O.Амгаланбаатар: Намайг ширүүн, дориун л гэдэг, гэхдээ ажлыг маш зарчимч, хатуу байж хийдэг юм
Өнөөдрийн ярилцлагын зочноор Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар уригдлаа.
Өнөөдрийн ярилцлагын зочноор Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар уригдлаа. Тэрбээр 2014-2016 онд ГАА-ийн Засаг даргаар ажиллахдаа нутгийнхаа хөгжлийн төлөө асар их зүйлийг хийсэн, нэн ялангуяа Алтай хотын өнгө төрхийг эрс өөрчилж, хэрэв хүнд хийе бүтээе гэсэн хүсэл, тэгээд зүтгэл байхад бүтэхгүй зүйл гэж байдаггүй болохыг амьдрал дээр баталсан нөхөр. Түүнийг сайн мэддэггүй хүнд сар, сүр гэсэн магад ч үгүй жаахнаар барахгүй аатай, омогтой гэмээр нэгэн. Надад ч анх тийм л сэтгэгдэл төрүүлсэн. Гэвч танилцаад уулзаад ярилцаж суухад миний өмнө жинхэнэ хар, бор амьдрал мэддэг, ажил хийх арга ухааны учрыг олж хужрыг тунгаасан, хамт олныг удирдан манлайлагч, тун овсгоотой сэргэлэн менежер сууж байгааг гүн гүнзгий мэдэрсэн дээ. Бид хоёр шуудхан л яриандаа орсон юм. Их нээлттэй, илэн далангуй бас сэтгэлдээ буртаггүй, шулуухан яриатай жинхэнэ эр хүн гэж би түүнийг өөртөө шинээр нээж тодорхойллоо. Ингээд ярилцлагаа толилуулъя.
-Өөрийн чинь талаар домог шиг яриа их л сонсогддог байлаа. Ингэхэд яаж яваад, хаанаас гарч ирээд Говь-Алтай аймгийн Засаг дарга болчихдог хүн билээ. Гэнэт л гараад ирсэн болохоор гайхаж байлаа л даа тэр үед. Одоо тэгээд ямар нэгэн нам, улс төрийн хүчин, хувь хүний хүсэл, эрх ашиг, лоббигоор л албан томилгоонууд хийгддэг болсон болохоорасууж байгаа юм. Өөрийг чиньард хэн нэгний эрх ашиг, лобби байсан уу?
-Үгүй дээ. Ямар юмных нь лобби, эрх ашиг байх билээ. Би чинь АН-ын гишүүн хүн. Дэмжлэг гэж хайх юм бол намын аппаратыг хэлж болох юм. Хаанаас гараад ирэв ээ, гэж үү! Ингэхэд шулуухан ярья. Би Алтайн унаган хүүхэд. Бигэр сумын харьяат. Аймгийнхаа нэгдүгээр арван жилийг төгсөөд ХААИС-д суралцаж дүүргэсэн. Ингээд гаалийн байгууллагад орж ажиллахдаа Монголынхоо баруун, хойд, өмнөд гээд бүхий л цэг дээр тойрч ажилласан байдаг юм. Монголын гаалийн байгууллагын түүхэнд өөрийнхөө хүсэлтээр “Би гаръя, намайг чөлөөлж өгнө үү” гэж өргөдөл бичээд гарсан хүн надаас өөр байхгүй. Ийм тохиолдол анхных шүү дээ. Яаж, ямар аргаар гаалийн албанд ажилд орох вэ?гэж хүмүүс өдрийн бодол, шөнийн зүүд болоод явдаг бол, эсрэгээр би гаръя гэж хэлээд гарсан хүн. Тухайн үед найз, нөхөд маань чам шиг тэнэг хүн байх уу, гээд гайхаж, загнаж байлаа. Мэдээж шүү дээ.
-Нээрээ яаж байгаа юм бэ? Гаалиас хөөгдсөн, халагдсан хүн хүртэл яаж буцаж орох вэ хэмээн арга, чаргаа барж яваатай би олон таарсан. Гэтэл чи эсрэгээр өргөдлөө өгөөд гарч байдаг. Яагаад?
