд дарамт ачааллаа багасгах гэж сав л хийвэл согтууруулах ундаа хүртэх гэдэг. Хот газрын олон эрчүүд өөр ажил олох боломж муутайн дээр ерөнхийдөө боловсрол багатайн улмаас жолооч, харуул зэрэг идэвхгүй мэргэжлийн ажил эрхлэх нь элбэг гэжээ.
Эдүгээ УИХ-ын индрээс “төдөн ажлын байр” хэмээн ярьдаг болж хэвшиж байгаагаас өмнө бол тэгтлээ ярьдаггүй байсан. “Төдөн ажлын байр” гарна, гаргана гэж ярихаасаа илүүтэй, түүндээ ямар арга замаар хүрэх, үүнд ямар механизм ашиглах талаар маш тодорхой ярих цаг болсон. Хууль ч гаргасан болно. Насанд хүрсэн, эрүүл саруул монгол иргэн татвар шимтгэл төлдөг тусгай (нэхэл хатуу) хууль батлаж мөрдөх цаг болсон. Татвараа төлөхийн тулд ажил хийхгүй бол болохгүй гэсэн гарцаагүй байдал руу иргэдээ шахаж оруулна гэсэн үг. Ажил эрхэлсэн ч, эрхлээгүй ч төрдөө татвар төлж байг. Эсвэл ажил хийхгүй байгаагийн албан татвар гэж ногдуулсан ч болно. Төрдөө татвар төлж байхын тулд байнга ажил орлоготой байхаас өөр гарцгүй, ажил эрхлэхийн тулд ур чадвараа байнга дээшлүүлнэ, өөрийгөө ба үр хүүхдээ хөгжүүлнэ, эрүүл байх ёстой, эрүүл аж төрөх ёстой гэхчлэн цаашаа ашиг тус нь хөвөрч өгнө.
Хэд хоногийн өмнө “Баялаг бүтээгчдийг дэмжих холбооныхон Жижиг, дунд үйлдвэрийн хуулийн төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж ярилцав” гэсэн мэдээ явж байсан даа. Тэр мэдээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2015 онд байгуулагдсан бөгөөд 21 аймаг, 7 дүүрэгт салбартай, одоогоор 100 мянга гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн дээр нь өлгөж аваад энэхүү нийтлэлээ бичих санаа сэдлийг өөртөө гаргаад авлаа. “100 мянга гаруй” гэдэг бол туйлын бага, бүр чамлагдаж байна. Энэ их ядуурал, ажилгүйдэл, yнхиагүйтлийн дэргэд далайд дусал нэмэр, элсэнд хаясан зүү л гэсэн үг!
Байнгын ажилтай, байнгын орлоготой, тэр нь өөрийг нь байнга хөгжүүлдэг, хийсэн бүтээсэн нь мөнгө болж олон дахин үрждэг, түүний төлөө монголчууд бултаараа хүсдэг тэмүүлдэгболтол нь улс нийгмийг, хүн ардыг шахахгүй бол тэсрэлтийн аюулыг хэзээ ч арилгаж чадахгүй.
Тэсрэлт хаяанд тулчихаад байна. Тэсрэлтийг хэрхэн зайлуулах, аюулыг нь арилгах вэ гэдэгт УИХ тарах, Засгийн газар огцрох бол огтхон ч хариулт болж чадахгүй. Жинхэнэ хариулт хэрэгтэй!