Жан Имоугийн ханзыг задлах, ханзанд нэгтгэх урлаг
1949 онд 26 настай байсан Гоминьданы армийн офицер аав нь хэдийнэ хошууч цолтой болж, цагтаа тус намын Ванпугийн цэргийн академийг төгссөн авга ах нь Чан Кайшигийн Ерөнхий штабт өндөр албан тушаалд томилогдсон байлаа. Өөр нэг авга нь мөн Вампугийн академийг төгссөн ч Гоминьданыханд нүүр ололгүй коммунистуудын талд орсон гэдэг.
Жан Имоу элит гаралтай гэр бүлд төржээ. 1949 онд 26 настай байсан Гоминьданы армийн офицер аав нь хэдийнэ хошууч цолтой болж, цагтаа тус намын Ванпугийн цэргийн академийг төгссөн авга ах нь Чан Кайшигийн Ерөнхий штабт өндөр албан тушаалд томилогдсон байлаа. Өөр нэг авга нь мөн Вампугийн академийг төгссөн ч Гоминьданыханд нүүр ололгүй коммунистуудын талд орсон гэдэг.
Хятад улс байгуулагдсаны дараахан 1951 онд мэндэлсэн ууган хүүдээ аав нь Имоу буюу “үр хойчдоо өвлүүлэх гэрээс сургаал” гэсэн утгатай учир бүхий нэр хайрлажээ. Имоу хожмоо далаад онд нэрнийхээ “и” гэсэн ханзыг ижил дуудлагатай урлаг гэсэн ханзаар сольж, нэр нь урлагийн санаа сэдэл гэсэн утгыг илэрхийлэх болсон юм. Чингэснээр найруулагч туйлын зорилгоо өнөө маргаашийн талх тариа биш, урлаг соёл болохыг тодлон тодорхойлсон биз ээ.
Аав нь офицер, ээж нь эмч мэргэжилтэй, сэхээтэн гаралтай, нэг авга нь Чан Кайшиг дагаж Тайваньд гарч, нөгөө нь коммунист намд элссэн тэднийхэн шинэ Хятад мандсаны дараа эсэргүү хэмээгдэж, хөдөлмөр хүмүүжлийн ажилд дайчлагдав. Өсвөр, залуу насныхаа тухай Имоу найруулагч “Их үсрэлтийн үеийн нийгмийн абсурд байдал үнэхээр аймшигтай байлаа. Манайхан чанасан луувангаас өөр идэх юмгүй, талх тарианы тухай саналтгүй. Талх идэх юмсан гэж мөрөөдөж явлаа. Тиймдээ ч би одоо хүртэл талханд дуртай. Жараад оны тухайд эргэн санавал өөртөө ямар ч итгэлгүй байж. Аавыг хувьсгалын эсэргүү хэмээн цоллож, манай гадаа цугласан улс элдвийн доромж үг хашгирцгаадаг сан. Намайг гутааж, шулуухан дайрч доромжлохгүй ч гэлээ сэтгэл минь тавгүй. Хувьсгалын эсэргүүний хүү болохоор кино урлагийн сургуульд их хожуу орсон юм. Ёстой л шидийн хүчээр орсон гэж хэлж болно. Гэтэл сургуульд элссэний дараа намайг хууль бусаар элслээ гэж гүтгэн муучлах хүн олдсон. Тэр үе яалт ч үгүй сэтгэлд сэв суулгаж, эрсдлээс аль болох зугтаж зайлсхийх хашир зантай болгожээ. Одоо хүртэл би санаснаа гүйцээхийн өмнө сайтар тунгааж боддог” гэж дурсжээ.
Имоу 1965 онд дунд сургуулиа дүүргээд Сиань хотоос хориод газрын зайтай Ганьсюаний үйлдвэрийн бригадад хөдөлмөрөөр хүмүүжигдэхээр хуваарилагдаж, тэндээ гурван жил ажиллаад Шэньси мужийн Сянь-ян хотын оёдлын үйлдвэрт шилжив. Хэдийгээр гурван жил хар бор ажил хийж хүмүүжсэн ч аанай л эсэргүүний хүү гэгдсэн Имоуг ачигчаар авах гэж үйлдвэрийн удирдлага хоёр ч удаа хуралдаж хэлэлцсэн гэдэг. Тэгээд сагс сайн тоглодог тулдаа ажилд орлоо.