- Өмнөговь аймгийн Гашуун сухайтын гаальд 4 жил ажиллахдаа тэр аймаг нүдэн дээр өөрчлөгдөн хөгжиж байгааг харж байлаа. За, тэгээд амралтаараа аймагтаа очихоор үнэн хэцүү дүр байдал угтана шүү дээ. Хөгжил энэ тэр ярихын эцэсгүй. Үнэхээр хоцрогдчихсон байгаа нь яагаад ч юм сэтгэл эмзэглүүлнэ. Тэгээд аймгийнхаа удирдлагуудтай уулзаад энэ байдлыг ярьж, хөгжлийн сэдэв хөндөхөөр огт хүлээж авахгүй шүү дээ. Царай нь хувираад явчихна. Чамд ямар хамаа байна аа, гэсэн дургүйцэл, бухимдал нүүрэн дээр нь илт гараад ирнэ. Хөгжлийн тухай яриаг хүлээж авах ямар ч сэтгэл, бүр үнэр ч байхгүй тийм л нөхдүүд аймаг удирддагбайлаа. Энэ бүхнээс болоод ерөөсөө ажлаа өгөөд нутагтаа ирж, аймгаа хөгжүүлье гэж шууд шийдсэн дээ. Тэгээд ажлаа өгөхдөө найз нартаа “ Би нутагтаа очиж Засаг дарга болно” гэжтангараг шахуу хэлээд гарсан. Үнэхээр манай аймгийн дүр байдал, хөгжил, хүн ардын амьжиргаа бусад аймаг, тэр тусмаа Өмнөговьтой харьцуулахадзүгээр л тэмээ, ямаа шиг ялгаатай байсан юм. Ингээд аймагтаа 2012 онд ирж, Ардчилсан намын дарга болоод зүтгэж эхэлсэн дээ.
-Өөртөө тун итгэлтэй, зоримог байсан байх нь. Хамгийн гол нь хийх ажил, зорилгоо яс тодорхойлчихсон, арга замаа олчихсон хүн л ийм шийдвэр гаргана шүүдээ. Өөрт чинь тэгэхээр хөгжлийн бодлого, концепц байсан гэж ойлгогдлоо зөв үү?
- Би түрүүн хэлсэн шүү дээ. Монголоо тойрч ажилласан гэж. Эрдэнэт хот, Улаанбаатар хотын гааль, Өмнөговь, Бургастайд ажиллахдаа их олон зүйлийг ажиглаж, бас сурч байлаа. Монгол Улсад яг одоо ямар шийдэл хэрэгтэй юм бэ? Хөгжлийн гарц юу байх уу, аймаг, орон нутгийг яаж хөгжүүлэх билээ, яавал хүмүүсийн амьжиргаа дээшлэх вэ, юу хийвэл зүйтэй байх уу гээд их боддог байсан болохоор яг үнэндээ толгойд асар их төсөөлөл, санаанууд, тэгээд шийдэл, гарц бий болчихсон байсан. Аймгийн хөгжлийн дүр зураг нүдэнд харагдаж, сэтгэлд шууд багтаад, буугаадирж байгаа юм чинь. Ингээд 2012 оны сонгуульд намаа авч ороод ялагдал хүлээсэн. 2014 онд дахин сонгуулиар даагаа нэхэж, Говь-Алтай аймагт анх удаа Ардчилсан нам ялж, Иргэдийн хуралд олонх боллоо. Бид “Цаг ирлээ” гэсэн мессежтэй орсон юм. Энэ нь хөгжлийн цаг ирлээ гэсэн утга илэрхийлж байгаа юм.
-Ингээд орон нутгийн эрх мэдлийг АН авснаар Засаг дарга болж, хөгжлийн цагаа эхлүүлсэн байх нь. Гэхдээ баахан хүн халснаар ажлаа эхлүүлсэн гэх дуулиан дэгдэж байсныг санаж байна. Энэ үнэн байсан уу?
-Үнэн. Ажлаа авсны дараа бүх шатны томилгоог харж байхад сэтгэл гонсойлгосон дүр байдал шууд харагдаж байгаа юм. Ардчилсан нам, МАН-ын гэлтгүй, бүгд л юу хийхээ сайн мэддэггүй, ямар ч шийдэлгүй, зүгээр л дарга болохыг мөрөөдөж, хүссэн нэг нэг албан байгууллагын толгойд гараад суучихсан хүмүүс байгаад байгаа юм. Зүйрлэж хэлбэл баахан “амьгүй” албатууд. Харамсалтай бөгөөд бухимдалтай санагдана биз дээ. Ямар ч санаачилга, шийдвэр шийдэлгүй, ажил хийх сэтгэлгүй атлаа суудал бөглөж, цүнх барьж, дүр эсгэсэн тийм хүмүүстэй яаж хамтарч нэг баг болж ажиллах юм бэ? Миний толгойд хийх ажил минь тэр чигээрээ багтаж, чихэлдэж байсан гэж хэлсэн шүү дээ. Гэтэл хамгийн чухал хамтарч ажиллах баг маань ийм сул дорой байж болохгүй байсан юм. Тиймээс шууд тэднийг халсан. Үнэн юмыг би үгүйсгээд яахын. 40 гаруй хүн халсан байх. Тэгээд өөрийн багаа бүрдүүлсэн. Ер нь ингэдэг юм байна. Анзаараад байхад хүн шинэ ажил дээр очоод, 1-2 жилийг ямар ч үр бүтээлгүй өнгөрөөдөг юм байна. Яагаад гэхээр ажлаа нэгдүгээрт мэддэггүй учраас танилцаж, учраа олох гэж уддаг, мэргэжилтнүүдийн үг сонсож, ажлаа заалгасаар ийм хэмжээний хугацааг шал дэмий алдаж байна шүү дээ.
-Тэгвэл өөрийн чинь тухайд шууд аймгийн Засаг дарга болоход мэдэхгүй чадахгүй зүйл гарч, хугацаа алдах явдал гараагүй юу?
-Гараагүй. Би аймаг, орон нутгийнхаа онцлог, бүх нөхцөл байдлыг бүр ширхэгчлэн мэдэж байсан болохоор цаг, хугацаа алдах явдал байгаагүй, хийх ажлаа мэдэж байсан болохоор үнэхээр хугацааг хожсон.
-Үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг. Бас үнэнийг яаж ч үгүйсгээд худал болгож чадахгүй. Говь-Алтай аймаг өөрийг чинь Засаг дарга байсан хоёр жилийн дотор эрс өөрчлөгдөж, хамгийн хоцрогдсон, хуучирч муудсан аймгийн төв нүүрээ угаасан хүүхэд шиг цэмцийснийг алтайчууд бүгд мэддэг, бас хаана ч ярьдаг юм билээ. Өөрийн эрхгүй л мундаг юм даа гэж чиний талаар бодож эхэлснээ би ч бас энд хэлмээр байна.
-За, баярлалаа.
-Ажлыг яаж ингэж хийлгэдэг юм бэ? Уг нь Лодойхүү, Чулуун, Лоохууз гээд жинхэнэ улс орон даяар гайхамшиг болсон агуу хөдөлмөрч, удирдан зохион байгуулагч хүмүүс Говь-Алтайгаас төрөн гарч, аймаг удирдаж байлаа шүү дээ. Тэднээс суралцдаг байх гэж надад санагдлаа.
-Тийм л дээ. Ер нь ажлыг сэтгэл байхад яаж л бол яаж хийнэ. Сэтгэлгүй бол ямар ч ажил, бүтээл, бүтээмж гэж байхгүй. Ажил хийж, бас хийлгэхийн тулд бусдыг аргадна, захиргаадна, урамшуулна, шийтгэнэ гээд бүхий л арга хэрэгслийг хэрэглэх шаардлага гарна шүү дээ. Миний хувьд Засаг дарга болоод хамгийн түрүүнд алтайчуудаа байнгын ашиг, орлоготой болгох явдал байсан. Ажлын байр бараг байхгүй, тийм болохоор орлого алга. Аймгийн иргэд ноос, ноолуур, арьс ширний мөнгөөр амь зууж, төрийн албан хаагчид нь цалингаараа л амьдарч байгаа юм. Өөр ямар ч орлого, үйлдвэрлэл байхгүй. Тиймээс “Алим”, “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрөө гаргасан юм. Харамсалтай нь 2016 оны сонгуульд бид ялагдчихсан. Хэрэв ялаад энэ хөтөлбөрөө хэрэгжүүлсэн бол өрх бүрийг жилд 60 саятөгрөгийн байнгын орлоготой болгох боломжтой байсан. Одоо эргээд бодож байхад би иргэддээ энэ хөтөлбөрийнхөө ач холбогдол, үр ашгийг сайн ойлгуулж чадаагүй юм билээ. 2017 онд Засгийн газар миний энэ хөтөлбөрийг баталсан боловч, яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ мэдэхгүй байна л даа.