Сургуульд байхын зурах дуртай байсан Имоу энэ л үеэс гэрэл зураг сонирхож, цалингаасаа илүүчлэн цуглуулсаар хоёр жилийн дараа Хятадын үйлдвэрийн Цахлай нэрийн гэрэл зургийн аппараттай болжээ. Улмаар 72 оноос эхлэн Хятад бүсгүйчүүд, Манай үеийнхэн, Үүлэнд гээгдэгсэд зэрэг өргөн дэлгэр сэдэвтэй цуврал зураг авч, зургаа 74 онд гэрэл зургийн сэтгүүлд нийтлүүлэв. Тэгээд хэдэн жилийн дараа хүсэл мөрөөдлөө даган 78 оны таван сард Бээжингийн кино урлагийн их сургуулийн зураглаачийн ангид элсэхээр шалгуулжээ. Үүнээс өмнө хувь заяагаа өөрчлөх гэсэндээ эхлээд биеийн тамирын дээд, уран зургийн сургуульд өргөдлөө өгч байсан ч элсэж чадалгүй зураглаач болчихвол алсдаа гэрэл зурагтаа эргэж ороход амар юм гэж санасан юмсанж.
Анхны эхнэр Сяо Хуагийнх нь дурссанаар кино урлагийн сургуулийнханд Имоугийн гэрэл зургууд таалагдсан ч 22-оос доош насны залуусыг элсүүлдэг журамтай учраас 28 хүрсэн түүнийг шалгалтад оруулсангүй. Тэр цагт найзууд нь түүний гэрэл зургуудыг нэр нөлөөтэй зураач Хуа Зюнь-үд үзүүлэхэд залуу зурагчны авьяас билгийг олж харсан уран зураач тухайн үеийн Соёлын сайд Хуан Жэньд дамжуулснаар Имоуг тогтсон журмыг зөрчин байж зураглаачийн ангид элсүүлэв. Анхны эхнэр Сяо Хуа нь “Имоуг тэр үеийнх шиг баярлан хөөрч байхыг би ер үзээгүй” гэж дурссан нь бий.
Имоу 1982 онд сургуулиа дүүргээд зураглаачийн хувиар “Шар газар”, “Сүрт жагсаал”, “Нэг ба найм” киноны зургийг авч, 1987 онд Ү Тяньминий “Хуучин худаг”-ийн гол дүрийг бүтээжээ. Энэ дүрээрээ тэрээр Токиогийн кино наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн юм. Энэ талаар найруулагч Ү Тяньминь “Имоу тариачин эрийн дүрд бүрэн орохын тулд өдөртөө хэд хэдэн удаа уул өөд хүнд чулуу зөөж, гараа 2-3 цагийн турш элс шороогоор үрэхийн зэрэгцээ зураг авах үзэгдлээ цуглаж ярилцахад сандал дээр суулгүй шалан дээр явган суудаг байлаа” гэж тэмдэглэн бичжээ.
Жан Имоугийн анх найруулсан кино нь гэвэл Мо Янийн зохиолоор хийгдсэн, эх оронч үзэл нэвт шингэсэн, хурц өрнөлтэй эмгэнэлт “Улаан шиш” юм. Берлиний кино наадмын дээд шагнал Алтан баавгайг хүртсэн “Улаан шиш”-ийг эх орон нэгтнүүд нь хүмүний сэтгэлийг шинэ өнцгөөс илэрхийлсэн Хятадын кино урлагийн онцгой нэгэн үзэгдэл хэмээн үнэлжээ. Энэ киноны дүрүүд үлгэр дууриал болсон төгс хүмүүс биш, сэтгэлээ дагадаг, эргэлзэж тээнэгэлздэг улс байсан нь тухайн үеийн киноны дүрүүдээс эрс ялгардаг.
Харин 1990 онд бүтээсэн “Зюдоу”, 1991 онд хийсэн “Улаан дэнлүүгээ өргө” бүтээлүүдэд Хятадын хаагдмал, хязгаарлагдмал нийгэмд амь зууж байгаа хүмүүсийн эмгэнэлтэй хувь заяаг дүрслэн дэлгэжээ. Энд эхнээсээ л ялагдах нь тодорхой, эцгийн эрхт ёсны эсрэг чиглэсэн хувь хүний эсэргүүцэл тэмцлийг өгүүлсэн байна. Энэ хоёр киног Хятадад хориглосон ч “Зюзюй шүүхэд хандсан нь” хэмээх гурав дахь кино нь үзэл суртлынханд ихээхэн таалагдсанаар эхний хоёрыг нь дэлгэцэнд гаргахыг зөвшөөрсөн түүхтэй. Жан Имоу “Зюзюй шүүхэд хандсан нь” бүтээлдээ тосгоны үхширмэл ёсыг эсэргүүцсэн эмэгтэйн тухай өгүүлсэн боловч яалт ч үгүй цензурт баригдан зарим үзэгдлийг эерүүлэн зөөлрүүлснээр, эсрэгээрээ нийгмийн тогтсон ёс бүхнээс дээгүүр гэсэн үзлийг сурталчилчихжээ. Гэхдээ л барууныхан түүнийг чанд тогтолцоог эсэргүүцсэн гавьяатай хэмээн гараа дэлгэн тосож, америкчууд кино академийнхээ гишүүнээр элсүүлэн, францчууд урлагийн академийн одон медалиар шагнан урамшуулав. Үүнчлэн 1994 онд бүтээгдсэн Каннын кино наадмын Алтан далдуу шагналт “Амьдрахуй” кино найруулагчийн уран бүтээлийн замналд онцгой байр суурьтайг дурдах учиртай. Амьдралын гашуун үнэнийг өгүүлсэн эл киног Хятадад хорьсонд гайхалтгүй биз.