-Яг ямар хөтөлбөр байсан юм бэ? Дэлгэрүүлж ярьж өгөөч?
-Энэ бол миний энэ насны мөрөөдөл. Алтайдаа заавал хэрэгжүүлэх ёстой, бүр дотрыг минь шатаасан хөтөлбөр байгаа юм. Говь-Алтайд бүх төрлийн жимс ургаж байна. “Алим” хөтөлбөр хэрэгжүүлснээр алтайчууд үл тасрах орлоготой болж байгаа юм. Өнөөдөр корона вирусийн цар тахал дэгдэж байгаа үед ихэнх аж ахуйн нэгжүүд ээлж дараалан дампуурч байна шүү дээ. Харин алтайчууд бид маш сайн хөгжүүлсэн уламжлалт мал аж ахуй, газар тариалантайгаа байхад алзахгүй даваад л гарна. Хөтөлбөр минь хэрэгжсэн бол энэ хүнд үед мөн ч хэрэгтэй, үр ашигтай байх байлаа. Бигэр, Халиун сумын бэсрэг алимны модууд бүгд хувьд шилжсэн. Зах зээлийн нийгэм дөнгөж эхэлж байхад жимсний тэдгээр төгөл мартагдаж хаягдсан юм. Гэтэл тэр моднуудаа сахиж үлдсэн манаач нар өнөөдөр бүгдамьдралын баталгаатай болсон байгаа. Тэд хаягдсан моднуудаа хувьчилж аваад өдгөө үржимсээ борлуулаад ямар ч ажил мэргэжлийнхнээс илүү тогтмол орлоготой болчихсон, сайхан амьдарч чадаж байна. Мод бол цааш цаашдаа үр хүүхдүүддээ уламжлуулан өвлүүлэх мөнхийн баталгаатай өв хөрөнгө болно. Алимнаас 20 төрлийн бүтээгдэхүүн гардаг юм ш дээ. Бигэр, Хөрхөрөө, Халиун, Алтай сум, Баянтооройд 50 настай алимны модод үр ашгаа өгсөн хэвээр байна. Цаашаа 100 жилийн дараа ч үр ашгаа өгсөн хэвээр байна. Тэгэхэд Эрдэнэт үйлдвэрийн орд 45 жилийн дараа нөөцөө барж, шавхаж байна ш дээ. “Алим” гэдэг уурхай бол шавхагдашгүй. Нэг модноос 5 кг жимс авдаг юм. Нэг кг алим хамгийн багаар 5 мянган төгрөг. Жимс ургахад нэн тэргүүнд ус, өндөржилт, хөрс, нар гэсэн дөрвөн хүчин зүйлээс шалтгаалдаг юм. Энэ бүх нөхцөл, хүчин зүйл бүгд Алтайд маань л байна шүү дээ.
-Үгүй тэгээд, ийм хөтөлбөрийг манай алтайчууд ойлгоогүй гэж үү?
-Сэхээтнүүд бол ойлгож байгаа юм. Харин жирийн иргэд, малчид маань итгээгүй нь миний өөрийн буруу л даа. Ойлгуулж чадсангүй, бас амжсангүй. Хүн үр дүнг маш хурдан, өнөөдөр л харахыг хүсээд байна л даа. Хоёр жилийн дараа ирэх үр дүнг хүлээж тэвчихгүй байна шүү дээ. Үүнээс гадна мал аж ахуйгаа илүү сайжруулж хөгжүүлэхийн тулд уламжлал, шинэчлэлийг хослуулахгүй бол явахгүй байсан. Тиймээс Австралиас скоп хуц авчирч 400 хонинд тавьж үржил, селекцийн ажил эхлүүлсэн. Харамсалтай нь намайг явсны дараа энэ ажилтаг зогссон. Зогсоосон гэвэл илүү оновчтой болно байх. Хэн нэгэн дарга солигдохбүрийдээөмнөх бүх дарга нарынхаа хийж байсан ажлыг үр дүнтэй байсан эсэхийг үл харгалзан зогсоодог. Би бол хэзээ ч тэгэхгүй гэдгээ мэднэ. Эцсийн эцэст хохирогч нь цаас ухдаг анхан шатны ажилтан, ард түмэн л болдог юм.
-Ингэхэд нээрээ устай холбоотойгоор улс даяар бас нэг шуугиан тарьсан биз дээ?
-Алтайчуудынхаа эрүүл мэндийн төлөө миний хийсэн хамгийн том ажлын нэг бол яах аргагүй ундны цэвэр усны асуудлыг шийдсэн минь мөн гэдэгт итгэлтэй байдаг. Миний бодлоор бол дэлхийн хамгийн орчин үеийн технологиор энэ асуудлыг шийдсэн юм ш дээ. Яагаав, нөгөө миний зурагтай алдарт усыг ярьж байна. Алтай хотын иргэд ундны цэвэр усаа Завхан голоос зөөж ууж байгаа шүү дээ. Тэгээд Завхан голын эрэг дээр цэвэр усны үйлдвэр байгуулж, тэндээс савласан усаа тасралтгүй тээвэрлэдэг болгосон юм. 20 литрийн багтаамжтай 1 баллон усыг иргэд маань500 төгрөгөөр авч байгаа юм. Гэтэл Улаанбаатарт яг ийм хэмжээтэй 1 баллон ус 5 мянган төгрөг байгаа шүү дээ. Аймгийн төвийнбараг бүх дэлгүүрээр баллон, усаа зардаг болсон. Аймгийн хэмжээнд өдөрт 2500 баллон буюу 50 тонн цэвэр ус хэрэглэдэг. Тэгэхээр жилд 18 мянган тонн ус хэрэглэдэг гэсэн үг мөн үү. Тэгээд машинаар зөөхөд 1 литр ус Завхан голоос 270 төгрөгөөр ирж байгаа юм л даа.
-Ш.Раднаасэд гишүүн цэвэр усны хоолой татуулж байгаа гээд л бөөн юм болоод байгаа биз дээ.
-Хоолой татахын тухайдДалай гэж доктор надад танилцуулж байсан. Гэтэл яг үнэндээ хоолой татах юм бол зардал өртөг нь 60 тэрбум төгрөг болж байгаа юм. Тий хэмжээний мөнгө надад байх биш. Тэгээд ч олоод хоолой татлаа гэхэд Монголын өр, Алтайчуудын өр л нэмэгдэнэ шүү дээ. Нэг хүнд яг 1 сая төгрөгийн өр үүсэх байсан. 50 км хоолойн жил бүрийн урсгал зардал 4-5 тэрбум төгрөг болж байсан. Ийм нөхцөлд усны үнэ бараг алтны үнэтэй адил болж байгаа юм. Хоолойгоор татаж ирсэн усаа шууд хэрэглэх боломжгүй дахиад л цэвэршүүлнэ ш дээ. Ийм өндөр өртгөөр ус уух шаардлага алга. За, тэгээд миний сонгосон технологио зөв байсныг цаг хугацаа харуулна биз дээ. Ундны цэвэр усны асуудлыг шийдсэнээр Алтайд өвчлөл, ялангуяа халдварт шар эрс буурсан. Би энэ ажлаараа асар бахархдаг.
-Алтайчуудын боловсролд бас том шинэчлэл, хөрөнгө оруулалт хийсэн гэж яригддаг юм билээ. Сонсоод бас л баярлаж байлаа өөрт чинь.