Жан Имоу уран зохиолоор онгодоо хөглөдөг, өрөөл бусдын санааг дүрсжүүлэн буулгадаг гэж өөрийгөө тодорхойлсон нь бий. Өдгөө ч түүнийг хамгийн их ном уншсан Хятад найруулагч гэж цоллодог аж.
Эхэн үеийн Имоу нийгмийн эд эс болж эвцэж чадалгүй сөргөлдөн тэмцэж, үзэл бодлоо хамгаалахын зэрэгцээ мөнөөхөн нийгмийнхээ нэгээхэн ширхэг болохын төлөө өөрөө өөртэйгөө зөрчилдсөөр заримдаа амиа алддаг эгэл нэгний амьдралын драмыг өгүүлж, түүгээр дамжуулан ханзыг задалж байсан бол хожуу үеийн Имоугийн баатрууд хувь чанараа нийгэм журамд эвцүүлэн дарангуйлж, хамаг олны ашиг сонирхлыг дээдлэн, Хятадын идеологи олон улсын түвшинд ямар асуудалтай тулгарч байгааг илчилж, энэ бүхнийг ханз үсэгт нэгтгэснээр нэгдмэл нэгэн санааг илэрхийлэх болжээ. “Нисдэг чинжаалын байшин”, “Баатар”, “Сүүдэр” зэрэг бүтээлд чухамдаа энэ л үзэл тод томруун туссан билээ.
Ямар учраас ийм эргэлт гарав гэвэл гучаад оны Шанхайн аж байдлыг өгүүлсэн “Шанхайн гурвал” киног авч үзэх учиртай. Оскарын шилдэг зураглаачийн шагнал, Алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн эл киног чухамдаа улс төрийн тэрс агуулгагүй байсанд барууныхан үл ойшоосон юмсанжээ. Өнгө будаг нь төгс зохицсон, нарийн чимхлүүр ажиллагаатай уг киног Каннын кино наадмынхан төдий л тоосонгүй нь найруулагчид “Ерөөсөө баруунд миний тэрс үзэл л чухал болохоос биш ур чадвар минь сонин биш юм байна” гэх ойлголтыг төрүүлжээ. Үүн дээр нэмээд хоёр жилийн дараа бүтээсэн “Ам нээвэл уушги нээ” киног нь Каннын наадмаас хасаж, оронд нь Хятадад хориглосон, хийцийн хувьд Имоугийн бүтээлээс илт дор Жан Юань найруулагчийн ижил хүйстэн эрчүүдийн тухай өгүүлэх “Өрнө, Дорнын орд харш” киног сонгосон нь наадмынхны хувьд ур чадвар биш тэрслүү санаа илүү чухал хэмжүүр юм гэдгийг Имоуд ухааруулжээ. Ингээд 1998 онд улс төрийн үзэл сурталд бүрэн нийцсэн “Дутах зүйл үгүй”-гээ бүтээснээр эх орондоо жинхэнэ алдар суу гээчийг биеэрээ мэдрэв. Европт эрж хайснаа эх орноосоо олж болохыг ингэж л ойлгосон бололтой. Энэ ухаарал Ан Лигийн “Гэтэж буй бар, мярааж буй луу”-д хариу барьсан “Баатар” киногоор дүрсжин илэрсэн юм.
Түүнээс гадна 2000 оноос хойш Жан Имоугийн уран бүтээлд өөр нэг чиг хандлага бий болсон нь бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл туурвил билээ. Энэ ангилалд “Мянган бээрийн зам”, “Долоогоны сүүдэрт”, “Дайны цэцэгс”, “Харих зам” зэрэг бүтээлүүд багтана.
Эцэст нь саяхны ярилцлагадаа Жан Имоу “Би хэдий Олимпийн нээлтийг найруулсан ч төрийн цензур хэвээр, нээлтийг найрууллаа гээд намайг цензурээс чөлөөлөөгүй. Гэхдээ арав хорин жилийн өмнөхтэй харьцуулахад хатуу цензур үгүй болсон нь үнэн. Үзэл суртлын багийнхан надаас залуу улс байх нь элбэг. “Энэ өгүүлбэр өөр хэн нэгэн нэрд гараагүй залуу найруулагчийн кинонд байсан бол хасах л байлаа. Гэлээ ч та бол та, таны киног дэлхийд үзнэ шүү дээ” гэж шууд хэлэх болж дээ” гэж өгүүлснээр энэ бичвэрээ өндөрлүүлье.