-Алтайчууд яагаад нутгаасаа олноор гарч шилжээд байна чи гэж бодож байна. Энд гурван шалтгаан нөлөөлж байгаа юм. Нэгдүгээрт: эцэг, эхчүүд үр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гээд сургууль, сургалт сайтай нутаг орон руу нүүн шилжиж байна. Хоёрдугаарт: Нөгөө усны асуудлаас болж, Гуравдугаарт: ажил, орлого байхгүй учраас олноороо нүүж байгаа юм. Ерөөсөө л энэ. Чи бод доо! Намайг Засаг даргаар ирэхэд аймаг маань элсэлтийн шалгалтын дүнгээрээ Монгол Улсын 21 хот, аймгаас 20 дугаар байрт орж байсан гэдэгт итгэх үү. Манай аймгийн ард Баян-Өлгий л байгаа юм. Ичмээр байгаа биз. Нөгөө Монголын хамгийн оюунлаг гэгдсэн алтайчууд маань боловсролоороо ийм болсон байна гэдэг бол гутамшиг байлаа. Хэлэх ч үг олдох юм биш. Тиймээс ажлаа авмагцаа Улаанбаатарт байгаа нутгийн сэхээтнүүдтэйгээ уулзаж ярилцлаа. Яах бэ гэж шүү дээ. Гарц, шийдэл хайлаа. Тэгээд ер нь эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх хэрэгтэй юм байна гэж шийдлээ. Дээр нь хариуцлага тооцох хэрэгтэй юм байна. Ингээд “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүллээ.Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд 1 жилд 600 сая төгрөг зарцуулсан байдаг юм. Ангийн бүх хүүхдээ жигд сайн сургасан багшийг 5-10 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан. Энэ бол Монгол Улсын хэмжээнд багшийн хөдөлмөрийг үнэлж байгаа анхны тохиолдол үйл явдал болсон юм. Хоёр жилийн дараагаас Алтайн энэ жишиг Улаанбаатарт нэвтэрч дагаж эхэлсэн дээ. Хөтөлбөр хэрэгжиж багш, эцэг эх, хүүхэд гэсэн холбоонд хамтарсны үр дүнд хоёр жилийн дотор Говь-Алтай аймаг 20-р байрнаасаа урагшилж 8-р байрт орж ирсэн. Хожсон хүн хэн бэ? Алтайчууд бид өөрсдөө шүү дээ. Харамсалтай нь намайг явсны дараа энэ хөтөлбөр бас зогссон. Хэрэв миний дараагийн удирдлагууд үргэлжлүүлсэн бол манай аймаг боловсролоороо улсад эхний гуравт баттай орчихсон байх байлаа. Энэ бүх хийсэн ажлынхаа үр дүнг хараад хүүхэд шиг л баярлаад, зогсоосон бол гомдоод л явж байна. Эцсийн эцэст өөртөө хамаг бурууг өгдөг. 2016 оны сонгуулиар хийсэн хийх гэж байгаа бүхнээ алтайчууддаа сайн ойлгуулсан бол энэ бүхэн үргэлжлэх байлаа. Үргэлжилсэн бол алтайчууд бүх үзүүлэлтээрээ урагш ахих байлаа. Хайран 4 жилийг жаахан хэнэггүйгээсээ болж алдсандаа өөрийгөө буруутгадаг даа.
-Одоо нэг зүйлийг бүр онцолж асуумаар байна. Ингэхэд хоёрхон жилийн дотор аймгийг яаж ингэж барилгажуулж чадав аа?
-Засаг дарга болоод хамгийн түрүүнд хөрс, усны судалгаа хийлгэлээ. Энэ үед ГАА ямар ч мөнгөгүй, үнэхээр гурай, ядуу байсан юм ш дээ. Тэгэхдээ мөнгөнд дулдуйдаж ажил хийдэггүй юм гэдгийг би харуулсан гэж боддог. Ажил хийлгэх олон арга байна. Аймгийн төвийн замыг бол хувийн компаниар, мөнгөөр ньхийлгэчихэж байгаа юм. Тухайлбал, “Солонго” хорооллыг бол газрыг нь өгөөд оронд нь зам тавь, талбай цард гээд нэг асуудлаа шийдчихэж байгаа юм. Энэ мэтээр зогсоолууд, замын хашлага, энэ тэрийг хийлгэдэг байсан. Архи зарах зөвшөөрөлтэй хоёрхон дэлгүүр байдаг байсан. тэгэхээр нь долоо, найман дэлгүүрт зөвшөөрөл олгоод оронд нь аймгийн бүх цардмал замын бродюрыг хийж, замын бүх будаг тэмдэглэгээг хий гэсэн. Тэд дор нь хийчихэж байгаа юм. Дээшээ тал руу 3,5 км засмал замыг дэд бүтэцтэй нь татлаа.Аймаг 4500 өрхтэй. Тэгэхээр 50 га-д 4500 өрх амьдрах боломжтой. Аймгийн төвийн бүх орон сууцанд одоо болтол хэрэглээний халуун ус байхгүй шүү дээ. Бүгд бойлууртай. Тэгвэл тал дээр 50 га-д бүх дэд бүтэц оруулсан. Хэрэглээний халуун устай болгосон. Гэхдээ энэ бүхнээс болж АТГ-т хэн нэгний матаасаар дуудагдаж байцагдаж байлаа. Тэгээд шалгасны эцэст байцаагч нь надад хэлж байгаа юм. “Наад хүмүүс чинь ичдэггүй юм уу, Ажил хийлээ гэж таныг матжээ” гэж. Ийм л юм болдог юм даа. Анх энэ ажлыг төлөвлөөд хийх болоходАймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид хүртэл итгэхгүй байсан шүү дээ. Ер нь нэг муухай зуршил бий болж. Аливаа ажлын дундаас нь яавал юуг завшиж болох вэ гэдгээ л хамгийн түрүүнд боддог болохоос хийе, бүтээе, болгоё гэсэн итгэл, сэтгэл ихэнх хүнд байхгүй болж. Бүх юмыг зөвхөн сонгуульд л зориулж хийнэ. Нэг цэцэрлэгбарьсан ч ашиглалтад өгөхгүй хүлээлгэж байгаад сонгууль хүргэж нээлт хийж, тууз хайчилдаг нь улстөрчдийн дунд бүр нэг гаж үзэгдэл болоод тогтчихож. Ийм юманд миний үнэн дургүй хүрдэг. Олон дарга нарыг би ийм байдлаас нь болж халсан. Надад ашиггүй л бол хийхгүй, хөдлөхгүй гээд гэдийгээд суучихдаг нөхдүүд олон байсан.
-Ингэхэд зарим тохиолдолд ажилтнууддаа гар хүрдэг байсан уу?Ийм мэдээлэл бас л сонсогдоод байдаг байсан.
- Үнэн л дээ. Нуугаад яахав. Ерөөсөө л архидалттай холбоотой ш дээ. За би өөрөөс чинь нэг асуулт асууя.
-За!
-Чиний өөрийн чинь нэг ажилтан байг. Ажилдаа маш сайн. Гэтэл хааяа архи уухаараа ажлаа таслаад алга болоод байвал чи яах уу? Халах уу? Ямар арга хэмжээ авах бол, хэл дээ.
-Өө, ямар хөгжилтэй бөгөөд хэцүү асуулт асууж байна аа. За байз, эхний ээлжинд “ухамсарын шанаа” л болж таараад байна.
-За яг тийм байгаа биз. Энэ чинь л байхгүй юу. Тэр хүүрийг (Алтайнхны байнгын хэллэг) чинь яахын. Тонгой гэж байгаад л тэлээгээр шавхуурдана ш дээ. Гэхдээ нэг зүйлийг би бардам хэлж чадна. Амгаланбаатарын үед ажиллаж байсан төрийн албаны бүх шатны дарга нараас архи, авлигын асуудалд холбогдсон нэг ч тохиолдол гарч байгаагүй юм шүү. Надтай нэг баг болж ажиллаж байсан хүн бүрийг бүр бүх хамаатан садантай нь АТГ-аас их шалгасан даа. Буруу зөрүү үйлдэл гаргасан нэг ч хүн байгаагүйд би тэднээрээ үнэхээр бахархдаг юм. Яахав миний бүх томилгоо зөв байсан гэж хэлэхгүй ээ. Асар их итгэсэн хүн ажлаа хийж чадахгүй, итгэл дааж чадахгүй байсныг санаж байна. Миний нэг сул тал бол хүнд шууд итгэж, итгэл өгдөг зан минь байх аа. Энэ зангаасаа болж алдсан юм бол бий бий. Хүн танихдаа муу юм уу даа. Аймгийнхаа Засаг дарга болно гэж хүсэн тэмүүлж, аймгаа яаж хөгжүүлэхээ бодож, бодолдоо шатаж явсаншигээ бусдыг тийм болов уу гэж бодсон. Үгүй юм билээ. Хүмүүсийн гоё тэмүүлэл алга болсон байна. Нэг л их дарга, пээдгэр царайлах нь чухал болохоос ямар ч хийж бүтээхийн эр зориг, хүсэл мөрөөдөлгүй хүн олон болж байна. Аливаа ажил удирдлагаас 50 хувь хамаарах ч багийн гар нийлсэн ажиллагаа хамгийн чухал шүү дээ. Хантайширын нуруунаас үер аймгийн төв рүү орж ирдэг болохоор өөрөө машинаа унаад нурууны хэвгийг даган явж үзээд, үерээс хамгаалах сувгийг 22 сая төгрөгөөр татуулсан. Гэтэл тэр сувгийг татна гээд 3 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан юм шүү дээ. Энэ маань бас олон хүний дургүйг хүргэсэн байх л даа. Дундаас нь хусах гээд бэлтгэчихсэн байж таарна биз дээ. Түүнийг нь би тэгээд тас цохиж байгаа юм. Хоёр жил ингэж Засаг даргаар ажиллахдаа юмыг аль болох хялбараар гэхдээ яавал өндөр үр ашигтай хийж болох бэ гэдэгт л илүү сурч, туршлагажлаа. Хүүхдийн хөдөлмөр амралтын зуслан сэргээн ажиллууллаа. За тэгээд яриад байх юм бол цаашаа их өргөн сэдэв хамарна шүү дээ. Алтайчууд арга ухаан сайтай,дүгнэж цэгнэх чадвар мундаг ард түмэн л дээ. Байгалийн олон ааш, өнгөнд таарсан, амьдрах чадвар сайн. Амьдрах чадвар гэдэг бол амьдралын ухааныг хэлж байгаа юм. Мэдээж энэ ухаан дээр нь боловсрол нэмэгдэнэ. Тиймээс бид Алтайг ирээдүйд чирэх хүмүүсээ одооноос бэлдэх ёстой юм. Яг энэ зорилгын үүднээс Монгол Улсын хэмжээнд боловсролд хамгийн их мөнгө зарцуулсан аймгийн Засаг даргаар тодорч байлаа.
-Өөрийг чинь их ширүүн дориун нөхөр гэж боддог байсан гэтэл мөн чанар тань их хүлээцтэй, их дотогш бодож бясалгасан хүн байдаг юм байна
-Тийм ээ, ширүүн дориун л гэцгээдэг юм. Ингэхэд аливаа ажлыг маш зарчимч байж, хатуу байж хийдэг юм.
-Өөрийг чинь тойрсон энэ бүх цуу яриа цуцааж ядраахгүй байна уу?
-Одоо тэгээд цуцлаа гээд яах гэж. Ажлаа орхих уу, гомдоллоод, заргалдаад хэрүүл хийгээд явах уу. Тийм цаг, зав байдаггүй юм надад. Хүн байгаагаараа байх шиг сайхан юм үгүй. Нэг л зангаараа гэсэнүг. Хэдийгээр улс төр өөрөөсөө өөр хүн гаргахыг шахаж шаардаад байдаг ч би тийм байж үнэндээ чадахгүй юм билээ. Жанчивын хөшөөнд 150 мянган төгрөгөөр нэг дээл хийлгээд өмсүүлчихсэн чинь 150 саяар хийлгэлээ гээд л биччихэж байгаа юм. Амгаланбаатар Хэдэн тэрбум ч билээ, зах замбараагүй их мөнгө аваад оргон зайлсан гээд л бичиж байх жишээтэй. Ингэхэд сайн мэдээг 100 хүний нэг нь л сонсож байна. Гэтэл муу мэдээг бол 100 хүн бүгдээрээ хүлээн авч байгаа юм.
-Ингэхэд АНУ-д сурч байна гэсэн яагаад хүрээд ирэв?
-Харин сая хэллээ шүү дээ. Ажлаа өгснийхөө дараа өөрийгөө жаахан боловсруулъя, гадагш явж бусдын хөгжлөөс суралцъя гээд хэсэг явлаа. Хойд, урд хоёр хөршөө нэлээд тойрч явлаа. БНСУ, Япон, Индонез, Малайз гээд бас явж үзлээ.Маш их тэнэлээ. Юмыг өөрчлөх маш их санаа оллоо. Миний бодсоноос хэдэн хувь хялбараар юмыг шийдэж болдгийг харж явлаа. Энэ бол маш том олз юм. АНУ-д хэл сурахаар очсон юм. Гэтэл нөгөө зугатаж хил гарсан, асар их мөнгө зувчуулжээ гэх мэт мэдээ гараад болохгүй байсан учир Монголдоо буцаад ирсэн дээ. Ийм л байна даа хө.
-За илэн далангуй ярилцсанд тань маш их баярлалаа. Сонгуульд нэр дэвшсэнд чинь хувь хүнийхээ хувьд би баяртай байна. Яагаад гэвэл нутаг орныг минь чам шиг ийм л сэтгэлтэй, зүтгэлтэй залуус хөгжүүлнэ шүү дээ. Ялалт, амжилтыг хүсье.